by avarga » Fri Oct 26, 2007 12:22 pm
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг багууд
“ТЦ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин (2007-10-25)
Хөлбөмбөг хэмээх гайхамшигт спортын түүхэнд олон арван шилдэг баг нэр цуугаа тод үлдээсэн байдаг. Английн нэр хүнд бүхий “World Soccer” сэтгүүлийн редакц олон зуун хөлбөмбөгийн сэтгүүлч, хөлбөмбөгчид, дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн дунд явуулсан санал асуулгыг үндэслэн хөлбөмбөгийн түүхэн дэх 10 шилдэг багийг нэрлэжээ.
1970 оны БРАЗИЛ
Энэ бол зүгээр нэг баг байсангүй. Тэр чигээрээ домог, мөрөөдлийн баг байв. 1970 оны дэлхийн аварга болж, бразилчуудад “Алтан дагина”-ийг үүрд авчирч өгсөн энэ домогт багийг дэлхийн хошой аварга Марио Загалло дасгалжуулж, хөлбөмбөгийн хаан Пеле тэргүүтэй Жаирзиньо, Тостао, Ривелино гээд дөрвөн супер довтлогч, Жерсон, Клодоалдо гээд гайхамшигтай хоёр хагас хамгаалагч, багийн ахлагч Карлос Альбертогоор удирдуулсан найдвартай хамгаалалт бүрдүүлж байв. Энэ баг бие биенийгээ нөхөн тоглолтыг зохион байгуулах, уран тактикаараа онцгойрч байсан юм. Багийн хүчний бэлтгэлийг хожмын Бразилийн шигшээгийн дасгалжуулагч Клаудио Коутиньо, Альберто Паррейра нар хариуцаж байв. Тэд тоглогч тус бүрт тохирсон дасгал хийлгэж, тэдний тоглолт өдөр өдрөөр сайжирсаар финалд хүрсэн. Финалд тэд Италийн шигшээг 4:1-ээр бут ниргэсэн. Эдүгээ хүртэл ДАШТ-ий финалд дөрвөн гоол хийсэн нэг ч баг гараагүй байна.
1950-1954 оны УНГАР
“Ид шидтэй мажарууд” гэгдэж байсан Ференц Пушкаш, Шандор Кочиш, Йозеф Божик, Шандор Хидегкути гээд дөрвөн шилдэг довтлогчтой Унгарын шигшээ 1950-аад оны эхээр ёстой л гялалзаж байлаа. Тэд зүй ёсоор бол 1954 онд дэлхийн аварга болох “ёстой” байсан ч өрсөлдөгчөө дутуу үнэлснээс, өөрсдийнх нь аз, од нь дутсанаас дөнгөж мөнгөн медаль дээр буусан юм. Хэсгийн тоглолтод Германы шигшээг 8:3-аар “бутниргэж”, дараа нь дэлхийн аварга Бразил, Уругвайг хожсон унгарчууд өмнө нь өлхөн хожсон өнөөх Германтайгаа аваргын төлөө таарахад алтан медаль аль хэдийнэ хүзүүнд нь зүүгдсэн мэт санагдаж байсан биз ээ. Гэтэл 2:3-аар хожигдох нь тэр.
Энэ “хар өдрийг” хүртэл Унгарын шигшээ 1950 оны тавдугаар сараас хойш ганц ч хожигдоогүй байсан гэдэг. Шигшээ багуудын дунд ийм урт хугацанд хожигдож үзээгүй баг нэг ч байхгүй билээ.
1956 онд Пушкаш, Кочиш, Цибор нар баруун руу гарснаар Унгарын “алтан” багийн түүх төгссөн ажгуу.
1974 оны ГОЛЛАНД
“Total football” гэдэг нэр томьёог Вилли Майсл гэгч “Хөлбөмбөгийн хувьсгал” гэдэг номондоо анх дурьдсан гэдэг. Гол санаа нь талбай дээр ямар ч тоглогч ямар ч үүргийг гүйцэтгэж болно гэдгийг гаргасан хэрэг. Тухайлбал хамгаалагч гоол хийж, довтлогч ард очоод хамгаалах жишээтэй. Энэ онолыг амьдрал дээр хэрэгжүүлсэн хүн бол Голландын нэрт дасгалжуулагч Ринус Михелс. Тэрбээр 70-аад оны эхээр өөрийн удирдаж байсан “Аякс”-т энэ онолыг аажим аажмаар нэвтрүүлсээр амжилтад хүрч, “Аякс” “Аваргуудын цом”-ыг гурван удаа хүртжээ. 1974 онд Голландын шигшээ багийг Дэлхийн АШТ-д дасгалжуулсан Михелс “Total football” гэсэн домгийг дэлхий даяар үзүүлсэн. Голландын хөлбөмбөгийн “алтан үе” болох Йохан Круифф, Рууд Крол, Ари Хаан, Вим Сурбиер, Вим Ханегем, Вим Янсен, Вим Рийсберген, Йохан Неескенс, Жон Ренсенбринк, Жонни Реп, ихэр Ван де Керкхоф нараас бүрдсэн “нисдэг голландчууд” үнэхээр давтагдашгүй сайхан тоглолтыг гаргаж байв. Тэдний хэн нь довтлогч, хэн нь хамгаалагч болохыг одоо ч зарим хүн хэлж чадахгүй эргэлзэх биз. Голландчууд Бразил, Аргетиний хүчтэй багийг хожоод, финалд талбайн эздэд 1:2-оор хожигдон мөнгөн медаль зүүсэн билээ.
1989-1990 оны “МИЛАН”
Наяад оны сүүлч, ерээд оны эхээр Арриго Саккигийн удирдсан “Милан” Италийн хөлбөмбөгийн уламжлалт аргыг эвдэн, эцэс төгсгөлгүй довтолгооныг сонгон авснаар санаанд багтамгүй амжилтад хүрсэн юм. Үүнд Голландын супер гурвал Марко Ван Бастен, Рууд Гуллит, Франк Райкаард нар гол үүргийг гүйцэтгэж байлаа. Хашир туршлагатай Франко Барези, залуухан Паоло Мальдини, Алессандро Костакурта нарын нэг нэгнийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэх хослол, Райкаард, Анчелотти, Донадони нарын гялалзсан хагас хамгаалагчид, урд нь Гуллит, Ван Бастен нарын “бөмбөгдөгчид” “Аваргуудын цом”-ын шигшээ тоглолтод Румыний “Стяуа”-г 4:0-ээр бутниргэж, хоёр жил дараалан “Тив хоорондын цом”-ыг хүртэж байв.
1958 оны БРАЗИЛ
1958 оны дэлхийн аварга Бразилийн шигшээ уг нь бүх цаг үеийн хамгийн шилдэг нь байж мэдэх юм. Гэвч тэр үеийн Бразилийн тоглогчид Европт тоглож байгаагүй, мөн дэлхийн АШТ-ийг ТВ-гээр олон оронд өргөн дэлгэр дамжуулж байгаагүй болохоор тоглогчид нь олны танил болоход хэцүү байсан. Гэвч 1958 оны Бразил хөлбөмбөгийн ертөнцөд хааны титмийг нь эзэгнэх 17 настай Пеле хүүг, мөн “Ард түмний баяр баясгалан” болсон Гарринчаг “төрүүлж” өгсөн юм. Дээрх хоёр залууг дэлхий дахинд таниулсан, бас хөлбөмбөгийн түүхэнд W буюу 4-2-4 гэсэн шинэ тактикийг нэвтрүүлсэн дасгалжуулагч Висинте Феолаг дурьдахгүй өнгөрч бас боломгүй. Пеле, Гарринча нараас гадна хаалгач Жильмар, хамгаалагч Нильтон ба Жалма Сантос, багийн ахлагч Беллини, Вава, Зито, Диди, Орландо, Загалло нарын “ширэн бөмбөгийн ид шидтэнүүд” Бразилийн нэрийг анх цуурайтуулж, “Алтан дагина”-ыг анх эх орондоо залсан билээ.
1956-1960 оны “РЕАЛ” (Мадрид)
Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын цом”-ыг таван жил дараалан хүртсэн “Эзэн хааны” энэхүү багийн гол тоглогчид нь Альфредо Ди Стефано, Ференц Пушкаш нар байв. Мөн Франциско “Пако” Хенто гээд солгой, бараг тоглолт болгонд гоол оруулдаг довтлогч, Мигель Муньос, Францын довтлогч Раймон Копа, Уругвайн хамгаалагч Хосе Сантамариа гээд цул одууд энэ домогт багийн тэр үеийн түүхийг бичилцжээ.
1982 оны БРАЗИЛ
Энэ баг ямар ч амжилт гаргаагүй, ядаж дэлхийн аваргад шөвгийн дөрөвт ч шалгарч чадаагүй боловч яах аргагүй шилдгийн тоонд бичигдэх баг. 1982 оны Бразилийг дэлхийн аварга болно гэхэд эргэлзэж байсан хүн цөөхөн байсан биз. Теле Сантанагийн удирдсан энэ гайхамшигт багийн дунд шугам нь үнэхээр бишрэм. Ухаалаг Фалькао, эрэмгий Жуниор, багийн ахлагч, үлгэр жишээ тайван тоглолттой Сократес, хөлбөмбөгийн техникийг оргилд нь хүртэл эзэмшсэн, Пелегийн дараахь хамгийн шилдэг хөлбөмбөгч Зико. Довтолгоонд Сержиньо, залуухан Эдер. Леандро, Оскар, Серезо, Луизиньо нарын хамгаалалт ч муугүй. Харин хаалгач Валтер Перес жаахан бойтог, будлиу байсан.
Теле Сантана тоглогчдодоо бүрэн эрх чөлөө олгож, талбай дээр юу хүссэнээ хийхийг нь зөвшөөрдөг философи баримталдаг дасгалжуулагч байв. Даанч Италийн Паоло Россигийн од нь гэнэт гийж, Бразилийн хаалганд хет-трик хийснээр хөлбөмбөгийн “хамгийн сайхан үлгэр” харамсалтайгаар төгссөн билээ.
1991-1994 оны “БАРСЕЛОНА”
1973 онд “Барселона” тэр үеийн рекорд ханш 992 мянган фунт стерлингээр Йохан Круиффыг худалдан авсан гэдэг. ”Нисдэг голланд” Испанийн аваргаас өөр алдар цолыг “Барса”-д авч өгч чадаагүй билээ. Гэвч 1988 онд Круифф дасгалжуулагчийн хувиар “Барса”д эргэн ирж, шинэ эринг авчирсан юм. Круифф каталончуудад Испанийн аваргын дараалсан дөрвөн түрүү, Испанийн цом, гурван Испанийн супер цом, Цомтой багуудын цом, “Аваргуудын цом”-ыг бэлэглэв. Тэрбээр довтолгоо бол шилдэг хамгаалалт гэсэн зарчим дээр багаа тоглуулж байв. Субисаррета гээд супер хаалгач, ар талд нь Рональд Куман, Мигель Надаль, Гойкоэчеа, дунд шугаманд Бакеро, Бегиристайн, Гвардьола, Данийн “профессор” Микаэль Лаудруп, ”Балканы Марадона” гэгддэг Румыний Георги Хажи, довтолгоонд Болгарын Христо Стоичков, Бразилийн Ромарио нар “ид шидийг” туурвиж, энэ багийг “Мөрөөдлийн баг” гэж нэрлэж байлаа.
1934-1938 оны ИТАЛИ
Дэлхийн аваргад хоёронтаа түрүүлж,1936 онд олимпийн аварга болсон Витторио Поццогийн дасгалжуулсан гучаад оны Италийн шигшээ. 1934 онд ДАШТ-д оролцсон баг нь үндсэндээ тухайн үед “Сери-А”-д тав дараалан түрүүлсэн “Ювентус”-ын тоглогчид дээр тулгуурласан байв.
1934, 1938 оны Италийн шигшээ багийн гол хөдөлгөх хүч нь Жузеппе Меацца, Жованни Феррари нар байлаа. Мөн аргентин гаралтай Гауита, Орси, Монти нар ихээхэн үүрэгтэй байсан гэдэг.
1938 онд Итали хоёр дахь удаагаа дэлхийн аварга болоход Поццо ихэнх тоглогчоо төдийгүй үндсэн тактикаа өөрчилжээ. Хөлбөмбөгт анх “цэвэрлэгч”-ийн үүрэгтэй хамгаалагч бий болсон бөгөөд анхдагч нь уругвай гаралтай Микеле Андреола болон түүхэнд үлджээ. Италийн энэ шигшээд Андреолагаас гадна Аргентиний Пиола гол үүрэг гүйцэтгэсэн билээ. 30-аад оны Италийн шигшээд Италийн оддоос гадна уругвай, аргентин цагаач тоглогчид чухал байр суурийг эзэлж байжээ.
1998-2000 оны ФРАНЦ
Францчууд дэлхийн аварга, Европын аварга дараалан болсон анхны баг. Зинедин Зидан гол плeймейкер нь байсан бол Фабьен Бартез хаалганд, хамгаалалтад Лилиан Тюрам, Лоран Блан, Марсель Десайи, хагас хамгаалалтад Дидье Дешам, довтолгоонд Тьерри Анри гээд одууд тоглож байв.
Дээр дурьдсан багуудаас гадна хөлбөмбөг сонирхогчдод хэзээ ч давтагдашгүй сайхан тоглолт бэлэглэж, сэтгэл зүрхэнд нь үүрд хоногшсон багууд олон бий.
Тухайлбал 1980-аад оны Франц. Алдарт Мишель Платини тэргүүтэй Батс, Аморо, Баттистон,Босси, Тигана, Фернандес, Жиресс, Лякомб, Рошто,Трезор нарын “шадар цэргүүдээс“ бүрдсэн энэ баг 90-ээд оны Францаас хол давуу байсан. Хоёр ДАШТ-д шөвгөрч, 1984 онд Европын аварга болсон Францын 80-аад оны шигшээ үнэхээр хүчирхэг баг.
Бас үе үеийн Германы шигшээ байна. Наяад оны Дани, 1978 оны Аргентин, 70-аад оны сүүлч үеийн Симонсен, Кигантай “Ливерпуль”, 70-аад оны эхэн үеийн “Аякс”, дунд үеийн “Бавари”, 80-аад оны Зикотой “Фламенго”, “зохиомол отон тоглолтод” оруулдгаараа алдаршсан Бельги, Марадонатай 1986-1990 оны Аргентин гээд гоё гоё тоглолттой багууд хэдэн арван жил өнгөрсөн ч хөлбөмбөг сонирхогчдод дурсагдаж байх биз ээ.