Пак Жи Сун манай улсын шигшээ багийнхантай зургаа татуулна
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид Гуамд зохиогдсон тэмцээний дараагийн шатанд шалгарахад ердөө ганцхан гоол л дутсан билээ. Тэд багаараа эх орондоо ирж төдхөн Макаотой хийх тоглолтын бэлтгэлдээ шууд гарсан. Тэгвэл маргааш өдөр 15 цагаас шигшээ багийн тамирчдыг БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзах ажээ.
Энэ уулзалтын үеэр Монголын хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан нэг үйл явдал болох нь БНСУ-ын шигшээ багийн ахлагч, Английн алдарт “Манчестер Юнайтед”-ын хагас хамгаалагч Пак Жи Сун манай улсын шигшээ багийнхантай уулзаж дурсгалын зургаа татуулах юм байна.
Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатарын хүү О.Энэрэлт Английн Манчестер хотноо суралцахын сацуу алдарт “Улаан чөтгөрүүд”-ийн маркетингийн албатай холбоо тогтоосон анхны монгол хүн болсон юм. О.Энэрэлт “Манчестер Юнайтед”-ын тоглолт бүрийн тоймыг “Таван цагариг” сониноо ирүүлж, нийтлүүлж байгаа билээ. Тэгвэл энэ удаад “Улаан чөтгөр”-ийн ганц ази тоглогчид Дэлхийн аваргын урьдчилсан хэсгийн Ардчилсан Солонгосын багтай хийх тоглолтонд оролцоод буцах замдаа Улаанбаатарт түр буун саатах Монголын Хөлбөмбөгийн холбооны хүсэлтийг О.Энэрэлт дамжуулснаар Пак Жи Сун ийнхүү Спортын төв ордонд мэргэжил нэгтнүүдтэйгээ түр уулзахаар болжээ.
Тэрбээр Улаанбаатарт маргааш буюу пүрэв гарагийн өглөө буух бөгөөд оройн нислэгээр Английг зорих юм байна. Энэ зуураа Монголын шигшээ багийн тоглогчидтой дурсгалын зургаа татуулахын зэрэгцээ Монголын Спортын сэтгүүлчдийн холбооныхонтой уулзаж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх гэнэ.
Өмнө нь манай улсад Японы нэрт хөлбөмбөгчин Хидетоши Наката ирсэн удаатай. Гэвч түүний ирсэн нь их аварга Асашёорюүгийн шийтгэлийн үндэс болсон харамсалтай намтар бий. Тэгээд ч Наката сэмхэн ирээд түргэхэн буцсан бол Пак албан ёсны урилгаар ирж байгаагаараа ялгаатай ажээ. Мөн Спортын төв ордны гадаа цугласан азтай үзэгчид Пак шигшээ баг болон “Манчестер Юнайтед”-ын футболканаасаа нэг нэгийг дурсгал болгон өгөх юм байна.
Пак Жи Сун гэж хэн бэ?
1981 оны 2 сарын 25нд төрсөн. БНСУ-ын шигшээ багийн ахлагч, Манчестер Юнайтед багийн хагас хамгаалагч. Солонгосын хамгийн нэртэй хөлбөмбөгчин. 2000 онд 19 настайдаа анх улсынхаа шигшээ багт багтан олимпийн наадамд оролцож байсан тэрээр 2002 оны ДАШТ-д Гуус Хиддинкийн багт дуудагдсанаар дэлхийд танигдаж эхлэв. Тус тэмцээн шийдвэрлэх тоглолтонд гоол хийснээр Гуусд ч таалагдан түүнтэй хамт 2003 онд ПСВ Эйндховен багт оржээ. ПСВ багт ч өөрийгөө хэн болохыг харуулан багаа Аваргуудын лигт хагас шигшээд шалгарахад том үүрэг гүйцэтгэв. Тэр ийнхүү Солонгос төдийгүй Голландад ч нэр хүндийг олсон юм. Фэнүүд нь түүнд зориулан дуу хийж, хаа явсан газар нь фэнүүд дагаж явдаг болжээ. Том багуудын хараанд ч өртөж олон баг өрсөлдсөний эцэст Манчестер Юнайтед багт ирсэн байна. Ази тоглогчдоос ингэж өндөр амжилт олсон нь ховор. Магадгүй Бум Кун Ча, Наката нар л ийм амжилтанд хүрсэн байх. Манчестр Юнайтедад элсэн дэлхийн хэмжээний од болсон түүнийг хэрхэн тоглож буйг та бүхэн мэднэ. олон сайхан дамжуулалт, олон гоолыг хийж, тоглолтын темпийн өөрчлөх хэмжээнд тоглож байгаа билээ.
ИЙМ ЮМ БАЙНА