Найман хоногийн турш үргэлжилсэн хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн ням гаригт өндөрлөж дүнгээ гаргалаа. 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Берлиний дэлхийн аваргын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 800, 5000 ,4x400 метрийн гүйлт болон жад шидэлт, эмэгтэйчүүдийн марафон гүйлт, 1500, 4x400 ,метр болон уртын харайлтын шилдэгүүд тодорч медалиа гардсан ажээ. Эмэгтэй 400 метрийн гүйлтэд Эллисон Фэликс тэргүүтэй Америкийн бүсгүйчүүд манлайлсан бөгөөд тэд Ямайка, Оросын тамирчдыг орхин эх орондоо 3 минут 17.83. секундын амжилтыг үзүүлсэн юм. Хоёрдугаар байранд орсон Ямайкын гүйгчид тэднээс 3 секундыг алдсан бөгөөд харин оросын бүсгүйчүүд 3 минут 21.64 секундын амжилтыг үзүүлсэн ажээ. Эрэгтэйчүүдийн 4X400 метрийн гүйлтэд ч Америк залуус шилдэг уралдааныг үзүүлж алтан медалийн эзэн болсон юм. Олимпийн аварга Шон Меритт багийнхаа ялалтад чамгүй нөлөө үзүүлсэн бөгөөд Аерикийн залуус энэ оны хамгийн сайн цагаа үзүүлж 2 минут 57.86 секундээр бусдыгаа хол тасархай хаясан ажээ. Энэ төрлийн мөнгө , хүрэл медалийг Их Британи, Австралийн тамирчид хүртсэн юм.
Хөнгөн атлетикийн хамгийн хүнд төрлүүдийн нэг болох марафон гүйлтийн төрлийн ялагчид бямба ням гаригуудад Брэндэнбүрг хаалган дээр тодорсон юм. Эрэгтэйчүүдийн марафон гүйлтэд нийт 61 орны 110 орчим гүйгчид өрсөлдсөнөөс Кенийн тамирчин Абель Кируй тэмцээний рекорд амжилтыг эвдэн 2 цаг 06 минут 54 секундын амжилтаар алтан медаль хүртжээ. Харин энэ төрөлд хүч сорьсон манай тамирчин Бат-Очирийн Сэр-Од амжилттай уралдаж үндэснийхээ рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд 2 цаг 17 минут 22 секундын амжилтаар 29-р байранд жагссан байна. Энэ төрлийн мөнгө, хүрэл медаль Кен, Этиопын гүйгчдэд очсон аж. Ням гаригт явагдсан эмэгтэйчүүдийн марафоны төрөлд манай азийн тамирчид илүүрхэж эхний байруудыг эзэлжээ. Хятадын залуу тамирчин Бай Чуе 2 цаг 25:15 секундын амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн бөгөөд энэ нь хятадын баг тамирчдын дэлхийн аваргаас хүртэж буй марафоны анхны алтан медаль ажээ. 21 настай залуу бүсгүй уралдааны дараа ''Энэ миний оролцож буй олон улсын 2 дахь тэмцээн . Хэдийгээр би тэмцээний бэлтгэлээ маш сайн хийсэн ч ялна гэж үнэхээр бодоогүй. Мэдээж хэрэг миний энэ ялалтад аз тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Учир нь энэ төрлийн зарим шилдэгүүд Берлинд уралдсангүй'' хэмээн өгүүлжээ. Уралдааны хоёрдугаар байранд Японы Ёшими Озаки, Этиопын Аселефэч Мержиа нар орсон байна. Харин тамирчин Лувсанлхүндэгийн Отгонбаяр замынхаа дундаас тэмцээнийг орхиж, барианы зурваст хүрч чадаагүй ажээ.
Эрэгтэй жад шидэлтийн төрөлд Данийн тамирчин , олимпийн хошой аварга Андрес Торкилдсен 89.59 метрийн амжилтаар алтан медаль хүртсэн байна. Өмнө нь 2 ч дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэн азгүйтэж байсан Андрес, хоёрдугаар байранд орсон Кубын тамирчнаас даруй 4 орчим метрээр хол шидэж гайхалтай амжилтыг үзүүлсэн ажээ. Харин 3-р байранд Японы тамирчин Юкифүми Мураками 82.97 метрийн амжилтаар орсон байна.
Эмэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан оросын тамирчин Татьяна Лебедева аваргалж чадсангүй. Осакагийн олимпийн аварга бүсгүй маань 6.97 метрийн амжилтыг үзүүлж мөнгө медаль дээр буусан бөгөөд түүнээс 0.13 метрээр илүү харайсан Америкийн залуу тамирчин Бриттни Рийз алтан медаль хүртсэн ажээ. Бриттнигийн үзүүлсэн 7.10 метрийн амжилт нь дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Энэ төрлийн хүрэл медалийг Туркийн Карим Мэй Мелис хүртсэн байна.
Берлийн 2009 хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн хүснэгтийг Америкийн хөнгөн атлетикчид тасархай тэргүүллээ. Тэд нийт 10 алт, 6 мөнгө, 6 хүрэл нийт нийт 22 медалийн ургац хураасан үзүүлэлтээр эх орондоо тэргүүн байрыг авчирсан ажээ. Харин хоёрдугаар байранд Ямайкын залуус 13 медальтайгаар, гуравдугаар байранд Кенийн тамирчид 11 медаль хүртсэн үзүүлэлтээр жагссан байна. Харин талбайн эзэн Германчууд 2 алт, 3 мөнгө1 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар Орос, Польшийн ард 6-р байранд орсон байна.