Кот’д Ивиорын шигшээ болон Арсенал багийн хамгаалагч Коло Туре, Манчестер ситигийн эгнээнд шилжихэд ойрхон байна. Их Британий хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар 28 настай Туре, ситигийн дасгалжуулагч Марк Хьюзтэй ганцаарчлан уулзаж ирээдүйнхээ талаар нухацтай ярилцсан гэнэ. Одоохондоо энэ наймаа хэр их үнээр хийгдэх нь тодорхой бус байгаа ч ойролцоогоор 16 сая фунт хавьцаа болох болов уу хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Буучдын менежер Арсен Венгер саяхан өгсөн ярилцлагадаа ”Маргааш гэхэд бүх зүйл тодорхой болчихно байх” хэмээснээс харахад Турегийн ирээдүй бараг шийдэгдсэн бололтой. Бүрэлдэхүүнээ довтлогчдоор дүүргэсэн Манчестер ситигийн удирдлагууд одоо хамгаалалтдаа санаа тавьж эхэлж байна. Тэд Челсигээс Жон Терри, Эвертоноос Лескот зэрэг хамгаалагчдыг авахаар өндөр үнийн санал тавиад байгаа билээ. Коло Турегийн хувьд 2002 оноос Арсеналын төлөө үнэнчээр хүчин зүтгэж байгаа бөгөөд Премьер лиг, ФА цомын эзнээр нэгэнтээ тодроод амжсан шилдэг хамгаалагч билээ.
www.SPORTNEWS.MN