by Nomer 10 » Tue Apr 07, 2009 4:27 pm
МанЮ - Порто
Цаасан дээрээс харахад МанЮ хамгийн хөнгөхөн сугалааг татсан мэт. Гэвч 2004 онд яг л ийм байсан. Тэр үед МанЮ илэрхий фаворит байлаа. Тэд уг нь энэ бодлоо бараг л гүйцээсэн. Португалд 2-1-ээр хожигдсон ч хариу тоглолтод Олд Траффорддоо хэрэгтэй байсан 1 гоолоо хийчихээд 90 минутаа дуусгаж байсан үе. Гэвч Костинья чухам л яг энэ сүүлчийн секундэд гоолдсоноор Битүү морьд гэнэтхэн цойлж гарч ирсэн билээ. Тэр явдлыг өдгөө МанЮ-ын хамгаалагч О'Ши гашуунаар дурсана. "Бидэнд маш хүнд цохилт болсон. Жозэгийн хажуугийн шугам дагаад бүжиглэж байсныг одоо хэр нь мартаж чаддаггүй.Энэ түүхийг одоо цэглэх цаг болсон " гэж тэр өгүүлж сууна. Сэр Алекс ч тэр ижил санаатай аж. "Моуриньогийн бүжиглэж байгаа нь санаанд байсаар л байна. Бид сая хэсэг бүдэрсэн ч давж гарч чадсан" гэж хэллээ. Орой ямар бүрэлдэхүүнийг гаргах талаар асуухад "Лигтээ торгуультай байсан Видич, Рүүний, Скоулз нар эргэж ирсэн нь сайхан хэрэг. Рио, Бербатов, Андерсон нар гэмтэлтэй байгаа. Гиггз Виллатай 90 минут тоглосон. Тэр одоо 35 настай. Ийм насан дээр 2 хоногийн зайтай 2 тоглолт давахад хүнд." гэсэн битүүдүү хариулт өглөө. Тэр гэхдээ харин нэгэн нууцаа нэлээн эртхэн дэлгэсэн. "Ливерпүүл Челси 2-ын тоглолтод хэн ялсан нь маш том алхам хийнэ. Бидний хамгийн гол өрсөлдөгч бол энэ 2-ын ялсан нь." гэж хэлэв. Харин МанЮ-гийн тоглогч асан Мики Томас өөр бодолтой байна. "Бид ялна гэдэг нь зөвхөн форм хэр сайн байгаагаас хамаарна гэж бодож хэрхэвч болохгүй" гэж хэлсэн. Бэрбатов байхгүй тул довтолгооны хослолыг Рүүний Тевез нар үүсгэх болсон. Ямар ч хамгаалалтыг сэт цохих чадвартай дуо. Довтолгоонд мөн Виллагийн эсрэг гайхамшигтай дебютээ хийсэн МакЭда дуудагдах магадлал нэлээн бий. Фэргюсон "Түүний гоол бидний Мягмар гариг руу хөтлөх адреналиныг буцалгасан. Клуб үнэхээр доргиосон" гэж хэлэх аж. МанЮ 21 тоглолт дараалаад ЧЛ-т хожигдоогүй яваа билээ. Одоо тэгвэл Португалын талыг сонирхоод үзье.
Гэмтэл бэртлийн хувьд тэд өрсөлдөгчөөсөө хамаагүй давуу талтай. Тэдэнд ердөө 2-хон тоглогч л байхгүй байгаа. 2009 он гарсаар тэд лигтээ хожигдол гээчийг мэдэхгүй яваа. 3 хоногийн өмнө тэд ялалт байгуулснаар лигээ 4 оноогоор тэргүүлэх болсон. МанЮ ч гэсэн лигийнхээ үлдсэн нэг тоглолтоос 3 оноо авбал мөн л 4 оноогоор лигээ тэргүүлэх юм. Портогийн ЧЛ-т энэ улиралд 6 гоолоор багаа манлайлж байгаа довтлогч Лисандро Лопез юу гэж хэлсэн юм бол. "Мэдээж бид хөндлөнгөөс орох болно. Энэ тоглолт бидний хувьд финал л гэсэн үг." 2004 оны баатруудын нэг хаалгач Витор Байя "Энэ залуухан баг хагас шигшээд хүрч, улмаар 2004 онд бүтээснийгээ давтах боломжтой. Харин МанЮ-гийн тэр үеийн бүрэлдэхүүнээс одооных хавьгүй хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна" гэлээ. Тэд мөн Моуриньогоос дэмжлэг хүлээлээ. "2004 онд хүн бүр энэ бол боломжгүй гэж байсан ч бид хийсэн. Энэ удаад яагаад дахиад чадахгүй гэж. Юнайтедыг хожих боломжтой" гэж тэр өгүүлэв. Порто өнөөдөр нутагтаа хийх 2 дэх тоглолтод сайхан үр дүнтэйгээр очих бодолтой нь тодорхой. Тэнд тэд хэзээ ч Английн багт хожигдоогүй билээ. Намар хэсгийн тоглолтод Арсенал очоод 2-0-оор хожигдоод буцаж байсан. Өнөөдөр португалчууд дор хаяж тэнцээтэй салахыг хичээнэ. Гэвч түүх англичуудын талд. Порто Английн шороон дээр 12 тоглохдоо ердөө ганцхан тэнцэж, 11 удаа хожигдоод явсан юм.
Барса - Бавари
2 дэх тоглолтыг гэртээ хийх давуу талтай болохоор Бавари Камп Ноуд таатай үр дүн гаргахыг хичээх нь илт. Гэвч өнгөрөгч амралтын өдрөөр лигтээ Вольфсбургт 5-1-ээр бут цохиулснаас хойш хүн бүр л Байерн одоо өөрсдөө Спортинг болох болно гэцгээж байна. Харин Барсагийн амьд домог Иохан Кройфф тэс өөр бодолтой байгаа аж. "Би Байерныг хожигдсонд харамсаж байна. Надад цохиулснаас илүү өөртөө итгэлтэй багтай тулах нь хамаагүй амар байдаг. Тэдний энэ хожигдол нь одоо тэднийг дээд зэргээр хурцлах болно. Тэд ингэснээр сайн болохгүй, харин тэмцэх чадвар нь онцгой нэмэгдэнэ. Энэ нь бидэнд ихээхэн төвөг удах болно" гэж тэр Барселонд хэвлэгддэг "Эль Пэриодико Каталунья" сонинд бичдэг тоймдоо дурьджээ. Барсагийн дасгалжуулагч Пэп ч гэсэн түүнтэй төстэй бодолтой байгаа аж. "Бид Байерны хувьд маш их төсөөлөлтэй. Тэдэнд хэзээ ч итгэж болохгүй. Ийм хожигдол тэднийг илүү түрэмгий болгох болно" гэж мөн Барселоны "Спорт" сонинд өгүллсэн байна. Гэхдээ тэр ялалтандаа эргэлзэхгүй байгаа аж. "Хэрэв бид тоглолтоос тоглолтод анхаарлаа төвлөрүүлж чадвал финалд хүрнэ, тэнд амжилт гаргах бүрэн боломжтой. Манай баг Кройффын удирдлаган дор ЧЛ авч байсан алтан үеийн дараагийн залгамж болох бүрэн боломжтой баг" гэж тэр нэмж хэлжээ.
Баваригийн төлөө 1974-1984 онд өшиглөж явсан, өдгөө тус багийн спортын захирал Карл-Хайнц Руммэниггэ "Энэ бол мишн импассибл. Гэхдээ хөлбөмбөгт гайхамшиг эсвэл сэнсаац үргэлж бий болдог. 1954 онд Швейцарт бид хэсгийн тоглолтод 5 биш 8 гоолоор хожигдсон, гэвч эцэст нь аварга болсон" гэж тэр дурсана. Тэр хожигдох дургүй байгаагаа цааш нь "Бид одоо 2 өдөр болоод Барселонд эргээд хэл дээрээ босох болно. Энэ хичээл зүтгэл нь багийн нуруун дээр тогтож байгаа" гэж нэмж илэрхийлжээ. Клиннсманн ч гэсэн зөвхөн хожил л бодож байгаа гэнэ. "Надад санаа зовоод байх юм алга. Бид Европт эн зэрэгцээд явж чадна гэдгээ хангалттай харуулсан" гэж хэлсэн байх юм. Тэр энэ үгээрээ Лион болон Спортингийг сануулж байгаа бололтой. Гэхдээ энэ удаад шал өөр ангиллын, бүүр их гарын калибр орж ирж байгаа гэдгийг мэдэж л баймаар юм даа.
Мюнхенд одоо хүн бүр айдастай байгаа бол Испанид энэ айдсыг нь улам дэвэргэж байгаа бололтой. Испаний хэвлэлүүд юу гэснийг заримаас нь сонирхуулья.
Спорт: Юрген одоо багаа Барселонд зоригтой байлгахын тулд сэтгэл судлалын сайн номноос зөвлөгөө авах хэрэгтэй. Одоо тэдэнтэй Месси, Это, Онри тулна гэдгийг бодсон ч саяны хожигдол нь маш том шарх үлдээсэн байгаа.
Марка: Байерн одоо өөрийнхөө хөл рүү жийх болно. Тэд маш их айж байгаа.
Эль Мундо Дэпортиво: Дахиад Клиннсманны ирээдүйн тухай сөхөгдөх болно. Магадгүй тэр энэ 2 тоглолтын дараа ширээгээ суллах байх.
Барсачууд Риберигээс хамгийн их болгоомжилж байгаа бололтой. Кройфф "Тэр зөвхөн бөмбөгтэй байх үедээ л осолтой. Тиймээс түүнд бөмбөгтэй байх эрхийг нь 2 дахин багасгах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд түүнээс ирэх аюул 50 хувиар багасах болно" гэсэн бол Месси "Би шигшээтэйгээ түүний эсрэг тоглож үзсэн. Тэр ёстой хаана ч хамаагүй гүйдэг юм билээ. Аймшигтай хурдан гүйдэг тоглогч байсан" гэж хэлсэн байлаа. Одоогийн формыг аваад үзвэл талбайн эзэд илүү боломжтой. Тэдэнд удаан хугацаагаар бэртсэн Милито Абидал нар л дутагдаж байгаа. Иниеста Пуёл 2 өнгөрөгч тоглолтод гэмтлээ илааршуулсан гэдгээ тодорхой харуулсан. Яаяа Турэ тоглох эсэх нь одоо тодорхойгүй байна. Ирэхгүй байсан ч оронд нь шигшээгийн шинэхэн тоглогч Бускетс эсвэл Кэйта төвөггүй орлох биз ээ. Харин Байернд байдал хүндхэн байна. Хэдий Тони эргэж ирсэн ч Клозэ нь үгүй. Энэ нь тэдэнд маш хүнд тусаж байгаа. Тони Подолски 2 хажуугаар нь форм муу байгааг хэлэх үү. Энэ 2-ын хажууд Это, Месси, Онри нар толгой эргэм гоол хийж байгаа билээ. Тэд ёстой л галзуу барын өөдөөс сөрөх жадны үзүүрт яваа. Байернд Клозэгээс илүү үгүйлэгдэх нэг хүн бол Лусио. Вольфсбургтэй тоглоход гэмтээд гарсан. Харин гэр бүлийн проблемоос болоод Бельгидээ байсан Даниел ван Бойтен буцаад иржээ. Тэр Дэмишелистэй хослох уу эсвэл Брэнотой юу гэдэг нь одоогоор тодорхой бус байна. Мөн Хамит Алтинтоп эргэж ирсэн нь тэдэнд маш таатай сэтгэгдэл үлдээж байгаа.
Өнгөрснийг сөхөөд үзвэл түүх Байерны талд байна. 1996 онд Клиннсманн тоглогчийн хувиар УЕФА цомын хагас шигшээд Гуардиолаг ялж байсан. Байерн тэр жилдээ аваргалсан билээ. 2 жилийн ЧЛ-ийн хэсгийн тоглолтод таарахад Байерн 2 тоглолтод 2-ууланд нь 2-1-ээр хожиж байсан. Харин өнөөдөр яах бол. Түүх эргэх болов уу?
Вильяреал - Арсенал
Шар шумбагчид онцгой байдал зарлаад 2 хонож байна. Тэд энэ үдэш хүнд байдлаасаа гарч чадах болов уу. Лигтээ 3-0-оор Алмериа хэмээх дундаж багт нам тавиулсан. Энэ тоглолтод 2006 онд Арсеналын бүрэлдэхүүнд багтан Вильяреалын эсрэг тоглоод сэлгээгээр сууж байсан Пирес улаан хуудас авсан нь хуучин багийнхаа өөдөөс тоглох чинхүү хүсэл эрмэлзэлтэй үед нь сэтгэл санаанд нь нөлөөлж болох. Хамгийн хүнд туссан нь гэхдээ Казорлагийн гэмтэл. Тоглолтын дараа тэр улирал дуустал ирэхгүй болсон нь тодорхой болсон. Вильяреал ийнхүү лигтээ ЧЛ-ийн эрх дээрээ чичрээд эхэлсэн бол Арсенал хажууд нь энэ эрхээ улам баталгаатай болгосоор. 2009 онд хожигдол гээчийг мартсан тэд хамгийн сүүлд 4 дараалж хожоод 4-р байраа бүр баттай хийсэн. Энэ тоглолтод удаан хугацааны гэмтлээс ирсэн Адебайор Фабрегас нар нь маш сайн тоглосон. Тэд үүгээрээ маш том мотивац өөрсдөдөө бий болгосон. Харин ван Перси амжаад фит болж амжсангүй. Арсеналын бусад гол тоглогчдоос Росицки, Эдуардо, Диаби гэмтэлтэй хэвээрээ, Аршавин Зениттэй Европт тоглочихсон байгаа тул энэ улирал дахиад ЧЛ-т тоглох эрхгүй. Гэхдээ Насри Валкотт нар Испани уруу зорихын өмнө тоглоход бэлэн болжээ. Гадаадын хэвлэлүүдээс сөхөөд үзэхэд шумбагчдын тосгон даяар Казорлагийн гэмтэлд харуусаж байгаа аж. Харин шигшээгийн тоглогч Сенна буцаад фит болжээ. Канигийн яах нь одоогоор сайн мэдэгдэхгүй байна. Сорриано мөн гэмтлээс болоод тоглож чадахгүй гэнэ. Эсрэгээрээ Арсеналын одод багтаа нэгдсээр байна. Ингээд харахаар англичуудын талд давуу тал байна. Арсеналын коуч харин энэ тоглолтын тухай бага дурсахыг хүсч байгаа юм шиг. Өнгөрсөн жил Ливерпүүлд хожигдсоныгоо л яриад байх. "Тэгэхэд бид давамгай баг нь байсан" гэж уурссаар. Магадгүй тэр Сэр Алекс шиг Рэдстэй финалд уулзахыг хүсч байгаагаа үүгээрээ илэрхийлээд байгаа ч юм бил үү, хэн мэдлээ.
Ливерпүүл - Челси
Хасагдах шатны 2 дахь раундын сүүлийн хос нь цэвэр англи дуэл. Энэ дуэлийг манай залуус сүүлийн хэдэн жил ёстой л бараг уйдталаа харсан байх. Ноднин хөхүүд цаг сунгаад улаануудыг мулталж байсан бол тэрний өмнөх жил нь улаанууд пеналтигээс хожиж байсан. Гэхдээ сүүлийн 4 жилийн балансыг аваад үзвэл улаанууд илүүрхэж байгаа. Энэ тоглолтод нөгөө 3 тоглолтоосоо ялгаатай нь фаворит гэж үгүй. Хэн нь хожиж магадгүй. Челси энэ жил лигтээ 2 удаа цэвэр тавиулсныгаа санаж хорсож буй бол Ливерпүүл ноднин харамсалтайгаар хасагдсаныхаа хариуг авахаар занаж байгаа. Рафад зөвхөн Машерано л дутагдаж байгаа. Гэвч түүнд сонголт хийх хөзөр түм бумаараа бий. Челсид үндсэн тоглогчдын нэг болох Жо Коул одоо ч өвтдөл үгүйлэгдсээр. Нэмэгдээд Дрогба тоглохгүй болсон нь бүр ч их гарз. Гэхдээ Челсид шинэ дасгалжуулагч ирснээр байдал ихээхэн өөрчлөгдсөн. 2 сараас хойш тэд 3 фронтод зэрэг тулалдаж буй ч ердөө л ганцхан ялагдсан гэхээр нэгийг хэлээд л байгаа юм даа. Энэ тоглолтын талаар ингэсгээд зогсооё доо. Угаасаа олон үг энд илүүц. Зөвхөн колагаа, шар айргаа хажуудаа тавиад тухлаад суух л үлдсэн. Хамгийн халуун тэмцэл зөвхөн энд л болох болно.
Hup Holland Hup