Халуунд нозоорсон амьтан нэг юм олж идчихээд буудал руу очиж усанд орж хувцасаа солиод цэнгэлдэх рүү гарлаа. Тоглолт эхлэхэд 4 дутуу байсан ч эртхэн очих ёстой юм гэнэ. Учир нь эхлээд нэг хүлээн авалт маягийн юм болох юм байх. Олимпийн цэнгэлдэх хүрээлэн нь хотын төвөөсөө овоо зайтай юм. Урт гүүрээр гараад цагаан төмөр дээвэртэй цэнгэлдэхийн ойролцоо ирж зогслоо. Олимпийн таван цагираг бүхий цэнгэлдэхийн хажуугийн бор хүрэн байшингууд нь манай төв цэнгэлдэхтэй төстэй юм шиг санагдсан. Хүнээс сонсох нь спортын сургууль юм гэнэ.
Газарт жижигхэн гантиг чулууг ширхэг ширхэгээр нь шигтэн суулгаж эртний олимпийн төрлүүдийг дүрсэлсэн их л уран чамин хийцтэй харагдана. Цэнгэлдэхийг тойруулан тарьсан өндөр моднуудыг тайрч янзлан, хаа сайгүй ЧЛ-ийн финалын тоглолтын эмблем бүхий туг далбааг өлгөсөн байв.
Ингээд цагаан төмөр хашааны гадна очиж дараалалд зогсож билетээ үзүүлээд гартаа ногоон, шар 2 тууз зүүлгэж аваад цааш нэвтэрлээ. Уртаа гээчийн улаан хивс дэвсэж 2 талаар нь эртний Ромын эзэнт гүрний цэргийн хуяга дуулга бүхий хөрслөг бор эрчүүд эгнэн жагссан байлаа. Сүртэй л харагддаг юм билээ. Холгүйхэн зассан 2 залгаа том цагаан асар луу гаран дахь туузаа үзүүлээд орвоо. Арай эрт ирчихсэн болоод ч тэрүү хүн дүүрч амжаагүй байв. Тэрүүгээр энүүгээр явж хоол унд буудаад, нэг газар олж суугаад 2 багийн хэсгийн тоглолтын тоймуудыг нилээн удаан үзлээ. Энэ хооронд тэр хавиар янз бүрийн хүмүүс их дүүрсэн байв. Аргачгүй биз, 120 гаруй орны 1000 гаруй хүмүүс энэ шугамаар үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс цугласан болохоор. Гадуур дотуур жаал тэнэлээ. Энэ италичууд юмханаар аятайхан юм бүтээх юм даа. Хэдэн контайнер нийлүүлээд ийм юм хийчихдэг гэж л гайхаж явлаа. Ингэж явтал нөгөө өдрийн ''од'' болоод байсан цом чинь тэрүүхэн тэнд хорго энэ тэргүй байж байдаг байгаа. Нэг их хүмүүс ч оочерлосон юм алга. Тэгэхээр хажууд нь зогсож байгаад зургаа авхуулчихлаа. Харин хүрч болохгүй гэнээ. Тэгээгүй бол толгой дээрээ өргөж байгаад патиараа татуулах байв шд
Цаг агаар дулаан, үл мэдэг чийглэг үнэхээр сайхан байлаа. Итали орон угаасаа ийм сайхан юмуу эсвэл ийм үед нь хүрээд ирвүү бүү мэд. Хоол унд, цаг агаар, охид хүүхнүүд нь ч гэсэн юун герман.
За тэгээд өдөржин хүлээсэн 20 цаг минь ч боллоо. Тэндээс аажуухан гэлдэрсээр стадион руугаа орвоо. Үүдэнд нь байрлуулсан төмөр хаалганд билетээ уншуулаад цааш ороод явчихлаа. Стадионы хувьд нилээн дээр баригдсан болоод ч тэрүү бага зэрэг гандаж муудсан л юм. Манай Мюнхены олимпийн стадион шиг л санагдлаа. Дотор ороод хартал бас л сүрлэг юмаа. Аз болж миний суудал гайгүй урдуур юм. Ер нь бол яг камерын эсрэг талд, зурагчидын дээхнэ суулаа.
2 багийнхан ээлжлэн гарч ирж бие халаалтаа хийсээр л. Зүүн талд Барсагийн фенүүд, баруун талд МанЮ-ийнхан. Уур амьсгал ч айхтар байноо. Өмнө нь англичуудыг л дэлхийн хамгийн доргио багаа дэмждэг хүмүүс байх гэж бодож байсан минь эндүүрэл байжээ. Энэ каталончууд чинь яасан ч айхтар юм, бүү үзэгд. Дуу шуу нь хуучин цэнгэлдэхийг нураах шинжтэй. Дээр нь ЧЛ-ийн нөгөө ая яваад л. 2 жилийн өмнө Аллианздаа Интер-Баерны ЧЛ-ийн хэсгийн тоглолт үзэж байсан юм. Тэрэнтэй бол харьцуулалтгүй л юм байна.
Ганц хоёр зураг дарж суутал тоглолтын нээлт ч эхэллээ. Баахан ногоон, хар, улаан хосолсон хувцастай хүүхнүүд гарч ирээд бүжиглэж бүжиглэж дууслаа. Миний хувьд дотроо битүүхэн МанЮ-г дэмжиж суулаа. Хэдийгээр аль нэгнийх нь фэн биш ч гэсэн нэгийг нь дэмжихгүй бол тоглолт үзсэн болохгүй гэж бодоод тэр. Дээр нь Барса манай Баерныг аймшигтай хожсон болохоор нөгөө талаар дургүй байв.
За ингээд олон мянган хөлбөмбөг сонирхогчидын удаан хүлээсэн шувтаргын тоглолт эхэллээ. Тоглолт эхлээд удалгүй Роналдо хаалттай цохилтоос нэг сайхан юм алдаахав. 10 дахь минутад Эт'О-ийн оруулсан гоолыг үнэндээ харж амжсангүй. Нүдний хурд гүйцсэнгүй гэхүү дээ. Дээр байрлуулсан дэлгэцээр л дахин нарийн харлаа. Урам ер нь хугарлаа. Гэхдээ ч хэн илүү тоглож байгаа нь л гоол хийсэн л дээ. За даа тэгээд манайхан ч тоглолтын тоймыг бичсэн болохоор юм болгоныг давтаад юу хийхэв.
Барсагийн фэнүүд баярласаар л, Манчестрынхан харин нэг нам жим болчихлоо. Уг нь одоо л багаа дэмжмээр юм гэсэн бодол төрөн сууж байв. Миний ойролцоо суусан хэдэн синга нар маньтайгаа адил МанЮ-г л дэмжээд байх шиг. Харин хойхно суусан нэг эгч гуай каталон бололтой дууг нь дагаж дуулаад ганцаархнаа их л сүртэй багаа дэмжиж байна. Тэр хавь бол ер нь нойтрал хүмүүс л сууж байсан газар л даа.
Ингээд эхний гоолоос хойш жоохон урам хугарсан байдалтай, цаг байна гэж бодохоор найдлага тавьж л суув. Гэхдээ л чөөгийнүүдийн довтолгоо нэг л явдаггүй ээ. Хажууханд суух 2 англи өвгөн багийнхаа довтолгоог бүтэлгүйтэх бүрт чанга чанга дуу алдан сууцгаана. Зүүн жигүүр дэх Барселонагийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн дуу улам чангарсаар л. Нэг иймэрхүү дүр зурагтай хүлээлтийн байдалтай суусаар байтал эхний хагас ч дууслаа.
Гарч ганц аяга алкохолгүй пиво ч болтугай авмаар байдаг. Ах хажууд байхад намбай байхгүй бол болохгүй л дээ хэхэ. Энүүгээр тэрүүгээр хүн амьтан харж, хэдэн зураг дарж байтал юу юугүй л 2-р хагас эхлэх болчихлоо. Юу ч гэсэн тэнцчихвэл 11 ч цохих юм билүү хэмээн дотроо найдаж л байв. Тоглолт ч үргэлжиллээ. Байдал харин яг л хэвээрээ ганц нэг гайгүй момент гарсныг эс тооцвол Барса давуу байдалтай тоглосон хэвээрээ л. Тэвэз, Бербатов 2-оо нэгийг нь анхнаас нь гаргаад нөгөөг нь эртхэн сэлгээгээр оруулахгүй гэсэн юм бодож суулаа.
Каталоны багийнхан ч нөгөө алдарт богино пасс, хурдтай довтолгоороо аюул тарьчих шахаад л. Ингэж байтал яг доор нүдний урд Шавигийн өгсөн дамжуулалтыг Мэсси ямар гайхталтай мөргөвөө. Энэ удаад яаж гоол орохыг нь тодорхой харж чадлаа. Баярласан барсикуудын давалгаанд стадион жинхэнэ доргиж байв. Зарим нэг нь аль хэдийн баяраа тэмдэглээд эхэлчихлээ. Хэдий 20 минут үлдсэн ч чөтгөрүүд аюул тарьж чадахгүй нь олон хүнд тодорхой санагдаж эхэлсэн байх л даа. Роналдо л ганцаараа зүтгээд байх, бусдаар бол үнэндээ гийгүүлэх юм ховор байсан болохоор би ч дотроо хожигдолтой нь эвлэрч суулаа.
Үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн хэдэн минут эхлэхэд Барсагийн фэнүүд дохионы гал хэд хэдийг асаачихсан баяраа тэмдэглэж эхэллээ. Тэдний хувьд секунд болгон минут шиг санагдаж байсан биз. Ингээд шүүгч шүглээ үлээж ЧЛ-ийн энэ жилийн аварга, цомын эзнээр Каталоны алдарт клуб Барселона тодорлоо. Хэн сайн тоглосон нь л түрүүлсэн шударга тоглолт болж өндөрлөлөө.
Түрүүлсэн багийнхан талбай дээр баяраа тэмдэглэж, хожигдсон хэд нь урвайсан царайтай тэрүүгээр алхах дүр зураг харагдана. Чанх урд талд зассан шагналын тавцан руу эхлээд МанЮ-ийнхан дараа нь Барса-ийнхан ээлжлэн алхаж медалиа зүүцгээлээ. Хамгийн сүүлд Пуёол медиалаа зүүж цомоо өргөлөө. Урьд нь зурагтаар л харж байсан энэ алтан мөчийг хажуугаас нь харах үгээр дүрслэх аргагүй сайхан байлаа.
Түрүүлсэн багийнхан ч хөгжөөн дэмжигч нартайгаа үргэлжлүүлэн баяраа тэмдэглэсээр үлдэж би ч аажуу тайван цэнгэлдэхийг орхилоо. Гадаа хаа сайгүй л баярласан хүмүүс. Арай хийж автобусаа олж суугаад бөглөрөөнд гацсаар тэндээс холдов. Ингээд буудалдаа очиж амраад, дахин 2 хоног Ром хотыг үзэж сонирхоод вагондоо сууж гэрийн зүг жолоо заллаа. Итали орон, Ром хот их таалагдлаа. Цаг завтайсан бол дахиад хэд хоночихмоор л байв.
Баяртай Итали орон, Ром хот.
/Үзсэн харсан зүйлээ чадан ядан бичих гэж оролдлоо. Таалагдаагүй бол уучлана биз ээ/