Оросын шигшээ баг
Хуучны ЗХУ-ын шигшээ багийн цөмийг оросууд бүрдүүлдэг байв. “Улаан арми” хочтой Зөвлөлтийн баг Европын аварга шалгаруулах тэмцээнд 1960 онд аваргалж, 1964, 1972, 1988 онд мөнгөн медаль хүртжээ. 1966 оны дэлхийн аваргад дөрөвлөн, FIFA-гийн чансааг 1963, 1966, 1983-1984, 1985-1986, 1987-1988 онуудад тэргүүлсэн амжилт нь хүчирхэг шигшээ байсныг нь төвөггүй илтгэнэ. 1991 онд ЗХУ хэмээх агуу гүрэн задарч, нэгэн ам бүл болж явсан Украин, Гүржийн авьяслаг тоглогчид мөр мөрөө хөөн одсон нь оросуудад хүндээр тусч, дэлхийн элитүүдийн эгнээнээс дундчуудын зиндаа хүртэл уруудсан юм. ОХУ-ын шигшээ баг томоохон тэмцээний эхний шатнаас хэтрэхээ байсан нь хэвийн үзэгдэл болж, бусад улсууд оросуудтай таарсандаа битүүхэндээ баярладаг боллоо. 2002 оны дэлхийн аваргад амжилтгүй оролцсоноос хойшхи дөрвөн жилд таван дасгалжуулагчийн нүүр үзсэн ч байдал дээрдсэнгүй. Ийм л хүндхэн үед Оросын хөлбөмбөгийн холбоо амжилт дагуулдаг дасгалжуулагч Хиддинктэй гэрээ үзэглэсэн нь нүдээ олсон хэрэг болсон юм.
Дасгалжуулагч. Гуус Хиддинкийн тухай мэдэхгүй хүн ховор. Эдүгээ 61 настай голланд эрхэм тоглогчийн хувиар төдийлөн алдаршаагүй ч дасгалжуулагчийн хувиар гайхалтай ялалтуудыг байгуулжээ. Анх 1988 онд Голланддаа шилдэг ч Европын дундчуудын нэг “Эйндховен”-г хуучин тивийн клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын цомд торгон жороо өргүүлжээ. Голландын шигшээг удирдан “Франц 98” дэлхийн аваргад оролцон шөвгийн дөрөвт үлдсэн ч алтан медаль зүүгээгүй шалтгаанаар халагдсан. Оддын цуглуулга Испанийн “Реал”-д уригдсан ч бүтэл муутайхан өнгөрүүлсэн зургаахан сарын дараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн юм. Хиддинкийн том багуудад бус, дундаж түвшний багийг амжилттай удирддаг авьястай нь эндээс харагдана. Харин “World Cup 2002”-т БНСУ-ын шигшээг удирдан оролцохдоо “Европын Бразилчууд” Португалийг хожин гэрт нь хариулан хэсгээсээ гарч шуугиан дэгдээв. Улмаар Итали, Испанийн хүчирхэг багуудыг мулталсаар шөвгийн дөрөвт шалгарч, Хиддинк солонгосын ардын баатар болсон билээ. Дөрвөн жилийн дараа шигшээ багаа “World Cup”-т оролцуулахыг туйлаас хүсч байсан Австралийн ард түмний мөрөөдлийг тэр биелүүлсэн. Ногоон тивийн хөлбөмбөгчид Германы дэвжээнд амжилттай тоглож хэсгээсээ хүртэл шалгарсан юм. Дэлхийн аваргын дараа түүнийг сонирхох олон баг байсны нэг нь манай хойд хөрш байлаа. 10 оноо
Сонгон шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглов. “Е” хэсэгт Англи, Хорват, Израйль, Македон, Эстон, Андоррагийн багтай өрсөлдсөн. Тивийн аваргад багаа оруулах нь голланд эрийн анхны, томоохон даалгавар байсан нь гарцаагүй. Хүчирхэг хоёр багтай нэг хэсэгт орсон тэднийг хөөрхий дөө гэх хүн олон байж дээ. Гайхалтай тоглолтыг үзүүлж байсан хорватууд нэг эрхийг түүртэлгүй авсан бол Австри, Швейцарийг зорих нөгөөх ганц виз нь нь Англи, Оросын дунд үлдлээ. Гол өрсөлдөгчөө Москвадаа хүлээн авсан цас хаялсан тэр үдэш эхний бөмбөгийг хаалгандаа алдсан ч сэлгээгээр орж ирсэн довтлогч Павлюченкогийн дараалсан гоол гурван онооны үнэтэй байжээ. Энэ тоглолтын дараа Англи тэднээс хоёр онооны илүүтэй ч Хорваттай хийх ганц тоглолт үлдсэн. Харин оросуудад Израйль, Андорратай гэсэн хоёр өрсөлдөгчөө ялвал Английн тоглолтоос үл шалтгаалан мөрөөлдөө хүрэх байв. Гэвч ОХУ-ын шигшээ Израйлд дийлдсэнээр санаачлагаа алдсан юм. Гэхдээ хэсгийн сүүлийн тоглолтод англичууд “Уэмбли” цэнгэлдэхдээ хорватуудад гутамшигтай ялагдав. Үүнтэй нэгэн цаг мөчид зэрэг явагдсан тоглолтод Хиддинкийн шавь нар Андорраг буулган авснаар “Евро 2008”-г хөлбөмбөгийн эх орон хүчирхэг Английн шигшээн одууд цэнхэр дэлгэцээрээ үзэх болсон юм. 9 оноо
Хаалгачид. Игорь Акинфеев /ЦСКА Москва/, Владимир Габулов /Амкар Пермь/, Вечяслев Малафеев /Зенит Санкт-Петербург/
2007 оны Европын шилдэг залуу хаалгач Акинфеев нэгдүгээр сонголт. Түүнийг хэсэг хугацаанд гэмтэлтэй байхад “Зенит”-ийн Малафеев сайн орлон тоглосон. 7 оноо
Хамгаалагчид. Василий Березуцкий, Сергей Игнашевич, Алексей Березуцкий /бүгд ЦСКА Москва/, Роман Широков, Александр Анюков /хоёул Зенит-Санкт-Петербург/, Ренат Янбаев /Локомотив Москва/, Денис Колодин /Динамо Москва/
Хуучны 3-5-2 хувилбарыг халж, дөрвөн хамгаалагчтай тоглох системийг бий болгосон. Хамгаалалт, довтолгооны аль алинд дэм болдог Анюковыг багтаа урьсан нь зөв шийдэл байлаа. Төвийн хамгаалагч Игнашевичийг гэмтэлтэй хугацаанд Колодин сайн орлон тоглосныг тэмдэглэхгүй байж болохгүй. Василий баруунд, төвдөө Колодин, Игнашевич, Алексей зүүндээ тоглоно. Хааяа томоохон алдаа гаргадаг хэвээр. 7 оноо
Хагас хамгаалагчид. Дмитрий Торбинский, Диняр Билялетдинов /хоёул Локомотив Москва/, Сергей Семак /Рубин Казань/, Константин Зырянов /Зенит Санкт-Петербург/, Юрий Жирков /ЦСКА Москва/, Игорь Семшов /Динамо Москва/, Владимир Быстров /Спартак Москва/
Энэ жилийн оросын премьер лигт гайхалтай тоглож байгаа “Рубин”-ы Сергей Семакийг урьжээ. Цагтаа цалгиж, шигшээ баг, “ЦСКА”-д гялалзаж явсан түүнийг Хиддинк өмнө нь дуудаж байгаагүй ч шийдвэрлэх тэмцээнд туршлага хэрэг болох нь гарцаагүй. Супер довтлогч Аршавин нь хэрэгтэй үед хойш татаж, давхар үүрэг гүйцэтгэдэг сайн талтай. 7 оноо
Довтлогчид. Андрей Аршавин, /Зенит Санкт-Петербург/, Роман Адамов /Москва/, Иван Саенко /Германы Нюрнберг/, Роман Павлюченко /Спартак Москва/, Дмитрий Сычёв /Локомотив Москва/, Олег Иванов /Крылья Советов Самара/
Александр Кержаков, Игорь Денисовыг аваагүйн дээр оросуудын ихэд итгэл хүлээлгэж буй Аршавин торгуулийн улмаас Испани, Гректэй хийх тоглолтыг өнжих учиртай. Ийм үед UEFA-гийн цомын мэргэн бууч Погребняк гэмтэл аван тэмцээнд оролцох боломжгүй болсон нь довтолгооны хүчийг багагүй сулруулж байна. Хиддинк түүнийг орлох хүнээр Кержаков, Денисовын алийг ч бус, Олег Иванов хэмээх залууг дууджээ. Гэхдээ Хиддинкийн гарт Павлюченко, Сычёв, Адамов нарын чадварлаг залуус бий. 7 оноо
Эцсийн дүнд 10+9+7+7+7+7=48 оноо
Шведийн шигшээ баг“Тре Крунур” хахаж цадсан олон одгүй ч үеийн үед ганц хоёрын зэрэг шилдэг тоглогчидтой байж, томчуудыг тэвдүүлдэг баг байлаа. 1950 оны дэлхийн аваргаас хүртсэн хүрэл медалийнхаа өнгийг найман жилийн дараа нутагтаа мөнгө болгон хувиргав. Тавин жилийн тэртээ хөлбөмбөгийн хаан Пеле ид гарч ирж байсан учир Бразилын шигшээг зогсооно гэдэг бүтэшгүй даалгавар байсан нь мэдээж. Харамсалтай нь энэ цагаас хойш хөлбөмбөг уналтанд орж, тэдний үзүүлэх байсан амжилтыг хоккейчид нь гаргажээ. Удаан хүлээлгэсэн Шведийн хөлбөмбөгийн сэргэлт ерээд оны эхэн үед явагдсан. Брулин, Эрикссон, Андерссон нарын шилдэг тоглогчдоор цус сэлбэсэн шар-хөхүүд нутагтаа болсон “Евро 92”-т шилдэг дөрвөн багийн тоонд багтан, 1994 оны дэлхийн аваргаас хүрэл зулгаажээ. Гэвч энэ мөчөөс хойш шведүүд томоохон тэмцээний шөвгийн наймаас хэтэрсэнгүй.
Дасгалжуулагч. Ларс Лагербек 2000 оноос шигшээ багт Том Сёдербергийн туслахаар ажиллах болжээ. Түүний туслах дасгалжуулагчаар оролцсон хамгийн том тэмцээн “World Cup 2002”-т баг нь Аргентин, Англи, Нигери гэсэн нэрийг нь ч сонсоход сүрдэм багуудтай “үхлийн” хэсэгт багтсан. Шведүүд хэцүүхэн хэсгээс шалгарсан ч дараагийн даваанд азтай Сенегалд азгүй хожигдсон юм. “Евро 2004”-д хүчирхэг Италийг мултлан хэсгээ тэргүүлсэн ч хасагдах шатанд Голландад торгуулийн цохилтоор ялагдсан билээ. Нэг үеэ бодоход хүчирхэг тоглогчид олноороо цугларсан “Тре Крунур” хоёрдугаар шатанд үлдэх төдий нөөц бололцоотой баг биш тул Сёдерберг ажлаас халагдан, Лагербек шигшээгийн ¹1 боллоо. Харамсалтай нь 2006 оны дэлхийн аваргад өмнөх дасгалжуулагчийн хэмжээг давсангүй, хэсгээсээ гараад Германтай тааран гэртээ харих болзлоо биелүүлж байв. Гэхдээ баргийн баг хэсгээсээ тогтмол шалгараад байдаггүй билээ. 8 оноо
Сонгон шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглов. Эхний дөрвөн тоглолтдоо дараалан ялалт байгуулж гараагаа сайхан эхэлсэн. Тэр тусмаа Испанийг 2:0-ээр хожжээ. Удаах тоглолтууддаа ганц нэг алдаа гаргасан ч төдийлөн зоволгүйгээр Испанийн хамт эрхийн бичгээ гардсан юм. 8 оноо
Хаалгачид. Андреас Исакссон /Английн Манчестер Сити/, Рами Шаабан /Хаммарбю/, Юхан Виланд /Эльфсборг/
Андреас Исакссон гурав дахь тэмцээндээ шигшээгийн хаалгыг манана. Өмнөх тэмцээнүүдэд өөрийгөө таниулснаас гадна багагүй туршлаг хуримтлуулсан билээ. 7 оноо
Хамгаалагчид. Микаэл Нильссон /Грекийн Панатинайкос/, Улоф Мелльберг /Английн Астон Вилла/, Петтер Ханссон /Францын Стад Ренн/, Фредрик Стоор /Норвегийн Русенборг/, Даниэл Майсторович /Швейцарийн Базель/, Андреас Гранквист /Хельсинборг/, Микаэл Дорсин /Румыны Клуж/
Лучич, Эдман шигшээгээс татгалзсанаар багагүй цоорхой үүссэн ч Нильссон, Ханссон нарт боломж гарч иржээ. Баруундаа Нильссон, төвдөө Ханссон, Мелльберг хамгаална. Харин зүүн жигүүрт хагас хамгаалагч Александерссоныг хойш татан тоглуулах төлөвтэй. Хамгаалалтаа удирддаг, шигшээгийн экс ахлагч Мелльберг Италийн “Ювентус”-т тоглох болоод байгаа нь ур чадварынх илрэл юм. 7 оноо
Хагас хамгаалагчид. Тобиас Линдерот /Туркийн Галатсарай/, Никлас Александерссон /Гётеборг/, Андерс Свенссон /Эльфсборг/, Фредрик Юнгберг /Английн Вест Хэм Юнайтед/, Ким Келлстрём /Францын Олимпик Лион/, Себастьян Ларссон /Английн Бирмингем Сити/, Даниэл Андерссон /Малмё/, Кристиан Вильхельмссон /Испанийн Депортиво Ла-Корунья/
Багийн ахлагч Юнгберг хавиргаа цөмөлсөн, Линдерот гуяны мэс засалд орсон зэрэг багагүй асуудал байсан ч тэд энэ бүхнийг давж чадлаа. Олон жил мөр зэрэгцэн тоглосон хагасууд “Евро 2008”-д ч хамтдаа тоглох нь. 6, 7, 8, 9 дугаарыг эзэмшдэг Линдерот, Александерссон, Свенссон, Юнгберг нарын хашрууд Гректэй хийх тоглолтод бэлэн болжээ. Түүнчлэн Келлстрём, Вильхельмссон, С.Ларссон гэсэн чадварлаг залуусыг мартаж болохгүй. 8 оноо
Довтлогчид. Златан Ибрахимович /Италийн Интер Милан/, Юхан Эльмандер /Францын Тулуз/, Хенрик Ларссон /Хельсинборг/, Маркус Альбек /Данийн Копенгаген/, Маркус Розенберг /Германы Вердер Бремен/
Гэмтэл бэртэл тэднийг ч гэсэн айлгаж байлаа. Багийн лидер Ибрахимович, Эльмандер нарын гэмтэл аз болж ноцтой байсангүй. Бас нэг баярлууштай үйл явдал нь ахмад тоглогч Хенрик Ларссон эргэн ирсэн явдал юм. Дөч дөхөж яваа ч харих болоогүйгээ харуулсан Ларссон багтаа эерэг сэтгэл зүйг хамт авчирчээ. Шведийн багийн галын шугамд хоёр супер, гурван сайн довтлогч байна. 9 оноо
Эцсийн дүнд 8+8+7+7+8+9=47 оноо
Грекийн шигшээ багСахилга баттай тоглолт, чанд хамгаалалтынхаа хүчээр дөрвөн жилийн өмнө бүтэхгүй юм үгүйг харуулсан улс. Германд болох дэлхийн аваргад оролцохынхоо өмнө том тэмцээний утаа үнэрлэж үзье гэснээс өөрийг бодоогүй грекчүүд “Евро 2004”-ийн нээлтийн тоглолтод хүчирхэг Португалийг хожин шуугиан дэгдээв. Гэхдээ энэ ердөө л эхлэл байсныг тухайн үед хэн ч төсөөлөөгүй. Испанитай тэнцэн, ОХУ-д хожигдсон ч хэсгээсээ хоёроор гарсан билээ. Үүнээс хойш яван чангарч, хаалгандаа гоол алдаагүй бөгөөд нэг баг шиг тоглосныхоо хүчинд Франц, Чех, нэг хэсгээс гарсан Португал зэрэг томчуудыг ээлж дараалан сөхрүүлсээр “Анри Делоны цом”-ыг гардсан түүхтэй. Аливаа тэмцээнд од нь орсон баг гэж байдаг. Гэхдээ цоорно цоорно гэхэд арай л дэндүү шүү.
Дасгалжуулагч. Дэлхий, Европын аваргад тус бүр ганцхан удаа оролцохдоо хоёрдугаар шатанд ч үлдэж үзээгүй нимгэн намтартай багийг том үсрэлт хийлгэн, бөмбөг бөөрөнхий гэдгийг нотолсон хүн бол Отто Рехагель юм. Герман мэргэжилтний удирдлагад грекчүүд тактикийн бэлтгэжилт сайтай байснаараа түүхийн шинэ хуудсаа нээж чадсан. Өдгөө 70 настай Рехагелийн хуьд амьдралдаа атгасан цорын ганц том тэмцээний цом нь Европын аваргынх биш бөгөөд өмнө “Вердер” клубтэй хамт Бундеслигийн аваргаар гурвантаа тодорч явжээ. 8 оноо
Сонгон шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглов. “С” хэсэгт Турк, Норвеги, Босни Герцеговина, Унгар, Молдав, Мальтийн багтай өрсөлдсөн. Грекийн шигшээг нэг бус удаа ивээсэн азын тэнгэр энэ удаа ч харж үзэн Европын хүчирхэг гүрэнгүй, хамгийн сул гэж хэлж болохоор хэсэгт багтаажээ. Ур чадвар өндөр бус өрсөлдөгчдөө тасархай тэргүүлснээр барахгүй 31 оноо түүсэн нь сонгон шалгаруулалтад өрсөлдсөн нийт 52 улсын шигшээ багийн хамгийн өндөр нь болсон билээ. 10 оноо
Хаалгачид. Антониос Никополидис /Олимпиакос/, Константинос Халкис /Арис/, Александрос Цорвас /ОФИ Крете/
Хашир туршлагатай Никополидис хаалгаа манасан хэвээр. Буурал толгойтой энэ хаалгач хэзээд тогтвортой тоглолтыг үзүүлдэг онцлогтой. Тиймээс “Евро 2004”-т тоглосон шигээ гялалзахыг байг гэх газаргүй. 7 оноо
Хамгаалагчид. Христос Пацацоглу, Вассилис Торосидис, Параскевас Анцас /бүгд Олимпиакос/, Никос Спиропулос, Лукас Винтра, Яннис Гумас /бүгд Панатинайкос/, Юркас Сейтаридис /Испанийн Атлетико Мадрид/, Трайанос Деллас /АЕК Афин/, Сотириос Кириакос /Германы Айнтрахт Франкфурт/
Дөрвөн жилийн өмнөх амжилтын үндэс нь хамгаалалт байлаа. Харин одоо “хууччуул”-аас Деллас, Сейтаридис нар л үлджээ. Кириакос хэмээх дажгүй хамгаалагч шинээр гарч ирсэн ч хамгаалалтын цөм болсоор ирсэн Делласын нас нэлээн явсан нь грекчүүдийн сэтгэлийг түгшээж байна. 7 оноо
Хагас хамгаалагчид. Георгиос Карагунис, Александрос Циолис /хоёул Панатинайкос/, Ангелос Басинас /Испанийн Реал Мальорка/, Стелиос Яннакопулос /Английн Болтон Уондерерз/, Константинос Кацуранис /Португалийн Бенфика/
“Евро 2004”-т оролцохын өмнө ганц хоёрхон нь л гадны лигт тоглодог байлаа. Харин одоо цөөнгүй нь Испани, Англи, Португалийн лигт тоглодог болж, багагүй туршлага хуримтлуулаад байна. Энэ жил багаар бодоход хагас шигшээд хүрэх, цаашилбал цолоо батлах зорилт тавьсан сурагтай. 7 оноо
Довтлогчид. Георгиос Самарас /Шотландын Селтик/, Ангелос Харистеас /Германы Нюрнберг/, Димитриос Салпингидис /Панатинайкос/, Теофанис Гекас /Германы Байер Леверкузен/, Яннис Амантидис /Германы Айнтрахт Франкфурт/, Никос Либеропулос /АЕК Афин/
Нэг үеэ бодоход хэд хэдэн шилдэг довтлогчтой болжээ. Ардын баатар Харистеас, Бундеслигт байр сууриа хэдийнэ олсон Гекас, Амантидис, чацархаг Самарас нар гол ачааг үүрэлцэх хүмүүс. Хэнийх нь ч хувийн ур чадвар сайн биш ч ч олдсон цөөхөн боломжоо чулуу болгоод байх чадалтайгаа харуулсан билээ. 8 оноо
Эцсийн дүнд 8+10+7+7+7+8=47 оноо
Испанийн шигшээ баг1964 онд “Анри Делоны цом”-ыг хүртсэн нь өнөөг хүртэл хөлбөмбөгийн баялаг уламжлалтай энэ улсын хамгийн том амжилт гэвэл та итгэх үү. Үеийн үед хүчтэй бүрэлдэхүүнтэй байсан ч тэр болгонд хөгжөөн дэмжигчдийнхээ голыг харлуулдаг азгүй гэмээр хувь тавилантай баг. Ла лигийнхаа оддыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг баг ирдэг ч шүүгчийн буруу шүүлт, цуврал торгуулийн цохилт, “үхлийн” хэсэгт ордог, нэг хэсэгт орсон багуудынх нь тохиролцсон гэмээр эргэлзээтэй тоглолт, шилдэг хаалгачийнх нь яльгүй алдаа, супер тоглогчийнх сүүлийн минутад алдсан 11 метрийн торгуулийн цохилт зэрэг нь испаничуудыг гэрт нь хариулдаг байлаа.
Дасгалжуулагч. Испанийн багийг дасгалжуулна гэдэг нэр төрийн хэрэг боловч нөгөө талаар бүтэлгүйтлийн гол буруутан болно гэсэн үг. Олон жилийн турш амжилт гаргаагүй энэ багийг дөрвөн жилийн өмнөөс удирдах болсон Луис Арагонес хур туршлагтай нэгэн. Ид залуудаа Ла лигийн найман клубт 1974 он хүртэл 17 жил үүрэг гүйцэтгэв. Тоглогчийн карьераа өндөрлөөд хоёрхон жилийн дараа дасгалжуулагчийн албанд шилжсэнээс хойш 34 жилийг ардаа орхижээ. “Алтлетико”, “Барселона”, “Валенси” мэтийн найман багийг удирдаж байлаа. Арагонесийн шигшээ багаа удирдаж оролцсон анхны тэмцээн нь “Герман 2006” байлаа. Түүний залуус хэсэгтээ гялалзан гарцаагүй аваргалах багаар нэрлэгдсэн ч 1/8 шигшээд туршлагатай тоглогчдоос бүрдсэн Францын шигшээд дийлдсэн юм. Гэхдээ Испанийн хөлбөмбөгийн холбоо түүнийг халсангүй, Европын аваргад оролцох хоёр дахь боломжийг олгосон билээ. 9 оноо
Сонгон шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглов. “E” хэсэгт Швед, Дани, Хойд Ирланд, Латви, Исланд, Лихтейнштейний багтай өрсөлдсөн. Хоёр, гурав дахь тоглолтдоо Хойд Ирланд, Шведийн багт дараалан ялагдсанаар Австри, Швейцарийг зорих нь эргэлзээтэй болж ирсэн. Арагонесийн байр суурь ч сүрхий ганхаж байлаа. Гэхдээ хөлбөмбөгийн холбоо урьдын адил тайван хандсан нь буруу байгаагүй гэдгийг үлдсэн есөн тоглолтдоо найм хожин, ганцхан тэнцсэнээрээ харуулаад авсан. Испанигүй Европын аварга гэж юу байх билээ. 9 оноо
Хаалгачид. Икер Касильяс /Реал Мадрид/, Андрес Палоп /Севилья/, Хосе Рейна /Английн Ливерпуль/
Касильяс маргаангүй хаалганд зогсоно. Сүүлийн зургаан жил нэгдүгээр сонголт байсан “Реал”-ын хаалгачийг шигшээ багийн ахлагчаар томилсон нь дасгалжуулагч түүнд ямар их итгэдэгийг төвөггүй илтгэнэ биз ээ. Тэмцээнээс наана асуудал үүслээ гэж бодсон ч нөөцөд “Ливерпуль”-ийн Рейна, “Севилья”-гийн Палоп гэсэн шилдгүүд дарааллаа хүлээгээд сууж байна. 9 оноо
Хамгаалагчид. Рауль Альбиоль, Карлос Марчена /хоёул Валенси/, Фернандо Наварро /Реал Мальорка/, Карлес Пуйоль /Барселона/, Хоан Капдевилья /Вильярреал/, Серхио Рамос /Реад Мадрид/, Альваро Арбелоа /Английн Ливерпуль/, Хуанито /Реал Бетис/
Испанийн багийн арай туршлагатай тоглогчид энэ хэсгийг бүрдүүлж буй. Пуйоль, Марчена, Капдевилья, Хуанито нарын гуч эргэм насныхан дээр Рамос, Альбиоль, Арбелао зэрэг авьяслаг залуус нэмэгдэх болохоор нэг их санаа зовоод байх зүйлгүй. “Барса”-гийн ахлагч Пуйоль дэлхийн шилдэг хамгаалагч. Түүнийг байхад ар тал найдвартай. Түүнчлэн “Реал”-ын Рамос ч сүүлийн жилүүдэд сайн тоглосныхоо хүчинд байрлалдаа дэлхийн шилдгүүдийн нэг гэж яригдах болжээ. Рамос баруундаа, Пуйоль, Марчена голд, Капдевилья зүүн талд хамгаална. 9 оноо
Хагас хамгаалагчид. Андрес Иньеста, Чави /хоёул Барселона/, Санти Касорла, Маркос Сенна /хоёул Вильярреал/, Сеск Фабрегас /Английн Арсенал/, Чаби Алонсо /Английн Ливерпуль/, Давид Сильва /Валенси/, Рубен де ла Ред /Хетафе/
Чави, Иньеста гэсэн “Барса”-гийн дуэт урьдчилсан шатанд дэндүү сайн тоглож хэрэгтэй гоолуудыг хийж байсан. Чаби Алонсо, де ла Ред, Давид Сильва нарын дундын шугамынхан клубтээ ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бол 22-хон настай Фабрегас өдгөө алдарт “Арсенал”-ыг нуруундаа үүрч явна. Шилдгүүдийн өмсдөг 10 дугаарыг Сескт өгсөн нь учиртай. 10 оноо
Довтлогчид. Давид Вилья /Валенси/, Фернандо Торрес /Английн Ливерпуль/, Серхио Гарсиа /Реал Сарагоса/, Даниэль Гуиза /Реал Мальорка/
Галын шугамд Торрес, Вилья гэсэн хоёр аюул бий. Хэзээд эсрэг багийн дасгалжуулагчийн шүдний өвчин болж байдаг эдгээр залуус хамтдаа ямар ч багийн хамгаалалтыг түйвээж мэднэ. Супер хослолынх нь нөөцөд өнгөрөгч улирлын Ла лигийн мэргэн бууч “Мальорка”-гийн Даниэль Гуиза, “Сарагоса”-гийн жигүүр Серхио Гарсиа гэсэн авьяслаг залуус бий. 10 оноо
Эцсийн дүнд 9+9+9+9+10+10=56 оноо
Мэдээллийн эх сурвалж http://www.news.mn -ээс авав
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...