by xb » Sat Apr 19, 2008 5:25 pm
Сандро Маццола: “Интер” миний хоёр дахь гэр
Г.БАЯРСАЙХАН (2008-04-17)
Италийн домогт баг “Интер” саяхан 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн билээ. Италийн аваргаар 15 удаа тодорч (түүний дээр 14 мөнгөн медаль нэмэгдэнэ), Аваргуудын лигийн хоёр, UEFA-гийн цомын гурван удаагийн аварга болж байсан энэ баг 100 жилийнхээ ойд “Сери А”-гийн ээлжит цомоор бэлэг барихаар зүтгэж буй. 100 жилийн түүхэнд “Интер”-ээс олон алдартай хөлбөмбөгч төрөн гарсны нэг нь Сандро Маццола юм.
1960-аад оны дундуур “Интер”-ийг мандуулж, Аваргуудын лиг, “Сери А”-д удаа дараа түрүүлэхэд нь гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Маццола билээ. Тухайн үедээ бөмбөг эзэмшилт, техникийн ур чадвараар гайхагдаж явсан тэрбээр “Интер”-ийн төлөө 565 тоглолтод оролцож 160 гоол оруулсан юм. Өдгөө 66 насыг зооглож буй Маццолагийн ярилцлагыг хүргэе.
-Алессандро, таны эцэг Валентино 1940-өөд оны үед “Торино”-д амжилттай тоглож байсан Италийн домогт хөлбөмбөгч. Харин та яагаад “Интер”-ийг сонгосон юм бэ?
-Намайг зургаан настай байхад аав минь ослоор өөд болсон. Аавыг өнгөрсний дараа Италийн шигшээд түүнтэй хамт тоглож байсан Бенито Лоренци гэдэг ах манайд ирсэн юм. Тэр “Интер”-ийн довтлогч байсан. Тэр ээжтэй минь уулзаж, ах бид хоёрыг “Интер”-ийн цамц өмсөн тоглолтын өмнө гардаг хүүхдүүдийн нэг болгох тухай ярилцсан. Би энэ ажлыг хийж шанд нь баг маань хожвол 10, тэнцсэн бол 5 мянган лирийн шагнал авдаг байлаа. Энэ нь манай гэр бүлд их мөнгө байсан юм шүү.
-Эцсийн сонголт хийсэн үеэ сайн санаж байна уу?
-Бүгдийг нь биш ээ. Тэр үед “Интер” миний хоёр дахь гэр болчихоод байсан тул би үлдэхээр шийдсэн.
-Таны эцгийн нэр хөлбөмбөгч болоход чинь тусалж дээ?
-Бага байхад намайг бүгд алдартай хөлбөмбөгчийн хүү гэдгээр мэддэг байсан. Гэвч би эцгийнхээ нэрээр бус өөрийнхөө хөдөлмөрөөр амжилтад хүрэхийг хүссэн.
-”Интер”-ийн дасгалжуулагч Хеленио Эррера таныг сайн хөлбөмбөгч болоход их нөлөөлсөн үү? Тэр яг л тан шиг довтлох чиглэлийн тоглогчид суурилж багийнхаа схемийг зохиодог байсан...
-Миний бодлоор Эррера орчин үеийн хөлбөмбөгт хувьсгал хийсэн хүн. Тэр довтлох чиглэлийн таван тоглогч талбайд гаргах нь олон. Бид ихэвчлэн 4-2-4 схемээр тоглодог байсан. Гэхдээ айлын талбайд хийсэн зарим тоглолтод хамгаалалтдаа түлхүү анхаарах нь ч бий.
-”Интер”-т өнгөрүүлсэн он жилүүдээс хамгийн дурсгалтай мөч юу вэ?
-1964 онд “Реал”-ыг хожин Аваргуудын цомд анх түрүүлсэн үеэ мартдаггүй. Тэр тоглолтод манайхан 3:1-ээр ялж, би хоёр гоолыг нь оруулсан юм. Тэр үеийн “Реал” хожигдол гэдгийг мартсан үнэхээр агуу баг байлаа. Альфредо Ди Стефано миний бодлоор хамгийн шилдэг хөлбөмбөгч байсан. Тоглолт эхлэхээс өмнө би түүнээс нүд салгалгүй ширтээд л зогсоод байлаа. Гэтэл Луис Суарес миний мөр рүү цохиод “Чи түүнийг харах гэж энд ирсэн юм уу” гэж билээ. Тоглолтын дараа Френц Пушкаш над дээр ирээд “Би эцгийн чинь эсрэг тоглож байсан юм. Чи эцгээрээ бахархах эрхтэй хүн шүү. Харин одоо би чамтай цамцаа солилцмоор байна” гэсэн. Энэ мөч миний амьдралын хамгийн дурсгалтай үе.
-Та 1965 онд Бразилийн эсрэг тоглолтод Италийн шигшээд багтсанаас хойш Европын аварга болж, гурван ДАШТ-д оролцжээ. Италийн шигшээд тоглож байсан мөчөөс сэтгэлд хоногшиж үлдсэн тоглолт?
-1970 оны ДАШТ-ий хагас шигшээд Германтай хийсэн тоглолт. Энэ тоглолтод бид нэмэлт цагт 4:3-аар ялалт байгуулсан. Тэр үеийн Италийн шигшээ агуу баг байлаа. Би хувьдаа Мексикээс медальтай харина гэдэгтээ итгэлтэй байсан.
-Одоогийн “Интер”-ийн бүрэлдэхүнд 23 орны 45 авьяаслаг тоглогч байна. Энэ бүрэлдэхүүний талаарх таны бодол?
-”Интер”-ийн бүрэлдэхүүн маш хүчирхэг. Гадаадын хэдэн тоглогч байх нь тийм чухал бус. Одоогийн залуусаас Хавьер Занетти надад их таалагддаг. Тэр маш хөдөлмөрч, дээр нь хэзээ ч гэмтэл авдаггүй. Мөн Златан Ибрагимович авьяаслаг тоглогч.
таван цагариг сониноос