Өнөөдөр » Содон мэдээ, Time out
Д.Рагчаа NBA-д тоглохоор боллоо
(2008-03-31)
Монголын сагсан бөмбөгийн лигийн “Баянзүрхийн Буллз”-”Шаркс” багуудын тоглолтын үеэр хамгийн өндөр тоглогч Д.Рагчаа 35 оноо авч хувийн дээд амжилтаа тоглолтоос тоглолтод ахиулдаг уламжлалаа давтлаа. Түүний чадварлаг тоглолтыг магтах олон хүн байсны дотор Америкийн хоёр иргэн ихэд идэвхтэй дэмжсэн.
Тэд Д.Рагчаагийн ур чадварын үзүүлэлт болон тоглолтын статистикийг үзэг, цаас салгалгүй тэмдэглэхийн зэрэгцээ “Иридиум” утсаар минут алгасалгүй ярьж байсан нь олон хүний гайхлыг төрүүлж байв. Гэтэл өчигдөр “Таван цагариг” сонины хаягаар “Д.Рагчаагийн сүүлийн хоёр улирлын тоглолтын статистикийг илгээж тусална уу?” гэсэн утга бүхий факс NBA-гийн залуучуудын асуудал хариуцсан хэлтсээс ирэн бидний гайхлыг төрүүллээ.
Энэхүү факст итгэж ядахдаа, дээр нь уншигчиддаа үнэн бодит мэдээлэл өгөх үүднээс
http://www.nba-youngstars.com онлайн хаягаар ортол “Хьюстон Рокитс” баг яах аргагүй манай сагсан бөмбөгчинг сонирхсон төдийгүй, зургаан тэгээр тоологдох доллар бүхий урт хугацааны гэрээ байгуулахаар зэхэж байгаа нь батлагдсан юм. Хамгийн сонирхолтой нь Монголын сагсан бөмбөгийн лигийн тоглолтын үеэр тэмдэглэл хөтлөн “Иридиумдаж” байсан хоёр эр NBA-гаас илгээсэн скаутууд байжээ. Тодруулваас бавгар сахалт өндөр залуу нь тус байгууллагын комиссар Дэвид Стерний төрсөн дүү Бенжамин Стерн, ахимаг настай нөгөө нь “Хьюстон” клубийн мэргэшсэн скаут Балтомир Босс ажээ.
http://www.bigplayersofnba.com вэб сайтад тэмдэглэснээр “Хьюстон”-ы удирдлагууд Яо Мин гэмтлийн улмаас тогтвортой тоглохгүй байгаа тул түүнтэй адил 229 см өндөртэй Д.Рагчаад итгэл өгч байгаа гэнэ. Монгол сагсан бөмбөгчийн өндөр NBA-гийн түүхэн дэх хамгийн урт эрс Георг Мурешин, Шон Брэдли, Манут Болоос ч (бүгд 233 см) илүү өсч магадгүй гэсэн дүгнэлтийг Стерн, Босс нар эздэдээ өгсөн нь “Рокитсийнхон”-д тун сайхан сэтгэгдэл төрүүлсэн байна. Үүнтэй зэрэгцээд Яо Мин, Дикембе Мутомбо хоёрын сэтгэл ихэд эмзэглэн монгол залууд онцгой анхаарал тавьж буй эздэдээ гомдол илэрхийлсэн тухай мэдээлэл байна.