by El Payaso » Mon Jun 19, 2023 3:24 pm
2018 оны ДА-д Аргентинийн шигшээ бүтэл муутайхан оролцсоны дараа хөгжөөн дэмжигчдийн шүүмжлэл, сөрөг сэтгэгдлийн эсрэг ийм нэгэн урт ил захидлыг Анхел Ди Мариа бичиж байсан юм. Тухайн үед уншаад сэтгэл ихэд хөдөлсөн ч орчуулах хэмжээний урам зориг байсангүй. Өнгөрсөн 12 сард ДА болсны дараа энэ тухай ямар нэг гоё дурсамж сэтгэгдэл бичих ёстой юм шиг санагдаж байсан юм. Гэвч би элдэв юм бичсэнээс энэ захидлыг орчуулчих нь хавьгүй дээр санагдаад орчуулж эхэлсэн ч дуусгалгүй хаяад байв. Өчигдөр шигшээ баг маань ДА болсны 6 сарын ой тохиосон билээ. Үүнийг санаад урам зориг орон энэхүү захидлыг гүйцээлээ. Хэдийгээр энэ захидал ганц Ди Мариа гээч хөлбөмбөгчний тухай ч хөлбөмбөгчин бүрийн ялангуяа Өмнөд Америк тивээс төрөн гарсан хөлбөмбөгчин бүрийн туулсан замналтай төстэй билээ.
Нөгөө талаараа Месси, Ди Мариа, Машерано, Агуеро, Хигуайн гэсэн Аргентинийн нэгэн үеийн шигшээ багийн туулсан гашуун бөгөөд гайхалтай замналыг ч энэхүү захидал бүрнээ өгүүлж чадна. Ямартай ч энэ захидалд өгүүлсэнчлэн тэд ахиад л талбайд гарч хүслэнт цомоо хамгийн итгэмээргүйгээр тэвэрч чадсан билээ.
ДА финалын тоглолт үзэж байхад Мессигээс илүү Ди Мариагийн өмнөөс зүрх шархирч байсан билээ. Учир нь энэ үеийг төлөөлж шигшээ багт үлдсэн хоёр тоглогчийн нэг нь болох тэрээр талбайд биш сэлгээний сандалд тарчлан сууж байсан юм. Яаг л 2014 онд гэмтлээс болоод сэлгээнд сууж байсан шигээ. 2018 онд ингэж бичиж байхдаа дөрвөн жилийн дараах ирээдүйг тэр төсөөлж байсан болов уу гэж боддог юм. За тэгээд Аргентинийн фэн хүн л уншихгүй бол хэтэрхий урт эддээ гэшшш.
Усан борооноор, харанхуй шөнөөр, хар хүйтнээр…
Реал Мадридаас захидал хүлээн авч, нээж үзэхээсээ ч өмнө урж хаяж байснаа би сайн санадаг.
Би 2014 оны ДА-ын шигшээ тоглолтын өмнө өглөөний 11 цагт дасгалжуулагчийн ширээний өмнө хөлөндөө мэдээ алдуулагч тариулах гээд сууж байлаа. Би шөвгийн наймын тоглолтонд гуяны булчингаа урж орхисон юм. Гэхдээ өвчин намдаагчтайгаар өвдөлт мэдрэхгүй гүйж чадах байсан. “Юу болох нь надад хамаагүй. Би зөвхөн тоглохыг хүсэж байна” гэж дасгалжуулагчид хэлснээ би яаг таг санадаг.
Намайг хөлөн дээрээ мөс тавичихаад байж байхад багийн эмч Даниел Мартинез дугтуй барьчихсан өрөөнд орж ирээд “Анхел, Мадридаас чамд захидал иржээ” гэв.
Би “Юу билээ?” гэвэл тэр “Тэд чамайг тоглох боломжгүй тул чамайг талбайд гаргахгүй байхыг бидэнд анхааруулжээ” хэмээв.
Би ч тэрхэн зуур юу болоод байгааг ойлгосон. Реал Мадрид дэлхийн аваргын дараа Хамес Родригезийг багтаа элсүүлэх гэж байгаа тухай цуу яриаг хүн бүр сонсоод байв. Тэд түүнийг худалдан авахын тулд намайг явуулах гэж байгааг би мэдсэн. Тэд зарах гэж буй бараагаа гэмтээхийг хүсээгүй хэрэг. Энэ бүхэн ийм л энгийн. Энэ бол хөлбөмбөгийн бизнесийн хүн бүрийн олж хардаггүй тэр тал.
Би Даниэлд “наадхаа өгөөдөх” гэж хэлээд дугтуйг нээж үзэлгүйгээр хэдэн хэсэг урж хаяад “Хогийн саванд хийчих. Энд шийдвэр гаргах хүн нь бий” гэв.
Өмнөх шөнө нь би олигтой унтаж чадаагүй. Бразилын фэнүүд зочид буудлын гадаа том галын наадам зохион байгуулсан юм. Гэхдээ чимээ аниргүй байсан ч унтаж чадах байсан гэж бодохгүй байна. Дэлхийн аваргын өмнөх шөнө, насан туршдаа хүсэж мөрөөдсөн зүйл чинь өмнө чинь ирчихээд байхад хүнд юу мэдрэгддэгийг тайлбарлах аргагүй.
Миний хөлбөмбөгчний замналыг дуусгаж болох байсныг мэдэж байсан ч гэсэн би тэр өдөр талбайд гарахыг чин сэтгэлээсээ хүсэж байлаа. Гэхдээ бас багтаа ус болохыг ч хүсэхгүй байв. Тэр өглөө би эрт босож, дасгалжуулагч Сабеллатай уулзав. Бид хоёр их дотно харилцаатай байсан л даа. Хэрэв би түүнд тоглохыг хүсэж байгаагаа хэлбэл тэр тодорхой хэмжээнд дарамт мэдрэх байв. Тийм болохоор би зүрхэн дээрээ гараа тавьж байгаад түүнд талбайд гаргах ёстой гэж бодож байгаа тоглогчидоо л тоглуулаарай гэж хэллээ.
“Хэрэв намайг гаргах бол гарга. Хэрвээ өөр тоглогч тоглуулна гэвэл түүнийг тоглуул. Би зөвхөн ДА болохыг л хүсэж байна. Хэрэв надад итгэвэл би үхтлээ тоглох болно.” Гэж хэлээд би нулимсаа барьж чадахгүй уйлж эхэллээ.
Тоглолтын өмнөх багийн яриан дээр Сабелла Энцо Перезийг гараанд тоглуулна гэдгээ зарлав. Учир нь тэр 100 хувь эрүүл байлаа. Энэ шийдвэр намайг амирлуулсан. Гэсэн ч сэлгээнээс намайг дуудвал бэлэн байхын тулд би тоглолтын өмнө, бас завсарлагаанаар өөртөө өвчин намдаагч тарьж билээ. Гэвч сэлгээнээс намайг дуудаагүй. Бид ч дэлхийн аваргад ялагдсан. Би амьдралдаа юуг ч хянаж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж мэдэрч билээ. Энэ бол миний амьдралын хамгийн хүнд өдөр байсан юм. Тоглолтын дараа хэвлэл мэдээллүүд намайг яагаад тоглоогүй талаар таагүй зүйлс ярьж, бичиж байв. Гэвч одоо энд бичиж байгаа зүйлс л үнэн юм. Сабеллатай ярилцаж, түүний өмнө яаж ч чадалгүй уйлж орхисон тэр мөчийг би мартаж чадаагүй. Тэр намайг сэтгэлийн дарамтнаасаа болоод уйлсан гэж бодсон болов уу. Үнэндээ тийм биш л дээ. Би сэтгэл хөдлөлөө давж гарч чадаагүй. Учир нь энэ мөч надад юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй байсан юм. Бид биелэгдэшгүй мөрөөдлөө биелүүлэхэд ганц хуруу дутсан юм.
Манай байшингийн хана уг нь цагаан өнгөтэй байсан юм гэсэн. Гэхдээ би цагаан байсныг нь санадаггүй юм. Нүүрсний тортогноос болоод эхлээд саарал дараа нь хар өнгөтэй болж билээ. Аав маань нүүрсчин байв. Гэхдээ уурхайчин биш шүү. Тэр шорлогонд зориулсан модны нүүрс гэртээ бэлддэг байсан юм. Та нар ууттай модны нүүрс харж байсан бизээ. Чиний шорлогонд зориулсан жижиг шуудайтай модны нүүрс энд бүтдэг. Үнэндээ бохир заваан ажил л даа. Аав байшингийн гадаах саравчинд нүүрсээ ууталж, зах дээр аваачиж зарна. Мэдээж ганцаараа биш. Бяцхан туслагчидтайгаа хамт. Охин дүү бид хоёр хичээлдээ явахаасаа өмнө эрт сэрж, түүнд тусладаг байлаа. Бид ес аравтай л байсан байх. Гэхдээ нүүрс уутлахад энэ нас л хамгийн тохиромжтой. Учир нь бид энэ бохир заваан ажлыг тоглоом болгон хувиргаж чаддаг байв. Ачааны тэрэг ирэхэд бид ууттай нүүрснүүдээ том өрөөгөөр дамжуулан зөөж, үүдэнд хүргэнэ. Ингээд л өрөө нүүрсний тортог тоосонд будагдан хар болж орхино.
Ингэж л бид идэх хоолтой, байшингаа алдчихалгүй амьдардаг байсан юм. Намайг нялх байхад манай гэр бүл арай боломжийн амьдралтай байсан гэдэг. Аав нэг нөхөрт туслах гэснээс болоод бүх зүйл орвонгоороо эргэсэн юм билээ. Нэг найз нь аавын нэр дээр байшингаа бүртгүүлэхийг хүсчээ. Мань эр өрөө төлж чадахгүй болох үед банкныхан шууд л аав дээр ирэв. Ингээд аав хоёр байшингийн төлбөр төлөх бас дээр нь гэр бүлээ тэжээх ёстой болсон. Уг нь аавын анхны бизнес нь нүүрс байгаагүй юм гэсэн. Аав байшингийнхаа нүүрэн талын өрөөг жижиг дэлгүүр болгоод саван, цайруулагч, хлорин зэрэг цэвэрлэгээний бодисуудыг бөөний үнээр авч, жижиг лонхонд савлан худалдаалдаг байв. Хэрвээ та нар манай хотод амьдарч байсан бол цэвэрлэгээний бодис авахын тулд дэлгүүр орохгүй байсан. Дэлгүүр хэтэрхий үнэтэй учраас Ди Мариагийнхыг л зорин ирэх байсан. Ээж чамд хавьгүй хямд үнээр лонхтой цэвэрлэгээний бодис худалдана. Энэ бүх бизнес тэр нэг өдрийг хүртэл амжилттай үргэлжилсэн юм. Аав ээж хоёрын бяцхан хүү нь осолд орчих дөхсөнөөр бүх зүйл өөрчлөгдсөн хэрэг. Тийм ээ, би жинхэнэ моньш байсан гэдэг. Би муу хүү байгаагүй л дээ. Зүгээр л хэтэрхий их эрч хүчтэй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан хэрэг. Тэр өдөр ээж “дэлгүүртээ” зогсож, харин би хөлд оруулгчтайгаа тоглож байв. Үйлчлүүлэгчид орж ирдэг болохоор хаалга ямагт онгорхой байдаг байв. Ээжийг анхаарал сарнисан хойгуур нь би эргэн тойрноо сонирхохоор гудамж руу гарлаа… Нэг л мэдэхэд би гудамжны голд ирж, машинд доогуур орохын даваан дээр ээж ирж аварсан юм. Ээжийн ярьдаг түүхийг сонсвол үнэхээр аймаар байсан гэдэг. Энэ өдөр Ди Мариагийн цэвэрлэгээний дэлгүүрийн сүүлийн өдөр байв. Ээж ингэж өрөөгөө дэлгүүр болгох нь хэтэрхий аюултай учраас өөр бизнес бодож олох хэрэгтэй гэжээ.
Ингээд аав Сантьяаго дел Эстерогоос машинаар нүүрс зөөдөг залуу олжээ. Инээдтэй нь манайд нүүрс худалдан авах мөнгө байсангүй. Ингээд аав нүүрсний ченж эрийг төлбөрөө дараа нь төльеэ хэмээн ятгаж чаджээ. Охин дүү бид хоёр амттай шимттэй юм идэе гэж аавыг гайхад тэр “Би хоёр байшин наг машин нүүрсний төлбөр төлөх ёстой” гэж хэлдэгсэн. Бороо шаагисан хүйтэн өдөр саравчны доор аавтайгаа нүүрс ууталж байснаа би санадаг юм. Бяцхан саравчаас өөр салхи борооноос хамгаалах зүйлгүй ёстой хэцүү байсансан. Хэдэн цагийн дараа хичээлийн цаг болж, би сургууль руу явлаа. Сургууль дээр хамаагүй дулаахан байлаа. Харин аав маань тэндээ бүтэн өдөр ажилласан. Хэрэв тэр нүүрс зарж чадахгүй бол бид хоолгүй хононо. Энэ хүнд хэцүү цаг мөчүүдэд нэг л өдөр бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэдэг байлаа. Ийм учраас бүх зүйлийн төлөө би хөлбөмбөгт өртэй.
Моньш байх нь заримдаа хэрэгтэй болдог юм шүү. Ээжийг галзууруулчих шахдаг байсан учраас би хар нялхаасаа хөлбөмбөгчний замналаа эхэлсэн. Ээж намайг 4 настай байхад эмч дээр авч очоод “Эмчээ, энэ хүүхэд хором мөч ч зогсохгүй гүйх юм. Яах ёстой вэ?” гэж асуужээ. Аргентин эмчийн хувьд мань хүн “Яах юу байх вэ, хөлбөмбөг” гэж хариулжээ. Ингэж миний хөлбөмбөгчний замнал эхэлсэн юм.
Би хөлбөмбөгт донтсон байлаа. Хөлбөмбөг тоглохоос өөрийг мэддэггүй байв. Би хэтэрхий их тоглосноос болоод шаахай маань хоёр сар болоод л урагдаж, шинийг авах мөнгөгүй болохоор ээж бид хоёр хамтдаа шаахайгаа цавуугаар наадаг байснаа санадаг юм. Зургаан нас хүрэх үедээ би тэр хавийнхаа багт 64 гоол оруулчихсан, тун дажгүй тоглогч болчихсон байв. Нэг өдөр ээж өрөөнд орж ирээд “Радио чамаас ярилцлага авая” гэж байна гэж хэлж билээ. Бид хамтдаа радио руу явсан. Гэвч би хэтэрхий ичимхий байсан болохоор бараг үг дугараагүй.
Тэр жил Росарио Сентралын хүүхдийн багийн дасгалжуулагч аав руу залгаж, намайг багтаа авахыг хүсэж байгаагаа хэлсэн юм. Энэ явдал тун хөгтэй. Учир нь аав Ньювеллийн хуучин хөвгүүдийн үнэнч шүтэн бишрэгч байсан бол ээж Сентралын галзуу дэмжигч байлаа. Росариогийн биш хүн бол энэ хоёр багийн өрсөлдөөн ямар байдгийг төсөөлөхөд хэцүү. Үхэл амьдралын л асуудал гэж мэд. Хуучин хөвгүүд Сентралтай тоглох үед ээж аав хоёр гоол бүр дээр хамаг чадлаараа орилно. Баг нь ялсан нь нөгөөгөө бүтэн сарын турш үгээр иднэ.
Энэ бүхнийг ярисны дараа Сентралаас залгасны дараа ээж ямар их баяр хөөртэй байсныг та нар төсөөлж байгаа байх. Харин аав “Мэдэхгүй юм даа. Хол шүү дээ. Есөн километр. Машингүй. Яаж ч очих юм бэ?” Ээж “Санаа зовох хэрэггүй ээ. Би хүргээд өгчихнө. Асуудалгүй!” Ингэж Грасиела төрсөн юм.
Грасиела бол ээжийн өдөр бүр намайг бэлтгэлд хүргэж өгдөг байсан зэвэнд идэгдсэн шар дугуй. Урдаа жижиг сагстай, ард нь нэг хүн сундлах зайтай. Гэтэл дүүг яах вэ гэсэн асуудал гарч ирлээ. Ингээд аав хажуу талд нь дүүг суулгах жижиг тавцан хийж өгсөн юм. Урд сагсандаа миний хөлбөмбөгийн шаахай, бага сага идэх юм хийж, хажуудаа бяцхан охин, ардаа бяцхан хүү суулгачихсан эмэгтэй хотоор өөд уруугүй дугуйтай жийж явна гээд та нар төсөөл дөө. Хотын захын аюултай дүүргүүдээр, усан борооноор, харанхуй шөнөөр, хар хүйтнээр… Ээж минь зогсолтгүй жийж, Грасиела ч хүрэх газарт маань хүргэдэг байлаа.
Үнэндээ Сентралд бүх юм сайхан байгаагүй. Хэрэв ээж байгаагүй бол би хөлбөмбөгийг орхичих байв. Нэг ч биш бүр хоёр удаа. Би арван тавтай байхдаа жижиг биетэй байв. Харин манай дасгалжуулагч гэж бага зэрэг гажигтай нөхөр байсан юм. Тэр ширүүн, биеийн хүчний тоглолттой тоглогчидод дуртай. Би түүний хүссэнээр тоглож чадахгүй. Нэг өдөр агаарт байсан бөмбөг рүү би үсэрсэнгүй. Гэтэл дасгалжуулагч бэлтгэлийн дараа бүх тоглогчдыг цуглуулж байгаад над руу “Чи муу аймхай ***өг, хөгийн амьтан. Хэнд ч хэрэггүй новш” хэмээн орилж гарав.
Би түүнийг үгээ дуусгахаас ч өмнө гутарсандаа багийнхныхаа өмнө уйлж эхэлсэн юм.
Гэртээ ирээд би шуудхан өрөөндөө ороод уйлж эхэллээ. Бэлтгэлээс ирүүтээ гудманд гараад ахин тоглож эхэлдэг байсан болохоор ээж ямар нэг муу юм болсоныг ядах юмгүй тааварлажээ. Өрөөнд орж ирээд юу болсон талаар шалгааж гарав. Ээж дугуйтай жийж очоод дасгалжуулагчийн нүүрэн дундуур буулгаад авна гэж бодохоос би юу болсон талаар ээждээ хэлэхээс айж байлаа. Ээж маань амгалан хүн л дээ. Гэхдээ хүүхдүүдийг нь гомдоовол хурдхан зугтаасан нь дээр!
Ээждээ би хүүхдүүдтэй зодолдсон гэж хэллээ. Гэхдээ ээж худал гэдгийг нь мэдэж байв. Ээж ийм тохиолдолд бүх ээж нарын хийх тэр зүйлийг хийж, манай багийн нэг хүүхдийн ээж рүү залгаж үнэнийг олж мэдсэн юм. Ээжийг эргээд миний өрөөнд орж ирэх үед би дэрээ нэвтэртэл уйлсан байлаа. Би ээжид багаасаа гармаар байгаа тухайгаа хэллээ. Дараагийн өдөр ч надад гэрээс гарах хүсэл байсангүй. Сургуульдаа ч явсангүй. Дэндүү ичгэвтэр байв. Ээж орны минь дэргэд суугаад “Багтаа эргэж оч. Өнөөдөр бэлтгэлдээ явна шүү. Чи дасгалжуулагчдаа өөрийгөө батлах ёстой” гэлээ.
Тэр өдөр би бэлтгэл рүүгээ явсан. Хамгийн гайхалтай нь манай багийнхан намайг шоолсонгүй. Харин ч бүр надад туслаж, эсрэг талын хамгаалагчид агаарын бөмбөгний төлөө үсрэлгүй, надад мөргөх боломж олгож байв. Тэр өдөр манай багийнхан үнэхээр миний төлөө тоглосон. Ялангуяа Өмнөд Америкт хөлбөмбөг маш өрсөлдөөнтэй спорт. Бараг л хүн бүр амьдралаа дээшлүүлэхийн тулд хөлбөмбөг тоглодог. Энэ өдрийг би насан туршдаа дурсаж явах болно. Тэд надад хэцүү байгааг ойлгож, миний төлөө тоглосон юм.
Би жижиг, туранхай хэвээрээ л байлаа. 16 нас хүрээд ч насанд хүрэгчдийн багт орж чадсангүй. Аав маань санаа зовж эхлэв. Нэг өдөр тэр гал тогооны ширээн дээр өөдөөс харж суугаад “Чамд гурван боломж байна. Сургуулиа дүүргэж болно. Эсвэл ахиад нэг жил хөлбөмбөгөө хөөгөөд үз. Эсвэл надтай ажилла” гэв. Би үг дугарсангүй. Амаргүй нөхцөл байдал байсан л даа. Бидэнд мөнгө хэрэгтэй байлаа. Дараа нь ээж надад “Ахиад нэг жил хөлбөмбөгөө тоглочих” гэв. Энэ бүхэн нэгдүгээр сард болсон юм.
Харин 12-р сард, хамгийн сүүлийн сар би дээд лигт Сентралын төлөө анхны тоглолтоо хийж билээ. Энэ өдрөөс миний спортын амьдрал эхэлсэн. Гэхдээ тэмцэл үүнээс бүүр эрт эхэлсэн юм. Ээж надтай хамт хөлбөмбөгийн шаахайг маань нааж, Грасиелагаар бороон дунд давхиж явсан тэр үеэс эхэлсэн юм. Мэргэжлийн тамирчин болсон хойно минь ч энэ тэмцэл үргэлжилсээр байлаа. Өмнөд Америкаас гадна амьдардаг хүн энэ бүхнийг ойлгох амаргүй. Үүнд итгэхийн тулд өөрөө туулж гарах ёстой.
Либертадоресийн цомд Колумбийн Насиональтай хийсэн тоглолтыг би хэзээ ч мартахгүй. Росариод агаарын тээвэр Приемер лиг эсвэл Ла Лигийнх шиг биш. Тэр байтугай Буэнес Айресийнхаас ч өөр. Тэр үед Росариод олон улсын нисэх онгоцны буудал байдаггүй байв. Чи жижигхэн буудал дээр очиж, тэр өдөр таарсан онгоцондоо сууна. Олон долоон юм ярилгүйгээр шүү дээ.
Биднийг Колумба руу нисэхээр буудал дээр ирэхэд том ачааны онгоц л байлаа. Машин зэрэг овортой ачаа зөөдөг тийм онгоц. Би нэрийг нь сайн санадаг юм. Херкулес.
Онгоц руу ачаа ачих хаалга нээгдэхэд ажилчид гудас ачиж эхэллээ.
Бид нэг нэгэн рүүгээ хараад үүгээр яах юм бол хэмээн ярилцаж байв. Бид онгоцонд суухаар очиход ажилчид “Залуусаа та нар ард сууна шүү. Май энэ чихэвчийг зүү” гээд ачааны хэсэг рүү зааж билээ. Тэд бидэнд аймшигтай чанга чимээ дарах цэргийнхний хэрэглэдэг чихэвч өгсөн юм. Бид тавцан руу авиран гарвал цөөн хэдэн суудал бас хэдэн ширхэг гудас л байв. Либертадоресийн тэмцээн рүү найман цагийн турш аялна. Онгоцны хаалга хаагдахад тас харанхуй ноёлох нь тэр. Бид гудаснууд дээр чихэвчтэйгээ хэвтэж, нэг нэгнийхээ яриаг ч сонсох аргагүй боллоо. Онгоц хөөрөх үед бид гудастайгаа онгоцны арын хэсэг рүү гулсаж орхив. Манай багийнхны нэг нь “тэр том улаан товчинд хүрч болохгүй шүү. Тэгвэл маниус бүгд дуусна” хэмээн орилж билээ. Үүнийг одоо сонсоход та нарт итгэмээргүй санагдах биз. Гэхдээ багийнхнаас маань асууж болно. Херкулес! Бидний хувьд анхны маань хувийн онгоц байсан юм. Өнөөдөр энэ дурсамжийг санахаар би жаргалтай болдог. Аргентинд хөлбөмбөгчин болохыг хүсвэл чи юм юм үзнэ. Харагдсан онгоцондоо л ямар нэг зүйл асуулгүй сууна.
Эцэст нь чи олдсон боломжоо атгаад буцах тасалбаргүйгээр онгоцонд сууна. Миний хувьд энэ боломж нь Португалийн Бенфика байсан юм. Магадгүй зарим хүн миний замналыг хараад “Хөөх, Бенфика, Реал Мадрид, Манчестр Юнайтед, ПСЖ-д тоглож байсан” хэмээн уулга алдаж магадгүй. Энэ бүхэн хялбархан мэт харагдаж болно. Гэвч энэ бүхний хооронд юу туулж гарсаныг минь хэн ч төсөөлөхгүй. Би 19 настайдаа Бенфикад ирж, 2 улирал бараг л талбайд гараагүй. Аав маань ажлаа, ээжийг орхиж, надтай амьдрахаар Португальд ирж байлаа. Шөнө дөлөөр ээжтэй утсаар яриад, санаж байгаагаа хэлэн уйлж байсан мөчүүд нэг бус бий. Ийм мөчүүдэд надад аймшигтай том алдаа гаргасан юм шиг, хөлбөмбөгөө орхиод гэртээ харимаар санагддаг байлаа…
2008 оны Олимп миний амьдралыг өөрчилсөн юм. Би Бенфикад гараанд гарч чаддаггүй байсан ч Аргентиний шигшээ багт дуудагдлаа. Би энэ бүхнийг хэзээ ч мартахүй. Энэ тэмцээн надад Лео Месси, харь гарагийн хүн, хөлбөмбөгийн гоц авъяастантай тоглох боломж олгосон юм. Би хөлбөмбөг тоглож байхдаа тийм жаргалтай байж үзээгүй. Миний хийх зүйл зөвхөн гүйх. Намайг гүйж эхлэхэд бөмбөг хөлийн доор ирсэн байна. Яаг л ид шид мэт.
Леогийн нүд та нарын эсвэл миний нүд шиг биш. Түүний нүд бидэн шиг эргэн тойрноо харахаас гадна шувуу шиг талбайг дээрээс нь харж чаддаг. Яаж ингэдгийг нь би одоо болтол ойлгоогүй. Ингээд Нигерийн эсрэг шигшээ тоглолт өмнө нь маань тулж ирлээ. Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай мөч. Гоол оруулж, алтан медаль хүртсэн… Та бүхэн энэ мэдрэмжийг төсөөлж ч чадахгүй.
Би хорьхон настай, Бенфикагийн төлөө гараанд ч гарч чаддаггүй, гэр бүлээсээ хол амьдарч байлаа. Шигшээ баг намайг дуудах хүртэл миний амьдрал цөхрөл дунд байсан. Ингээд хоёрхон жилийн дотор би олимпийн алтан медаль зүүж, Бенфикагийн гарааны тоглогч болж, Реал Мадрид руу худалдагдлаа.
Энэ бол зөвхөн миний биш миний бүх л гэр бүл, найз нөхөд, багийн андуудын маань хувьд баярт мөч байсан юм. Хүмүүс аавыг маань надаас ч илүү хөлбөмбөгчин болох байсан гэж ярьдаг юм. Гэвч тэр залуудаа өвдөгөө хугалснаар мөрөөдөл нь замхарчээ. Харин өвөөг минь ааваас ч илүү хөлбөмбөгчин болох байсан гэлцэнэ. Гэвч тэр галт тэрэгний осолд орж хоёр хөлөө хоюуланг нь алдсанаар мөрөөдөл нь замхарчээ. Миний мөрөөдөл ч замхархад ойрхон байсан. Гэвч аав маань дээврийнхээ доор ажиллаж, ээж маань дөрөөгөө жийж, би гүйсээр л байсан юм.
Та нар хувь тавиланд итгэдэг үү? Миний Реал Мадридын төлөө оруулсан анхны гоол аль багийн эсрэг байсныг мэдэх үү? Херкулес!
Үг олдож, үхэр холдох нь. Магадгүй одоо та бүхэн намайг яагаад ДА шигшээ тоглолтын өмнө Сабеллагийн өмнө уйлж байсныг ойлгосон байх. Би хөлбөмбөгчний замналдаа санаа зовоогүй. Би гараанд гарах болов уу ч гэсэн бодол ч намайг зовоогоогүй. Зүрхэндээ гараа тавиад хэльеэ. Би зөвхөн багийнхныхаа мөрөөдлийг биелээсэй л гэж хүсэж байсан юм. Би бид бүгд эх орныхоо баатрууд болон дурсагдаасай гэж хүсэж байлаа. Энэ л үнэн. Бид үнэхээр ойрхон байсан.
Ийм учраас л хэвлэл мэдээллийнхэн манай багт хэрхэн хандаж байгааг харахаар зүрх минь зүсэгддэг. Шүүмжлэл, сөрөг сэтгэгдэл хэрээс хэтэрлээ. Энэ бүхэн эрүүл биш. Бид ч бас хүмүүс. Бидэнд ч бас бусад хүмүүсийн олж үздэггүй амьдрал бий.
Сонгон шалгаруулалтын сүүлийн тоглолтын өмнө би сэтгэлзүйч дээр очиж байсан юм шүү. Надад хүнд хэцүү үе тохиолдох үед би гэр бүлийнхэндээ сэтгэлээ уудалдаг байлаа. Гэвч тэр үед шигшээ багт ирэх дарамт шахалт дэндүү их байсан учраас би сэтгэлзүйчид хандсан юм. Энэ нь ч зөв болсон. Сүүлийн хоёр тоглолтод би харьцангуй тайван байсан.
Би өөртөө дэлхийн хамгийн шилдэг багуудын нэг хэсэг байсан, би шигшээ багийнхаа төлөө тоглож, хүүхэд насны мөрөөдлөөрөө амьдарсан гэж сануулдаг. Мэргэжлийн тамирчдын хувиар бид заримдаа энэ энгийн үнэнийг мартаж орхидог.
Бид ахиад л талбайд гарна.
Миний бодлоор орчин үед хүмүүс Инстаграм, Ютүб үзэж, тоглолтын үр дүнг л хардаг болжээ. Гэвч тэд энэ хүртэлх золиог олж хардаггүй. Тэд энэ хүртэл юу туулсаныг мэддэггүй. Тэд миний аваргуудын лигийн цом, охин хоёроо тэврээд инээмсэглэж байгаа бүх зүйл нь төгс зургийг л хардаг. Тэд энэ зурагнаас нэг жилийн өмнө охин минь дутуу төрж, хоёр сарын турш гуурс залгуулаад эмнэлэгт хэвтэж байсныг мэдэхгүй. Миний аваргын цом тэврээд уйлж байгаа зургийг хараад хүмүүс намайг хөлбөмбөгөөс болж уйлж байна гэж бодсон байх. Гэвч үнэн хэрэгтээ охин минь тэвэрт минь, энэ бүхнийг гэрчилж буй болохоор би уйлж байсан юм.
Хүмүүс шигшээ тоглолтыг үзээд үр дүнг нь л харсан.
0-1
Гэвч тэд энэ хүртэл бид юуг туулсаныг мэдэхгүй.
Тэд манай зочны өрөөний хана яагаад цагаанаас хар болсоныг мэдэхгүй.
Тэд миний аав жижигхэн дээврийн доор зогсолтгүй ажиллаж байсныг мэдэхгүй.
Тэд ээж минь усан борооноор, харанхуй шөнөөр, хар хүйтэн дундуур хүүхдүүдийнхээ төлөө Грасиелагаа жийж явсаныг мэдэхгүй.
Тэд Херкулесийн талаар юу ч мэдэхгүй.
Vamos Argentina!!!