Таван цагариг-сонин дээр гарсан ярилцлагыг та бүхэнд хүргүүлж байна.
К.Бензема: Надад “Милан” таалагддаг
Р.МАНЛАЙ (2008-02-26)
Нэрийн хуудас
1987 оны арванхоёрдугаар сарын 19-нд Лион хотноо төрсөн. Биеийн өндөр 183 см. Хувийн дугаар “10”. Францын шигшээ болон “Лион” багийн довтлогч. Клубтээ 65 тоглож 22 гоол, шигшээдээ есөн тоглолтод гурван бөмбөг оруулсан. 2005-2007 оны Францын аварга.
Эдүгээ Францын АШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг 16 гоолтойгоор тэргүүлж буй Карим Бенземаг ирээдүйд нэр алдраа дуурсгах тоглогч хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Тэрбээр энэ улиралд Аваргуудын лигт дөрөв, улсынхаа АШТ-д 12, Францын цомд гурав, лигийн цомд нэг, шигшээ багтаа хоёр гоол хийгээд байгаа юм. Алжир гаралтай энэ залууг Европын том багууд эгнээндээ элсүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа юм. Ингээд түүний бэсрэг ярилцлагыг толилуулъя.
-”Лион”-ын энэ улирлын гол зорилго юу байх вэ?
-Хамгийн гол хүсэн хүлээж байгаа зүйл бол Аваргуудын лигт түрүүлэх. Бас мэдээж Францын АШТ-д долоо дахиа дараалан аваргалж, цомын тэмцээнд өнгөлөхийг хүсч байна.
-Аваргуудын лигт түрүүлэх хамгийн боломжтой баг таныхаар хаанах вэ?
-Бид. “Лион” хэсгийн тоглолтод толгой өвддөггүй. Харин плей-оффт ганц ч тоглолтод ялагдал хүлээхгүй байх нь чухал.
-Гэхдээ үүний тулд эхлээд “Манчестер Юнайтед”-ыг гол гаргаж, дараа нь Италийн ч юм уу нэг хүчтэй багийг хожих хэрэгтэй болно шүү дээ. Энэ тийм амархан гэж үү?
-”Манчестер”-ын эсрэг идэвхтэй хувийн хамгаалалт хийвэл хожиж чадна. “Милан” хүчтэй, “Интер” ялагдашгүй мэт байгаа нь үнэн. Гэхдээ зөвхөн Италидаа л шүү дээ.
-Таны техник Зиданыхтай, хурд, хүч чинь Анригийнхтай адил юм шиг санагддаг…
-Тааламжтай л харьцуулалт юм. Гэвч миний тоглолтын стиль бол өөр хэнийх ч биш, зөвхөн Бенземагийнх л. Үүрэг маань довтлогч учраас хурдан шаламгай, техниктэй байх ёстой.
-”Лион”-оос аль эрт явах боломж байсан ч тэгээгүйн учир юу вэ?
-Гэр бүлийнхэндээ сайхан байшин авч өгөх нь миний мөрөөдөл байсан. “Түүний дараа л төрөлх хотоо орхино” гэж би өөртөө амласан юм. Тийм учраас яваагүй. Тэгээд ч эндхийн бүх зүйл сайхан учраас яарахгүй байна.
-Залуучуудаас хамгийн шилдэг таван тоглогчийг нэрлэ гэвэл хэнийг сонгох вэ?
-Нэгдүгээрт Месси, удаад нь Криштиану Роналду, Руни, Насри, Агуэро нарыг хэлнэ.
-Харин та өөрөө хэдэд орох вэ. Хүмүүс Францад “Алтан бөмбөг” авчрах хамгийн боломжтой тоглогч бол Бензема гэлцэж буй?
-Би энэ ангилалд орох болоогүй. “Алтан бөмбөг” авчрахад олон жилийн шаргуу хөдөлмөр хэрэгтэй.
-”Лион”-ы ерөнхийлөгч “Бид Аваргуудын лигт түрүүлэхээс нааш Карим эндээс явахгүй” гэж хэлсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ, “Лион”-той хамт олон тэмцээнд түрүүлэхийг хүсч байна.
-Дуртай баг чинь?
-Надад “Милан” таалагддаг. Харин шүтээн маань Роналдо. Түүний тоглодог багуудыг дэмждэг.
-Франц Европын АШТ-д түрүүлж чадах уу?
-Хэсгийн тоглолтыг өнгөрөөчихвөл л цаашид өндөр амжилт гаргаж чадна.
-Шигшээ багт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. “Азарган тахианууд”-ын бүрэлдэхүүнд хийсэн гурван гоолоо дурсаач?
-Хоёрыг нь Фарерт, нэгийг нь Австрийн хаалганд хийсэн юм. Ирэх зуны Европын АШТ-д илүү хүчтэй багуудын хаалгыг мялаахыг хүсч байна.
-Хэрвээ танд итали жүжигчин Сеголен Руаль, Францын ерөнхийлөгчийн шинэхэн эхнэр Карла Бруни хоёрын аль нэгтэй оройн хоол идэх боломж олдвол алийг нь сонгох вэ?
-Итали бүсгүйтэй. Гэхдээ улс төрийн идэвхтэй гэдгээ бас хэлмээр байна.
-Та ядуус амьдардаг хэцүүхэн дүүрэгт өсч торнисон. Шинэ ерөнхийлөгч энэ дүүргийн чинь асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна уу?
-Саркозид найдаж байна.
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...