by Nomer 10 » Mon Feb 09, 2009 2:28 am
Бундэслигийн өвлийн цонхны тойм
Хөлбөмбөгийн амьдралын нэгэн содон чимэг болдог нэг сарын хугацаатай нээгддэг өвлийн цонх хаагдаад хэдхэн хонож байна. Энэ улирлын цонхнууд өөрийн гэсэн онцлогтойгоороо бусдаас ялгарч байгаа. Намар 8 сарын 31 амралтын өдөр таарсан тул 9 сарын 1-нийг сүүлчийн өдөр болгон зарлаж байсан. Өвлийн цонх хаагдах өдөр дахиад л амралтын өдөр таарлаа. Тиймээс 1 дэх өдрийг сүүлийн өдрөөр тасалсан. Багуудад энэ нь бүрэлдэхүүнээ сэлбэх маш сайхан боломжийг өгсөн. Англид гэтэл энэ хугацаа нь дахиад л сунгагдсан. Учир нь тэнд нүүр нүдгүй их цас малгайлан орж, бүх нислэгийг зогсооход хүргэсэн. Тиймээс лигийн удирдлага онцгой нэмэлт дүрэм гаргасан билээ. Ингээд та бүхэндээ топ 5 лигийн нэг болох Бундэслигийн топ багуудын болон өвлийн томоохон наймааны талаар өөрийн бодлоо дэлгэе. Бусад лигүүдийн талаар амралтын өдрүүдээр оруулахыг хичээнэ ээ.
Наймааны үнэлгээг багт хэрэгтэй хэн ирэв, хэрэгтэй хэн нь явав гэдгээс шалтгаалж -2, -1, 0, +1, +2 гэсэн шкалаар дүгнэлээ.
Байерн. Тэд ганцхан хүн авсан. Гэхдээ энэ нь Америкийн лигээс 3 сарын дунд хүртэл зээлээр тоглохоор ирсэн Лэндон Донован.Ирэх улирлаас харин албан ёсоор гэрээ хийх магадлал өндөр. Калифорнид амьдарч асан Клиннсманн түүнд тун талтай. Тэр ирснээр Подолскигийн байр суурь улам л ганхах болсон. Улирал дуусаад төрхөмдөө очих болсон тэрээр үлдсэн хугацаанд тоглох магадлал улам бага болсон. Байерн мөн нэг л хүнийг өвөл явууллаа. Энэ нь Бундэслигийн ирээдүйг нуруун дээрээ үүрэх хүний нэг гэгдэж буй Тони Кроос. Гэхдээ тэр мөн л зээлээр явсан. 2010 оны 6 сард тэр эргэж ирнэ гэдэг юу л бол. Лэвэркузен өөрийн болгоод дасгаад авчихна байх. Байерныг мөн нэг хүн орхисон. Харамсалтай нь гэмтлийн улмаас Вилли Саньол хөлбөмбөгөө үүрд орхиж байна.
Бүрэлдэхүүний чадвар. Саньол Байерны нэг гол багана байсан. Гэхдээ энэ улиралд тоглоогүй. Жигүүрийн хамгаалагчдаар Лаам Оддо 2 маш сайн байгаа. Кроос байсан ч банзанд суусаар улирал дуусах нь тодорхой байсан. Донован ирсэн нь довтолгооныг илүү хүчирхэгжүүлэхэд түлхээс өгөх болно.
Наймааны үнэлгээ. Донованыг сар хагас ашиглаад авна гэдэг муугүй ээ. Үндсэн бүрэлдэхүүн нь аварга авах боломж хамгийн өндөр. Эндээс нэг ч хүнээ алдаагүй. +2.
Брэмэн. Александрос Тциолис. Энэ нэр Гректээ бол байнга дуурсагддаг. Үндсэн байрлал нь хамгаалах чиглэлийн хагас. Брэмэн түүнийг 250 мянгаар улирал дуустал зээлсэн нь цорын ганц ирсэн хүн. Хэдийгээр өөр 2 залуу бий ч дэндүү балчир. Явсан хүмүүс нь Карлос Алберто, Саного, Хусейнович нарыг зээлдсэн. Улирлын өмнө тэд аваргална хэмээн цээжээ дэлдэж байсан бол одоо Европын цомд шалгарах, чадвал Аваргуудын лигид хэмээн сулхан дуугарч сууна. Хаврын лигийн анхны тоглолтоо талбайдаа Бийлэфэлдтэй хийгээд хожигдсон. Ирэх зун энэ баг нэлээн их өөрчлөлт хийх нь тодорхой. Үүний тулд Диегог өндөр үнээр зарж мөнгөтэй болох хэрэг гарна. Аваргуудын лигээс орж ирсэн мөнгө нь тоглогчдын гэрээг сунгах, шагнал энэ тэр гээд урссан гэж байгаа. Тоглогчдод 50 саяыг зарлагаддаг гэх боловч учиргүй үнэтэй авсан хүн тэдэнд үгүй.
Бүрэлдэхүүний чадвар. Их л дээр өрсөлдөх чадвартай баг даа, уг нь. Гэтэл одоо 10-р байранд байж байх юм. Довтолгоо нь Пицаррогоос дэндүү их хамааралтай. Диегог хэн ч орлож чадахгүй. Хамгаалалтын 2 баганы нэг нь унахад нөөц үгүй. Үндсэн гараа сайн ч орлогч нар нь сул.
Наймааны үнэлгээ. Грек залууг авсан нь сайшаалтай ч тэр байрлалд Фрингсийн хаагуур нь гарах юм. Шааф тактикаа өөрчлөх гэж үзэх байх л даа. Саного явснаар довтолгоо улам л суларсан. Алмейда Росенберг 2 энэ улиралд яачихав аа гэмээр л байгаа. Энэ улирлын багийн хамгийн сул тал болсон зүүн хамгаалалтыг өвлийн цонхоороо шийдэж чадсангүй ээ. Тошичэд улирлыг эхэнд их итгэл хүлээлгэсэн ч тэр энэ хэвээрээ байвал ирэх улирал хөөгдөх л болов уу. Багт сөрөг энерги бий болгож байсан Алберто явсан нь харин зөв болсон. -2.
Шальке. Их л олон хүнээ явууллаа даа. Нөгөө зөрүүдлээд байдаг Зе Роберто II-ыг Фламенго руу 200 мянгаар зээлдүүлсэн. Лөвэнкрандсыг Ньюкасл уруу үдлээ. Эрнстийг Бешикташт 3 саяар арилжчихсан. Варела бүр баг ч үгүй гудамжинд хаягдлаа. Штрайтыг Хамбургт зээлдлээ. Эд бүгд бөмбөгийг өшиглөчихдөг л улс. Бас 2 залуугаа нэмээд үдсэн. Ирсэн хүн нь ганцхан. Үнэн хэрэгтээ доороосоо нэг залууг татсан.
Бүрэлдэхүүний чадвар.Бас л дээд давхар хавиар жаалж явах баг сан даа. Тэд Нойер гэсэн шилдэг хаалгачтай. Хамгаалалт сул ч гэсэн ахмад Бордоныг муу гэж болохгүй. Хөвэдес гэж залуу энэ жил үсрэн гарч ирсэн. Рафинья Вэстерманн гэсэн жигүүрүүд лигтээ шилдэгт орно. Жонес дажгүй цэвэрлэгч. Энгэлаар түүнээс ч илүү. Довтолгоонд Фарфан, Курани, Асамоа, Ракитич, Алтинтоп нар оролцдог гэхээр муугүй л сонголтууд. Гэсэн ч багийн спирит үнэхээр дутагдаж байна даа.
Наймааны үнэлгээ. Хэдий хөлбөмбөгт муугүй олон хүн явсан ч тэд багт хэрэггүй улс байлаа. Гэхдээ маш бага мөнгө цуглууллаа. Авахдаа энэ хүмүүст их л мөнгө зарлагадсан даа. Эрнст ялигүй хямд үнэлэгдсэн. Сайн бэк ап авах тал дээр муу ажилласан. Хэрэв одоо энэ байгаа байрнаасаа хөдөлж дээд хэсэгт холилдохыг хүссэн бол шургуу ажиллах ёстой байсан. Энэ байдлыг нь хараад бүтэхгүй ээ. Гэхдээ яахав, араамаараа улирлын төгсгөлд нэлээн дээшилж очих болно. -2.
Хамбург. Жонхуу зуурчих шиг л боллоо. Гэхдээ индүүний даралтаар маш сайн наалдах жонхуу болсон. Цонх хаагддаг өдөр тавын тоглогч татсан. Францын Нантаас Таварес гэгч хагасыг 1,5 саяар чирээд ирлээ. Тэр Прагт байхдаа Аваргуудын лигт хүртэл тоглож байсан гэнэ лээ. Мөн дахиад 4 тоглогчийг нийлүүлээд 600-хан мянгаар зээлдэж авлаа. Бүгд л тодорхой хэмжээгээр дарийн утаа үнэрлэсэн этгээдүүд. Шигшээдээ данстай нь ч бий. Ёол Холландад байхдаа хамт байсан Мароккогийн шигшээгийн хаалгач байсан нөхрийг үнэгүй авчихсан. Явсан нь гэвэл де Ёонгийг 19,5 саяар нөгөө мөнгө нь хахаж цацаад байгаа араб нөхөрт зарчихсан. Невесийг 7 саяар Араб руу 7 саяар арилжсан.
Бүрэлдэхүүний чадвар. Лигтээ бол дээд зэрэглэлд орно оо. Рост сайн хаалгач. Райнхардт Матайсен 2 бол лигтээ дээгүүр залрах хамгаалагчид. Хорват дуо бол ямар ч лигид гоолыг хийгээд л байх чадвартай. Дээр нь Герреро байна. Яролим, Троховски, А.Силва, Демел нар төвөөс тэднийг дэмжиж чаддаг. Янсен жигүүрийн давгүй хамгаалагч. Байернаас бусад бүх баг нөөц тааруу. Энд ч адилхан. Гэхдээ тэдний Брэмэн Шалькегээс ялгарах чадвар нь ялахын чин хүслэн тэдэнд байна.
Наймааны үнэлгээ. Де Ёонг явснаар багийн бүрэлдэхүүн эрс суларсан. Гэхдээ авсан мөнгөө хараад үзвэл сэтгэл хангалуун байж болно. Невест маш их итгэсэн. Гэвч маш муу байлаа. 7 сая гэдэг авсантай нь харьцуулахад яахав ээ, болно. Угаасаа 7 саяар авах өөр баг олдохгүй. Заралт тал дээрээ онц сайн. Татсан хүмүүс нь боломжийн шүү, тэр тусмаа зарлагаа хараад үзэхэд сайн гэж хэлнэ. +25 саятай гарсан баг Европт хэчнээн байна даа. +2.
Вольфсбург. Окубо гэдэг залуу шигшээдээ ч лигтээ ч сайн довтолдог гэх юм билээ. 2 саяар ацарсан. Словакаас Пекарик гэдэг шигшээд данстай барууны хамгаалагчийг 0,8 саяар авсан. Явсан нь гэвэл харин үүнээсээ их. Чиновекээ хөрш багтаа 500 мянгад өгсөн. Мунтяну, Сантана, Сальик нараа өчүүхэн мөнгөөр зээлдсэн. Бас нэг залуугаа үдсэн гэх. Магат ирэх зун мөн л өнгөрсөн зуных шиг дуулиантай наймаанууд нэлээдгүй хийх байх.
Бүрэлдэхүүний чадвар. Хаалгач дундаж. Заккардо Кошта гэхээр төвийн хамгаалалтад давгүй л сонголт. Жигүүрийн хамгаалалт харин тааруу. Эсрэгээрээ цэвэрлэгчид сайтай. Барцальи ирснээрээ энэ багт үлэмж тус хүргэж байгаа. Довтолгооныхон гэхээр Графите, Жеко, Мисимович, Гентнер, Деяга нар. Бундэслиг үздэггүй хүмүүст төдийлөн танил биш байх. Үзээд ирвэл ч өөр шүү. Тэд комбинацтай гоё довтолж чаддаг, гоолыг машиндах үедээ машинддаг.
Наймааны үнэлгээ. Давгүй тоглогчдоо явуулсан ч 3 нь ирнэ гэхээр гайгүй ээ. Чиновекийг л харин дэндүү хямд туулаа даа. Ромагийн Рийзэ шиг л бууддаг нөхөр сөн. Довтолгоондоо хүч нэмсэн нь сайн хэрэг. Жигүүрийн хамгаалагч л дутаад байсан юм, зөв хүнээ авлаа. 0.
Штуттгарт. Тимо Гэбхарт хэмээх довтолгооны хагасыг 1860-аас 3,2 саяар авлаа. Пардог Мексик рүү нь хагас саяар буцаасан.Энэ багийн тогтолцоо эрүүл биш байна. Дасгалжуулагч Фэ лигт аваргалаад удалгүй трансферын бодлого буруу байна гэж хэлээд хөөгдөж байсан. Түүний зөв л байсан. Сүүлийн 2 жилд хийсэн наймаа нь үнэхээр гажиг гэхэд багадна.
Бүрэлдэхүүний чадвар. Лэманн лигтээ л гайгүйд нь орно. Гэхдээ хуучны сайн хаалгач байхаа больсон. Буларуз гэмтэлтэй, түүн шиг хамгаалагч багт үгүй. Харин жигүүрийн хамгаалалтыг легионерүүд нь сайн дааж байгаа. Пардо явснаар цэвэрлэгээнд асуудал гарах болно. Хитце, Хилберт, Хэдира, Марича, Какау, Гомез. Довтолгоонд сайхан залуус даа.
Наймааны үнэлгээ. Гэбхарт их дэм өгнө, гарцаагүй. Гэхдээ арай л их мөнгө төлсөн. Магадгүй миний буруу ч байх, цаг хугацаа харуулна. Пардог Вольфийн Чиновек шиг дэндүү хямд явуулсан. Баланс -2,6 сая. Штуттгартад бол их мөнгө өө. Асуудалтай байрлалуудаа аанай л шийдэж чадсангүй ээ. -1.
Лэвэркузен. Кадлечаа нэгмөсөн өөрийн болгож авлаа. Тэд Прагт 2,5 саяыг төлсөн. Кроос, Кирали гэсэн 2 дажгүй сонголтуудыг зээлдсэн. 2-р лигийн Нюрнбергээс Харистеасыг өчүүхэн мөнгөөр бас зээлдсэн. Зөрүүлээд нөгөө нэг грек Гэкасыг Англи руу зээлдүүллээ.
Бүрэлдэхүүний чадвар. Шигшээгийн шилдэг хаалгач нь байна. Фридрих Энрике 2 лигийн шилдэг хослолуудад тооцогдоно. Кастро Кадлеч 2 жигүүрт муугүй. Ролфес лигийн шилдэг цэвэрлэгч. Ренато лигтээ Рибери Диего нарын дараа орох шилдэг хагас. Видал Барнетта 2 гэсэн давгүй. Кийслинг Хэлмес 2 бол багийн төдийгүй шигшээгийн ирээдүйг авч явах боломжтой довтлогчид. Харистеас Бундэслигийг хэнээс ч илүү гадарлана. Кроос Байернд банзанд байсан. Энэ удаа эс ч ирэх улирлаас тэсрэх ч юм билүү, хэн мэдлээ. Сайхан бүрэлдэхүүн. Спортын захирал Руди Фөллерын бодлого тусгалаа олоод эхэлчихжээ.
Наймааны үнэлгээ. Гекасын явсан Харистеасын ирсэн яг адилхан. Кроосыг бүр 2010 оны зун хүртэл авчихлаа. Үнэгүй шүү. Кадлечаа давгүй үнээр нэгмөсөн авсан. Багийн цөм тэр хэвээрээ, нэмэгдээд их сайн наймаанууд ирлээ. +2.
Хэрта. Бараг л чимээгүй байлаа. 2 тоглогч гэхдээ үнэгүй авчихсан шүү. Явсан хүн нэг ч үгүй.
Бүрэлдэхүүний чадвар. Хачирхалтай. Дундаж хаалгачтай, дундаж хамгаалалттай. Тэгсэн хэрнээ Аваргуудын лигийн эрхтэй л явж байна. Довтолгоо хагас гээд л бүгд дундаж л бүрэлдэхүүн. Тэднийг ингэж тоглоно гэж огт санаагүй. Тэд хэрэв энэ янзаараа байвал ирэх улирлаас тоглогчид нь топуудын эгнээнд шилжих болно. Дробни гайхалтай хааж байгаа. Фридрих төв рүү орж Симуничэд маш их хань болж буй. Пантелич гэж бензин нь дуусдаггүй гоолны машин байна. Ер нь бол Фаврегийн гавьяа л даа. Авъя гэсэн хүмүүсээ л тэр авсан, тэгээд л хүссэнээ хийж байгаа. Пантелич харин ирэх зун явахаар яах бол доо.
Наймааны үнэлгээ. Never change a winning eleven. Хөлбөмбөгт энэ бол бичигдээгүй хууль. Хэрта хөдөлгөөн хийгээгүй нь үүнтэй холбоотой. Тэд өнөөдөр орой хэрэв хожвол маргааш болтол лигийг манлайлна. Магадгүй илүү удаан оройд зогсоно. Ийм байхад илүү дутуу наймаа хэрэггүй ээ. Бүрэлдэхүүнээ хадгалж чадсанаараа +2.
Дортмунд. Тоттэнхэмээс Боатенгийг зээлээр авчирсан нь ганц орж буй бэлэг. Харин олон тоглогчоо алдлаа. Крушка, Климочич, Р.Ковач нар сая тэр бүү хэл хагас сая ч хүрсэнгүй. Фэдэриког зээлдүүллээ. Баклиг бас нэг тоглогчийг бүр үнэгүй алдчихсан. Юу л болоод байна даа.
Бүрэлдэхүүний чадвар. Вэйэдэнфэллер мундаг хаалгач, гэхдээ хааяа орон гаран. Сантана Суботич 2 гайхалтай хамгаалж байна гэхээсээ илүү гайхалтай гоолдож байна гэмээр байгаа. Нэг жигүүрт нь солонгос эр сайн л таваргаж буй. Нөгөө жигүүр нь харин сул. Тинга цэвэрлэхдээ давгүй ээ. Фрай, Зидан, Валдез, Хаянал, Кринге, мөн лигийн хамгийн хурдан тоглогч Куба нар довтолгоонд өдөр нь таарвал буулгаж тавьдаг нөхөд. Нэмэгдээд Боатенг ирлээ. Их л залуу баг байгаа юм даа. Тэдний үе ирэх л болно.
Наймааны үнэлгээ. Асуудалтай байрлалаа шийдээгүй. Мөн сайн тоглогчдыг хэтэрхий хямдхан үнэлсэн. -2.
Хоффэнхайм. Их л хөдөлгөөнтэй байлаа. Саногог бараг саяар улирал дуустал зээлдлээ. Овоо л мөнгө шүү. Гэхдээ тэд үүнээс илүүг хийж чадаагүй. Цаг нь тулаад өөр довтлогч авч чадаагүй. Хилдебрандыг үнэгүй аваад ирсэн нь том олз. Шинэ газар ирээд морал нь дээшлэх болов уу. Бразилаас зээлээр ирсэн Фабрицио гэдэг залуу нь авьяас гэж нуль юм байх аа. Мөн багийн бодлогыг хэрэгжүүлж, доороосоо болон хөрш багаасаа 2 хүүхдийг татаж мэргэжлийн хөлбөмбөгчин болголоо. 4 тоглогчоо бүгдийг нь үнэгүй явуулсан ч бусад багууд хүүхдүүдээр баг босгодоггүй тул мөнгө нэхвэл авахгүй. Тиймээс цалингаасаа хэмнэж байгаа нь сайн л хэрэг.
Бүрэлдэхүүний чадвар.Намрын лигид бүгд харсан. Олон юм хэлэх илүүц. Ибисевич гэмтсэн нь нөхөж болшгүй гарз. Оронд нь ирсэн Саного ямар ч байсан нэг тоглоод нэг гоол хийлээ. Цаашид хэрхэхийг харж л сууя. Энэ чигээрээ нээлт болоод улирлыг дуусгах ч юм бил үү.
Наймааны үнэлгээ. Дүгнэлт нь бол Хэртагийнхтай бараг л адилхан. Ибисевичээ орлуулах хүнийг хайсаар байгаад нэг хүн ямар ч байсан авсан. Тэгэхээр давгүй ээ. Ирсэн хүмүүсийг нь мөн зарлагыг нь харахаар муу биш. +1.
За ингээд эцэст нь энэ цонхоор хамгийн хөдөлгөөнтэй байсан нэгэн багийн талаар танилцуулья. Энэ бол лигийн сүүл мушгиж буй Боруссиа Мөнхэнгладбах баг. Тэд намрын лигт үзүүлсэн үр дүндээ дүгнэлт хийж, цонх эхлэнгүүт л шуугиантайхан наймаануудыг хийж эхэлсэн билээ. 5 саяыг зарлагадаж, Сталтери Галасек гэсэн лигийн амьдралыг сайн мэдэх 2 хүнээс гадна Бельгид шуугиулаад байгаа Баил Данте гэсэн 2 тоглогчийг авсан. Зөрүүлээд 4 “хэрэггүй” тоглогчоо үдсэн. Эднийх яг сул байрлалууддаа дүгнэлт хийж, тэдгээртээ хүн авсан. Тэгэхээр үнэлгээг +2-оор өгч байна. Улирлын төгсгөлд тэд доод лиг рүү унахгүй үлдэж чадах нь уу гэдгийг зөвхөн харах л үлдлээ.
Hup Holland Hup