by Bibby » Tue Mar 25, 2008 9:54 pm
Асашёорюү: Өрсөлдөгчийн бяр хүч өдрөөс өдөрт нэмэгдэж байна
Хоёр башё барилдах эрхээ хасуулж өнгөрсөн оны ес, арваннэгдүгээр сарын тэмцээнийг өнжсөн их аварга Асашёорюү Д.Дагвадорж гуравдугаар сарын хару башёд түрүүлснээр 22 дахь түрүүгээ авлаа. Ийнхүү тэрээр домогт их аварга Таканоханагийн амжилтыг давтаж, мэргэжлийн сүмогийн түүхэн дэх агуу аваргуудын жагсаалтын гуравдугаарт бичигдлээ. Аварга дахин нэг түрүүлэхэд л Таканоханагийн амжилтыг давж түүхэнд үлдэнэ. Алдарт аварга Тайхо 33 башёд түрүүлсэн амжилтаар бүх цаг үеийн аваргуудын нэгд бичигддэг билээ. Их аварга Асашёорюүгийн хувьд хүчтэй өрсөлдөгчтэй үед 22 түрүүлнэ гэдэг агуу амжилт гэж сүмогийн холбооныхон өчигдөр нэгэнт хүлээн зөвшөөрсөн байна.
Ямартай ч монголчууд ирэх тавдугаар сарын нацу башёгоос эхлэн их аваргаа дассан сурснаар нь зүүн жигүүрээс гарч ирэхийг нь харахаар
болов. Уржигдар орой болсон тэмцээний дараахь хүлээн авалтын үеэр их аваргын багш олны анхаарлыг татсан үг хэлжээ. Такасаго багш хэлэхдээ "Асашёорюү үнэхээр агуу бөх юм. Агуу гэж хэлэх ч энд багадах биз. Нуулгүй хэлэхэд эрхээ хасуулсан шийтгэлийн дараа би түүнийг тэсэхгүй байх. Миний шавь удахгүй зодог тайлах биз гэж бодож байлаа. Үүндээ би итгэчихсэн явсан. Намайг уучлаарай" гээд нулимс унагасан байна. Тэрээр мөн "Асашёорюү шийтгэлийнхээ хугацааг дуусгаж ирээд надад, багшаа би нэгдүгээр сарын эсвэл хару башёд заавал түрүүлнэ гэж байв. Тэгэхэд би дотроо түүнийг өрөвдөөд л өнгөрсөн. Гэтэл тэр түрүүлж чадлаа. Дахин хэлэхэд тэр үнэхээр агуу, байгалиас ховорхон төрсөн бие болоод сэтгэлийн гайхалтай тэвчээртэй бөх юм " гэжээ.
Харин их аварга Асашёорюү багшийнхаа сэтгэлийн үгийнх нь хариуд үлдсэн дөрвөн башёгийн хоёрт түрүүлнэ гэсэн даруухан зорилт дэвшүүлсэн байна. Аварга хэлэхдээ "Үнэнийг хэлэхэд нутгийн дүү, миний өрсөлдөгч өдрөөс өдөрт бяр сууж байна. Тэр надаас арал чацаар ч илүү. Тиймээс үргэлж даваад байж чадахгүй болох нь. Гэхдээ надад түүнд байдаггүй нэг чанар бий" гэж ярьсан байна. Тэр чанарыг нь Японы хэвлэлүүд хурд, сэтгэлзүй гэж тодорхойлжээ.
ХАКҮХОГИЙН ХУРИМ ХОЁР САРААР ХОЙШИЛЛОО
Мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал манай сонинд өгсөн ярилцлагадаа 10 түрүүлснийхээ дараа хуримаа хийх зорилт тавьсан гэж байв. Хэрэв тэрээр хару башёд түрүүлсэн бол долоо дахь түрүүгээ авч энэ жил хуримаа хийх магадлал нь тэр хэрээр нэмэгдэх байлаа. Тэгэхээр түүний зорилгоор бол одоо аварга энэ жилийн үлдсэн дөрвөн башёд түрүүлж чадвал 2008 ондоо багтаж хуримаа хийх боломжтой. Их аваргын бяр, хүч, ид жагсч байгаа үед энэ нь бараг л боломжгүй юм. Тэмцээний дараа NНК телевизийн сурвалжлагчийн асуултад аварга Хакүхо М.Даваажаргал "Би яагаад тэгж барьцанд шунаснаа өөрөө ч ойлгохгүй байгаа. Нэг л мэдэхэд мушгиулчихсан байв. Их аварга үнэхээр бяртай байлаа. Энэ башёд түрүүлж чадсангүй. Цаашид хичээж барилдах болно" гэж ярьжээ. Жүрёогийн доод зиндаа болох Макүшитад дархан аварга Б.Түвдэндорж агсны зээ хүү Д.Ундрах түрүүлжээ. Тэрбээр Макүшитагийн дөрвөөс босч барилдан долоон даваа авсан байна. Ингэснээр тэрээр цолтой бөх болж жүрёо зиндаанд дэвших юм. Түүний сүмогийн нэр нь Дайюүби бөгөөд 2001 онд сүмод хөл тавьжээ. Д.Ундрах энэ жил 24 настай. Түүний тухай "Цагийг эзэлсэн их аваргууд" номонд дархан аварга Түвдэндоржийг өвлөж бөх болох хүн бол түүний охины хүүхэд Д.Ундрах гэж бичсэн байдаг аж.
ЖҮРЁОГИЙНХОН ХЭРХЭН БАРИЛДАВ
Хару башед жүрёогийн нэг, хоёроос босч барилдсан манай бөхчүүд болох Хошихикари Д.Лхагва, Коорюү Б.Мөнх-Оргил нар таван даваа, арван унаатай тэмцээнийг дуусгажээ. Тэд ирэх тавдугаар сарын башёд чансаа буурах нь тодорхой болов. Харин Жүрёогийн гурваас босч барилдсан Хакуба Б.Өнөржаргал найман даваа долоон унаатай тэмцээнийг дуусгалаа. Мокономи Э.Базарсад долоо давж найм унажээ. Ирэх тавдугаар сарын нацу башёгийн жүрёо зиндаанд монголын зургаан бөх барилдах юм байна.
ГУРВАН ШАГНАЛЫН ХОЁРЫГ ГАДААДЫН БӨХЧҮҮД АВАВ
Өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээний гол гурван шагналын хоёрыг нь Ама Д.Бямбадорж, Какирюү Б.Ананд нар хүртэж байв. Тэгвэл энэ сарын тэмцээний гол гурван шагналын хоёрыг нь Гүржийн бөх Коккай, Эстонийн Баруто нар хүртлээ. Харин техниктэй бөхийн шагналыг Точиозан хүртсэн байна. Сүүлийн дөрвөн башёгийн гол гурван шагналыг гадаадын бөхчүүд голдуу хүртэж байгаа юм.
Б.СОД