Өнөө өглөө босч ирээд багаа ирэх жилд Аваргуудын лигт орох болсныг мэдлээ... Уг нь аль эрт энэ эрхээ халаасалж болох байсан ч Астон Вилла болсон хойно юмыг дандаа хэцүү замаар хийдэг... тэрний дагуу л боллоо... гэхдээ эцэст нь бид АВАРГУУДЫН ЛИГТ тоглох боллоо... 42 жилийн дараа... хамгийн сүүлд багаа Аваргуудын лигт тоглож байхад би гэдэг хүн энэ хорвоод мэндлээ ч үгүй явжээ...
Сэтгэлзүйн хувьд их сонин байдаг юм байна... эхэндээ юу ч мэдрэгддэггүй юм байна... “аан ашгүй дээ” гээд л... тэгээд аажмаар “ухаан орж” эхэлдэг юм байна... тэгээд бодох тусам улам сэтгэл хөдлөөд... өнгөрсөн дурсамжууд сэргээд... багаа дэмжиж баярлаж, гутарч байсан мөчүүд нүдний өмнө хальт хальтхан харагдах ч шиг... цонхын форум дээр элдэв бусын сэтгэгдэл, тойм, нийтлэл бичээд л...элдэв юм орчуулж тавиад л... элдэв янзын төлөвлөгөө боловсруулаад л... “Хувцас солих өрөөнд” энэ тэр зохиогоод л... залуу ч байж, завтай ч байж, эрч хүчтэй ч байж... хэхэ... цэл залуу 20 настайдаа энэ багийг дэмжиж эхэлж байсан тэр Баярсайхан а.к.а Вилла_Баяраа одоо аль хэдийн 4 хүүхдийн эцэг, 38-тай аав болжээ хэхэ...
Одоогоос 18 жилийн өмнө анх 2006 онд “албан ёсоор” Астон Вилла гэдэг багийн фен болж байжээ... тэрний өмнө яахав ПЛ-ээс хальт хардаг “давгүй” хэдэн багийн нэг байлаа... ФИФА менежер тоглоход шинэ менежерт том баг өгдөггүй хамгийн дээд тал нь Нюькастл, МанСити, Астон Вилла 3-аас сонголт хийдэг байсан санагдаж байна... тэгээд Арслангийн логоноос нь болоод сонгож байлаа... тэгээгүй бол нэг бол Шаазгай болчихсон нэг бол Ситизэн болчихсон явж байх байжээ... гэхдээ энэ 3 баг маань тэр цагаас хойш сайн л явна хэхэ... тэгээд нэг л мэдэхэд эргэлт буцалтгүй Виллан болсон байсан даа...
Гэхдээ ер нь бодоод байх нь ээ хөлбөмбөгийн жинхэнэ фанат дэмжих багаа өөрөө сонгодоггүй, баг нь тэр хүнийг сонгодог юм шиг санагддаг шүү... яахав мэдээж тухайн үеийн момент, том амжилтууд сэтгэл татдаг ч тухайн багийг эргэлт буцалтгүйгээр, уналт босолттой хамт насан туршдаа дэмжих сонголтыг тэр хүн ухамсаргүйгээр л гаргадаг юм шиг санагддаг... нэг л мэдэхэд сэтгэл зүрхээ “үүрд” алдсан байдаг... яг л амьдралынхаа ханийг олохтой адил... ажиглаад байх нь ээ жинхэнэ фанат бол дэмжсэн багтаа эхнэрээсээ ч илүү үнэнч байдаг даа хэхэ... зарим нь найз охиноосоо, эхнэрээсээ салж байдаг ч дэмждэг багаа тэгж сольж байхыг нь харж байсангүй...
Баг маань өнгөрсөн 18 жилийн хугацаанд Европт энэ жилийн конференц лигийг эс тооцвол МОН-ы үед 1 л удаа тоглосон байна... 1 удаа урьдчилсан шатнаас мултарсан... тэгээд бодохоор бусад форумчидыгаа бодвол багаа дэмжих гэж шөнө нойргүй хоносон нь харьцангуй цөөн юм байна... эргээд харахад би гэдэг хүн олны анхаарлыг татах дургүй, зожигдуу хүн болоод ч тэр үү баг маань ч бас их даруухан амжилттай явжээ...Туг ч барьж, тугал ч хариулна гэдэг шиг л... Реми Гардын үед баг доошоо унахад л хамгийн муухай байсан даа... Лийдс, Порстмут энэ тэр шиг олон арван жилээр замхарчих юм биш байгаа гэсэн битүүхэн айдастай... харин Дийн Смитийн эхний улиралд дээд лигтээ эцсийн мөчид үлдэхэд өмнөх жил нь дээшээ дэвшсэнээс ч илүү баярласан ...
За тэгээд Унай Эмери эрхэм ирээд л баг тэс өөр болсон доо... тэр гайхамшигтай өөрчлөлтийг нурших шаардлага алга... бүхний нүдэн дээр болж өрнөсөн явдал... нөхөр манайд ирээд эвдэж болох бараг бүх рекордыг эвдсэн... Өнгөрсөн хугацаанд манайхыг удирдаж байсан менежерүүдээс МОН, Дийн Смит 2 л их сэтгэлд дотно сайхан үлдэж... Бас Стив Брюс дажгүй... Харин Алекс МкЛейш, Реми Гард 2 их сөрөг сэтгэгдэлтэй үлдэж...
Тоглогчдоос хууччуулаас Барош, Анхел, Яанг, Агбон, Мелберг, Ларсен, Гузан, Фрийдл, Петров, Кариү, Барри.... арай наашлаад Бентеке, Хаттон... чемпионшипийн үеэс Коджиа, Адома, Хурихан, Снодграс, Элмо.... сүүлийн үеэс Трезеге, Эл Гази, Накамба, Грилиш гээд одоо манай багт байхгүй ч сэтгэлд үргэлж дотно сайхан байдаг тоглогчид бий...
Эргээд харахад энэ олон жил багтайгаа зэрэгцээд л амьдралыг туулаад явж дээ... Гэхдээ энэ бүх хугацаанд баг маань амьдралын маань салшгүй хэсэг байсаар ирсэн байна... Анх эхнэртэйгээ үерхэж байхдаа багаа яриад л, багаа тайлбарлаад л... манай хүн ч учраа мэдэхгүй дэмжээд л... тэгээд гэр бүл болсны дараа тэр дэмжээд байгаа баг нь зүгээр нэг баг биш амьдралынх нь салшгүй хэсэг болохыг ойлгосон доо ккк... эхэндээ хэсэг стресстээд тэгээд дийлэхгүй юм байна гэдгээ ойлгоод эвлэрсэн ккк... сүүлдээ хальт тоглолт хамт үздэг болов... эхнэр Гузанд их дургүй байж билээ... “энэ яг гоол алдана аа, энэ яг алддаг байхгүй юу” гээд л... “шүүгч нар нь заавал халзан байх ёстой байдаг юм уу?” гэж асуугаад л хэхэ... харин Бентекед их сайн байсан... одоо Ваткинсад их сайн... зоригтой гоё тоглодог гээд л... хөлбөмбөгөөс ганц мэддэг, тоглолтыг нь хальт үзэж байсан баг нь л манай баг юм чинь чааваас... манай гэрт өөр хөлбөмбөгийн багийн тоглолт үзэх угаасаа хориотой юм чинь ккк... тиймдээ ч тэр үү баг маань Аваргуудын лигийн эрхээ авсныг дуулаад эхнэр маань надаас дутуугүй баярлалаа хэхэ... хүний хань гэж... “нойргүй хоноод ядраад байна, унтаж амрахгүй” гэсэн хэрүүл улам нэмэгдэх гэж байгааг мэдэхгүй гэнэн ккк...
Нөгөө талд хүүхдүүдээ Виллан болгох их аян өрнөөд жоохон урагш муутай ккк... хөвгүүд хөлбөмбөг биш сагсанд илүү дуртай байна... харин охин маань аавтайгаа хамт хөлбөмбөг үзээд байхаар шинжтэй ккк... Хөвгүүдийн сэтгэлийг татахад Аваргуудын лигийн тоглолтууд хэрэг болох байхаа ккк...
За тэгээд хамгийн сайхан нь сайн цаг ард өнгөрсөн биш харин урд хүлээж байна.... багийн түүхэнд ингээд нэг шинэ хуудас нээгдэж байгаа юм шиг санагдаж байна... ТОП-6 гэдэг нэршил ер нь ТОП-8 болж байх шиг байна... харин баг маань тэр 8-д нь багтаад ПЛ-ийн ТОП статус дээр ирж байгаа юм байна гэж ойлгож байна...
Үүнийг дагаад ирэх жилээс Аваргуудын лигийн “нойргүй шөнүүд” эхлэх юм байна... одооноос эхнэрийнхээ сэтгэлзүйг бэлдээд эхэлсэн... манай хүн ч “чадвал хамт үзнээ” л гэнэ... чадахгүй л дээ хэхэ... багаа дэмжиж шөнийн тоглолтыг нь нойргүй үзчихээд өглөө ажилдаа яваад өдөржин шартсан хүн шиг байхын мэдрэмжийг/жаргалыг/ хөлбөмбөгийн жинхэнэ фанатаас өөр хүн ойлгохгүй л дээ ккк... /нэг их олон шөнө нойргүй хонож үзсэн хүн шиг л/
За тэгээд хөлбөмбөгийн үнэнч фанатууддаа дэмждэг баг нь үргэлж ялж байхын /тийм ч юм угаасаа байхгүй л дээ гэхдээ л хэхэ/ өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье ээ...