FC Bayern - VfB Stuttgart 4:1 (1:1)
FC Bayern: Rensing - Lell, Van Buyten, Demichelis, Jansen - Sagnol (58. Zé Roberto), Van Bommel (57. Ribéry), Ottl, Schweinsteiger - Klose, Toni
Ersatz: Kraft, Breno, Sosa, Kroos, Podolski
VfB Stuttgart: Schäfer - Osorio, Tasci, Delpierre (77. Pischorn), Magnin (37. Boka) - Hilbert, Pardo, Bastürk, da Silva - Cacau, Gomez (77. Marica)
Шүүгч: Florian Meyer (Burgdorf)
Үзэгч: 69.000 (ausverkauft)
Гоол: 1:0 Toni (8.), 1:1 da Silva (19.), 2:1 Van Bommel (55.), 3:1 Ribéry (75.), 4:1 Ribéry (76.)
Шар карт: Ribéry, Schweinsteiger, Podolski / Delpierre, Osorio Гайхалтай тоглолт, урамтай хожил...
Зениттэй харамсалтай тэнцэж, гэмтэл бэртэлд нухлуулаад байсан манайхан өнөөдөр сайхан хожлоор фенүүддээ бэлэг барилаа.
Оттмар өнөөдрийн тоглолтонд гарааны бүрэлдэхүүнийг нилээд өөрчилж гаргасан. Тэр нь ч үр дүнгээ өглөө. Ламм, Канн 2 гэмтлийн улмаас тоглолтыг өнжиж, Рибери, Зе нар сэлгээнд сууцгаасан байсан.
Эхний үе эхлээд манайхан эхний ширүүн довтолгоогоор ван Боммелын дамжуулалтыг Лука Тони гоол болгосноор тэргүүлж эхэлсэн ч 19 дэх минутанд Штуттгартын да Силва 35 орчим метрээс хаалттай цохилтоор тоог тэнцүүлсэн. Бөмбөг ван Боммелын толгойг шүргэж чиглэлээ өөрчилсөн учраас Ренсингд боломж байсангүй. Энэ гоолын дараа тэдний довтолгоо нилээн эрчимжсэн ч Гомезийг Мичо гаргаахгүй хамгаалж байсан юм. Ингээд 2 баг аль аль нь харилцан идэвхитэй довтолсон ч үр дүнд хүрэхгүй байсаар эхний үеийг дуусгасан.
2-р хагаст манайхан илүү цэгцтэй оновчтой довтолгоо болон хамгаалалтын хувилбараар тоглосон нь үр дүнд хүрч 55 дахь минутанд чөлөөт цохилтоор ван Боммел тооны харьцааг 2-1 болголоo. Тэрээр хананы хажуугаар хаалгагчийн сул зайд маш нарийн хэмжиж цохисон юм.
Энэ гоолоос хэдхэн минутын дараа Оттмар ван Боммел, Санёол нарыг Зе Роберто, Риберигээр сольсон. Ингээд манай довтолгоо улам ч ширүүсч 75 дахь минутанд Рибери 16-ын гаднаас гайхамшигтай цохилтоор Шафферын хаалгыг утаа гартал нь мялааж тоог улам холдуулсан. Энэ гоол бундеслигийн жилийн шилдэг гоолын тоонд багтах нь дамжиггүй. Үүнээс 2-хон минутын дараа мөн л Рибери Ренсингээс шууд ирсэн алсын дамжуулалтыг хүлээн авч урагш тууж 16 дотор ороод сул байсан Тонид дамжуулахнуу гэтэл 2 хамгаалагчийг хаалгагчтай нь хуурч гоёсмог гоолоор тоглолтын цэгийг тавьсан. Подолски орж ирээд гоолдох гэж хэд оролдоод бүтсэнгүй. Өвөл талбайд нь хожигдсон хариугаа энэ удаад Штуттгартынхнаас хатуухан авлаа.
Ийнхүү Баерн 66 дахь оноогоо авч ард яваа Бремен, Шалькегаас 12 оноогоор тасарлаа. Одоо үлдээд байгаа 4 тоглолтонд нэг тэнцээ хийхэд бундеслигт түрүүлэх болзлоо хангана.