За хөөрхий зохиогчийн эрхийг зөрчөөд нэг иймэрхүү юм биччихлээ. “Гэрэл зураг” номоос авсийн. Ер нь бол бодууштай л юм бичсэн байгаа юм. Би лав тэгэж л боддог байсан. Энийг уншаад харин арай л өөрөөр боддог болоод байгаа. Жаахан урт болохоор залхуутай санагдаж магадгүй л юм. Тэхдээ жаахан тэвчээр гаргаад уншвал гоё шүү.
Гэрэл зурагчин гэхээр л халуунд халж, хүйтэнд бээвийн хажуугаар өнгөрөх хүн бүрийг горьдлогын харцаар угтан Д.Сүхбаатарын талбайд зогсох хэдэн залуус, хөгшдөөр төсөөлдөг өрөөсгөл үзэл манайд байдаг. Уг нь хийж байгаа ажлаас нь харвал тэд гэрэл зурагчид мөн л дөө. Бүр үйлчилгээний гэрэл зурагчид. Харамсалтай нь гэрэл зургийн тухай тэдний ойлголт, ур чадвар, хэрэглэж буй техник хэрэгсэл, үйлчлүүлэгчидтэй харилцах харьцаа нь тэдний тухай тааруухан ойлголттой үлдэхэд хүргэдэг. Та дэлхийн бөмбөрцгийн хаана ч очсон “талбайн зурагчидтай” тааралдах болно.
Алдарт Эйффэлийн цамхагийн хажууханд нэгэн “талбайн” нөхөр зогсоно. Манай “талбайнхан”-аас ялгаатай нь “мэргэжлийн аппарат”, чадалтай бүдүүн дурантай. Авсан зургаа дэлгэсэн самбараас түүний ур чадвар хэдий нь “дээд” түвшинд очсон нь харагдана. Өөрийн ур чадвар, аппарат, дурангаа ашиглан хэр баргийн гэрэл зураг сонирхогчийн дарж чадахгүй зургийг гаргана. Алдарт Эйффэлийн цамхгийн дэргэд ирсэн жуулчин хэдий өөрт аппарат хэрэгсэл байвч нэгэнт өөрөө тэр “талбайн” нөхөр шиг зураг авч чадахгүй тул түүнд мөнгөө төлөөд өөрсдийн зургаа алдарт цамхагтай хамт авхуулна. Авахуулахгүй байж болно л доо. Гэхдээ түүний Эйффэлийн цамхаг авахдаа өөрөөс нь илүү мэргэжсэн, авсан зураг бүр нь хүн бүхэнд сэтгэгдэл төрүүлж байгааг аргагүй л хүлээн зөвшөөрнө.
Харамсалтай нь манай “талбайнхан” бүр эсрэгээрээ. Тэдний аппарат хэрэгсэл, мэдлэг, чадвар, гаргаж байгаа зургийнх нь тухай хэлэх нааштай үг даан ч алга. Үүнтэй адил бараг л байшин, дэлгүүр, үйлчилгээний газар бүрийн хажууд байх “дижитал фото” хаягтай гэрэл зургийн студиудын гэрэл зурагчдыг дурдаж болно. Гуанз, хоолны газрын тогоочийг мэргэжлийн сургалтанд хамрагдсан байхыг холбогдох мэргэжлийн байгууллагын байцаагчид шаардан шалгадаг. Бүр худалдагчдыг хүртэл. Харин гэрэл зургийн үйлчилгээ эрхэлдэг нэгнийг хэн ч шалгадаггүй. Тэр нөхөр сайн зураг авч байна уу? Муу зураг гаргаад байна уу? Ер нь гэрэл зураг авч чадаж байгаа эсэхийг хэн ч анзаардаггүй. Яагаад гэвэл мэргэжил талаас нь хянах гэрэл зураг ойлгодог, мэддэг мэргэжлийн хяналтын байцаагч, дагаж мөрдөх ёстой стандарт манайд байдаггүй. Тэгээд ч муу гарсан зургаас хүн хордлого авч сүйд болохгүй юм чинь. Сайндаа л багахан хэрүүл болоод л өнгөрнө биз дээ.
Мэргэжлийн гэрэл зурагчин гэхээр л онины хуудаснаа гарсан зураг болгоны доор хадаатай байдаг хэдэн нэр л санаанд орно. Цаана нь үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн агентлаг нэртэй хэдхэн байгууллагын гэрэл зурагчид бий. Тоог нь гаргавал 20-30ийн дотор эргэлдэнэ. “Талбайн” хэдээ болвол авсан зураг, арга барил нь арай дээр. Гэхдээ л учир дутагдал их бий.
Ер нь мэргэжлийн гэдэг тодотголыг хэн олгодог юм бэ? Майайд бол сонин, сэтгүүл, гэрэл зургийн агентлаг нэртэй газар л гэрэл зурагчнаар ажилд орсон, эсвэл 2000-аад “ногоон” зарлагадан фотоаффарат аваад хүзүүндээ зүүчихсэн байхад л автоматаар дээрхи гуншинг зүүгээд байх шиг. Тэр зурагчны гэрэл зургаар туурвиж байгаа бүтээл, ур чадвар, арга барил чухал биш. Ер нь гэрэл зургийн тодорхой нэг төрлөөр дагнан уран бүтээл хийж байгаа зурагчин хуруу дарам цөөн. Сонин бүрт нэг , хоёрхон гэрэл зурагчин ажиллана. Авсан зураг бүр нь сонинд хэвлэгдэнэ. Тиймдээ ч мэргэжлийн гэрэл зурагчин гэгдэнэ. Яагаад гэвэл сонин, сэтгүүлдээ нийтлэх гэрэл зургаа харчцуулан шигших сонголт байхгүйн дээр манайд ганц ч гэрэл зургийн редактор, шүүмжлэгч байхгүй. Авсан зураг нь тод, фокустай л бол болох нь тэр. Гэрэл зургийн утга агууламж, өгүүлэмж, зохиомжийн хувьд ямар ч яриа шүүмжгүй. Тиймдээ монголын гэрэл зургийн хөгжил, гэрэл зураг урлаг болох талаар ярих нь “илжигний чихэнд алт, ус хийхийн үлгэр” болоод байна.
“Мэргэжлийн” гэрэл зурагчид маань өөрсдийнгөө боловсруулах, ур чадвартаа анхаарал тавих, дэлхийн түвшинд нэрд гарсан “мастер” гэгдэх гадны гэрэл зурагчдаас суралцах тухай бодох нь бүү хэл тоймтой хэдэн нэр ч хэлж чаддаггүй нь харамсалтай.
Гэрэл зургийн хийгээд аливаа урлагийг чадварлаг, мэргэшсэн мэргэжилтнүүд залуурдан чиглүүлж, сонирхогч дэмжигчид түрэн хөгжүүлж байдаг. Цаасан дээр буусан бүхэн гэрэл зураг тэр тусмаа сайн гэрэл зураг болж чадахгүй. Болж буй үйл явдалд хандах таны хандлага, өөрийнхөөрөө дүгнэж цэгнэх хийгээд бусдад өөрийгөө гэрэл зургийн хэлээр илэрхийлэх чадвар, гол нь утга агуулга төгс, сонирхолтой шийдэл бүхий зохиомж зэрэг маш олон хүчин зүйлээс авсан гэрэл зургийн цаашдын амьдрах хувь заяа, сайн, муу болох нь шалтгаална. Нэг талаас гэрэл зураг авах нь долоовор хурууны үзүүрийн ажил мэт хэт хялбараар ойлгодог гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчид олширсноос толгойгоо ажиллуулан ур ухаанаа заран байж бусдад гоо зүйн таашаал, эргэцүүлэн бодох ухаарал хайрладаг уран бүтээл хийдэг гэдгийг тэр бүр мэдрэхгүй байгаа нь харамсалтай.
...