by 21Grams » Thu Aug 28, 2008 12:06 am
Арлын японы хүчтэнүүд талын Монголд
• 2008.08.27,
Зуны спортын XXIX их наадам өндөрлөөд хэдхэн хоног болж байгаа. Монголчууд хос алт, мөнгөн медалиар энгэрээ мялааж уръд өмнө нь баярлаагүйгээрээ баярлав. Ингээд удаагүй байтал японы мэргэжлийн сүмо бөхийн аварга, арслангууд монголын тал нутагт хөл тавих нь тэр. Цэнхэр дэлгэцээр 15 хоногийн турш гараад л өнгөрдөг тэднийг манайхны хэлдгээр бол “амьдаар” нъ харах сайхан боломж монголчуудад тохиож байгаа нъ энэ. Барилдаанд оролцох эхний хүмүүс уржигдар 12.00 цагийн үед Буянт-Ухаа дахъ “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан. Эхний ээлжинд 46 бөх, долоон шүүгч, 19 засуул, 54 хэвлэл мэдээллийн ажилтан, зохион байгуулагч нараас бүрдсэн 144 хүн ирсэн. Харин тэр өдрийнхөө шөнийн 23.05 минутад Хакухо тэргүүтэй бөхчүүд ирэх байсан боловч цаг агаарын байдлаас болж Сөүлд түр саатжээ.
Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Манай эх оронд тав хоног саатах төлөвлөгөөтэй яваа японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү, озэки Кайо, Котоошу нарын тэргүүтэй бөхчүүд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Харамсалтай нь тэдэнтэй хамт ирсэн Эстоны бөх Барүто, Миябяма, Ваканосато, Котошогикү Асасэкирюү, Риюү нарын бөхчүүд талбайд хүрэлцэн ирсэнгүй. Хайрлаж, хүндэлж явдаг сүмочдоо харахыг хүссэн монголчууд хэдийнэ Сүхбаатарын талбайд олноор цугласан байлаа. Хүйтнийг ч ажралгүй тэд сүмочидтойгоо гар барих, тэдний даллахыг харах гэж л ирсэн хэрэг. Ингээд удаагүй байтал сүмочид маань төв талбайд ирэх нь тэр. Машинаас буумагц хүмүүс “Кайо, Кайо, Котоошү, Котоошү” гэж тэнхээ мэдэн хашгиралдаж байлаа. Япон сүмочдыг харсан манайхан их аваргаа хэсэгхэн зуурт мартаж орхив. Харин хүндэтгэл үзүүлээд буцах замд гэнэт аваргаа санаж “Асашёорюү” хэмээн орилж гарсан. Энэ арга хэмжээкд японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд монголынхоос илүү эрх дархтай байсан нь өөрийн эрхгүй нэгийг бодогдуулсан. Сүмо бөхийн холбоо болон “Аса” групп ч гэсэн үүнийг бодолцож үзэхэд нэг их буруутахгүй болов уу. Монголд хэдхэн өдөр болоод өнгөрөх тойргийн барилдаанд эх орныхоо хэдэн сэтгүүлчдийг алагчилж, тоотой хэдэн мандат өгсөн нь харамсалтай.
Сүмочид Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхлаа
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Японы мэргэжлийн сүмо бөхийн тойргийн барилдааны хэлтсийн дарга Ошима тэргүүтэй “Монгол башё-2008″ тойргийн барилдааныг зохион байгуулагчид болон 68 дахь их аварга Асашёорюү, озэки Кайо, Котоошү нарын бөхчүүд бараалхав. Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэднийг хүлээн авч уулзахдаа хэлсэн үгэндээ “Монголын тамирчид зуны спортын XXIX олимпт амжилттай оролцож хоёр алт, мөнгөн медальтай ирлээ. Монголын олимпийн аварга сүмод монголчууд орсны дараа төрлөө. Японы соёл дэлхий нийтэд түгэн дэлгэрэхэд сүмо ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Монголд та бүхний хөгжөөн дэмжигчид олон бий. Манай алдартай бөхчүүдтэй танилцаж, олон найз нөхөдтэй болоорой” хэмээн захисан. Үүнээс гадна манай улсад анх удаа зохиогдож байгаа монгол башё төгс сайхан болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна гэдгээ уламжлав. Түүний хариуд тойргийн. Барилдааны хэлтсийн дарга Ошима энэхүү барилдааныг зохион байгуулахад бүхийл бололцоогоор хангаж өгсөнд нь талархлаа илэрхийлсэн. Мөн өөрийн нэрэмжит болгосонд нь сэтгэл хангалуун байгаа гэнэ. Энэ удаагийн тойргийн барилдаанд 80 сүмоч оролцоно.
Монгол башёг монголын бөхчүүд ахалж байгаагаараа онцлог
Ерөнхийлөгчид бараалхасны дараа төрийн ордны хэвлэл мэдээллийн төвд сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд “Монгол башё”-г зохион байгуулах хорооны дарга Т.Билэгт:
-”Энэ удаагийн барилдаан урьд өмнө дэлхийн улс орнуудад болж байсан дэг жаягийн дагуу болно. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан байгаа. Мөн уг барилдаанд монголын бүхий л сүмочид оролцоно. Хакүхо тэргүүтэй бөхчүүд цаг агаарын саатлаас болж Сөүлд түр зуур буудалласан байгаа. Энэ башё монголчуудын хос алт, мөнгөн медаль авсан баяртай давхцаж байгаа нь сайхан хэрэг. Тиймээс энэ нь манай улсын хувьд онцлог үйл явдал болж байна” хэмээн цохон тэмдэглэсэн. Үүний дараа тойргийн барилдааны хэлтсийн дарга Ошима: “Өчигдөр биднийг онгоцноос буусан цагаас хойш явсан газар бүрт монголчууд хүрээлж, чин сэтгэлээсээ халуун дотноор хүлээж авсанд маш их баярлаж байна. Японы сүмогийн ертөнцөд монголчууд орж ирснээс хойш арван жилийн хугацаа өнгөрлөө. УИХ-ын гишүүн болсон Кёкүшюзан Д.Батбаяр, одоо ч гэсэн сайн барилдаж байгаа Кёкүнтэнхо нар анх манай өрөөнд орж ирсэн цагаас өнөөг хүртэлх хугацаанд монголын бөхчүүдтэй ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг” гэсэн. Ингээд япон, монголын хэвлэл мэдээлийн хэрэгслүүдэд хоёр нь түрүүлж асуултаа тавих боломжийг нээн өгсөн.
-Урьд өмнө энэ үзүүлэх барилдааныг дэлхийн олон оронд зохион байгуулж байсан. Тэгвэл энэ удаад Монголд болж байгаа нь юугаараа онцлог вэ?
-Китаноүми:-Энэ удаагийн барилдааны сүмогийн хоёр жигүүрийг монгол бөхчүүд ахалж байгаа. Японы сүмод монгол бөхчүүд топ гэж үзэхээр түвшинд барилдаж байгаагаараа онцлогтой гэж болох юм. Тиймээс бид энэ удаагийн барилдаанд маш их ач холбогдол өгч байгаа.
-Озэки, Кайо, Котоошү нараас асуух зүйл байна. Монголд ирээд хамгийн түрүүнд үзэхсэн гэж хүссэн зүйл тань юу вэ, хувийн хөтөлбөр бий юу?
-Кайо:-Одоогоор яг бодсон зүйл алга. Гэхдээ боломж гарвал мэдээж монгол хоол идэж үзэх ч юмуу, байгалийн өвөрмөц онцлогийг нь мэдэрмээр байна.
-Котоошү:-Би монголын байгалийг үзэхийг хамгийн ихээр хүсч байна.
-Кайогоос асууя. Таны байгаа төрх байдал, барилдаан манай монгол эрчүүдийн нэгэн адил хээгүй, гүндүүгүй харагддаг. Тийм учраас барилдааныг мань манай эмэгтэйчүүд бас ихээр сонирхож үздэг. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-/Инээв/. Би өөрийгөө тийм гэж мэдээгүй юм байна. Гэхдээ монголд ирээд хаа ч явсан миний нэрийг дуудаж байгаа нь надад үнэхээр сайхан санагдсан.
-Энэ улаагийн барилдаанаар монголчууд Японы сүмогоос юуг нь хагмийн ихээр олж мэдрээсэй гэж хүсч байна вэ?
-Асашёорюү: Монгол оронд сүмо бөх үндэсний бөхөөё дутуугүй дэлгэрч, олон үзэгч, шүтэн бишрэгчтэй болсон. Сүмогоор дамжин монголчууд Японы соёлын маш олон зүйлтэй танилцаж амжсан. Монголчууд япон ханзыг үсэглэж чадахгүй ч сүмогийн нэр томъёог ямар ч алдаагүй, зөв хэлж, хэрэглэж чаддаг болсон.
-Энэ удаагийн барилдааны хажуугаар сүмод сонирхолтой монгол залуусыг шалгаж, сонжих, дэмжих талаар ямар нэгэн ажил хийгдэх үү. Тэдэнд боломж хэр байгаа вэ?
-Энэ талаар одоохондоо албан ёсоор төлөвлөсөн зүйл байхгүй байна.
Өнөөдөр “Монгол башё” АСА циркэд эхэлнэ /Өглөөний сонин/
Тойргийн барилдааны хэлтсийн дарга Ошима: Сүмо бөхийн төлөөлөгчидтэй хамт монголд хөл тавьж байгаадаа баяртай байна
-Монголд буухад ямар сэтгэгдэл төрөв. “Монгол башё”-гийн үйл ажиллагааны талаар яриач?
-Би Монголд ирсэндээ маш их баяртай байна. Өчигдөр Монголд анх удаа хөл тавилаа. Ирсэн даруйдаа монголчуудын биднийг хүлээж байсан халуун сэтгэлийг мэдрэхийг хажуугаар Японы мэргэжлийн сумогийн талаар Монголын ард түмэн маш сайн мэддэг болсонд ихэд талархаж байна. Монгол бөхчүүд сумогоор барилдах болсноос хойш арван хэдэн жил өнгөрчээ. Тэдний түрүүч болох одоогийн УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр, мөн одоо ч сумогоор барилдаж байгаа Кекүтэнхо Цэвэгням хоёр анх манай өрөөнд орж ирснээс хойш сумогийн ертөнцөд Монгол бөхчүүд хөл тавих болсон, Энэ удаа би Японы мэргэжлийн сумо бөхийн төлөөлөгчидтэй Монгол нутагт хөл тавих болсондоо туйлаас их баяртай байна. Ингээд “Монгол башё” тойргийн барилдаан амжилттай болж өндөрлөөсэй гэж чин сэтгэлээсээ ерөөе.
Ёкозуно Асашёорюү: Тойргийн барилдаанд гардаг бүх л сонирхолтой үзүүлбэрүүдийг энэ удаа бид үзүүлнэ
-”Монгол башё”-г та юугаараа онцлог болно гэж бодож байна. Ард түмэндээ ямар сонирхолтой зүйлээр бэлэг барих вэ?
-Тойргийн барилдаанд юуг үзүүлэх нь хүмүүст их сонин байх бол гэдгийг бид бодож, төлөвлөсөн. Тухайлбал хүүхдүүдийн барилдаан болон сумогийн барилдаанд хориотой янз бүрийн зүйлүүд байдаг л даа. Түүнийг уран сонирхолтойгоор үзүүлэх үзүүлбэрүүд байдаг. Үүнийг үзүүлье гэж бодож байна. Мөн сумогийн үндсэн дасгалууд болон сумогийн дуу, сумогийн бөмбөр гээд тойргийн барилдаанд гардаг бүх л үзүүлбэрүүдийг энэ удаагийн тойргийн барилдаанаа та бүхэндээ үзүүлье гэж бодсон. Энэ бүхэн миний хувьд хамгийн том бэлэг юм шүү.
Озеки Кайо: Монголчууд намайг нэрээр минь энд тэндээс дуудахад маш их баярласан
-Монголд анх удаа ирж байгаагийн хувьд нэн түрүүнд юуг хийж үзмээр байна. Монголын юу нь өөрт тань ихэд сонин санагдаж байна вэ?
-Би Монгол улсад ирсэн энэ завшааныг ашиглаад нэн түрүүнд Монгол хоол идэж үзмээр байна. Монголын өвөрмөц гэсэн бүгдийг мэдэж, Монголын ёс заншилтай нь танилцахыг ихэд хүсч байна. Мөн онгоцонд суугаад ирж явахад Монголын уудам тал нутаг гайхалтай харагдсан. Энэ бүхэн надад их сонин санагдсан. Тиймээс зав зай гарвал Монголын хөдөө рүү явж үзэхийг хүсч байна.
-Уучлаарай танаас дахиад нэг зүйлийг асууя. Таныг Монголын олон эмэгтэйчүүд ихэд харж, хүндэлдэг. Олон ч бүсгүйчүүдэд та ихэд таалагддаг гэдгийг энэ дашрамд хэлье. Та үүнийгээ мэдэх үү?
-Монголд ирээд ийш, тийшээ явахад намайг нэрээр минь их дуудаж байсан. Би үүнд их баярласан.
Озеки Котоошюү: Хамгийн түрүүнд монголын байгальтай танилцахыг ихэд хүсч байна
-Харин таны хувьд Монголын юу нь их сонин байна вэ?
-Би нэн түрүүнд Монголын байгальтай танилцахыг хүсч байна. Аливаа улс орны байгаль өөр өөрийн гоо сайхан, өнгө үзэмжтэй байдаг. Тэгэхээр Би Монголын байгальтай танилцахыг ихэд хүсч байна.
-Тэгэхээр монголчуудад сонирхолтой барилдаан үзүүлэхээр бэлдсэн байх?
-Монгол бөхөд өөрийн гэсэн онцлог, өөрийн гэсэн гайхамшиг байдаг шиг сумод ч гайхамшигтай зүйл олон байдаг. Тэрийг л монголчуудад үзүүлмээр байна даа.
С.Бэлэгмаа