by haka » Fri Oct 24, 2008 4:34 pm
"Тоттенхэм"-д юу болоод байна аа?
Английн Премьер лигийн шинэ улирал багагүй сенсаацтай эхэлж байна. Доод лигээс дэвшсэн “Халл Сити” сүүлийн гурван тойрогт “Вест Хэм”, “Тоттенхэм”, “Арсенал” гэсэн Лондон хотын багуудыг дараалан буулгаж авснаар гуравдугаар байрт бичигдэх боллоо. Тэдний урд зөвхөн “Челси”, “Ливерпуль” бичигдэж байгаа юм.
Тэгвэл үүнээс ч том сенсаацыг “Тоттенхэм” дэгдээгээд удаж буй. Харамсалтай нь сөрөг талаараа. Шилдэг дөрвийн ар шилэн дээр давхидаг хэдэн багийн нэг “Тоттенхэм” лигийн эхний найман тоглолтоос хоёрхон оноо авч, зургаа хожигдсон нь санаанд багтамгүй хэрэг байлаа. Ялангуяа сүүлийн тойрогт өөртэй нь адил хомоол хамагч “Сток Сити”-д 2:1-ээр дийлдсэн нь дуулианыг улам дэврээсэн юм.
Энэ тоглолтод Бэйл, Доусон нар нь улаан хуудас авсан, мөн эсрэг баг торгуулийн цохилт алдсан зэрэг баримтыг нэмбэл Лондонгийн багийн базаахгүй үр дүн улам зузаарах нь тодорхой. Шилдэг довтолгоотой багт тооцогддог тэд эдгээр найман тоглолтод тавхан гоол оруулсан нь лигийн хамгийн муу амжилт юм. Уг нь энэ багийн хаалгыг “Эйндховен”-д олон жил амжилттай тоглосон Гомес хааж, Г.Бэйл, Д.Зокора, В.Чорлука, А.Хаттон, М.Доусон, Л.Кинг, Ж.Вудгейт зэрэг чадварлаг тоглогчид хамгаалалтад санаа тавьж байгаа.
Хагас хамгаалалтын шугам нь бүр хүчирхэг. Энд Английн шигшээгийн ирээдүйн од хэмээгдэж буй Д.Бэнтли, А.Ленноноос гадна Л.Модрич, Ж.Дос Сантос, Ж.Женас, Жилберто гээд хангалттай сайн тоглогчид байна. Тэргүүн шугамны гол тоглогч болох Р.Кин, Д.Бербатов нарыг өнгөрсөн зун өндөр үнээр арилжсанаар энэ байрлалыг сулруулсан нь үнэн. Гэхдээ л Английн шигшээд үе үе дуудагддаг Д.Бент, “Спартак”-аас авчирсан Р.Павлюченко нарыг хэн муу довтлогч гэх билээ. Ингээд бодохоор өнөөгийн анти-амжилтад нь багийн бүрэлдэхүүн нөлөөлөхгүй мэт.
Тэгвэл ийм сайн бүрэлдэхүүнтэй хэрнээ яагаад муу тоглоод байна вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Сүүлийн үеийн яриагаар бол дасгалжуулагч Хуанде Рамост энэ бүх бурууг тохох хандлага ажиглагдаж байгаа юм. Уг нь “Севилья”-г UEFA-гийн цомд хоёр жил дараалан түрүүлүүлсэн ачтан Рамос 2007 онд “Тоттенхэм”-ийг авахад олон хүн талархлын халуун дулаан үг илгээж байлаа. Уруудаж явсан багийг хүлээн авсан Рамос тэр жилдээ “Тоттенхэм”-ийг Лигийн цомд түрүүлүүлж, бүх зүйл ном журмын дагуу явж байв. Тиймээс шинэ улиралд хүмүүс “Тоттенхэм”-ээс илүү их амжилт хүлээж байсан нь нууц биш.
Гэвч бүх зүйл эсрэгээрээ эргэчихлээ. Хамгаалагч Жонатан Вудгейт “Сток Сити”-д хожигдсон тоглолтын дараа багийн муу амжилтад дасгалжуулагч бус, тоглогчид буруутай хэмээн мэдэгдэж Рамосыг өмөөрсөн. Гэхдээ л “Тоттенхэм”-ийн эзэд багийнхаа ийм урамгүй тоглолтыг удаан харж тэсэхгүй нь тодорхой.
Хуанде Рамос өөрөө энэ талаар “Өнгөрсөн улиралд Лигийн цом хүртэхэд бүгд л баяртай байсан. Харин одоо бүх зүйл орвонгоороо эргэчихлээ. Би үүнд их санаа зовж байна. Гэхдээ биднийг эхний найман тоглолтоор битгий дүгнээрэй. Дахиад 30 тоглолт хүлээж байна шүү дээ” гэжээ. Түүний баг 10, 11, 12-р тойрогт “Арсенал”, “Ливерпуль”, “Манчестер Сити” багуудтай дараалан тулна. Тэд 1993 оноос хойш Премьер лигт “Арсенал-ыг хожиж чадахгүй яваа бол “Ливерпуль” сүүлийн найман тоглолт тэдэнд хожигдоогүй аж. Тэгэхээр улирлын бүтэлгүй гараа төгсгөл болно гэхэд эргэлзээтэй.
Хөлбөмбөгийн тоймчдын тэмдэглэж буйгаар “Тоттенхэм”-ийг сэрээх гол зүйл нь тоглогчдын сэтгэл санааг өөд нь татах явдал гэнэ. Ингэхийн тулд ямар нэг гайхамшигтай ялалт байгуулах явдал туйлын чухал байгаа юм. Мөн өвлийн солилцоогоор дахин нэг сайн довтлогч авахгүй бол гоол оруулахгүй байгаа цуврал нь цаашид ч үргэлжлэх төлөвтэй хэмээн бичжээ. Үнэхээр Хуанде Рамос ийм л үед тоглогчдынхоо сэтгэл санааг өөд татаж, ямархуу дасгалжуулагч вэ гэдгээ харуулах хэрэгтэй байна.
Хэрвээ ингэж чадахгүй бол түүнийг эмгэнэлт хувь тавилан угтаж болзошгүй юм. Эцэст нь сонирхуулахад хоёр тэнцээ, зургаан хожигдол гэдэг бол “Тоттенхэм”-ийн бүх цаг үеийн түүхийн хамгийн муу гараа аж. Тэд 1912 онд эхний найман тоглолтоос гурван оноо авсан нь өмнөх анти-амжилт байв.
Таван цагариг
Samba Kings