Португал - Деко дэлхийн аваргын найруулагч
Монголын 1/3 дэвсгэрт 10 саяулаа амьдрах далайн энэ оронд сүүлийн жилүүдэд олон удаа түймэр гарсны улмаас газар тариалангийн хямрал болж, гаднаас авах хамгийн гол импортын бараа нь газар тариалангийн бүтээгдэхүүнүүд байх болов. Гэсэн хэдий ч хувцас, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ эдийн засгаа тогтворжуулж чадаж буй. Парламентын засаглалтай энэ улсад хамгийн алдартай юм юу вэ гэвэл Европ тивийн бусад улсууд шигээ хөлбөмбөг байх нь мэдээж. Домогт Эусебиогоос эхлээд олон олон хөлбөмбөгч улсдаа үндэсний баатрын хэмжээнд үнэлэгдэнэ. 2000 оны тивийн аваргаар уран бөгөөд ухаалаг тоглолтыг үзүүлж багаа магнайлж байсан Луиш Фиго эдний нэг нь.
Гэвч 6 жилийн дараа өнөөдрийн багт голлох үүргийг тэр бус түүний орхиж явсан Барселон багийн тоглогч Деко өөр дээрээ хүлээн авсан. Түүний талбай дэх мэдрэмж, огцом авах хурд нь эсрэг багт ямагт аюулыг тарихад бэлэн байдаг. Урьдчилсан шатанд Лихтенштейнтэй Португал түүнгүйгээр тоглон арай гэж 2-1-ээр хожсон юм, түүний тоглолтын санаа илт үгүйлэгдэж байсан.
Төвд мэдээж Фиго мөр зэрэгцэнэ л дээ. Гэхдээ түүнтэй фэнүүд нь шүүмжлэлтэй байдлаар удаан харьцаж байгаа. Урьдчилсан шатны сүүлийн тоглолтод Латвитай тоглоход 80 дэх минутад Сколари хэд хоногийн өмнө Лихтенштейнд 11 алдсан Фигог суулгахад фэнүүд түүн рүү шүгэлдэж байлаа. Энэ тоглолтод даблдсэн, оруулсан гоолоо шувууны нисэлтээр тэмдэглэдэг Паулета бас туйлын осолтой довтлогч. Энэ 2 гоолоороо шигшээгийн 41, 42 дэх гоолоо хийн Эусебиогийн рекордыг давж гарсан түүнд Эусебио дараа нь баяр хүргэн „Тэр бол жинхэнэ торгуулийн шугамын мастер, би түүгээр бахархаж байна“ гэж байсан юм. Урьдчилсан шатанд Португал 35 гоол хийсэн нь хамгийн өндөр үзүүлэлт, Паулета үүнээс 11-ийг нь хийсэн нь мөн л шилдэг нь. Хэд хоногийн өмнө тэрээр Африкын нэгэн арлын багтай тест тоглолт хийхэд хэт трикдсэн. Тэр хэдий гоол сайн хийдэг ч дутуу чанар бас бий. Отоонд орох нэлээн дуртай, тийм ч хүдэр бус бас арагшаа татаж тоглохдоо тааруу. Паулетатай нэг шугамаар дайрах хүн бол Кристиано Роналдо.
Тэр бөмбөг эзэмшилт, хууралт бас хурдаараа өрсөлдөгчөө үргэлж дарамталдаг. Ван Даммын фэн тэрбээр түүн шиг булчинлаг байхыг хүсэж, тусгай хөтөлбөрөөр бялдаржуулалтаар хичээллэсэн нь үр дүнгээ өгч хэр баргийн мөргөлдөөнийг тэсээд гардаг болсон. Нутагтаа болсон тивийн аваргаар финалд хожигдсоны дараа олон бүсгүйчүүдийг араасаа дагуулан уйлж байсан тэр уг тоглолтыг дурсан тун дургүй. „Би одоо зөвхөн дэлхийн аварга дээр анхаарлаа төвлөрүүлж байна, хүүхэд байхдаа Фигог шүтдэг байлаа, түүнтэй зэрэгцээд тоглоно гэдэг гайхамшигтай“ гэж тэр сэтгүүлчдэд ярьжээ. Энэ нэр дурдагдсан 4 дээр нэмэгдээд довтолгоонд дахин 2 хүн нэмэгдэнэ, эд бол Маниче Тиаго нар. Тиаго нь гэхдээ хамгаалалтад голлон анхаардаг, Маниче харин урагш тоглох дуртай, сайн ч хараатай.
За одоо ар фронт руу харц шидэе. Штутгартын Мейра, Валенсигийн Мигуел 2 дотор ханыг босгоно. 2 давхарт сайн Мейра гэхдээ баруун захад ч зогсож чаддаг. Мигуел толгойгоороо тааруу ч хурд хууралтаараа довтолгоонд нэлээн ордог. 2 захыг Челсигийн хослолууд буюу Карвальо Феррейра нар хучина. Аль аль нь туршлагатай бас урд фронтоо сайхан пассуудаар дэмждэг. Депортивогийн Андраде харин гэмтлээр дэлхийн аваргыг өнжих болсон нь тун тусгүй хэрэг, түүний хүч Португалд маш хэрэгтэй байсан юм. Портод хөлбөмбөг сурч өссөн ч Лиссабонд ажилтай Рикардо хаалган дээр бат. Хал үзсэн тэр багтаа онцгой нэмэртэй. Ингээд бүтцийг нь харахад тэд аваргалахад бас ч гэж дутаад байх юм алга. Сайн дасгалжуулагч байна, сайн нөөцүүд байна. Бас хамгийн гол зүйл болох багийн эв нэгдэл, тэмцэх чанар муугүй. Хэр баргийн олон гоолоор дарлуулаад байдаггүй Оросыг 7-1-ээр бут ниргэн нэг ч хожигдолгүй урьдчилсан шатыг давсан нь ч үүнийг нотлоно. Сколаригийн гавьяа энэ бүхэнд их. Тэртээ 1966 онд Эусебио 9 гоол хийн мэргэн бууч болж байх үед л нэг удаа гуравт орж байсан нь тэдний хамгийн том амжилт. Энэ удаа үүнийгээ батлаад бүр илүү гаргах магадлал, потенциал тэдэнд байна. Хэсгээ тэргүүлнэ улмаар цааш нэлээн явна гэдэгт итгэлтэй байна.
Ангола – Дайны зовиурыг дэлхийн аварга мартагнуулна.
Дэлхийн хамгийн ядуу 10 орны тоонд ордог энэ улсын гадаад өр нь аль хэдийн 9 тэрбум доллар давчихсан. Уг нь газрын тос, алмаас эрдэнэ, эрдэс бодисын орд зэргээрээ тивдээ баянд орох ч авилгалын улмаас энэ нь ард түмэндээ хүрдэггүй. Газрын тосны 90 хувийг нь америкчууд авдаг. Дундаж наслалт нь ердөө 44,6 байдаг энэ улсад дотоодын дайн гараад 26 жил болж дөнгөж 4 жилийн өмнө арайхийн дуусаад буй. Энэ их зовлон бэрхшээлийг мартагнуулж буй зүйл бол яах аргагүй хөлбөмбөгийн дэлхийн аварга билээ. Хэдий сагсан бөмбөг хамгийн гол спортын төрөл ч дэлхийн аваргад улс нь шалгарсны дараа хөлбөмбөгт бага багаар шахагдсаар буй. 94 онд ганцхан хожлоор дутаж дэлхийн аваргад ирж чадаагүй тэд 4 жилийн өмнө Камеруныг хэсэгтээ бараагүй. Энэ удаа тэгвэл цагийн хүрд эргэсээр тэдний ээлж болжээ. Бүр хүн бүрийн бодож байсан Нигерийн супер бүргэдүүдийг урьдчилсан шатанд ялаад гараад ирсэн.Тэд оноо тэнцсэн ч хоорондын харьцаагаар Ангола 2-1-ээр Нигерийн дээр гарсан юм.
Анх удаа бас тэгээд өөрсдийнх нь колони эзэн байсан Португалтай нэг зоонд байгаа болохоор тэд сайхан амжилт үзүүлэх бас хариугаа авах зорилгоор бүх л чадлаараа тэмцэх нь тодорхой. Дэлхийн аваргад орсныхоо төлөө багаараа сая доллараар шагнуулсан тэд үүнд урамшин хэсгийн тоглолтыг даван гарах урам зориг дүүрэн байгаа. Чухал гоолуудыг хийн урьдчилсан шатнаас багаа гаргасан довтлогч Аква улсдаа мөн л үндэсний баатар. „Бид дэлхийн аваргад орсноороо баялаг ихтэй манай сайхан улс оршин тогтносоор байгаа гэдгийг бүх дэлхийд харуулах болно. Энэ нь магадгүй ялалтаас ч чухал. Гэхдээ бид тоглолт болгоноо ялахыг хүсч байна“ гэж эцэг эхээс арвуул тэр хэлжээ. Гэхдээ үнэн хэрэг дээрээ тэдний байдал сайнгүй. Тивийн аварга болон удаа дараагийн тест тоглолтуудын дүн бэлхнээ гэрчилнэ. Ерөнхий багаараа хурдтай хурдан довтолгоотой ч хоёрын тэмцэлд тааруу, тэсвэр бялдар муу. Хертад тоглодог Нандо Рафаэл эндхийн супер од нь байж болох байсан ч дайны үед эцэг эхээ алдсан тэр Европ руу зугтаж тэндээ шингэхийг хүсэж байгаа юм. Удахгүй түүний Холланд эсвэл Германы иргэн болох зөвшөөрөл нь ирнэ. Хэдий дайны ул мөр арилаагүй ч байгалийн баялаг ихтэйн ачаар Анголагийн хөлбөмбөгийн лигийн тоглогчид тивдээ өндөрт орохоор цалинтай тоглодог. Тэд гэхдээ хэсэгтээ хомоол хамна биз ээ.
Мексик – Дэлхийн аваргын сунгааны байнгын үзүүр
105 сая хүнийх нь 1/5 нь оршин суудаг Мексико нийслэлд өдөрт 2000 хүн шинээр нэмэгдэн суурьшдаг. Эдийн засгийн хувьд Төв-Латин Америкт голлох үүргийг гүйцэтгэдэг цөөхөн орны тоонд орох ба экспортын хэмжээгээр дэлхийд 8-д орж байна. ФИФА-ын чансаагаар зургаад бичигдэж байгаа энд ч гэсэн хөлбөмбөг үндэсний спорт. Үндэсний спортын үндэсний баатар болсон Бланког харин дасгалжуулагч Ла Волпе багтаа авдаггүй. Гэсэн ч Мексик амжилттай тоглосоор. Ноднин тив хоорондын цомоор Бразил тэднийг хичээгээд хичээгээд бараагүй билээ. Урьдчилсан шатанд тэд 67 гоол хийсэн нь бүх 32 багийнхаа дунд рекорд амжилт. Гэсэн хэдий боловч тэд Америкийн дараа хоёрт орсон юм.
Тэдний байрлал бүр тун чанга. Довтлогч Боргетти Фонсека нар аль ч хөлөөрөө цохидогийн дээр гоолын өндөр мэдрэмжтэй. Болтон Вандерерсийн Боргетти бага зэрэг удаан ч үргэлж зөв газраа зогсдог мөн сайн мөргөдөг бол Фонсека харин хаалга руу цөөхөн өшиглөдөг ч гоол оролтын хувь нэлээн өндөрт тооцогдоно. Түүнийг нутагт нь Кикин хэмээн дууддаг, учир нь тэр 15 жилийн өмнө өнгөрсөн ахынхаа дурсгалд зориулж ийм нэрийг өөртөө өгчээ. Вилларреалын Франко ч гэсэн энэ хоёрын нэгний оронд орж ирээд баллаж мэдэх л гар. Боргетти Франко 2-оос гадна Европт тоглодог 3-хан хүний 3 дахь нь бол Барсагийн Рафаэл Маркуиз.
Шигшээгийн ахлагч бөгөөд хамгаалалтын албаны дарга ажилтай. Хэдий тийм ч гоол оруулах авьяас түүнд бас бий. Монакод Европын хатуу ширүүн тэмцэлтэй танилцсан тэрээр Барсад ирээд жинхэнэ олны танил болсон. Тоглолтынх нь арга барил Бэкэнбауэрынхтай адил тул түүнд „Мичоаканы эзэн хаан“ гэсэн хочийг өгсөн. Тэр өөрөө үүнд ихэд баярладаг гэнэм. „Би германы эзэн хааны тоглолт, хээнцэр байдлыг үргэлж биширдэг. Мичоакан гэдэг нь миний төрсөн бүс нутаг тул Барселонд намайг ингэж хэлдэг“ гэжээ. Энэ 3 дээрээ нэмэгдээд дотоодынхоо лигид өөр хоорондоо үзэж тардаг тоглогчид орж ирнэ. Эднээс гадаадад хамгийн нэртэй нь хаалгач Освалдо Санчез, урд армиа пассаар тэтгэдэг Пардо нар. Дэлхийн аваргын дараа илүү олон тоглогч Европод тэр тусмаа Бундеслигад үлдэж ч мэднэ. Яагаад гэвэл ноднингийн тэмцээнээр бундеслигийн олон баг тэдэн дээр харцаа унагаад холбоо барьж байсан юм. Дасгалжуулагч Ла Волпе хэдий мексик эхнэртэй ч аргентин хүн тул Мексикт нэр хүнд төдийлөн сайн бус.
1978 онд багийнхаа 3-р хаалгачаар орон дэлхийн аварга болж байсан тэр гэхдээ том бодолтой, бодлоо хэрэгжүүлж ч чаддаг нэгэн. Урьдчилсан шатны өмнө „Эхэндээ амлалт байдаг ч эцэст нь ялалтын марш эгшиглэдэг“ хэмээн том дуугарч байсан, үнэхээр ч хэлсэндээ хүрч ядах юмгүй эрхээ авсан. Тэрээр өөрсдийнхөө зорилгыг хагас шигшээ гэж тодорхойлсон. Мексик нийтдээ 13 удаа дэлхийн аваргад орж байгаа нь Англи Франц зэрэг лидерүүдээс ч дээгүүрт орох үзүүлэлт. 1970 ба 1986 онд шөвгийн 8- үлдэж байсан ч Итали Германд адилхан 4:1-ээр хожигдож байсан. Энэ удаад харин хэлсэндээ хүрэх эсэх нь сарын дараа тодорхой болноо. Харин тэд Ираныг хэрхэвч тооцооноос хасч болохгүй.
Иран – Дэлхийн аваргад бундеслигийн легионерүүдтэй.
Нефть экспортоор дэлхийд дөрөвд ордог Ираны газар нутгийн 53 хувь нь цөл. Цөлийн ширэн бөмбөгчид гэхдээ муугүй хөлбөмбөгийг харуулдаг. Гарааны 11-ээс бараг тал хувь нь чансаа өндөртэй Бундеслигийн топ багуудын тоглогчид гэхээр бас нэгийг хэлнэ. 1978 ба 1998 онд дэлхийн аваргад орж байсан ч хэсгээсээ гарч чадаагүй. „Энэ удаад бид хэсгээсээ заавал гарах болно, хэзээ ч бид өөртөө ийм их итгэлтэй байгаагүй“ хэмээн амьд домог Али Даеи ярина. Тэрээр 9 жилийн өмнө анхны иран болон Европод Бундеслигд хөл тавьж байсан бол түүний араас өдгөө хэд хэдэн шилдэг хөлбөмбөгчин замнаад байгаа.
Даеи цааш хэлэхдээ „Манайд бөхийн спорт их нэр хүндтэй, гэхдээ бид 98 онд бас одоо дэлхийн аваргад шалгарсан нь хүмүүсийг хөлбөмбөгт уриалах болсон“ гэжээ. Үнэхээр ч 4-хөн жилийн өмнө мэргэжлийн лигитэй болсон гэхэд хөлбөмбөг тэнд ер бусын хурдтай хөгжиж байгаа. Тоглогчид нь муугүй цалин авахын дээр стадионд маш их үзэгч цугладаг. Өдөр бүр спортын 17 сонин гарах ч ихэнхид нь хөлбөмбөгийн тухай өгүүлсэн байдаг гэнэ. 2 жилийн өмнө Германы шигшээ Иранд нөхөрсөг тоглолт хийхээр очиход 110 мянган билет олон хоногийн өмнө үлдэгдэлгүй дуусч байсан гэдэг. Клинсманн хэдий 2-0-оор хожсон ч Ираны багийн тэмцэх чадвар, тоглолтын түвшин эрс сайжирсаныг цохож хэлж байсныг би санаж байна. Урд шугамд Даеитэй зэрэгцээд мөргөлт мэдрэмж өндөр Хашемиан зогсох бол Хамбургын Махдавика Баваригийн Али Карими нар тэднийг дамжуулалтаар тэжээнэ, өөрсдөө ч гоолдож чадна. Италийн легионер Резаеи хамгаалалтад юу чаддагаа бас харуулах л болно. Бэкэнбауэр Ираныг хэсгээсээ гарна гэдэгт итгэлтэй байгаагаа саяхан зурагтаар ярьж байсан.