by Чуугий » Mon Sep 08, 2008 9:07 pm
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны захирлуудын зөвлөл өнөөдөр яаралтай хуралдаж, хар тамхины хэрэгт холбогдоод байсан ОХУ-ын сумоч болох ах дүү Рохо буюу Сослан, Хакурозан буюу Батраз Боразов нарыг сумо бөхийн дэвжээнээс хөөх шийдвэр гаргасан байна. Мөн энэ үеэр Мэргэжлийн сумо бөхийн холбооны ерөнхийлөгч ояката Китаноуми өөрийн саналаар ажлаасаа огцорчээ. Сүүлийн үед сумо бөхтэй холбоотой олон шуугиан дэгдэж, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж байгаа нь тус холбооны ерөнхийлөгч ояката Китаноумитай холбоотой, түүнийг ажлаасаа огцрох хэрэгтэй гэсэн яриа, мэдээ, мэдээлэл Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан юм. Домогт бөх Китаноуми Оросын бөхчүүдийн шээсний шинжилгээний хариунаас үүдэн гарсан бүхий л дуулиан шуугиан, хариуцлагыг өөртөө хүлээжээ. Ах дүү хоёрын дүү болох Хакурозан нь Китаноуми дэвжээний бөх бөгөөд харин Рохо нь Отакэ дэвжээний сумоч юм. Оросын бөхчүүдийн хувьд хар тамхи, мансууруулах бодис хэрэглээгүй хэмээн эрс үгүйсгэж буй бөгөөд шинжилгээний хариунд ямар нэг асуудал байна хэмээн мэдэгдсээр байна. Өнгөрсөн долоо хоногт Японы цагдаа нар Отакэ болон Китаноуми дэвжээнд очиж, ах дүү оросуудын амьдарч байсан байр, хувийн өрөө тасалгаа болон Токио хотод амьдарч буй тэдний ах дүү, хамаатан садны түрээсийн байранд нэгжлэг хийсэн боловч хэргийн баримт болохоор эд материал олоогүй аж. Гэсэн хэдий ч “Мицүбиши” гэх химийн лабораторид хийсэн давтан шинжилгээний хариу Рохо, Хакурозан нарыг мансууруулах бодис хэрэглэсэн гэдгийг баталж байгаа юм. Шинжилгээний хариу, үр дүнг Мэргэжлийн сумо бөхийн холбооны удирдлага хүлээн зөвшөөрч, Рохо, Хакурозан нарыг хөөх шийдвэр гаргасан байна. Гэхдээ ах дүү хоёр шүүхэд хандах боломжтой юм.
Дээрх хэргээс гадна өнгөрөгч наймдугаар сард мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд зодоглож байсан Оросын бөх Ваканохо 0.358 грамм хар тамхи хадгалж байсан хэрэгт холбогдож, Мэргэжлийн сумо бөхийн холбооноос хөөгдсөн билээ. Харин өнөөдөр Токио хотын прокурорын газраас Ваканохогийн хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагагүй хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн байна. Ваканохо хэдийгээр сумо бөх барилдах эрхээ хасуулсан ч түүнд мөнгөн торгууль, шоронд хоригдох зэрэг захиргааны элдэв шийтгэл, Япон улсаас хөөгдөх зэрэг яригдаж байсан ялны алийг ч оноогоогүй ажээ. Тэрбээр анх зургадугаар сарын сүүлчээр дээрх хэрэгт холбогдож, байцаагдаж эхэлсэн бөгөөд 20 нас хүрээгүй байсан учраас Японы хуулийн дагуу насанд хүрээгүй, түүнчлэн 0.5 грамм хүрэхгүй бага хэмжээний хар тамхи хадгалсан хэмээн хэргээс мултарсан байна.
Харин Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр өдгөө 60 настай мэргэжлийн сумо бөхийн 57 дахь их аварга Миэноуми буюу ояката Мусашигава сонгогджээ.
news.mn