by Realist » Sat Apr 11, 2009 3:27 pm
Аваргуудын лиг тэмцээн үү, бизнес үү
Өдрийн Сониноос авлаа.
Энэ хорвоод хөлбөмбөг шиг алдар цуутай, нэр хүндтэй, бусдыг байлдан дагуулсан спорт нэгээхэн ч үгүй. Уг нь хараад байхад их л амархан спорт тоглоом мэт. Бөмбөгөө ойртоод ирэхээр нь өшиглөөд л, араас нь хөөж дахиж өшиглөсөөр 18 кв метр бүхий ямар ч спортод байхгүй том хаалганд хийхэд л болоод явчихна.
Гэтэл үгүй юм аа. Талбайд гүйж буй 11 хүн дотор “галзуу” ганц, хоёр од байгаад ч бусад нь маруухан бол тэнцүү 11 тоглогчтой эсрэг багаа буулгаж авах магадлал маш бага. Бусад спортод бол арай өөр л дүр зураг харагдана даа. Жишээ нь М.Жордан+С.Пиппен гэсэн хослол 90-ээд оны дундуур зургаан удаа NBA-гийн аварга болж, солиоруулж явах үеийн хамтран зүтгэгчдийг санаж байна уу. Спортын улаан хэнээтэн биш бол санахгүй дээ. Голыг нь энэ хоёр л нугалдаг байсан шүү дээ. Бас нэг өөр жишээ татъя. Канадын алдарт дасгалжуулагч С.Боумэн 80-аад оны үеийн Зөвлөлтийн алдарт тавын (хоккейн) тухай ингэж хэлж байв.
“Надад С.Ларионовын тавт байх аваас бусад багийнхан маань зөвхөн тэшүүр дээр тогтож чаддаг байхад л хангалттай Стэнлийн цомыг хүртэнэ” хэмээж. Тэгвэл хөлбөмбөгт огт өөр. “Реал Мадрид” бүхий л одуудыг цуглуулаад ч улсынхаа аваргад тэргүүлж чадалгүй удлаа. Чукоткийн “эзэн” Р.Абрамовичийн алмаз, нефтийн мөнгөөр угжигдсан “Челси” сэлгээний суудалдаа хүртэл хахах шахам одуудтай байж аваргуудын лигт түрүүлж чадахгүй л байна шүү дээ. Алаагүй байхад үнэг сайхан гэдэг шиг энэ жил чадсангүй, дараа жил дахиж мөнгө цацаж байгаад түрүүлнэ дээ гээд л бодож байгаа байх даа, ноён Роман Аркадьевич.
Мөнгө хэдий хүчтэй ч бүхнийг шийддэг шидэт савх бас биш. Хүний халаасан дахь мөнгийг тоолох дуртай “Форбс” сэтгүүл хөлбөмбөгийн хамгийн баян 25 багийг шалгаруулж л дээ. Энд 1.453 сая ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй “МЮ” тэргүүлж, 1.036 сая ам.доллартай “Реал Мадрид” удаалсан байх юм. Баян төрсөн нь аварга болох ёстой юм бол “МЮ”, ”Реал” хоёр таван сарын 23-нд Афинд Аваргуудын лигийн финалд үлдэх ёстой байж. Гэтэл дээрх “Форбс” сэтгүүлийн үнэлэмжээр зургаад зоогдсон “Милан” (824 сая ам.доллар), арван хоёрт бичигдсэн “Ливерпуль” (454 сая ам.доллар) багууд аварга болно гээд үлдчихсэн нь үнэтэй нь биш, бөмбөгтэй чадварлаг харьцдаг баг амжилт олдог юм гэдгийг батлах мэт.
У г нь аваргуудын лигийг анх зохион байгуулахдаа бизнес гэхээсээ илүү яаж олон нийтийн анхаарлыг нэг цэгт төвлөрүүлэх вэ гэсэн цэвэр спортын зарчмыг баримталж байжээ. Европын аварга багуудын цом хэмээх нэртэйгээр 1955 оны дөрөвдүгээр сард байгуулагдаж байсан энэ тэмцээний “төрсөн эцэг” нь “I’Equipe” сэтгүүлийн ерөнхий редактор Габриэль Ано хэмээх франц эр юм. Ер нь дэлхийн хөлбөмбөгийн эхлэл, цэцэглэлт болгоны ундарга дээр франц хүн байдаг нь бас их сонин. Хөлбөмбөгийн холбооны анхны ерөнхийлөгч, санаачлагч нь Жюль Риме хэмээх Францын иргэн байсныг санахад хангалттай биз. Тэгэхээр Габриэль Ано хэмээх сэтгүүлч, улс болгоны аваргуудаас хэн нь хэнээсээ илүү бол, яаж зохиовол хүмүүсийн сонирхлыг татах вэ хэмээн толгой гашилган бодсоны эцэст 13 улсын багийг урьж, анхны тэмцээнээ зохион байгуулсан бөгөөд Испанийн “Реал Мадрид” баг анхны тэргүүн багаар тодорч байжээ. Эдгээр багуудын бүрэлдэхүүнд тухайн үеийн социалист орон хэмээх Югослав, Унгарын багууд бас “чихээд” орчихсон байсан нь их сонин шүү. Түүнээс хойш их ч ус урслаа, олон ч өөрчлөлт гарч, оролцох улс, зохиогдох формат эрч өөрчлөгдсөн. Нэр хүнд, алдар гавьяатай зэрэгцээд ашиг орлого, цалин пүнлүү ч суга өссөөр.
1998 он гэхэд Аваргуудын лиг Европ дахь хамгийн их орлоготой тэмцээн болсон бөгөөд зохион байгуулагчид нь яавал илүү их “алим” хурааж авах вэ хэмээн бодсоны эцэст урьдчилсан тоглолт, хэсгийн тоглолт, дахиад хэсгийн тоглолт, үүний дараа л плей-офф хэмээх системийг боловсруулсан. Энэ систем нь бага зэрэг засвартайгаар өнөөг хүртэл үйлчилж байгаа. Олон тоглолт болох тусам хүн их ирнэ, мөнгө их орно. Аваргуудын лигийн тасалбар суудлаасаа хамаарч 20-500 еврогийн үнэтэй. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн тоглолт дунджаар гурван сая евро олж ирнэ гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн тасалбараас шүү. Гэтэл зар сурталчилгаа, TҮ дамжуулах эрх гээд агуу их тоотой мөнгө цаана нь байна. Дээр нь багууд өөрсдийнхөө эмблем бүхий хувцас хунараас бас л “шанага, шанагаар” мөнгө хутгана. Аваргуудын лигт оролцож буй багууд дотоодынхоо тэмцээнд өмсдөг хувцаснаас арай өөр зүсмийн хувцастай байдгийг хүмүүс анзаараа биз. Ойролцоогоор 60 евро орчмын үнэтэй энэ футболка чинь самар цөмөх мэт “гүйнэ” шүү дээ. Өнгөрсөн онд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Герман-Аргентиний багууд тоглохын өмнө 65 еврогийн үнэ бүхий цамцанд “нарийндаа хатсан” германчууд оочерлоод зогсож байсныг харсны хувьд баталж байна. Жишээ нь “Барселона”-гийн галзуу фэн өөрийнхөө талбайд өмсдөг, хүний талбайд өмсдөг, Аваргуудын лигт өмсдөг гэх мэт цамцуудыг нь жил бүр худалдан авахгүй бол хүн биш болно шүү дээ. Унтаж, сэрэхийн хооронд зөвхөн хөлбөмбөг ярьдаг хүмүүстэй улс Европт олон байна шүү. Италид хэн нэгэн хүн нөгөөхтэйгөө хөлбөмбөгийн сэдвээр ярилцахад хамтрагч нь ойлгохгүй байвал түүнийг галзуу, эсвэл гадаадын иргэн гэж боддог хэмээх явган яриа бараг л үнэний хувьтай.
Гэхдээ энэ их орлого зөвхөн UEFA-д орохгүй. Багуудад Аваргуудын лигт оролцсон байдлаас нь шалтгаалан тэнцүүхэн хуваагаад өгнө. Аваргуудын лигт түрүүлсэн ялагч баг 50 орчим сая ам.доллар хүртэх жишээтэй. Тээр дор ялагдаад хасагдчихсан “ЦСКА”, “Софи, Левски” гэх жижиг багууд ч хоосон үлдэхгүй. Ийм багуудад алба хашиж буй хөлбөмбөгчдийн ихэнх шагнал урамшуулал Аваргуудын лигийн санхүүгээс ирнэ шүү. Харин том-акул багуудын хөлбөмбөгчдийн хувьд байдал арай өөр. Жишээ нь “МЮ” багийн хагас хамгаалагч К.Рональдо долоо хоногт 120 мянган фунт стерлингийн (ойролцоогоор 50 орчим сая төгрөг) цалин авч байгаа хүн зөвхөн урамшуулал бодож тоглодог гэвэл дэгсдэнэ. Зүтгэж байж олж авсан Английн аваргын алтан медаль 62 мянган фунт стерлинг дагуулж байгаа нь түүний гурав хоногийн цалинтай тэнцэх тул энэ португаль залуу мөнгөнөөс гадна алдар нэр, хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө тоглосон гэдэгт итгэхээс өөр аргагүй.
Эцэст нь дүгнээд тэмдэглэхэд, Аваргуудын лиг сайн зохион байгуулагдсан, сая сая хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан тэмцээн мөн. Түүнийгээ дагаад зохион байгуулагчдадаа, оролцож буй “жүжигчдэдээ”, эргэн тойрных нь менежер, эмч, илээч, дарга, даамал гээд бүгдэд нь ашиг орлого авчирдаг агуу том бизнес ч мөн.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР