“Евро-2008” шүүгчид /T.ts/
Аль ч спортын тэмцээн шүүгчгүйгээр явагддаггүй. Ялагдсан багийнханд хараалгаж загнуулан, хэвлэл мэдээллээр ч цоллуулдаг тэднээс тоглолтын төдийгүй тоглогчдын ч хувь заяа хамаардаг гэхэд хэтэрсэн болохгүй биз ээ. Энэ удаад бид “Евро-2008” тэмцээнийг шүүх талбайн 12 шүүгчийг танилцуулья. Тэдэнд 24 захын шүүгч туслах бөгөөд 4 нөөц шүүгч мөн Австри, Швейцарийг зорих аж.
1.Австрийн бригад. Талбайн шүүгч Конрад Плауц.
Туслахууд Эгон Беройтер, Маркус Майер, Жирийн үед үргэлж инээмсэглэж явдаг эелдэг зөөлөн хүн ч ажил дээрээ бол огт өөр хүн. Жижигхэн ч зөрчлийг зүгээр өнгөрөөлгүй сануулга өгдөг нь их үнэлэгддэг. Шүгэлнээс өөр ханьгүй 43 настай гоонь эр.
2.Бельгийн бригад. Талбайн шүүгч Франк де Блекере.
Туслахууд Херманс, Верстратен. Де Блекере хэт хатуу шүүгч хэмээгддэг. Юм л бол гар нь шууд шар, улаан картуудаа гаргахаар халаас руугаа хөдөлдөг зуршилтай. Энэ жилийн Аваргуудын лигийн шөвгийн “Ливерпуль”-”Интер”-ийн эхний тоглолт дээр Матеррацид шууд улаан карт өгч, сайхан тоглолтыг бусниулсан нөхөр. Манчини дасгалжуулагчийн хувь заяанд шууд биш ч нөлөөлсөн хүн.
3.Английн бригад. Талбайн шүүгч Ховард Уэбб.
Туслахууд Кенн, Малларки. Халзан толгойт энэ эр олон улсын тавцанд алдаршаагүй ч нутагтаа бол Английн цомын шигшээ тоглолт зэрэг чухал тэмцээнд гардаг том нөхөр. Нэгэн тоглолтын дараа “Болтон”-ы тоглогч түүнийг азын тэнгэр хэмээн өхөөрдөж үнссэн нь хэвлэл мэдээллээр нилээд цацагдсан.
4.Германы бригад. Талбайн шүүгч Херберт Фандель.
Туслахууд Кадах, Вецель. Урьдчилсан тоглолтоор Швед- Данийн шигшээ багийн тоглолт дээр 11 метрийн торгуулийн цохилт хийх шийдвэр гаргасныхаа дараа Данийн балиашгийн довтолгоонд өртсөн. Шүгэлээ хэт чанга үлээдэг хэмээн тамирчдад шүүмжлүүлдэг ч мэргэжлийн төгөлдөр хуурч хүн тул яах ч арга байхгүй. Харин ч бусад шүүгчийг бодвол олон өнгө ая оруулан сайхан шүгэлддэг гэнэм.
5.Грекийн бригад. Талбайн шүүгч Кирос Вассарас.
Туслахууд Бозацидис, Сараидарис. Аваргуудын лигт 150 тоглолтод оролцсон энэхүү шүүгч хашир туршлагатай ч алдаа мөн их гаргадаг. Тамирчид аа, болгоомжтой байтугай.
6.Италийн бригад. Талбайн шүүгч Роберто Розетти.
Туслахууд Грицелли, Кальканьо. Халзан Коллина тэтгэвэртээ гарснаас хойш Италийг төлөөлж буй гол хүн. Буруу шийдвэр гаргаснаа хүлээн шүүлтээ өөрчилж байсан удаатай, тоглогчдын талархлыг хүлээсэн шүүгч. Зарим тохиолдолд яагаад ийм шийдвэр гаргасан гэдгээ тоглогчдод эелдэгээр тайлбарлаж өгдөг Розетти 190 см өндөртэй тул талбайн аль ч хэсэгт байсан тодхон харагдана.
7.Голландын бригад. Талбайн шүүгч Питер Винк.
Туслахууд Иниа, Хоове. Энэ жилийн Аваргуудын лигийн “Арсенал”-”Ливерпул”-ийн тоглолтын үеэр 11 метрийн цохилт өгөх ёстой байтал өгөлгүй маш том алдаа гаргасан. Ийм хүн яагаад “Евро”-д орж байна гэсэн шүүмжлэл их байгаа.
8.Норвегийн бригад. Талбайн шүүгч Том Хеннинг Овребо.
Туслахууд Холен, Рестад. Дэлхийд төдийлөн алдаршаагүй ч Скандинавдаа бол нэг ноймер шүүгч. Скандинавын лигийн тоглолт амрах үед Украин зэрэг оронд очиж тоглолтод оролцон “халтуур” хийж, туршлага хуримтлуулдаг гэнэ.
9.Словакын бригад. Талбайн шүүгч Любош Михел.
Туслахууд Слишко, Балко. 1993 онд 25 настайдаа олон улсын шүүгч болсноос хойш “Евро-2004” болон хоёр ч удаагийн ДАШТ-д оролцсон. Тоглогчдын тайлбар яриаг ер сонсдоггүй, хуруугаа уруулдаа хүргэн дахиад олон юм яривал торгоно шүү хэмээн анхааруулдгаараа алдартай.
10.Испаний бригад. Талбайн шүүгч Мехуто Гонсалес.
Туслахууд Хименес, Гуадомуро. Яагаад хэргийн эзэн, будлианы хөрөнгө Гонсалес FIFA болон UEFA-д үнэлэгддэгийг ойлгох хүн ховор. Гаргасан алдааг нь тоолоход хөл гарын хэдэн хуруу цөөдөх энэ шүүгч “Евро-2008”-д л битгий алдаа гаргаасай гэж бурхандаа залбирцгаая.
11.Шведийн бригад. Талбайн шүүгч Петер Фрейдфельдт.