by Чуугий » Thu Sep 11, 2008 5:53 pm
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны шинэ ерөнхийлөгч, өдгөө 60 настай ояката Мусашигава “Бөхчүүдийг гадаад, дотоодын хэмээн ялгалгүй хатуу чанга шаардлага тавих болно” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн ояката Мусашигава өнгөрсөн жил дөрвөн сарын хугацаатай шийтгэл хүлээж, сумо бөх барилдах эрхээ түр хугацаагаар хасуулсан мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржид сануулга өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. “Хэрэв тэр ном ёсны дагуу биеэ авч явж чадахгүй бол хариуцлага тооцохоос өөр аргагүй” хэмээн Японы эзэн хааны цомыг 22 удаа хүртсэн их аварга Асашёорюүгийн талаар хэлжээ. Дашрамд дурдахад, ояката Мусашигава эзэн хааны цомыг гурван удаа хүртэж байсан юм. Мөн тэрбээр ёкозуна Асашёорюүг богино хугацаанд хэтэрхий олон удаа нутаг руу гаа явж байна хэмээн шүүмжилсэн бөгөөд үүнийгээ багасгах хэрэгтэй гэжээ.
Ояката Мусашигава Мэргэжлийн сумо бөхийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр томилогдоод сумо бөхийн дүрэмд хэд хэдэн өөрчлөлт хийхээр болсон байна. Гадаадаас ирж, сумо бөх барилдаж буй бөхчүүдэд зориулан шинэ журам тогтоож, Японд нэг жилээс дээш хугацаанд амьдарсных нь дараа сумо бөхийн дэвжээнд зодоглох эрх олгох гэнэ. Харин жилийн хугацаанд Япон улсын ёс заншил, хэл соёл, түүх, үсэг бичиг болон сумо бөхийн ертөнцийн талаар хангалттай ойлголттой болох хэрэгтэй аж.
Их аварга Асашёорюү Мэргэжлийн сумо бөхийн холбооны удирдлагад гарсан шинэчлэлийн талаар мэдэгдэл хийгээгүй бол харин ёкозуна Хакухо “Мусашигава бол их сайн хүн” хэмээн товчхон тодорхойлсон байна.
Дашрамд сонирхуулахад, шинэ ерөнхийлөгчийн хамгийн ойрын туслахаар ояката Исэноуми сонгогдсон бөгөөд харин захирлуудын зөвлөлд хэвээр үлдсэн ерөнхийлөгч асан ояката Китаноуми хару башёг зохион байгуулах үүрэг хүлээжээ.
Түүнчлэн ОХУ-ын гурван сумоч /Ваканохо, Рохо болон Хакухозан нар/ хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр сумо бөхөөс хөөгдсөний дараа Мэргэжлийн сумо бөхийн холбоо Допингийн эсрэг газартай хамтран хориотой эм, бодисын жагсаалт гаргах ажил зохион байгуулсан байна.
news.mn