by BuG » Thu May 22, 2008 5:12 pm
Бүх үеийн “ТОП-6”
Ж.БАЯР (2008-05-19)
"Таван Цагариг"
Олон улсын хоккейн холбооны 100 жилийн ойд зориулсан гала ёслолын ажиллагаа Квебек хотод болж, 1908-2008 оны хугацаанд төрсөн зургаан шилдэг хоккейчныг байрлал тус бүрээр тодрууллаа. Үүнд Оросын дөрвөн тоглогч багтсан нь хаалгач Владислав Третьяк, хамгаалагч Вячеслав Фетисов, довтлогч Валерий Харламов, Сергей Макаров юм. Харин “ТОП-6”-гийн үлдсэн хоёр хоккейчин нь домогт довтлогч Уэйн Гретцки, Шведийн нэрт хамгаалагч Борье Салминг байлаа. Дээрх тоглогчдыг 16 орныг төлөөлсөн 56 мэргэжилтнүүдийн саналаар тодруулахад 54 хүн Фетисовыг “ТОП-6”-д нэрлэсэн байна.
Авсан саналынхаа тоогоор Гретцки (38), Третьяк (30), Харламов (21), Макаров (18), Салминг (17) удаалжээ. Сонирхолтой нь дээрх 56 мэргэжилтний “шилдэг зургаа”-г нэрлэсэн саналуудын нэг нь ч эцсийн дүнтэй тохироогүй бана. Харин зууны шилдэг үйл явдлаар 1980 оны олимпод АНУ-ын шигшээ ЗХУ-ын “Улаан машин”-ыг 4:3-аар ялсан түүх нэрлэгджээ. Тэгэхэд Херб Брукс коллежийн хоккейчдоос бүрдсэн багийг олимпод аваргалуулан тус цолыг Америкт 20 жилийн дараа аваачсан юм.
Владислав Третьяк
ЗХУ-ын шигшээ багийн хаалгач байхдаа дэлхийн 10, олимпийн гурван удаагийн аварга болсон. Мөн 1972 оны Супер цувралд оролцож, 1981 оны Канадын цомд Агч навчитнуудыг 8:1-ээр бут ниргэхэд гавьяа байгуулжээ. Третьяк ЗХУ-ын хоккейчдоос хамгийн түрүүнд (1989 он) “Алдрын танхим”-д багтсан юм.
Вячеслав Фетисов
Олимпийн хоёр алт, нэг мөнгө, дэлхийн долоон алтан медальтай. Мөн Канадын цомын аварга тэрбээр NHL-ийн “Детройт” багийн хамтаар Стэнлийн цомын хошой аварга болсноор Олон улсын хоккейн холбооны “Гурван алттан клуб”-т багтсан. Өөрөөр хэлбэл Фетисов олимп, дэлхий болоод Стэнлийн цомд түрүүлэгсдийн бүрэлдэхүүнд нэгджээ. ДАШТ-ий шилдэг хамгаалагчаар тавантаа нэрлэгдэж, бэлгэдлийн багт есөн удаа багтсан.
Борье Салминг
Европын хоккейчдоос NHL-д анх хөл тавьсан хүн бол Салминг юм. Тэнд 17 жил тоглохдоо ихэнх улирлаа “Торонто” багт өнгөрөөж, “Детройт”-д байхдаа спортоо орхисон. Хосгүй авьяасынхаа дүнд 21 настайдаа Шведийн шигшээ багт багтан ДАШТ-д оролцож, 1992 оны Альбервиллийн олимп хүртэл эх орноо олон улсын тавцанд төлөөлсөн байна. 1996 онд “Алдрын танхим”-д мөнхөрснөөр түүнд багтсан анхны швед болсон.
Валерий Харламов
ДАШТ-ээс 11 медаль хүртсэний найм нь алт. Мөн олимпоос хоёр алт, нэг мөнгөтэй. 1972 оны олимпод тавхан тоглолт хийхдээ 15 оноо авч байсан тэрбээр ДАШТ-д үзүүлсэн хувийн амжилтаараа (105 тоглолт, 159 оноо) бүх үеийнхний жагсаалтын хоёрдугаарт бичигддэг. 1981 онд авто ослоор нас барсан түүний нэр 2005 онд “Алдрын танхим”-д мөнхлөгдсөн.
Сергей Макаров
Тэрбээр “KLM line” хэмээн Хойд Америкт нэрлэгдэж байсан Крутов, Ларионовын гурвалын гишүүн юм. Тэрхүү гарамгай хоккейчидтой ЗХУ-ын шигшээ багийн цөм болж явахдаа дэлхийн аваргаар найман удаа шалгарч, олимпоос хоёр алт, нэг мөнгөн медал зүүсэн. Шигшээ багийн 315 тоглолтод оролцсоны 101-ыг ДАШТ-д хийн 118 оноо авчээ. Макаров 1983, 1985, 1986 оны ДАШТ-ий шилдэг мэргэн буучаар шалгарсан.
Уэйн Гретцки
NHL-ийн бүх рекордыг эвдсэн тэрбээр 1978 оноос эхлэн олон улсын тэмцээнд оролцсоны анхных нь залуучуудын ДАШТ юм. Тэнд зургаан тоглолт хийн 17 оноо авч, гурван жилийн дараа Канадын нэгдүгээр шигшээд багтан тухайн үеийн хамгийн том тэмцээн Канадын цомд оролцсон. Гретцки тэнд ч мөн мэргэн буучаар шалгарч, энэ амжилтаа 1982 оны ДАШТ-д давтлаа. 1984, 1987 онд Канадын шигшээ Канадын цомын аварга болоход MVP-гээр хоёр удаа тодорсон. Үзүүлэлтээ 1991 оны тэмцээнд бататгасан Уэйн өдгөө NHL-ийн 61 рекордыг эзэмшдэг бөгөөд энэ хугацаанд 31 трофи хүртэж, Стэнлийн цомыг дөрвөн удаа гардсан.
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...