Сайн уу, манайхаан. Нэт орж амжихгүй овоо хэд хоночлоо шүү. Сая өмнөх хуудсуудыг гүйлгээд харлаа. Юм юм л болсон бололтой. Мик нөгөө л юмаа ярьсаар. Челсигийн тэр жилийн баахан салгалсан 1-0-ийн хажууд энэ жилийн манай 1-0-ууд илт давуу 1-0-ууд байлаа гэж. Хэн ч хэлнэ. Уянгаа бас яагаад уучлал гуйгаад байна. Манайхан ганц эмэгтэй фэнээ гомдоосиймуу. Би нөгөө дээр амласан нийтлэлээ нэг юм хүчээр дуусгалаа. Уг нь нэтээс зөндөө мэдээлэл нэмж олоод баяжуулна гэж бодож байсан ч амжихгүй янзтай. Өөр бичих юм ч их байна. Гэхдээ яахав таалагдах байх аа. Бүх Юнайтедын фэнүүддээ зориулав
Юнайтедын зүрхАнглийн лигийн тоглогч хэрэв шилдэг гэж хэлэгдэхийг хүсвэл ямраар төсөөлөгдөх ёстой вэ? Хариулт нь маш энгийн. Ёстой гэж хэлэгдэх хэдэн тодорхойлолт заавал хэрэгтэй. Шар хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд үргэлж л заларч байх ёстой, хөлбөмбөгийг маш сайн тоглож чаддаг байх ёстой, гэхдээ улаан карт авах ёстой, жүжиглэж унахыг цээрлэдэг байх ёстой, бөмбөгний төлөө шархадсан чоно мэт зүтгэх ёстой, хүнд такл хийх ёстой, доод зэрэглэлийн баар цэнгээний газарт байж л байх ёстой, зүгээр ч нэг шар айраг уух биш нанчилдааныг харин ч нэг хийх ёстой, охид хүүхнүүдийг чангааж байх ёстой, шүгэл дуугарахаас нааш зөвхөн ялалтын төлөө л тэмцэлдэх ёстой гэх мэт хэдэн шинж заавал байх ЁСТОЙ. 178 см нуруунаас нь 1 метрийг хасахад жин нь мэдэгддэг Уэйн Рүүнийг харангуут өөрийн эрхгүй эдгээр тодорхойлолтууд эзнээ олсон гавьяатын шагнал мэт санагдаад байдаг юм. Үнэхээр ч тийм. Тэр энэ бүхний биеллээ олсон жинхэнэ эзэн нь байж чадна. Ямар сайндаа шигшээгийн дасгалжуулагч Фабио Капелло түүнийг нэгэнтээ галзуугаар нь дуудсан байхав. Капелло үгээ буруу сонгоогүй шүү. Тэр талбай дээр галзуу мэт л улангасан тоглодог билээ.
Эвэртоны 17 наст
Шигшээ дэх МанЮтд-ын ирээдүйн легендүүд
Тэмцэгч лидерМанчестер Юнайтедын сүүлийн жилүүдийн толгой эргэм амжилтыг ярихаар хүн бүрийн аманд Криштиано Роналдогийн нэр орж ирдэг. Тэр нь ч аргагүй. Түүний гайхалтай хурд, гайхамшигтай хууралтууд, хэний ч таамаглаагүй асар хүчтэй алсын буудалт, хаалганы торыг чимээтэй гэгч нь сархийлгэн дуугаргах хаалттай цохилт багийг энэ өндөрлөгт хүргэж ирсэн нь маргаангүй. Гэхдээ байзаарай. Баг нэг хүн дээр тогтдоггүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Чин үнэндээ бол миний бодлоор Юнайтедын зүрх бол Уэйн Рүүний. Криштиано Роналдог би багийн тархи гэж хэлнэ. Тархи хааяа сааталд орох нь бий. Зүрх хэзээ ч зогсдоггүй. Роналдог би муулах гээгүй. Гэхдээ тэр заримдаа хүүхдийн мэт ааш гаргах нь үнэнийг хэлэхэд Юнайтедын фэн надад ч гэсэн таалагддаггүй. Хоёроороо бас гурваараа түүн дээр man marking хийхэд тэр хүнд байдалд ороод эхэлдэг. Болохгүй бол алдаа авч багтаа давуу эрхийг авахыг оролддог. Гэхдээ өрсөлдөгчид нь маш олон тохиолдолд түүнийг алдаагаар зогсоодог нь нууц биш. Рүүний бол эсрэг төрх харуулдаг. Хэдэн хүнээр бүчүүлсэн ч тэр шантарна гэж хэзээ ч үгүй. Тэр бөмбөг харахаараа цус амталсан вампир шиг л аашилдаг.
Фулхэмтай тоглоход тэр 2 дахь шар картаа авч талбайг чөлөөлөхдөө булангийн тугийг эгээ боксчин аятай нударгалж байсан. Капелло тэгэхэд түүнийг галзуугаар нь дуудаж байсан. Рүүний түүнд хариу тайлбар хийх шаардлага огт байгаагүй. Капеллод түүний эрэмгий чанар таалагдсан болоод л тэр, уг үйлдэл нь өөрөө Капеллод өгөх тайлбар байлаа.
Эвертоноос ирсэн жаал хожуу хуримлав Боксчин эцэг нь түүнийг бага байхад нь л Ливерпүүлийн саарал баарнууд луу хөтлөөд явдаг байсан гэдэг. Хүүгээ хатуужилтай эр болгох гэсэн эцэг хүний хэтийн бодол байсан ч юм бил үү. Рүүний сүүлдээ ганцаараа бааранд очоод хөлчүүрхсэн согтуу толгойнууд дунд зэрэгцэж суугаад хөлбөмбөг үзээд суучихдаг байсан гэдэг. Үеийнх нь хүүхдүүд бол тийш нэг алхахаас ч айх байсан даа. Эвэртон түүний анхны баг. 11 настайдаа элсэж ороод 5 жилийн дараа анх удаа томчуудын багт орлоо. 17 нас хүрэхийнх нь өмнөхөн хийсэн гоолыг Премиер лигийн бүх үеийн хамгийн залуу тоглогчийн хийсэн гоол гэж тухайн үед зурагтын сувгуудаар түүний насыг хэдэнтээ нугалах удаагаар гаргаж байлаа. Жилийн дараа шигшээдээ дуудагдсан нь түүнийг мөн л түүхэн дэх хамгийн залуу тоглогч болгов. Хувийн амьдралдаа ч тэр мөн л зогсолтгүй урагшилж байлаа. 17-хон настайдаа багын найз Колин МкЛафлиндаа гэрлэх өргөдлөө гардуулж байв. Жинхэнэ ёслолоо гэхдээ нэлээн хожуу буюу дөнгөж өнгөрсөн зун л хийсэн юм. Хүлээж хүлээж нэг хийхдээ харин ч нэг хийсэн шиг л хийлээ. Италийн нэгэн арал дээр бүтэн дөрвөн хоногийн турш 5 сая еврог тэнгэрт цацсан гэдэг. Английн алдарт хамтлаг Вэст Лайфын чихэнд сонсголонтой аялгуунууд, Нью Иоркийн домогт дизайнер Маркеза Штолтенбергийн урласан Колины даашинз энэ ёслолыг үнэхээр чимсэн гэнэ лээ. Монголд насаараа ажиллаад авч чадахгүй цалинг дөрөвхөн өдөрт салхинд хийсгэсэн Рүүнийд бол тэр мөнгө их биш. Тэр Манчестерт ирээд байгуулсан тоо томшгүй олон гэрээ болон толгойд багтамгүй цалингийнхаа хүчээр одоо хоёр оронгоор хэмжигдэх саяын орлоготой.
Колинтойгоо Лас Вегаст бокс үзэж байгаа нь
Тэр талбай дээр улангассан бух, талбайн гадна эгэл жирийн гэр бүлсэг нэгэн. Нью Иорк Никсийн талбайд
Гэхдээ бараг бүх л залуу хүний адилаар манай залуу "тавьтиргүй". Уржнан лигийн аварга болоод багаараа бааранд тэмдэглэхэд нөхөр нэлээн халамцуу нэг хүүхэн дээр очиж "Чи намайг Жастин Тимбэрлэйк гэж болно. Би яг түүн шиг бүжиглэж чадна" гэж эргүүлдсэн нь папарацци нарын хараанд өртөж, найз бүсгүйдээ баригдав. Колин олон хоног түүнд ууртай явсан гэдэг. Залуу хүмүүсийн дунд болж л байдаг зүйл шүү дээ.
Фэнүүдийн хайртай тоглогч ачийг ачаар хариулсан ньМанчестерт тэр гэхдээ мөнгөнөөс илүү өөр нэгэн зүйлд сэтгэл тэнүүн байдаг. Энэ бол фэнүүдийн түүнийг хайрласан хайр. Фэнүүд түүнд хайртай, Фергюсон түүнийг үнэлдэг, багт тэр хэрэгтэй. Бүр ус агаар мэт хэрэгтэй. Үүнийг ч тэр маш сайн мэдэрдэг. Чадахгүй болох хүртлээ Юнайтедын төлөө тоглох болно, би Гэри Нэвилл юм уу Райн Гиггз эсвэл Пол Скоулз шиг үлдсэн амьдралаа энд өнгөрөөхийг хүсдэг гэж тэр энэ хавар хэлсэн юм. Тэр зарим тоглогч шиг элдвийг хэлэх дургүй. Тэр нэг л хэлсэн бол хэлсэндээ хүрдэг эр хүн гэдэгт чи итгэлтэй байж болно. Гэхдээ тэр агтны хариу жилдээ гэдэг цэцэн үгийг мартдаггүй нэгэн. Манчестерт байхдаа 2 ч удаа хүнд бэртэл авсан. Эхний тохиолдолд нь авсан гэмтлийн тухай Англи даяар шуугиж, хүмүүс хүний биеийн тухай анатомийн мэдлэгээ дээшлүүлсэн байдаг. Анхны тохиолдол биш л дээ, гэхдээ энэ гэмтлийг авч байсан тоглогчдоос хэн нь ч түүн шиг алдартай байгаагүй юм. Хэвлэл мэдээлэл ч тэр үед өнөөгийнх шиг жижиг деталь бүрийг дэлгэн томруулдаг хэмжээнд хүрээгүй байлаа. 2 удаа гэмтэхдээ тэр маш удаан хугацаанд хөлбөмбөгөөс хол байсан. Баг нь тэр цагт харин үргэлж түүний ард жавар хаацайлах нөмөр ихт уул шиг зогсож байлаа.
Ser Alex did the boy from "only" forward to allrounder
Юнайтед ер нь хайртай хүүдээ хир халдаах тун дургүй. 2006 оны 9 сар. Блэкбурны тоглогч Майкл Грэйг тэр хотын нэгэн ресторанд Колин луу хандарсны улмаас бэрттэл нь зодсон. Өвсөн доторхи зүүг хүртэл олсон мэт цуурдаг Английн саарал хэвлэлүүд дор нь өлгөж аваад л бие биенээсээ өрсөн тэргүүн нүүрэндээ Грэйгийн зодуулсан төрхийг гаргаж орхилоо. Энд тэндгүй л түүнийг зэрлэг араатангаар нь дуудаж эхлэв. Хорьхон настай залуу хүүд энэ явдал асар их дарамт болж байсан ч Манчестер түүний ард зогссоор л байсан юм. Магадгүй баг нь энэ үед түүнийг өмгөөлөөгүй бол тэр өнөөдөр лигийн хаа нэгтээ шир элдэж, тоглолтоо дуусгаад баар саваар зодоон үүсгэж явдаг 2-р зэрэглэлийн олон тоглогчийн нэгэн болох ч байсан юм бил үү.
Манчестерт Сэр Алекс түүнийг жинхэнэ хөлбөмбөгч болгож чадсан. Тэр түүний тоглолтын онцлогийг хараад нэгэн дүгнэлт хийсэн нь зөвхөн гоолны пасс хүлээх довтлогч биш харин хүчирхэг бие бялдар, биендээ баймгүй огцом хурдаа ашиглан талбайн аль ч хэсэгт багийн төлөө зүтгэдэг хар ажилчин болгон хувиргасан юм. Роналдогийн гоолдох чадварт энэ нь үнэхээр үр дүнгээ өгсөнийг цаг хугацаа маш тод харуулсан. Рүүнийгийн зүтгэл л Роналдог 42 гоол хийхэд хүргэсэн гэхэд болно. Статистик хараад үзвэл тэр ихэнх цагийг айлын хагасаас илүү өөрийн хагаст өнгөрөөсөн сонин тодорхойлолт гарч магадгүй шүү. Ер нь ч тэгэх байх. Булангийн тугны дэргэд такл хийж л байна, өөрийнхөө торгуулийн бүсэд бөмбөг салгаж л харайлгана. Гоол хийх гол нь биш харин багийн төлөө тоглох л чухал гэж Рүүний 2 жилийн өмнө Аваргуудын лигт Миланы эсрэг гэрийн тоглолтын үеэрээ хийсэн гайхамшигт гоолныхоо дараа хэлж байсныг би сайн санаж байна.
Гоолыг тэр бас хийж чаднаОлон талт тоглогч болсон хэдий ч түүний гоолын үзүүлэлтийг харахаар бас л дуу алдмаар байдаг юм. Хатуу чанд цэргийн хамгаалалттай ширүүн лигтээ тэр энэ улирал аль хэдийнэ 12 удаа айлын хаалгыг мялаажээ. Өнгөрсөн улирал ч мөн адил. 2 тоглолт тутамдаа л гоол хийсэн байдаг. МанЮтд-д ирсэн жилээ 11 гоол хийж байсан бол дараа жил нь энэ тоогоо таваар ахиулж байсан. 2006/2007 улиралд 14 удаа гоолдсон гэхээр шаггүй довтлогч байгаа биз. 5 дахь улиралдаа дараалаад 10-аас дээш гоол хийнэ гэдэг нэлээн сайн довтлогч хүний л хийх ажил. Гэхдээ Рүүний шиг өөрийн хагаст ихэнх цагаа өнгөрөөдөг тоглогчийн хувьд бол энэ магтахаас аргагүй статистик. Эвертонд зөвхөн хаалганы өмнө зогсдог байсан үетэй нь харьцуулах юм бол бид амьд домог Фергюсоноо дахиад л өөрийн эрхгүй хүндлэх хэрэгтэй болно. Тэнд 77 удаа тоглохдоо ердөө 15 гоол хийсэн байдаг.
Ноднин Криштиано шуудай дүүрэн 42 гоол хийж, шилдэг тоглогч болоход хүн бүр л зүй ёсных гэж байлаа. Клубын дэлхийн аваргаар Рүүний шилдэг тоглогчийн шагналыг авахад Юнайтедын фэнүүд магнай хагартал баярлан хөөрсөн билээ. Тэмцээнд хийсэн 2 гоол нь төдийгүй нөгөө зүтгүүр мал шиг хөдөлмөр нь түүнд энэ алдрыг авчирсан юм. Аваргуудын лигийн явцыг нь харсан ч тэр топ довтлогч хэдийнэ болжээ. Энэ улиралтай нийлээд 3 дахь жилдээ дараалаад 4 гоол хийгээд байна. Тэр жил Юнайтедын бас нэгэн хөдөлмөрч залуу ван Нистелрой 12, урьдчилсан шаттайгаа нийлээд 14 гоол хийж байсныг эс тооцвол Аваргуудын лигт 2 оронтой тоогоор хэмжигдэх гоол хийж байсан тохиолдол олон бус. Дан оронтой тоотой гоолоор мэргэн бууч болох нь элбэг. Аваргуудын лиг цөөхөн тоглолттой, тэгээд ч улс бүрийн шилдгүүд оролцсон тактикийн тэмцээн тул энд гоол хийнэ гэдэг маш хэцүү. Өнгөрсөн зун тэр мөн Коммунити Шилд болон УЕФА-ын Супер цомоор гоолдож л байсан. Тэр хаана ч үргэлж шилдэг нь байж чаддаг. Словактай хийсэн өнгөрсөн өвлийн нөхөрсөг тоглолтод сэлгээгээр орж ирээд багийг үнэхээр хөдөлгөж байлаа. Нэг л ая дан муутай байсан хөгжим жинхэнэ өөрийн эгшгээ олсон мэт цангинахтай адил тоглолтын хэмнэл шал өөр болж ирж байсан юм. Тэр үед тэр Премиер лигтээ улаан хуудаснаас болоод тоглох эрхгүй байсан юм. Ирэх жилийн дэлхийн аваргын төлөө тэр одоогоор 5 тоглоод 5 гоол хийгээд байна. Өнгөрсөн Европын аваргаар баг нь оролцож чадаагүй. Харин өмнөх Еврогоор тэр 4 тоглоод 4 гоол хийж байлаа. Гэхдээ 2 жилийн дараа түүний карриерт нэгэн толбо бий болсон юм.
Арван арслан, нэг мангар жаал буюу зуун жилийн авьяас2002 оны дэлхийн аваргаар Аргентинтай тоглоход Симеонегийн "шургаас"-ын балгаар залуу хүү Бэкхем улаан аваад улмаар баг нь хожигдоход Английн хэвлэлүүдээр ийм гарчигтай нийтлэл гарч байсан юм. 4 жилийн дараа энэ түүх дахин давтагдах хувьтай байж. Сонингуудын тэргүүн нүүрэн дэх гарчиг нь яг ийм. Рүүний тэр үед магадгүй гэмээ хүлээгээд томоотой зогсож байсан бол шар картаар өнгөрч болох л байсан. Шүүгч рүү "шургасан" багийн анд Роналдог тэр уцаартай гэгч нь түлхсэн нь улаан авахад нөлөөлсөн байж мэдэх юм. Багийн 2 андын дунд энэ явдал том цав үүсгэсэн гэж хүн бүр л тухайн үед бодож байлаа. Гэвч тэд эрчүүдийн ёсоор гар барьж, өнгөрснөө мартан ирээдүй рүү хамтдаа харж чадсан юм. Тэр үед манай баатар багаа хөөдсөндөө тун их дарамтанд орж байсан гэдэг. Гэвч энэ бол хөлбөмбөг шүү дээ. Хөлбөмбөгт бүх л юм тохиолддог. Өөрөө хүсээгүй байж бүгд л алдаа хийдэг. Тэрээр өнгөрсөн явдалдаа дүгнэлт хийн одоо "Гурван арслан"-гаа дэлхийн аваргад оруулахаар итгэл төгс тоглолт үзүүлсээр л явна. Тэр клубын хувьд бол авч болох бүх л шагналыг хамсан. Өнөө цагийн хамгийн шилдэг лиг гэж нэрлэгдэх эрхтэй Английн лигийн аварга боллоо, Европын аварга багуудын тэмцээнд түрүүллээ, бүр дэлхийн шилдэг багуудын аваргыг ч авлаа. Түүнд зөвхөн шигшээтэйгээ л сайн амжилт гаргах үлдээд байгаа. 2010 онд Өмнөд Африкт тэр хүссэн зүйлдээ хүрэхийг хэн байг гэхэв. Шигшээтэйгээ болохоор том тэмцээнд азгүйтээд байдаг талтай. 2004 оны Европын аваргаар Португалтай шөвгийн наймд таарахад эхний үеийн дунд хэрд гэмтээд талбайг орхиж байсан. Оронд нь орж ирсэн Васселл Оуэнд олигтой ч хань болж чадаагүй, дээрээс нь пеналти алдсанаас болоод Англи мултарч байсан. Рүүний байсан бол англичууд хожиж мэдэх л байсан байх. Тэр тэмцээнээр Рүүний үнэхээр гайхалтай байсан. 18 настай жаалхүү дайны утаа хэрхэн үнэртсэнийг дахин нэг дурсая л даа.
Хэсгийн эхний тоглолтоо Францтай хийлээ. Энэ тоглолт хөлбөмбөгийн бүх үеийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтуудын нэг. Лампардын гоолоор Англи 90 минут хожсон. Гэвч эцэст нь Гурван өнгөтнүүд хожсон билээ. 1999 оны Аваргуудын лигийн финал дахин давтагдсан гэхэд бараг болно. 2-р үеийн дунд хэрд Рүүний дээр клубынх нь анд Силвестре алдаа гарган унагахад пеналтиг Бэкхем цохьсон ч Бартез хаасан. Хэрэв энэ гоол орсон бол тэд цаашлаад хэсгээ тэргүүлээд нөгөө хараал идсэн Португалтайгаа таарахгүй ч байсан юм бил үү. Тоглолтын нэмэлт 3 минут эхэллээ. Хэски хаалганаасаа 20 гаран метрийн өмнө алдаа гаргав. Зиданы хаалттай цохилт чулуу болсон. Гэтэл хачирхалтай нь Францын фэнүүдийн баяр хөөртэй зэрэгцээд дараагийнх нь бас орчихсон. Жеррард давшин ирж байгаа Онриг анзааралгүй хаалгач Жэймс рүү бөмбөгөө буцаасан. Үр дүн нь Жэймс бөмбөг рүү Онригоос сүүлдэн очиж, түүний хөлтэй контактлав. Нөгөө л Зидан пеналтиг чулуу болгосноор тэд нэг минутын дотор хожлыг өөртөө эргүүлсэн билээ. Энэ тоглолт 18-тай залууд маань гашуун хожигдол ямар байдгийг амсуулсан буй заа. Хожигдож байж л хожиж сурдаг нь спортын жам.
Дараагийн тоглолтоо Англи Швейцартай хийлээ. Тоглолтын эхний гоолыг нийтлэлийн баатар маань Оуэны дамжуулалтаар мөргөж хийсэн. Дараагийн гоол нь ч гэсэн мөн л түүнийх. Түүний цохьсон бөмбөг шонд ойгоод хаалгачийн дагзыг оноод буцаад орчихсон юм. Ийнхүү тэр том тэмцээнд анх удаа гоолдож үзэв. Гэхдээ хэсгийн сүүлийн тоглолт болох Хорваттай хийсэн тоглолт дэлхий даяар нэгэн шинэ од мэндэлснийг эргэлт буцалтгүй гэрчилсэн билээ. Нико Ковач тоглолт эхлээд удалгүй гоолдсон. Баричийн цэргүүд давамгайллаа удаан хадгалсан ч 40 дэх минутад тэссэнгүй. Скоулзд мөргөж өгсөн Рүүнийгийн пасс үнэхээр мэдрэмжтэй дамжуулалт байлаа. Чингээд зогссонгүй нялх ногоо маань эхний үе дуусахтай зэрэгцээд торгуулийн бүсийн гаднаас маш хүчтэй цохиж, 2 дахь гоолыг оруулсан. 2-р үеийн дунд хэрд Хорватын арын фронт талбайн гол хэсэгт Английн 2 намхан довтлогчийг отон тоглолтод оруулах гэж оролдсон ч чадалгүй алдчихлаа. Хоорондоо бөмбөгөө пасслан маш хол туусны эцэст Рүүний дахин нэг удаа онцгой хүчтэй цохин оруулсан юм. Хожих нь тодорхой болсон багийнхаа авьяаслаг залууг Эрикссон шөвгийн 8-д нөөх зорилгоор суулгалаа. Үзэгчдийн нижигнэсэн алга ташилтан дунд тэр талбайг орхисон юм. Тоглолтын дараа Германы болон дэлхийн хөлбөмбөг дэх нэгэн шилдэг тоглогч мөн дасгалжуулагч, өдгөө Бундэслигийн Көлн багийг дасгалжуулж буй Кристоф Даум "Ийм тоглогч зуун жилд нэг л удаа төрнө" хэмээн дуу алдан ярьж байсныг би сайн санаж байна.
Fantastic players
The legends
Best team in the world
За ингээд нийтлэлээ өндөрлөе дээ. Эцэст нь нэг юмыг сайн анзаарваас Рүүний Манчестер Юнайтедын фэнүүдийн хувьд дараагийн алхмаа аль хэдийнэ хийжээ. Роналдо багийн довтолгооны гол зэвсэг гэдэг нь маргаангүй. Гэхдээ багийн гол мотор нь Рүүний. Довтлогч ч гэсэн хагас хамгаалагч андаасаа бага гоол хийснийгээ тэр юман чинээнд боддоггүй, үүгээрээ тэр харин багийн бусад тоглогчоо шилдэг тоглолтоо гаргахад нь найдвартай туслагч нь болж өгдөг. Чухам үүнийг л Юнайтедын фэнүүд мэддэг тул тэр бүгдийн сэтгэлд цэл залуугаараа мөнхөрчээ. Тэр хэдэн жилээс хөгшрөөд одоогийнх шигээ сайн тоглохгүй байж болно. Гэхдээ Юнайтедын фэнүүд түүнийг одоогийн Рүүнийгээр нь сэтгэл зүрхэндээ мөнхөд дүрсэлж явах нь ямар ч мадаггүй. Энэ л түүний хамгийн чухал алхам. Энэ алхмыг хийж чадсан тоглогч аль ч багт бай тийм их биш. Фэнүүдийн сэтгэл дэх мөнхрөл нь уг тоглогчийг хэзээ ч үхүүлдэггүй билээ. Тэр үеийн үед амьд явдаг мөнхийн шидтэний нилгусан дүрийг хэдийнэ олсон ажгуу.
Түүний хөлбөмбөг тоглох чинхүү сэтгэл нь талбай дээр хамт зогсох хэнд ч болов Сахарын аагим цөлд ундаасч тамирдсан нэгэн гэнэт шидийг олон аяга ус уугаад буцаад хөл дээрээ босох шиг л тэнхээг хайрладаг бөлгөө.