by Цогоо » Mon Feb 14, 2022 8:47 am
Саяхан нэг ийм юм бичсэнийгээ ийшээ хуулаад тавьчихъя.
ДАРБИ КАУНТИГИЙН ВЭЙН РҮҮНИЙ
Хөлбөмбөгийн клубуудын хувьд санхүүгийн хямрал нүүрлээд, элдэв төлбөрөө төлөх чадваргүй болсон үедээ administration буюу санхүүгийн хязгаарлалтад ордог. Ер нь бол дампуурлаа зарлаж байгаагийн нэг хэлбэр юм уу даа. Энэ тохиолдолд тухайн клубийн удирдлагыг санхүүчид атгах бөгөөд тоглогчдын бэлтгэл хийлгэх, талбай дээр гаргахаас бусад бүх үйл ажиллагааг хянан явуулдаг. Тэдний үндсэн үүрэг бол клубын хамаг өр зээлийг нэн даруй дуусгах. Ерөнхийдөө шинээр зардал гаргалгүйгээр бүсээ чангалаад, элдэв эд хөрөнгө, заримдаа тоглогч нарыг зарах маягаар өрөө дараад дараад явчихна гэсэн үг. Ийм нөхцөлд хөлбөмбөгийн талбарт амжилтын тухай бодох нь бараг илүүц биз. Бидний мэдэхээр хэдэн жилийн өмнө Портсмут санхүүгийн хязгаарлалтад орж, доошоо дөрөвдүгээр түвшний лиг хүртэл унасан. Бүүр устаж үгүй болохын даваан дээр фэнүүд нь зохион байгуулалтад орж, администратортай тохиролцон байж клубээ худалдаж авсны дараа 18 сарын турш үзэж тараад арай гэж өрөө цайруулсан түүхтэй. Тэднээс өмнө Европын тавцанд даналзаж байсан Лийдс Юнайтед санхүүгийн хязгаарлалтад орж, дампуурах шахан баларч доод лигүүдээр туучиж туучиж өнгөрсөн улиралд л Премьер лигт эргэн ирсэн билээ.
Харин одоо Чампионшипын Дарби Каунти клубын ээлж ирсэн бололтой. Тэднүүс өнгөрсөн оны 9 сараас хойш санхүүгийн хязгаарлалтад ороод байгаа юм. Бөөн өр зээлийн асуудалтайн дээр өнгөрсөн улиралд Лиг 1 рүү унасан багуудтай шүүхийн маргаантай байдаг. Яасан гэхээр ихэнх клубуудын улирал дуусахын алдад санхүүгийн хязгаарлалтад орохыг илүү үздэг юм байна. Яагаад гэвэл хөлбөмбөгийн клубын хувьд санхүүгийн хязгаарлалт гэдэг нь автоматаар -12 оноо болдог. Хэрвээ Дарби улирал дуусахаас өмнө энийгээ зарласан бол арван хоёр оноо хасуулаад шууд Чампионшипээс унах байж л дээ. Wycombe Wanderers, Middlesbrough хоёрын хувьд гомдолтой санагдсан тул шүүхээр заргалдаж байгаа хэрэг. Дарбигийн -12 оноо дээр өмнөх улиралд Санхүүгийн шударга өрсөлдөөний журмыг зөрчсөн гэж үзээд бас -9 онооны торгуультай, нийлээд -21 оноотой улирал эхэлсэн. Одоогийн байдлаар 29 тоглолтоос 15 оноотой хүснэгтийн 23 дугаарт бичигдэж байгаа. 18 тоглолт үлдсэн. Гайхамшиг гэх үү?
Өнгөрсөн оны 1-р сард менежерээр томилогдсон Вэйн Рүүний энэ бүх хязгаарлалт дунд бараг Дарбигийн ганц гэрэл гэгээ юм уу даа. Мань хүний тухай мэдэгдэж байгаа зарим фактууд гэнэ ээ.
- Багийн эзэн Мэл Моррис санхүүгийн хязгаарлалтад орж байгаа тухайгаа Рүүнийд хэлээгүйгээр барахгүй, Скай Спортсын мэдээгээр энэ тухай олж мэдээд залгахаар нь утсаа авахгүй нохойтсон гэж байгаа. Утсаа авахгүй байхаар нь клубын эмчийн утсаар залгаж байж барьж авсан гэнэ.
- Бэлтгэлийн тоног төхөөрөмж, зочлон тоглолтын үеэрх буудлын мөнгийг хувиасаа гаргасан.
- Рио Фердинандыг бэлтгэлийн баазаар нь зочлох үеэр Дарбигийнхан дрон ашиглан бэлтгэлээ хийж байгаа тухай гарсан гэнэ. Дроныг менежер нь худалдаж авсан гээд ярьж байж.
- “Би энэ клубт биеэ зориулж байгаа. Би Ливерпүүлд засгийн байранд өссөн хүн. Амьдрал хэр хүнд байдгийг мэднэ. Энэ бүхнийг хаяж яваад далайн эрэгт амраад хэвтэж байх сэтгэл надаас яаж гарах билээ” гэж Дарбигийн фэнүүдэд явахгүй хэмээн амлах үедээ хэлж байв.
- Тоглогч нартайгаа ярьж байхдаа “Би та нарыг халхална. Хамаг шүүмжийг өөртөө авъя” гэснийг нь тус клубын тоглогч Кюртис Дэвиес хуваалцжээ.
- Илүү цагаар ажиллаж, ажил дээрээ хэд хэдэн удаа хоносон.
- Дарбигийн үнэнч дэмжигчид нь мань эрийг “Хамгаалагч сахиулсан тэнгэр” гэж нэрлэж байгаа гэнэ.
- Унаган багын клуб Эвэртон нь ажиллаач гээд урихад “энд чухал ажилтай байна” гээд татгалзсан.
- Хувцас солих өрөөнд гурван хүснэгт байршуулсан. Албан ёсны, оноо хасуулаагүй, 12 оноо хасуулсан гэсэн гурван хүснэгт.
Тоймлон базсан: Д.Цогчулуун
2022.02.03