Парагвай
Парагвай гэхээр хамгийн түрүүнд гоол хийдэг нэг том биетэй халзан толгойтой хаалгач санаанд ордог байлаа. Тийм ээ, дэлхийн бүх хөлбөмбөгчдийг оруулсан гоолоороо тэрүүлдэг энэ эрхэм хөлбөмбөгийн ертөнцөд дурайх нэртэй нэгэн билээ. Энэ эрхэм зодог тайлсны дараа багийн од хэн бэ? Бодох юмгүй ээ, энэ бол Санта Круз.
Бавари Мюнхены довтлогч, хүүхнүүдийн мөрөөдөл энэ залуу гоол оруулах чадварыг бага байхаасаа эзэмшжээ. Харин энэ улиралд гэмтлийн улмаас олигтой тоглосонгүй. Түүний хамтрагч Дос Сантос шилжилт солилцооны өвлийн цонхоор Баллакыг орлох хүнээр нэрлэгдэн ирсэн ч үй олон супер тоглогчидтой Баварид гараанд багтдаггүйн улмаас улирлын ихэнхийг нөөцийн сандал дээрээс өнгөрүүлэв. Парагвайн өөр нэгэн од Бремены Нелсон Валдез мөн л гараанд багтахгүй байгаадаа ундууцаж багаасаа явах талаар ярьж Бундеслигийг донсолгож байсан билээ. Клашничын гэмтлийн „буянаар“ харин улирлын сүүл рүү гараанд баттай гарах болсон. Гэсэн ч тэр ирэх уилрлаас Дортмундыг зорих болсон билээ. Том лигийн том багуудад гараанд гардаггүй тоглогчидтой ч шигшээгийн дасгалжуулагч Анибал Руиз багтаа сэтгэл хангалуун байна.
2002 онд Чезаре Малдинигийн ажлыг авсан уругвай эрийн 100 жилийн түүхтэй Парагвайн хөлбөмбөг дэх анхны хожлын тоглолт тун хүнд болсон юм. Гэсэн ч тэр Аргентинийг 1-0-оор хожиж дэлхийн аваргад орох эрхийн үндсээ бэлдэж чадсан юм. Санта Круз энэ гоолыг хийж байлаа. Энэ гоолоос хойш улс үндэстний өөртөө итгэх итгэл бадарсан гал шиг дүрэлзсэн юм. Бразилд 4-1-ээр, Эквадорт 5-2-оор хожигдсон хожигдлууд ч энэ галыг унтрааж чадсангүй, Парагвай Бразил Аргентины дараа эрхээ авсан 3 дахь орон болов. Нелсон Валдез 2005 оны 10 сарын 8-нд Венесэулд хийсэн гоолоороо багаа Герман явууллаа.
Эрхээ авсны дараа Валдез „Бид финал хүртэл явахыг хүсч байна, хэсгээсээ гарах боломж өндөр“ гэж байсан бол Дос Сантос“Парагвай 4 жилийн өмнө Германд 16-д харамсалтай байдлаар хожигдож байсан, бид хэсгээсээ 2-оор гарахыг хүсч байна, тэгээд Германаас хариугаа авах болно“ гэж хэлж байлаа. Тэр тоглолтод дэлхийн аваргын шилдэг тоглогч болсон Каан багаа аварч гарч байсан, Нойвиллын 88 дэх гоолыг хөлбөмбөг сонирхогч залуус маань санаж байгаа биз ээ. Сугалаа гарсны дараа дасгалжуулагч Руиз “Анхны тоглолтоо Англитай хийнэ гэдэгт их баяртай байна, зөвхөн иймэрхүү том багтай тоглоход л багийн юу чаддаг нь харагддаг юм“ гэж байсан.
Афины олимпийн дэд аваргууд хамгаалалт голлосон 4-4-2 системээр тоглодог. Хэрэв Санта Крузын гэмтэл бүрэн эдгэж формдоо орж чадвал хурдныхаа хүчээр сайн контрлож чадна. Түүнгүйгээр Валдезэд хүнд байх болно. Тэр 2-ын ард багийн моторын үүрэгтэй Дос Сантостой зэрэгцээд Депортивогийн Асуна мөн Итали Голландын дээд лигүүдэд алба хашдаг Паредес Баррето нар зогсоно. Хамгаалалтад Ривер Плэйтын Какарес голлох хүн нь. Чилавертын орыг Виллар залгамжилсан. Швед Английг зовооно оо, энэ баг.
Швед
Урт биетэй ч уран техникт Ибрахимович „Бид дэлхийн аварга болж чадна“ гэж багаа үнэлсэн. 5 довтолгооны хүнтэй гарааны 11 нь ч үүнд баталгаа болно. Ювентусын Ибрахимович, Барсагийн Ларссон, Арсеналын Люнберг гэсэн хосгүй триотэй нийлээд Бельгийн дээд лигийн од Вилхелмссон болон нутгийн индиан Свенссон нар супер тавтыг бий болгоно. Урьдчилсан шатанд тэдэн шиг 30 гоол хийсэн Европын өөр баг байсангүй. Ибрахимович Люнберг 2 хэн нь их гоол хийхээ үзэж мөрий тавиад 8-7-оор өндөр залуу хожиж мөрийгөө авч байсан гэдэг. Дасгалжуулагч нь тэдэнд хувийн тоглолт гаргахыг хатуу хориглосон байсан гэнэм. Гэсэн хэдий ч тэд хэсэгтээ тэргүүлж чадсангүй. Хорваттай оноо тэнцсэн ч хоорондын тоглолтын харьцаагаар тэд дээр нь гарсан юм. Тэднийг бараагүй болохоос бусад 8 тоглолт нь зөвхөн гайхамшигт ялалтууд байлаа. Гэхдээ тэд өөр 2-оор гарсан багтай нэмэлт тоглолт хийсэнгүй, учир нь 2-оор гарсан нийт багуудаас тэд шилдэг нь байсан. Дасгалжуулагч Ларс Лагербэк хамгаалалт голлосон швед тоглолтоос довтолгоо илүүрхсэн тоглолт уруу багаа шилжүүлсний гавьяа энэ. Гэхдээ бас үргэлж урд талыг магтаж боломгүй. Арын алба ч гэсэн үнэхээр бахархмаар ажилласан. Ердөө 4-хөн гоол алдсан нь ч үүнийг илчлэнэ. Багийн ахлагч, Астон Виллагийн Мелберг 2 метр хаалгачийнхаа өмнөх цэвэрлэгээний багаа удирдан гаргуун тоглодог. Мелберг даруухнаар „Багийн хувьд бидэнд цөөн хэдэн Европод нэр нь түгсэн тоглогчид байна, гэтэл Англид гэхэд л байрлал болгон дээрээ стар тоглогчтой“ хэмээн өгүүлж сууна.
Шар цамцтангуудын багийн өнөөгийн хамгийн тод гялалзах од нь Югославаас очсон горзгор швед залуу билээ. Ибрахимович 10 настайдаа цагаачлан очсон нутаг нэгт хүүхдүүдтэйгээ нийлэн гудамжны тэмцээнд орсон гэдэг. Баг нь 4-0-оор хожигдож байх үед 2-р үед мань нөхөр солигдож ороод 8 гоол хийж 8-5-аар хожин тоглолтыг ганцаараа эргүүлчихсэн гэдэг. Энэ үеэс л түүний нэр хүмүүст танил болж эхлэн, гудамжнаас стадион луу уригдсан ажээ. Аваргуудын лигийн гуч гаруй тоглолтод 9 гоол, 8 дамжуулалт хийгээд байгаа. Зөвхөн топууд ордог энэ ангилалд ийм дайны амжилт гаргаад байгаа гэдэг нь тэрний чадварыг давхар давхар нотолно.
Герман нэгээр гараад Швед 2-оор гарахад плэй-оффын эхний шатанд хоорондоо таарна. Ибрахимовичын хувьд Геманаас хариугаа авах сайхан боломж. Энэ жилийн Аваргуудын лигид тэр Ювентустайгаа Аллианц Аренад 2-1-ээр хожигдсон билээ. Гоолыг нь мөн л тэр хийсэн.
Хүн бүхний тооцоолоогүй энэ баг их хол явж мэднэ, түүх ч нотолно. Тэртээ 1958 онд финалд тоглож байлаа. 1994 онд шөвгийн дөрөвт Бразилд 1-0-оор л хожигдож байсан, 3-р байрны төлөө Болгарыг 4-0-оор бут ниргэж байв. 4 жилийн өмнө Сенегалд азгүй байдлаар алтан гоолоор тавиулж байсан бол Евро-2004-өөр Голландад 11 метрийн цохилтоор хожигдож байлаа. Энэ бүгдээс харахад тэдний “томрох“ үе одоо ирсэн мэт.
Тринидад ба Тобаго
Дэлхийн аваргад орж байгаа 32 орон дотроо энэ улс хамгийн бага нутаг дэвсгэртэй нь. Ердөө л 5128 кв.км(Монгол 1,5 сая кв.км). Ийм бага газарт гэхдээ 1,3 сая хүн амьдардаг. Тринидад ба Тобагогын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч байсан, өдгөө ФИФА-ын дэд ерөнхийлөгч Жак Варнер “Өмнө нь ямар ч улс хийж байгаагүй зүйлээр манай баг, фэнүүд Герман улсыг гайхашруулах болно“ гэжээ. Энэ нь багаа дагалдан ирэх 2 том хөгжмийн хамтлаг юм байна. Хөлбөмбөгийн хувьд ярих юм бол эндээс ердөө ганц л хүнийг хүмүүс мэднэ. Энэ нь мэдээж Манчестер Юнайтедын тоглогч асан Дуайт Иорк. 1999 онд Бавариг Аваргуудын лигийн финалд хожиж аваргалсан түүхт тоглолтоор түүнийг илүү олон хүн мэдэх болсон. Шигшээгийн ахлагч тэрээр улсдаа бол хөлбөмбөгийн бундангийн тамга. Түүний нэрээр нэрлэгдсэн хөлбөмбөгийн стадион ч байх.
1989 онд 18 настайдаа тэр Европод хөл тавьж, Астон Виллад ирж байлаа. 1998 онд Манчестер түүнийг 12,6 сая фунтээр авч байсан нь багийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа болж байв. МанЮ-д тэр 95 тоглолтод 47 гоол хийсэн. Эндээс Блэкбурн Бирмингем багуудад очсоны дараа одоо тэр Австралид тоглож байгаа. 1990 оны дэлхийн аварга Литтбарски дасгалжуулагчийнхаа удирдлага дор Сидней багтайгаа лигийн аварга болоод байгаа. Шигшээгийн дасгалжуулагч нь ч гэсэн түүнийг ихэд үнэлдэг. Иорк тоглолтыг уншиж чаддаг, тиймээс надад тэр маш чухал байдаг гэж тэр хэлдэг. Энэ эрхэм өөрөө ч гэсэн багийн том од, магадгүй Иоркоос ч том од. Фейеноорд, Аякс, Реал Мадридтай лигийн аварга болж байсан. 1990 оны дэлхийн аваргад Голландын дасгалжуулагч хийж байв. Швейцар, Турк, Саудын Араб, Мексик улсуудад ажиллаад үзчихсэн. Тэгэхээр түүний туршлагатай ярих хэрэггүй. „Одоо яагаад энд ирэв ээ“ гэхэд тэр „Энэ бол арагшаа алхсан алхам биш, стадион бүр сонирхолтой байдаг. Дэлхийн аваргад Тринидад ба Тобаготой орох болсон нь харин ч урагшаа явж байгааг харуулж байгаа бус уу“ гэжээ. „Эхэндээ бид Германд очих болсондоо хязгааргүй баярлаж байлаа, одоо бол зөвхөн 3 хожигдчихоод хурдан гэртээ харихыг хүсэхгүй байна “ гэж тэр өгүүлнэ. Тэр хэлсэн үгэндээ хүрдэг хүний нэг. Лео Беенхаккер 2005 оны 4 сард Тринидад ба Тобагогын дасгалжуулагчаар очиход 3 тоглолтод ердөө ганцхан оноотой байлаа.
Беенхаккер үлдсэн долоон тоглолтын 4-д нь тэр дундаа Мексикийг хожиж сенсаац тарив. Дараа нь нэмэлт эрхийн төлөө “Тринис“ Бахрэйныг хожин Германыг зорих болсон юм. Энэ түүхт өдрийн дараа улс даяараа бүтэн 4 хоног амарч баярын байдалтай байсан гэдэг. Улс төрчид нь хүртэл Беенхаккер манайд ирсэн нь бидэнд заяасан аз хэмээн өөр хоорондоо ярилцсан гэнэм. 1990 оны Голланд Германы алдарт тоглолтыг тэр дурсаж „Тэр бол ёстой санаанд оромгүй юм болсон, би хожно гэж бүрэн итгэж байсан…Би одоо зөвхөн Шведтэй хийх эхний тоглолтыг л бодож байна, бусдыг нь дараа болно. Бид голланд маягаар довтолж тоглох болно“ гэж хэлжээ.
Багийн бас нэг нэрлэгдэх ёстой хүн бол Жон Стерн. Шигшээгийн 91 тоглолтод 64 гоол хийсэн гэхээр айхтар эр нь харагдана. Урьдчилсан тоглолтод 12 гоол хийж багийнхаа гол үүргийг гүйцэтгэсэн энэ эр Английн 2-р лигийн Дерби Кантри багт алба хаадаг. Хамгаалалтад Глазго Рейнжерсийн Марвин Андрьюс голлох үүргийг гүйцэтгэдэг. Багийн бусад тоглогчдыг зөвхөн Тринидад ба Тобагод л мэднэ. Хэдий тэд хичээн зүтгэх ч Парагвай, Швед, Английн аюулын багуудын хаагуур нь ч гарах вэ дээ.
Англи
Дэлхийн аварга авчирвал тоглогчиддоо Англи улс толгой тус бүрд 450 мянган евро өгөхөөр амласан билээ. 100 саяын хөрөнгөтэй Бэкхем нарын одуудад энэ бол мөнгө биш, тэдэнд дэлхийн аваргын цом л юу юунаас илүү чухал. Хэрэв гэмтэл бэртлээс хол байвал бид дэлхийн аварга болно, надад ийм шилдэг бүрэлдэхүүн хэзээ ч байсангүй хэмээн Свен Горан Эрикссон бахархалтай нь аргагүй ярьж байлаа. Гэтэл түүний бодлоор болсонгүй, Оуэны гэмтлийн араас түүний дэлхийн аваргын хамгийн гол хөзрүүдийн нэг Рүүнийгийн гэмтэл нэмэгдэж түүний санааг зовоож орхив.
Одоо Англид өглөө босоод зурагтаа асаангуут Рүүнийгийн хөлний мэдээ л явж байна. Хэн нэг тоглогчийн бэртлийн тухай хэзээ ч хаана ч ингэж дуулиан болж байсангүй. Америк тивд, Азид, Африкт, Европ даяар ямар ч спортын сайт уруу орсон Рүүнийгийн тухай заавал дурьдаастай. Рүүний үнэхээр Английн шигшээд онцгой чухал хүн. Гэхдээ ганцхан Рүүний Рүүний гээд байж бас болохгүй. Хангалттай одод эдэнд багц багцаараа бий. Урд талын армиас эхлэе.
Оуэны гэмтэл бага багаар илааршиж, Унгартай тоглосон нөхөрсөг тоглолтод орсон. Гэхдээ өөрийнхөө жинхэнэ формноосоо асар хол харагдана. Кроуч энэ тоглолтод гоолдоод брэйк бүжин хөөрч байсан ч дэлхийн аваргаар сайн тоглоно гэдэг нь юу л бол.
Кроучтай зэрэгцээд сэлгээгээр орсон 17 наст тун хурдан юм билээ. Гэхдээ дэлхийн аварга түүнд аргагүй ахдана. Беларустай тоглосон тоглолтоос харж байхад 2 хамгаалагч 2 талаас нь шахангуут няцлуулж байсан. Дэлхийн аваргын ихэнх багуудын хамгаалагчид мэдээж Беларусын тоглогчдоос толгой илүү. Свен түүнд багаас нь дарийн утаа үнэрлүүлж өөрийнхөө орны хүнд л буян үйлдэж байгаа. Ингээд нөгөө супер довтолгоотой баг маань 2 гэмтэлтэй тоглогчтой, 2 шинэковтой болсноор довтолгооны байр суурь ганхаж эхэллээ.
Энэ байдлыг тогтворжуулах нэг хувилбар нь Жеррардыг урагш байрлуулах тактик байгаа. Ингэсэн тохиолдолд харин ч Лампард илүү чөлөөтэй хөдөлж тоглох боломж үүсээд байгаа. Довтолгоо суларсан тул дэлхийн аваргаар ачааны хүндийг Челсигийн энэ залуу үүрч гарах болов уу.
Польштой үхэх сэхэхээ үзсэн хүнд тоглолтод мань эр гоолдон өөрийн шигшээ дэх байрлалаа бат хадсан. Багийн ахлагч Бэкхемын гараас багийн найруулагчийн ажлыг нь аваад нэлээн хэдэн тоглолтыг өнгөрөөсөн. Тэдгээр нь ч үр дүн муугүй, багийн хурдыг тохируулж элбэгхэн дөнгөөд байлаа. Ингэснээр Бэкхем тэр хоёрын хооронд зөрчил гарсангүй.
Бэкхем түүнийг ахлагчийн үүднээс илүү дэмжиж, өөрөө ч бас баруун талаасаа ганган пассаа довтолгооны хүч рүү явуулдаг болсон. Бөмбөгөө бат эзэмшиж, тоглолтын явцыг сайн уншдаг Жеррард урагш орсон тохиолдолд Жо Коулын үүрэг бас их нэмэгдэнэ. Хамгаалалтад бага орох дуртай хүнд энэ нь харин сайхан боломж болоод явчихна. За одоо ар фронт руу харц шидэцгээе. Үнэхээр эсрэг багийн давтлогчид байтугай мань мэтийн нүд хальтирмаар ажээ.
Дэлхийн шилдгүүдэд тооцогдох Манчестерийн Фердинанд Челсигийн Терри нар төвд шаасан гадас шиг л бат зогсож, айлын тоглогчдыг 2 талаас нь Арсеналын А.Коул Манчестерын Г. Нэвилл нар бахим чанга тоглолтоороо бахь мэт хавчина. Нэвиллын оронд алч ь хөлөөрөө тоглодог, онцгой тайван байдлаар тоглолтыг хянаж чаддаг Ливерпүүлийн Каррагер гарч ч магадгүй. Хүн бүрийн шагшин буй Бразилын шидэт дөрвөлийг энэ л гинжилсэн хэлхээ зогсоож чадна. Италийн хана хэрэм мэт хамгаалалт бас боломжтой ч Английнх шиг нөөц сайтай биш. Английнх энэ талаараа ямар ч багаас илүү, 32 баг дотроо хамгийн шилдэг хамгаалалттай нь яах аргагүй хөлбөмбөгийн эх орных. Аварга том луугийн сүүл дээр ирэхэд харин одоо л ганц сул тал нь мэдэгдэнэ. Симэнээс хойш хаалгачийн байрлал дээр толгой өвдөх болсон Англичуудын хаалгыг энэ удаад Тоттенхэмын Пол Робинсон манаж байгаа. Торгуулийн талбайг мэдэрч тоглохдоо гойд биш. Хэрэв ямар нэгэн байдлаар эсрэг баг нь өмнөх цайзыг нь нэвтэрчихвэл тэгээд л дуусаа гэхэд болно. Гэхдээ Робинсонд дэлхийн аварга ээлээ өгч тансаг сайхан тоглолтуудыг бэлэглэх ч юм билүү хэн мэдлээ. Аль 1966 оны аваргаа хошой болгох боломж тэдэнд маш өндөр. Бразилтай таараасай гэж би хувьдаа маш их хүснэм. Шидэт дөрвөлийг гайхамшигт дөрвөлийн эсрэг хэрхэн тоглох бол гэхээс аягатай халуун хоолоо халбагадахаа мартах юу ч биш билээ.