NBA багуудийн нэрний утга учир...
ӨРНӨД КОНФЕРЕНЦ
БАРУУН ӨМНӨД ДИВИЗИОН
САН-АНТОНИО СПЭРC
Байгуулагдсан он: 1967
Байршил: Техас мужийн Сан-Антонио хот
Техас гэхээр хэний ч ой тойнд хамгийн түрүүнд ковбой буух биз ээ. “Спэрс” (Давируул) гэсэн нэр ч үүнтэй холбоотой. Зэрлэг өрнөдөд амь дүйсэн тэмцэл дунд ковбой нарын сэдсэн нэг зүйл нь гутлынхаа ард хийсэн төмөр. Үүнийхээ тусламжтайгаар тэд морио хурдан давхиулж, давуу байдал олж авдаг байжээ.
ХЬЮСТОН РОКИТС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Техас мужийн Хьюстон хот
1967 онд Сан-Диегод байгуулагдсан тус багийн нэрийг хотын оршин суугчид нь өгчээ. Сан-Диего нь сансрын хөлөг, хиймэл дагуул хийдэг том үйлдвэртэй учир “Рокитс” гэсэн нэр ийн олонхийн санал авсан аж. Дөрвөн жилийн дараа “Пуужингууд” Хьюстон руу нүүсэн ба NASA-гийн нислэгийг хянах төв тус хотод байдаг нь нэрийг нь улам оновчтой болгожээ. Яг л “Пистонс” шиг.
ДАЛЛАС МАВЕРИКС
Байгуулагдсан он: 1980
Байршил: Техас мужийн Даллас хот
Маверик нь манайхаар бол шилийн сайн эр гэсэн үг ажээ. 1803-1870 онд Самуэль Маверик гэгч захиргаанд ордоггүй “задарсан” эр амьдарч байснаас энэ үг үүссэн гэнэ. Багийн нэр сонгох аянд “Маверикс” хэмээн нэрлэсэн 41 хүн анхны улирлын гэрийн бүх тоглолтыг үзэх тасалбараар шагнуулсан гэдэг.
МЕМФИС ГРИЗЛИЗ
Байгуулагдсан он: 1995
Байршил: Теннесси мужийн Мемфис хот
1995 онд Канадын хоёр баг NBA-д бүл нэмсний нэг нь “Ванкувер Гризлиз” юм. Америк, Канадын нутгаар амьдардаг баавгайн нэгэн төрөл нутгийнхны бахархал ажээ. 2001 онд тус баг өмнөдийг зорьж, Мемфист суурьшсан бөгөөд шинэ хотод хуучин нэрээрээ тоглох болсон. Сонирхолтой Мемфисийн ойр тойронд баавгай байтугай түүнтэй төстэй амьтан ч байдаггүй гэнэ.
НЬЮ-ОРЛЕАН ХОРНЕТС
Байгуулагдсан он: 1988
Байршил: Луизиана мужийн Нью-Орлеан хот
Их Британийн их түрэмгийллийн үед Английн армийн генерал Чарльз Корнуоллис Каролинад тулалдаж байхдаа дээд удирдлагадаа “Бид яг л зөгийний үүрэнд орчихсон мэт байна” гэж захидал бичиж байжээ. Үүнээс үүдэн энэ хавийнхан “Зөгий” гэсэн үгэнд дуртай болсон бөгөөд NBA-гийн багаа “Хорнетс” гэж нэрлэсэн байна.
БАРУУН ХОЙД ДИВИЗИОН
ЮТА ЖАЗ
Байгуулагдсан он: 1974
Байршил: Юта мужийн Солт-Лейк хот
Жаз хөгжмийн өлгий нутаг Нью-Орлеан хотод байгуулагдсан тус баг 1979 онд Солт-Лейк рүү нүүгээд хотынхоо нэрийг солихоос өөр өөрчлөлт хийгээгүй юм. “Жаз”-ын эзэн Сэм Бэттистоун Нью-Орлеанаас өөр хотод амьдрахыг хүсч, эхнэрийнхээ төрсөн нутаг руу шилжихдээ NBA-гийн багтай очсон түүх энэ.
ДЕНВЕР НАГГЕТС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Колорадо мужийн Денвер хот
1967 онд “Денвер Рокитс” гэж байгуулагдсан ч 1974 онд NBA-д элсэхэд нь Хьюстоны баг тийм нэртэй байсан тул өөрчлөх шаардлагатай болжээ. Ингээд багийн удирдлагууд XIX зуунд Колорадо мужид алт олборлолт эрчтэй хөгжсөнийг билгэдэн “Шижир алт” буюу “Nuggets” нэрийг сонгосон байна.
ПОРТЛЭНД ТРЭЙЛ БЛЭЗЕРС
Байгуулагдсан он: 1970
Байршил: Орегон мужийн Портлэнд хот
1800-аад оны үед Америкийн иргэд барууныг зорьж, Номхон далайн эрэгт амьдарч эхэлсэн үеийн түүхтэй энэ нэр холбоотой. Орегон муж нь америкчуудын баруун эрэгт суурьшсан анхны нутгийн нэг бөгөөд Портлэнд бол тус мужийн хамгийн том хот. Тиймээс уг хотоос NBA-д баг элсэх болоход Америкийн өрнөд нутгийн хөгжлийн эхийг тавьсныг бэлгэдэж “Trail Blazers” (жим гаргагчид) нэрийг өгсөн байна.
МИННЕСОТА ТИМБЕРВУЛВЗ
Байгуулагдсан он: 1989
Байршил: Миннесота мужийн Миннеаполис хот
Канадтай хиллэдэг Миннесота муж нь их ой хөвч бүхий сайхан байгальтай нутаг юм. Тиймээс “Гризлиз”-ийн адилаар нутгийнхаа онцлогийг агуулсан нэр өгсөн нь энэ. Ихэд ховордсон чонын энэ төрөл Миннесота мужид хамгийн олон байдаг ажээ.
СИЭТЛ СУПЕРСОНИКС
Байгуулагдсан он: 1967
Байршил: Вашингтон мужийн Сиэтл хот
Тус хот нь “Boeing”-ийн үйлдвэрээрээ алдартай билээ. Тиймээс ч 1967 онд Сиэтлээс NBA-д баг оруулахаар болж, хотын иргэдийн дунд ямар нэр өгөх талаар санал явуулахад “Суперсоникс” ялалт байгуулжээ. “БОИНГ”-ийн онгоц нь богино хугацаанд тухайн үед ноёрхлоо тогтоогоод байсан “Конкорд”-ын хүчтэй өрсөлдөгч болсон юм.
НОМХОН ДАЛАЙН ДИВИЗИОН
ГОЛДЕН СТЕЙТ УОРРИОРЗ
Байгуулагдсан он: 1946
Байршил: Калифорни мужийн Оклэнд хот
Хотоо багийн нэрэнд оруулаагүй NBA-гийн цорын ганц баг. Филадельфид сууриа тавиад, 1962 онд Сан-Франциско руу нүүн, 1971 онд Оклэндэд суурьшжээ. Анх Филадельфид байгуулагдахад багийн эзэд нь 1925 оныг хүртэл ABL-д тоглож байсан хотынхоо сагсан бөмбөгийн багийн нэрийг авчээ. Нэг ёсондоо хуучин багийг сэргээсэн байна. Хожим Оклэндэд суурьшихдаа Калифорнийн бусад багаас амжилтаар давна хэмээн “Алтан улс” гэх тодотголыг хэрэглэх болсон.
ЛОС-АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС
Байгуулагдсан он: 1946
Байршил: Калифорни мужийн Лос-Анжелес хот
Анх 1946 онд Детройтод “Жемс” (Үнэт чулуу) нэртэй байгуулагдсан тус баг дараа жил нь Миннеаполист нүүн очоод, “Түмэн нуурын газар” хэмээн нэрлэгддэг уг нутгийн онцлогт тохируулан “Лейкерс” гэж өөрчилжээ. 1960 онд одоогийн байгаа хотдоо суурьшсан ч нэрийг нь хэвээр үлдээсэн байна. Холливудын хотод нэг ч нуур байдаггүй ажээ.
ЛОС-АНЖЕЛЕС КЛИППЕРС
Байгуулагдсан он: 1970
Байршил: Калифорни мужийн Лос-Анжелес хот
Анх Баффалод байгуулагдахдаа “Брейвз” (Эрэлхэг зоригтнууд) нэртэй байсан ба 1978 онд баруун эргийн Сан-Диегод нүүн очоод “Клипперс” нэрийг авчээ. Уурын онгоц гарахаас өмнө дарвуулт хөлгүүд далай, тэнгисийг гаталж, тээврийн гол үүргийг гүйцэтгэдэг байсан бөгөөд Сан-Диегогийн түүх дарвуулт онгоцтой (clipper ship гэдэг) салшгүй холбоотой ажээ. 1984 онд тус баг дахин бууриа сэлгэж Лос-Анжелест очсон ч нэрээ солиогүй юм.
ФИНИКС САНС
Байгуулагдсан он: 1968
Байршил: Аризона мужийн Финикс хот
Их цөлийн дунд орших Финикс хот NBA-гийн багтаа нутгийн уур амьсгалын онцлогийг илэрхийлсэн нэр өгсөн нь энэ.
САКРАМЕНТО КИНГЗ
Байгуулагдсан он: 1945
Байршил: Калифорни мужийн Сакраменто хот
1972 оныг хүртэл Рочестер, Цинцинаттид байхдаа “Ройялс” нэртэй байсан тус баг Канзас-Ситид очоод “Кингз” болжээ. 1985 онд одоогийн байраа олохдоо нэрээ хэвээр авч үлдсэн байна. Канзас-Ситид “Ройялс” нэртэй бейсболын баг байснаас хооронд нь андуурч болзошгүй гээд утга адил “Кингз” хэмээх үгээр сольсон түүхтэй ажээ