by Барнаба » Sat Feb 07, 2009 7:19 pm
Үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч А.Мөрөн: Хүмүүс намайг Мөрөнөльдино гэдэг.
Энэ удаагийн дугаараараа та бүхнийг Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн залуу тоглогч А.Мөрөнтэй уулзуулж байна. Шигшээ багтаа довтлогчоор тоглодог түүнийг алдарт хөлбөмбөгчин Рональдиног шүтдэгээр нь Мөрөнөльдино ч гэж дуудах нь ч байдаг гэнэ. Өдгөө 20 настай ч техник, ур чадвараараа Монголдоо л толгой цохих тэрээр хэл сайн сурч, гадаадын алдартай клубд тоглохын тулд англи хэл, орчуулагч мэргэжлээр суралцаж байгаа аж. Алдарт Рональдинотой нэг тоглочих юмсан гэж битүүхэндээ хүсч явдаг түүнтэй ярилцлаа.
-Хоёулаа яриагаа анх хөлбөмбөг сонирхож эхэлсэн үеэс чинь эхлэх үү. Хаана, хэрхэн бөмбөгтэй нөхөрлөж эхлэв?
-Би Дамбадаржаад амьдардаг юм. Тэгээд анх Дамбынхаа талбайд л тоглож эхэлсэн дээ. өдөр болгон л тоглодог байлаа. Тэгтэл удалгүй Баттөр багшийн "Од" нэртэй клуб байгуулагдаж түүнд тоглох болсон. Харин түүнээс хойш үндэсний лигт тоглох хүртлээ тавдугаар сургуулийн багт Г.Шархүү багшийн удирдлаган дор хичээллэсэн.
-Ямар ямар тэмцээн уралдаанд орж байв? Ер нь хөлбөмбөгөөр хичээлэх явцад чинь шантармаар, хүндрэлтэй зүйл тохиолдож байв уу?
Хөлбөмбөгөөр хичээллэх нь миний сонирхол, зорилго байсан болохоор шантрах зүйл байгаагүй. Тэмцээн уралдааны хувьд Залуучуудын улсын аварга, өсвөрийн улсын аварга, Насанд хүрэгчдийн улсын аварга гээд л олон тэмцээнд оролцож байсан. Тэднээс футзалын улсын аварга, талбайн өсвөрийн лигийн аваргаар шалгарч, "шилдэг тоглогч" болж байсан. Ихэвчлэн залны тэмцээнүүдэд л оролцож байсан. Харин улсыг төлөөлж арав гаруй удаа тоглолтонд орсон.
-Алдартай олон хөлбөмбөгчид байдаг. Тэдгээр тоглогчдоос хэнийг нь дуурайж, хүндэлж, биширдэг вэ?
-Гадаад тоглогчдоос Бразилын Рональдиног шүтдэг. Түүнээс минь болоод хүмүүс намайг Мөрөнөльдино ч гэх нь бий. Харин Монголоос шигшээ багийнхаа Лүмбээ, Гарьдаа гээд ах нарыгаа хүндэлж биширч явдаг юм. Ер нь бол ах нараасаа их дуурайл авна л даа.
-Шигшээ багт хэзээнээс тоглож эхлэв?
-Бэлтгэл хийж эхэлсэн үе гэвэл 16 настайгаасаа л хойш шигшээ багийнхантай цуг байсан. Харин 18 настайдаа яг шигшээгийнхээ бүрэлдэхүүнд анх тоглосон. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсын багтай хийсэн тоглолт байсан юм. Довтлогчоор тоглосон.
-Эх орны нэрийн өмнөөс хийсэн анхны тоглолт ямар байв? Нийт шигшээ багтаа хэдэн тоглолт хийв?
-Их гоё байсан. Тэр үед ялангуяа манай Монголчууд маш их ирчихсэн, олон хөгжөөн дэмжигчидийг хараад сэтгэл их хөдөлж байлаа. Гэвч Ардчилсан Солонгосын баг өндөр түвшинд бэлтгэгдсэн байсан болохоор их хэцүү тоглолт болсон. Ямар ч гэсэн нэг гоол хийчих юмсан л гэж бодогдож байлаа. Ер нь Монголын нэрийн өмнөөс тоглоно гэдэг бахархалтай хэрнээ маш их хариуцлага оногддог юм билээ.
Шигшээ багийнхантайгаа Ардчилсан Солонгостой хоёр удаа, Хөх хотод нэг удаа тоглосон. Ер нь гадаадад тоглоход уур амьсгалаас авахуулаад их хэцүү байдаг. Ядаж л алдаа гаргавал тухайн улсын фанатууд дооглох зэрэг хэцүү зүйлүүд их л дээ.
-Тоглолт эхлэхээс өмнө ч юм уу, тоглолтын үеэр сандрах тохиолдол гарч байв уу? Мөн бөмбөг чамд ирэхээр юу бодогддог вэ?
-Шигшээ багийн дасгалжуулагч маань "Чамд бөмбөг, чиний ард эх орон" гэж хэлдэг л дээ. Ер нь шигшээ багийн тоглолтын үед тэр л бодогддог. Тэгээд ч аль болох зөв дамжуулалт гэх мэт хэрэгтэй зүйл хийхийг л зорьдог. Харин сандрахын хувьд бүр бага байхдаа л их сандардаг байсан. Одоо ер нь бол гайгүй. Ер нь их хариуцлагатай тоглох шаардлага гардаг болохоор нэг их сандраад байдаггүй ээ.
-Тоглолтын хувьд бусдаас ялгагдах чиний онцлог?
-Ер нь техниктэй тоглолт үзүүлэхийг л их хичээдэг дээ. Бичлэгнээс үзсэн хууралт, техникүүдийг сайн сураад тоглолтондоо хэрэгжүүлэхийг л хүсдэг. Гэхдээ одоо бол техник гэхээсээ илүү ухаантай тоглолт үзүүлэхийг л боддог болсон.
-Шигшээ багаас гадна клубд хамаарагддаг уу?
-Ер нь бол "Сэлэнгэпресс" клубд хамаарагддаг. Харин одоо Улаанбаатар дээд сургуульд сурдаг болохоор сургуулийн багтаа тоглодог.
-Ойрын үед ямар тэмцээн уралдаанд орох төлөвлөгөөтэй байна?
-Одоо шигшээ багтай хамт Гуамд Зүүн бүсийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд орох гэж байгаа.
-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийж байна?
-Хоёроос гурван цаг л хийдэг.
-Бэлтгэл гэснээс чамайг олон хүн жонглёр сайн хийдгээр чинь мэднэ. Жонглёр хэзээнээс сурав? Үүнийгээ цаашдаа үзүүлбэр талаас нь хөгжүүлэх үү?
-Намайг жаахан хүүхдүүд л их мэддэг юм. Мөрөн ах гээд л. Харин жонглёрын хувьд би 2,3 жилийн өмнөөс л хийж эхэлсэн. Сонирхлоороо хийдэг болохоор цаашдаа үзүүлбэр талаас нь хөгжүүлэхгүй байх. Зүгээр зарим нэг нээлт зэрэг зүйлүүд дээр ирээд хийгээд өгөөч л гэхээр нь л хийдэг юм. Тэгсэнээс цэвэр хөлбөмбөгөө тоглоё л гэж боддог.
-Хамгийн олондоо хэдэн удаа жонглёрдож байв? Жонглёрдоод нэг газраас нөгөө газар хүртэл явж байсан уу?
-Дээд тал нь 8400 гаруй л жонглёрдож байсан. Харин жонглёрдоод явсан газар гэвэл нэг удаа 5 дугаар сургуулиас 25 дугаар эмийн сан хүртэл тасралтгүй жонглёрдоод явж байсан. Бас Зайсангаас
Жонглёрдоод бууж байсан.
-Гадаадын тоглогчидтой тоглоход ямар байдаг вэ? Манай тоглогчдоос ялгаатай тал нь юу вэ?
-Гадаадын тоглогчдыг багаас нь системтэй бэлдсэн байдаг болохоор их сайн тоглодог. Хурд сайтай. Биднийг тэгж багаас нь бэлдээгүй болохоор ялгаатай л даа. Тэгээд ч тэдний бүх юмыг клубээс нь хангачихсан байдаг. Харин манай тоглогчид бол сурахын хажуугаар л тоглодог. Ер нь ялгаатай тал их л дээ.
-Чамд гадаадаас өөрийн багтаа тоглооч гэсэн хүсэлт ирж байсан уу?
-За яг тийм урилга бол ирж байгаагүй. Харин шалгаж үзье гэсэн хүсэлт 2 удаа ирж байсан. Нэг удаа Германаас ирсэн дасгалжуулагч надаас "Чи юу хүсэж байна" гэж асуухад нь би юу ч бодолгүй "Юу ч хүсэхгүй байна" гэчихсэн чинь л чимээгүй болчихсон. Бодвол өөрийн багтаа тоглуулах сонирхолтой л байснаас л тэгж асуусан юм шиг байна лээ.
-Одоо чамд тийм урилга ирвэл яах вэ?
-Шууд л явна даа. Тэгээд тэндээ тоглож сайн хөлбөмбөгчин болчихоод эх орондоо ирж тоглоно. Тиймээс одоо хэл сайн сурах хэрэгтэй байна. Ер нь хэл сураад гадаадад очиж тоглох нь миний ойрын зорилго болчихоод л байна даа.
-Гадаадын клубд тоглох юмсан гэсэн санаа хэзээнээс төрөв?
-Өсвөрийн шигшээ, залуучууд шигшээд байхдаа гадаадад очиж тоглож байсан л даа. Нэг удаа Шведэд очиж тоглосон юм. Гоё талбайтай, байртай гээд л хангамж сайтай тийм багуудтай тоглоход дутах юм байхгүй, бараг илүү байсан болохоор түүнээс хойш л ингэж бодох болсон.
-Энэ бүхнийг чинь танай гэр бүлийнхэн хэр дэмждэг вэ? Найз охинтой юу?
-Манай гэр бүлийнхэн бол 100 хувь дэмждэг. Найз охин маань ч гэсэн волейбол тоглодог болохоороо ч тэр үү гэрийнхэнтэй адилхан дэмждэг.
-Чиний нүдээр Монголын хөлбөмбөгийн хөгжил ямар байна?
-Ер нь сайн болж байгаа. Хөлбөмбөг сонирхдог хүмүүс ч олширсон.
-Эцэст нь шигшээ багийнхаа тухай яриач?
-Шигшээ баг гэдэг маш гайхалтай. Олон ах нар маань, дасгалжуулагч нар маань гээд л бүгд хоорондоо их гоё харилцаатай, уур амьсгалтай байдаг. Олон хүүхдийн дундаас шалгараад шигшээ багт тоглоно гэдэг маш сайхан.
-Ярилцсанд баярлалаа. Чамд спортын өндөр амжилт хүсье
-Баярлалаа