Евроспорт ТВ буюу
http://www.eurosport.com вэбсайтаас зууны шилдэг багуудыг 2 2-оор нь дуэлдуулж плэй-оффын журмаар өрсөлдүүлэх санал асуулгыг энэ сарын эхнээс эхэлсэн билээ. Нийтдээ дэлхийн аваргын түүхэн дэх шилдэг 16 багийг энд урин дуудсан байгаа. Ялагч нь дэлхийн аварга эхлэхээс 2 өдрийн өмнө тодрох юм. Ингээд шилдэг 16-г танилцуулья.
Дуэл 1:
Бразил-1970
Felix - Carlos Alberto, Brito, Piazza, Everaldo - Clodoaldo, Gerson, Roberto Rivelino, Jairzinho - Pelé, Tostao
Дээд ангиллын довтолгоог харуулсан энэ баг ганц тоглолтыг эс тооцвол бүгдэд нь 3-аас илүү гоол хийсэн. Финалд Италийн хүчирхэг багийг 4-1-ээр илт давуу ялж, 3 дахь удаагаа аваргалснаар дэлхийн аваргын цом "Жюлэс Римет"-ийг үүрд хадгалах эрхийг олсон.
Уругвай-1950
Gaston Maspoli - Mathias Gonzales, Eusebio Tejera, Schubert Gambetta, Obdulio Varela - Victor Andrade, Alcides Ghiggia, Julio Perez, Oscar Miguez - Juan Schiaffino, Ruben Moran
Жигд бүрэлдэхүүнтэй энэ баг финалд хүчтэй өрсөлдөгч Бразилийг талбайд нь буюу аварга Маракана цэнгэлдэхэд нь 200 мянган үзэгчийн нүдэн дээр 2-1-ээр ялсан юм. Тэд бараг тоглолт бүхэндээ хожигдож явж байгаад л нэхэж бариад улмаар хожоод байсан ажээ.
Дуэл 2:
Герман-1990
Bodo Illgner - Klaus Augenthaler, Thomas Berthold, Jürgen Kohler, Guido Buchwald - Andreas Brehme, Thomas Häßler, Lothar Matthäus, Pierre Littbarski - Jürgen Klinsmann, Rudi Völler
Энэ удаагийн дэлхийн аваргын ЗБХ-ны дарга "Эзэн хаан" Бэкэнбауэр саяхан Германы нэгэн ТВ-ээр гарахдаа одоогийн багийг тэр үед өөрийнх нь дасгалжуулсан энэ багтай харьцуулсан асуултад "Миний тэр үеийн баг бол дэндүү хүчтэй байсан" гэсэн ганц өгүүлбэрээр хариулж байсан. Маттеус энэ багийг ахлан өөрийнхөө урт удаан замнал дэх хамгийн том ялалтаа хийсэн билээ. Финалд цаг дуусахаас 5 минутын өмнө Андреас Бремегийн пеналтигийн ачаар титэм хамгаалагч Аргентинийг ялсан.
Итали-1982
Dino Zoff - Antonio Cabrini, Gaetano Scirea, Claudio Gentile, Fulvio Collovati - Gabriele Oriali, Giuseppe Bergomi, Marco Tardelli, Bruno Conti - Paolo Rossi, Francesco Graziani
Энэ баг бүхэлдээ тэр чигээрээ нэгэн багц сум байсан ч нэгэн нэр аргагүй ялгарна. Энэ бол мэдээж Паоло Росси. Тэр Бразилийг хожсон бүх 3 гоолыг хийсэн, хагас шигшээд Польшийг 2-0-оор хожиход ч мөн адил. Финалд Германы аварга машинуудыг 3-1-ээр ялахад эхний гоолыг хийн багтаа давуу байдлыг авчирсан.
Дуэл 3:
Унгар-1954
Gyula Grosics - Jeno Buzanszki, Mihaly Lantos, Jozsef Bozsik, Gyula Lorant - Jozsef Zakarias, Ferenc Puskas, Sandor Kocsis, Nandor Hidegkuti - Zoltan Czibor, Jozsef Toth
Тэр үед жаахан дэгсдүүлж яривал 2 хүний нэг нь Унгарыг дэлхийн аварга болно гэж хэлж байсан гэнэм. Үүнийгээ ч баталж финал хүртэл итгэл төгс явсаар финалд Германы эсрэг ердөө 8 минутын дараа домогт Пушкаш Цибор нарын гоолоор хожиж явсан ч аваргалж чадаагүй юм.
Швед-1994
Thomas Ravelli - Roland Nilsson, Patrik Andersson, Joachim Björklund, Pontus Kåmark - Stefan Schwarz, Hakan Mild, Klas Ingesson, Thomas Brolin - Henrik Larsson, Kennet Andersson
Дани 92 оны Европын аваргаар сенсаац тарьсаны дараа Скандинавын өөр нэгэн баг 94 онд гайхамшигтай довтолгоог харуулсаар хүрэл медал зүүсэн юм. Бразилд азгүй байдлаар хожигдсон ч Болгарыг бага финалд 4-1-ээр бут ниргэсэн билээ.
Дуэл 4:
Аргентин-1986
Nery Pumpido - Jose Cuciuffo, Jose Brown, Oscar Ruggeri, Julio Olarticoechea - Sergio Batista, Ricardo Giusti, Hector Enrique, Jorge Burruchaga, Diego Maradona - Jorge Valdano
86 он гэхээр бүгд л Марадонагийн алтан гарт гоолыг бодно. Гэсэн ч энэ баг бол 80-аад оны шилдэг багт зүй ёсоор тооцогдоно. Финалд Германтай тоглон 2 гоол хийн хожиж яваад бариулсан ч цаг дуусахаас долоон минутын өмнө Бурручага гоолдон цомыг гардаж байсан.
Бразил-2002
Marcos - Lucio, Edmilson, José Roque Junior, Cafú - Kleberson, Gilberto Silva, Roberto Carlos, Ronaldinho - Ronaldo, Rivaldo
Ро-Ри хослол 13 гоолоор өрсөлдөгчдийнхөө хаалгыг мялаан хуучны сайхан довтолдог цагийг нутаг нэгтнүүддээ сануулсан юм. Финалд тэр бүр санаагүй байсан Германы хүчтэй бус багийг 3-0-оор ялж аваргалсан.
Дуэл 5:
Франц-1998
Fabien Barthez - Bixente Lizarazu, Frank Leboeuf, Marcel Desailly, Lilian Thuram - Youri Djorkaeff, Didier Deschamps, Zinedine Zidane, Emmanuel Petit - Christian Karembeu, Stephane Guivarc'h
Гурван өнгөтнүүдийн тодоос тод гялалзах од нь Зинедин Зидан хэмээх даруухан залуу байлаа. Финалд аваргалах магадлал маш өндөртэй Роналдогийн багийг бараг ганцаараа нухчин дарсан билээ. Нутагтаа болсон уг тэмцээнд Лоран Блан мөн л үнэлж баршгүй ач гавьяатан. Тэрээр Парагвайтай цаг сунгасан тоглолтод алтан гоол хийн, Италитай пеналтиар ялагчаа тодруулахад шийдвэрлэх гоолыг хийн анхны аваргыг нутаг нэгтнүүддээ бэлэглэсэн билээ.
Англи-1966
Gordon Banks - George Cohen, Ramon Wilson, Nobby Stiles, Jack Charlton - Bobby Moore, Alan Ball, Geoff Hurst, Bobby Charlton - Roger Hunt, Martin Peters
Дуэлдэх өрсөлдөгчтэйгээ адил нутагтаа болсон тэмцээнд түрүүлсэн, мөн анх удаа цомыг хүртсэн. Бобби Чарльтон гэсэн нэр энд содон сонсогддог. Гэхдээ Геофф Хаст Германтай 2-2-оор тэнцэн цаг сунгасан финалын тоглолтод даблдэж Блантай ижил гавьяа байгуулсан.
Дуэл 6:
Герман-1974
Sepp Maier - Berti Vogts, Paul Breitner, Georg Schwarzenbeck, Franz Beckenbauer - Rainer Bonhof, Ulrich Hoeneß, Wolfgang Overath, Jürgen Grabowski - Gerd Müller, Bernd Hölzenbein
2 герман хоорондоо тоглосон цорын ганц тоглолтод тэд социалист хөршдөө 1-0-оор хожигдсан юм. Энэ тоглолтын дараа Эзэн хаан багаа сэргээх хүчтэй яриа ярисан гэдэг. Түүний ч хүчээр Бэкэнбауэрын баг цаашдаа итгэл төгс тоглосоор финалд заналт дайсан улбар шаруудыг 2-1-ээр буулган авсан юм.
Аргентин-1978
Ubaldo Fillol - Jorge Olguin, Luis Galvan, Daniel Passarella, Alberto Tarantini - Osvaldo Ardiles, Americo Gallego, Mario Kempes, Daniel Bertoni - Leopoldo Luque, Oscar Ortiz
Олны хараа зөвхөн Марио Кемпес дээр төвлөрч байсан гэдэг. Мөнхийн дайсан Бразилтай хэсэгтээ гоолгүй тэнцсэн ч бусад тоглолтуудынхаа ачаар тэдний дээр залран хэсгээ тэргүүлсэн. Ингээд финалд Марио Кемпесийн даблаар Голландыг 3-1-ээр хожин анх удаагаа аваргын титмийг хүртсэн.
Дуэл 7:
Бразил-1958
Gilmar - Djalma dos Santos, Nilton Santos, Zito, Bellini - Orlando, Garrincha, Didi, Vava - Pelé, Mario Zagallo
Аз жаргалын шувуухай хэмээгддэг Гарринча дээр нэмэгдээд Вава болон 17 настай Пеле нар довтолгооны аймшигтай гурвалыг бий болгосон. Эндээс алдарт Пелегийн замнал эхэлсэн юм. Ваватай цуг финалд талбайн эзэн Шведийг 5-2-оор будаа болгоход дабл хийсэн.
Бразил-1982
Valdir Perez - Leandro, Oscar, Luizinho, Junior - Cerezo, Zico, Falcao, Serginho - Socrates, Eder
Зико Сократес нарын баг том одуудтай ч том цом аваагүй багт тооцогддог. Эхнээсээ ядрах юмгүй явсан ч Паоло Россид даруулчихсан түүхтэй.
Дуэл 8:
Герман-1954
Toni Turek - Josef Posipal, Werner Kohlmeyer, Horst Eckel - Werner Liebrich, Karl Mai, Helmut Rahn, Max Morlock - Ottmar Walter, Fritz Walter, Hans Schäfer
Тоглолтын хувьд тэмцээний шилдэг баг нь биш байсан ч тэмцэх хүсэл зориг, багийн эв нэгдлээр шилдэг нь байж чадсан энэ баг Берний гайхамшгийг бүтээсэн билээ. Унгарын шилмэл багтай 2-2-оор тэнцэн явах 84 дэх минутад Германы тэр үеийн алдарт радиогийн хөтлөгч "Хойноос Раан буудах хэрэгтэй" хэмээн хашгирч байсан гэдэг. Түүний үгийг сонссон мэт Раан хойноос буудаж хожих боломжгүй мэт байсан Унгарыг хожиж 50 жилийн дараа одоо ч ам дамжин яригдах түүхийг бүтээсэн юм.
Итали-1938
Aldo Olivieri - Alfredo Foni, Pietro Rava, Pietro Serantoni, Michele Andreolo - Ugo Locatelli, Amedeo Biavati, Giuseppe Meazza, Silvio Piola - Giovanni Ferrari, Gino Colaussi
1929 оноос 1948 оны хооронд Италийн шигшээд ажилласан дасгалжуулагч Витторио Поццо энэ багийн гол цөм нь байсан ажгуу. Одоогийн Миланы багуудын цэнгэлдэхэд Унгарыг финалд ялан аваргалахад Пиола болон Голаусси нар тус бүр хос гоол хийжээ.
Эхний 3 дуэлийн ялагч нь одоогоор тодроод байгаа. Одоогоор ийм байдалтай явж байна.
Чи ч гэсэн доорхи хаягаар ороод саналаа өгч шилдэг багийг тодруулахад хувь нэмрээ оруулаарай. Тэрнээс гадна удахгүй эдгээр багуудаар санал асуулга хийж хадна, саналаа идэвхтэй өгнө үү. Спорт-цонх.нетийн хувилбар бас л сонирхолтой гарах болов уу.
http://www.eurosport.co.uk/football/world-cup1/2006/wcteamcentury.shtml