ХААНЫ ШИЙДВЭРИЙГ ШҮҮН ТУНГААХ НЬБүгд л түүний тухай ярилцана. “Хаан” хочит Леброн Жэймс гэдэг нөхрийн шийдвэр сагсан бөмбөгт дуртай олон хүний үзэл бодол, тэр байтугай ёс суртахууны асуудлыг хөндөж байна гэдгээс үзэхэд үнэхээрийн тэр бол гол хүн.
Гэвч өөрийн авьяас, чадвараа Майями мужид аваачна гэж зарласнаараа тэр өөрийн нэгэнт бий болгосон байр сууриа, сагсан бөмбөгийн түүхэнд үлдээх ул мөрөө балладаггүй юм гэхэд бүдгэрүүлж байгаам биш биз?
2 жилийн өмнөх нэгэн бичлэгээ уншиж суулаа. Би их залхуу болсон учир энэхүү бичлэг маань дөнгөж өмнөх хуудсанд байна.
“...хүүш, гэснээс нээрээ тэр хөтөлбөрөөс болж хөтөлбөрийн зорилтот бүлгүүд болох өнөө залуу найзуудыгаа найраад эхэлсэн гэсэн шүү...
Леброн, Бош, Вэйд нар 1 багт байна гээд зүгээр бодлынхоо мухарт шидээд үз дээ...
шууд л огшиж байна уу? ер нь ингэж 2 жил зовж байхаар бүгдээрээ хөлдөөгч хайвал яасийн?”...Одоо бид яг л хөлдөөгчнөөс гараад ирсэн юм шиг л юу болоод өнгөрвөө, үнэн гэж үү хэмээн дуу алдацгаагаад байж байна. Хурдан намар болоосой гээд л огшоод, ямар сайндаа форумдаа эргээд ирэх вэ дээ.
Энэ бүх зүйл аль эртнээс эхэлж байсан гэдгийг “Шинэ гурвал” хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хэзээ ч яг ингэж бодитоор биеллээ олно гэдэгт эргэлзэж байснаа ч нуусангүй.
Гэвч яагаад ийм шийдвэрт хүрэх болов? Яагаад заавал өнөө цагийн шилдэг 3 тамирчин нийлж аварга авахыг хүсэв? Уг нь Леброн ч бай, Уэйд ч бай, супер од тамирчин учраас багаа чирэн алдрын тавцанд аваачих ёстой биш билүү? Мөнхийн азгүй гэдгээ дахин баталсан Кливлэндийн багийн эзэн Дэн Гилбэртийн хамаг уур хилэнгээ гаргасан захианд дурдсанчлан үнэхээр л Леброн багаасаа, хотоосоо, фэнүүдээсээ урвасан гэж үү?.
Энэ асуултын хариуг эрэхээр асуудлыг бүр эхнээс нь ухаад үзэх үү?
Энэ жилийн плейоффт тэдний баг Бостонд онцын эсэргүүцэлгүй “бууж өгөхөд” миний бие гайхсан. Уг нь Кливлэндийг хожчих байх гэсэн таамаглал дэвшүүлсэн байсан юм.Бостончууд хатуу ширүүн тоглолт, багийн уур амьсгал, хамгаалалт, лидер шинж чанар, тэгээд хамгийн гол нь эрмэлзэл, ялангуяа тэр цомыг дахин авах гэсэн хүслээрээ Кливлэндийн багаас давж чадсан. Хэдийгээр арай муу нь илүүгээ давж гарсан тохиолдол буюу олонхийн таамаглалыг будлиулсан хэрэг биш байсан боловч тэгж л санагдсан гэсэн үг. Яагаад ч юм нэг л тайлбар нэхсэн нүх үлдсэн дээ, фэнүүдийн сэтгэлд.
2006 оны шигшээ тоглолтод Уэйд багаа гайхалтай удирдан аваргын бөгж зүүж байсныг та бүгд мэднэ. Гэхдээ нэг сонирхолтой явдал болсон нь 6 дахь буюу Далласт болсон сүүлийн тоглолтод дасгалжуулагч Пат Райли ажлаа “хаясан”. Хаясан нь гэдэг нь мэдээж эерэг утгаараа л даа. Элдэв тактик, хувилбар, зөвлөгөөг бүгдийг орхиод зөвхөн ганцхан зүйлийг л тоглогчиддоо маш чангаар орилж байв.
“Та нар тэднээс илүү хүчтэй. Битгий бууж өг. Тэд удалгүй бууж өгнө. Тэд унахад бэлэн байна. Довтлоод бай. Дайраад бай. Бүгдийг нь өшиглөж унагаа. Ямар ч оролт, ямар ч тохолтыг хүлээн зөвшөөрөхгүй. Хамтдаа бай. Та нар тэднээс илүү. Та нар хамаагүй илүү.”
Тэр тоглолтын сүүлийн хагасын турш ердөө л үүнийг дахин дахин хэлж байв. Тэгсээр тоглогчид нь ч түүнд итгэж, өөрсөддөө итгэж ялалт байгуулсан түүхтэй.
Түүхийг дахин өгүүлэхийн учир Леброны туулж өнгөрүүлсэн замналтай нь холбох гээд. Бидний ярианы баатар мэргэжлийн лигид хөл тавьсан цагаасаа л бүгдийг өөрөө хийсээр ирсэн. Хэзээ ч сайн дасгалжуулагчтай байсангүй. Пиппен байтугай, Уэйдийн Шак шиг хамтрагч байсангүй. Нөхцөл байдлаас шалтгаалж Жордан шиг, эсвэл Мэйжик шиг үүрэг гүйцэтгээд л.
Багийн удирдлагууд нь түүнд тийм боломж олгосонгүй. Ерөөсөө л дан ганц түүний авьяас аваргын цомыг авчрахад хангалттай гэж үзсэн нь буруу байлаа гэдгийг бид харж байна. 2009 оны өвлийн цонхоор сайн тоглогч авчраасай их харсан даа. Гэвч унтаа чигээрээ л дууссан.
Одоо тэгээд түүнийг зэмлэх байтугай, хамаг муу муухайгаар дайран, үзэн ядаж, үхээсэй гэж хараана гэдэг ч. Хэр шударга юм бол?. Би 100% өмөөрөхгүй, гэхдээ мөн тийм хувиар буруутгахгүй.
Яагаад вэ гэвэл бид нөгөө талаас Леброн Жеймс гэдэг тоглогчийн мөн чанарыг танихад энэ шийдвэр тус боллоо.
Бид түүнийг өнөө цагийн шилдэг, магадгүй 10 жилийн дараа Жорданы хэмжээнд аваачихад бэлэн байсан. Учир нь түүний “генид” Жордан, Мэйжик нарын холимог байгаа гэдэгт итгэж байв. Явцын дунд Жорданых байхгүй байсийм байна шд гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл Майкл бол ямар ч өршөөлгүй “алуурчин” байсан. Тэр хэзээ ч, хэдэн сая жил тоглосон ч хамаагүй, хамгийн гол нь хэзээ ч Леброн шиг багаа төгсгөлийн минутанд бууж өгөхийг зөвшөөрөхгүй. Түүний багийн тоглогчид түүнээс айдаг, түүнд итгэдэг, түүнд тааруулж, өөрсдийнхөө боломжийг бүрэн дүүрэн гаргаж тоглодог байлаа. Лэрри Бёрд энэ талаараа Жордантай ижил хэмжээнд. Мэйжик сүүлдээ мөн тийм болсон гэдэг.
Ялах, ялалт байгуулах гэдэг л эдгээр агуу тамирчдын гол зорилго байсан бөгөөд багийнх нь тоглогчид ёстой дагахаас өөр аргагүй байлаа даа гэдэг л юм даа.
Леброн маань 25 настай. 7 жил тоглочихлоо. 548 улирлын болон 71 плейоффын тоглолт хийсэн. Түүний авьяас, ур чадварт итгэдэг улсууд жил ирэх тусам сайжирна гэж хүлээж, сайн хамт олонтой бол аварга авна л гэдэг. Гэвч өнөөг хүртэл туулсан түүний замналыг харахад тэр бол маш өндөр ур чадвартай, бүгдийг суудлаас нь өндөлзүүлэгч тоглогчийн зэрэгцээ олон нийтэд хүчтэй нөлөөлөгч лидер хувь хүн гэдэг нь харагдлаа. Өөрөөр хэлбэл, хэрвээ анх бодож байсанчлан Жордан, Мэйжикийн “хромосомыг” өөртөө агуулж байсан нь үнэн бол өдийд тэрийг нь бид нүдээрээ хараад сууж байх байлаа.
Харамсалтай нь үгүй байж. Жордан ч биш, Мэйжик ч биш, явж явж Жулиус Ирвинг буюу Доктор Жей хочит тоглогчийн “хүү” юмсанж.
Леброны фэнүүдэд хандаж хэлэхэд Доктор Жэй тухайн цаг үедээ бас л агуу тоглогч байсан шүү. Тэр Леброн шиг сагсан бөмбөгийн талбайд бүгдийг “үүү, ааа, иий” гэтэл зүйлүүдийг хийдэг байв. Тэр Леброн шиг “дажгүй залуу шүү” гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байв. Тэр Леброн шиг байрлалд тоглодог, бэртэж гэмтдэггүй, ёстой л тухайн цаг үедээ бишрүүлэгч байлаа. Тэр Леброн шиг өөрийн имиж, гадаад төрхөнд анхаардаг байсан тул охид, хүүхнүүд түүнд сайн. Бүр статистик үзүүлэлтүүд нь хүртэл их төстэй шүү.
Хамгийн гол ялгаа нь Доктор 1974, 1976 онуудад АBА буюу NBA-гийн нөгөө лигид түрүүлж үзсэн байлаа. Гэхдээ түүнийг дээрх 2 лиги нэгдсэний дараа түрүүлж чадах эсэхийг харахыг хүсэгчид их байв.
1976 оноос хойш буюу лигүүд нэгдсэний дараа Доктор Жей Филадельфид орлоо. За дахиад л Леброн шиг гэх адил зүйлүүд урсаж өгч. Эсвэл Леброн Доктор Жей шиг гэх нь оновчтой юм уу?.
Ямартай ч 6 жил дараалан Доктор явсангүй. “ABA-д эдэлж байсан нөгөө супер од яасан бэ? Алуурчны инстинкт гэж юм алга. Хэтэрхий зөөлөн юм. Багийн андууд нь тааруу байна.” гэх мэтчилэн олон яриа үүслээ. Шигшээд шалгарч үзсэн боловч өөрсдөөсөө сул багт ялалтаа алдчихав. Леброн Доктор Жей шиг гэх нь зөв үү?
Аз болж Филлигийн удирдлага түүнд тусламж хэрэгтэй ойлгож Мо Чийкс буюу бүх цаг үеийн шилдэг холбон тоглогчдын нэг, Андрью Тоний гэх оноо авагчийг багтаа элсүүлэв. Байдал сайнаар эргэв. 1980, 1982 онуудад шигшээд үлдлээ. 1981 онд улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагнал авлаа. Гэвч 1983 онд Мозес Мэлоун хэмээгч бас нэгэн агуу тоглогчийг багтаа нэмсэн хойно л хүсэн хүлээсэн аваргын бөгжийг Филлигийн удирдлага, Док ч авсан түүхтэй. Сайнаар дуусдаг түүх гэхийм уу даа.
Бүх явдал сайнаас дуусахаас өмнөх жилүүдэд буюу Докторыг хэл амны байж болж байхад түүнтэй нэг багт байсан тоглогчдыг одоо муулаад яахав. Ямартай ч Доктор Жейгийн нэг тоглолтод шидэх бөмбөгний тоо жил ирэх тусам багассан статистик байдаг. Энэ нь нэг талаар тэдгээр тааруу тоглогчид багийн тоглолтыг эвддэг байсан гэдгийг харуулж байгаа ч, нөгөө талаас байдал хүнд хэцүү болох үед Доктор бүхнийг гартаа авч чадаагүй гэдгийг мөн харуулж байна. Яагаад вэ гэдэг асуулт хэрэггүй. Доктор хэтэрхий Nice guy байсан нь түүний алдаа. Алдаагаа засах гэж оролдсон ч нэг л эв хав нь болсонгүй. Багийн маш сайн андын зан чанар түүнд байснаас Жордан шиг лидер, тэр тусмаа “алуурчин цустай” лидер зан алга байлаа.
Дээрх бүтэлгүйтлийн жилүүддээ тэд өрсөлдөгчиддөө маш бага зөрүүгээр ялагдаж байв. 1981 онд Дорнод бүсийн аваргын төлөө 3-1 хошуучилж байгаад сүүлийн 3 тоглолтдоо нийлбэр дүнгээр 5 онооны зөрүүгээр ялагдсан гээд бодоод үз дээ. Тэгээд бүр эдгээр 3 тоглолтынхоо сүүлийн минутад бүгдэд нь тэргүүлж байсан гэхээр бүр төсөөлөгдөхгүй байгаамаа. 1982 онд түүний карьер дууссан бол сагсан бөмбөгийн гайхалтай нэгэн төлөөлөгч, бүгдийн хайрыг татсан, агуу тоглогч боловч ялагчийн сэтгэлзүйгүй гэсэн CV-тэй үлдэх байлаа. Тэгээд яахав дээ, дээр өгүүлсэнчлэн Мозес ирээд л аварга болоод л, хүмүүс өмнөх бүх яриаг мартсан.
Тэгээд бодохоор энэ талаараа манай баатрууд яг ижил байгаамаа.
Өнөө цагийн баатар маань дээрх жишээнээс харахад сайн хамтрагч, сайн дасгалжуулагчтай байж л хүссэндээ хүрэх боломжтой. Гагцхүү шийдвэр гаргахын өмнө түүнд ямар сонголт байсан бэ?
Мэдээж, төрөлх баг нь. Дасгалжуулагчаа солисон. Менежерээ солисон. Гэхдээ нэмж тоглогч авчраагүй. Дахиад бүгдийг эхнээс нь эхлэх гэж үү? Хийснээ дуусгах уу?. Яг Тим Данкан шиг үү?. Энэ шийдвэр бол түүний хувьд ҮНЭНЧ БАЙДЛЫН сорилт байлаа. Үүнийг “Загалмайлсан эцэг” киноны Конни Корлеонегийн шийдвэр гэвэл нийцнэ. Тэр гэр бүлдээ л үнэнч үлдсэн.
Хэрвээ Чикаго явсан бол яах бол? Нуль ирээдүй үнэртсэн Сарнай хочит Сарнай болон алдарт теннисчний авьяаслаг хүү Жоаким Ноа түүнд хань болж чадах байсан нь тодорхой. Тэр дундаа Рөүз бол түүний алдар нэрийг халхлахгүйгээс гадна яг л Жорданд Пиппен, Грант байсан шиг туслаж чадна. Сагсан бөмбөг талаасаа ч гэсэн маш ухаалаг шийдвэр байх байсан даа. Дээрээс нь агуу алдарт эцгийн замналаар явна гэсэн үг. Үүнийг Майкл Корлеонегийн шийдвэр гэе. Өөрөөр хэлбэл, ЯЛАЛТЫН сорилт юм.
Гэхдээ л Чикаго бол зах зээл, фэнүүд, нэр алдар талаасаа бол Нью-Йоркийг яаж гүйцэхэв дээ. Хэрэв тэр энэ агуу хотод сагсан бөмбөгийг аврахаар ирсэн бол ирэх хавар гэхэд 1973 оноос хойш хүссэн цомыг нь өргөөд байж байхыг үгүйсгэхгүй ээ. Чи бол хамгийн том од, хамгийн том хотод байх ёстой. Мөн үү?. Гэвч сагсан бөмбөг талаасаа үзвэл түүнд Амарегаас өөрөөр туслачих хүн алга. Дахиад хүний эрэлд гарна гэсэн үг. Үүнийг Сонни Корлеонегийн шийдвэр гэе. Нөгөө талаас, МӨНХИЙН НЭР АЛДРЫН сорилт.
За тэгээд бусад сонголт бол Альфредо Корлеонегийн шийдвэр ч гэж дээ, мунхаглал байх байлаа даа.
Гэтэл явж явж нөхөр шаал өөр сонголт хийсэн шүү. Гэхдээ үүнийг Альфредогийн мунхаглал гэж боломгүй санагдана. Яаж ч бодсон аймаар, бүр хөлс чийхармаар шийдвэр. Мэдээж, ялалт шууд нүдэнд нь харагдсан. Их ч зүйл “золиослож” байгаагаа илэн далангүй хэлж байна лээ. Гэхдээ миний хувьд би лав Вэйдийн оронд байхыг их хүсч байна. Найз ч гэлээ чи мөнхийн өрсөлдөгчөө өөртөө элсүүлж чадлаа гэж үү?. Атаархаж байна.
Яагаад вэ? гэвэл ямар ч супер одууд бие биенийхээ дээр гарах гэж үзнэ. Өөрийнхөө багийг бүрдүүлж, бусад супер одуудаа дарлахыг илүүд үзнэ. Чикаго, Нью-Йоркийн аль нэгт очлоо гэхэд чи супер одынхаа статусыг хадгалж үлдэнэ. Гэтэл Леброн “ТУСЛААРАЙ” хувилбарыг сонгочихдог байна шд. Мэдээж, тэр дээрх бүгдээс илүү үүнийг л аварга авах хамгийн зөв зам гэж сонгосон байж таараа. Гэхдээ энэ сонголтод юу юунаас илүү түүний төрөлх “гени” хүчтэй нөлөөлсөн байх.
Өөрөөр хэлбэл, нийтлэлийн баатрын шийдвэрийг эргэн нэг харахад энэ хүний жинхэнэ мөн чанар тодоос тод гарч ирнэ. Аливаа тоглогчийг түүнд хамгийн чухал юм юу вэ гэдгээр нь, бүр нэг үгээр илэрхийлэх гээд үзье л дээ.
Жишээ нь, ЯЛАЛТ бол Жорданд хамаатай үг байлаа. Түүний хувьд ялах нь хамгийн чухал. Үүн дээр Билл Рассел, Мэйжик, Бёрд, Данкан, Уэст гээд домгуудыг нэрлэж болно.
АГУУ байхыг Коби хүсдэг. Ялалт гэсэн үг зарим талаараа түүнд ихээхэн хамаатай боловч чухамдаа тэр ялалтыг авахад Коби агуу байлаа гэж хэлүүлэхийг хүсдэг.
СТАТИСТИК бол Уилт Чэмбэрлэйний хувьд илүү чухал байсан байж мэднэ. За за, наргиа.
Шак бол НЭР АЛДАР-т угаасаа л дурлаж ирсэн хүн.
Баркли бол ЗУГААЦАХ-ад их дуртай гэдэг ч юм уу.
Нэш, Стоктоны хувьд БАГИЙН АМЖИЛТ үргэлж чухал байсан.
Манай өмнөх үеийн баатар болох Доктор Жейгийн хувьд бусдыг БИШРҮҮЛЭХ нь юу юунаас илүү чухал байлаа. Нэгэнт Леброн Доктор Жей шиг гэж ярьж эхэлсэн тул тэгж дуусгая.
ЛЕБРОН ЧИ БОЛ БИШРҮҮЛЭГЧ. Чи ингэхийн тулд төрсөн.
Чиний шийдвэрт гайхах юм одоо үгүй боллоо.
АМЖИЛТ ХҮСЬЕ.