by Г.Баяраа » Sun May 24, 2009 6:22 pm
Японы мэргэжлийн сумо бөхийн 5 сарын башё Токио хотын Риогоку Когугикан ордонд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр 14 даваа 1 унаатай байсан Хакухо, Харүмафүжи нар өрсөлдөгчөө давснаар Нацү башёгийн ялагч Кеттэй-сэн буюу нэмэлт барилдаанаар шийдэгдэх болсон. Манай хоёр бөх өнгөрсөн жилийн Кюүшю (11) башёгийн сүүлчийн өдөр мөн нэмэлт барилдаан хийхэд Хакухо уватенаге мэхээр давж байсан билээ. Харин энэ сарын башёгийн 13 дахь өдөр 1 минут 11 секунд үргэлжилсэн барилаадааны эцэст мөн Хакухо давсан юм. Ингээд шийдвэрлэх барилдаан эхлэхэд Харүмафүжи тачи-айгаа маш сайн хийж Хакухогийн мавашиний араас барьц авч чадсан ба энэ давуу талаа ашиглан шитатенаге буюу монголоор тойгдох мэхээр буулган авч Макүүчи зиндааны анхны түрүүгээ авлаа. Ийнхүү тэрээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн гурав дахь монгол рикиши болж байна.
Хэрвээ ирэх 7 сарын башёд Харүмафүжи амжилтаа бататгаж чадвал бид гурван Ёкозунатай болоход ойрхон байна. Энэ өдөр манай бөхчүүдээс Кёкүтэнхо Цэвэгням 8 дахь даваагаа нутгийн дүү Тамавашигаар авч ирэх башёд цолоо ахиулах боломжтой боллоо. Шёотэнро, Асасэкирюү, Какүрюү нар өрсөлдөгчдөөө өвдөг шороодсон бол Tокитэнкү Хүчитбаатар 7 дахь даваагаа Коккайгаар авсан байна. Гэхдээ тэр ирэх башёд чансаа доошлох нь тодорхой болсон.
Шинэ комсүби Какүрюү Ананд гиношо буюу уран барилдааны шагнал хүртсэнм бол Кисэнасато кантошо буюу дайчин барилдааны шагналыг гарджээ. .Харин шүкүншо буюу гарамгай барилдааны шагнал энэ удаа эзэнгүй үлдлээ.
Нацү башё монголчуудын хувьд үнэхээр сайхан болж өнгөрлөө. Макүүчи зиндаанд түрүү үзүүрийг манай бөхчүүд сүүлийн мөч хүртэл булаалдсан бол Макүшита зиндаанд Токусегава Ганболд 7 даваатайгаар, Санданмэ зиндаанд Сейро Өнөболд мөн 7 даваатайгаар түрүүлсэн. Харамсалтай нь Жонидан зиндааны аваргын төлөөх нэмэлт барилдаанд манай Таканойва Баасандорж өвдөг шороодсон байна. Гэхдээ Таканойва ирэх башёд зиндаа өгсөх нь тодорхой болсон билээ.
Журю зиндаа
Сүүлчийн өдөр Моконами Базарсад Хакубаг давж 11 даваатай болсон ч түрүүлж чадсангүй. Учир нь өмнөх өдөр түүнийг буулган авсан Тамасука өрссөлдөгчөө давсанаар Журюуд түрүүлэх болзлоо хангасан аж. Гэхдээ манай бөх ирэх башёгоос дээд макүүчи зиндаанд дэвшинэ. Коорюү, Хошихикари нар өвдөг шороодсоноор 8, 6 даваатайгаар башёг өндөрлүүлж байна.