ЖАК ГРИЛИШ:
Төвийн хагас энэ англи залууг алдаагаар нь дүгнэж болно гэж үү?БиБиСи Спортын Райан Балди
2020.09.08
Эх сурвалж: https://www.bbc.com/sport/football/53986569-
Түүний талаар янз бүрийн юм маш ихээр бичигдэж байгааг харахаар бухимдмаар санагдаад байдаг, - гэж Алан Шихан ярина. Мань хүн Жак Грилишийг арван наймхан настайдаа Нэгдүгээр лигийн Ноттс Коунти клубт 2013-14 улиралд зээлээр тоглож, гарааны бүрэлдэхүүнд томчуудтай ана мана үзэлцэн үндсэн багт багтахын амтыг мэдэрч эхэлж байх үед нь тус багт хамт хүчин зүтгэж байсан юм. Уг нь ердөө ганцхан улирал л хамт тоглосон хэдий ч Астон Виллагийн ахлагч залуутай зам таарсан хэн бүхэнд тохиолддог янзаар түүнтэй дотносчээ.
Зураг 1. Өнгөрсөн улирлын эцсийн тоглолтод Вэстхамын эсрэг хийсэн гоол нь Астон Виллаг Премьер лигийн статусаа хадгалж үлдэхэд нь нэмэр болсон юм
Дөнгөж 24 настай гэхэд Грилишийн нэр хүнд хэзээ ч одоогийнх шигээ өндөр байсангүй. Өнгөрсөн улирлын эцсийн тоглолтын төгсгөл рүү Вэстхамын хаалганд хийсэн гоолоороо Астон Виллаг доош унах аюулаас аварсных нь дараа түүнийг улам аугаа зүйлс бүтээх болно гэцгээх болсон юм. Премьер лигийн луугаруудын нэг рүү явах байх гэцгээж, бас шигшээгийн анхны дуудлагаа авсны дараа дахин байнга дуудагдах байх гэж шуугилдах.
Грилишийг өмнө хийсэн алдаануудаар нь дүгнэх хандлага түгээмэл байдаг. 2015 онд Виллад яг цоорч эхэлж байхдаа нэгэн үдэшлэг дээр “инээлгэх хий” хэмээх азотын исэлтэй бөмбөлгөөс уушгилж байгаа зургаар сонины тэргүүн нүүрт заларч байлаа. Түүнээс хоёр сарын дараа Тэнэрифэ дэх амралтынхаа үеэр гудамжинд тасарч унасан зураг нь түмэнд түгж байв. Энэ онд л гэхэд гуравдугаар сард коронавирүсын журам зөрчин байж автын осол гаргаад авсан. Хувь хүн болж томоожсон эсэх, цаашдаа ирэх үүрэг хариуцлагыг даагаад явах чадвар байгаа эсэхт нь хүмүүс эргэлзэж байна.
-
Яасан ч яадаг юм гэж байгаа юм шиг нэг юм түүнд байдаг, - хэмээн Виллагийн тоглолтын чанар хариуцсан ахлах Майкл Ваттс ярьж байна.
–
Зарим хүмүүс тэрнийг нь их зан гэж боддог шиг байгаа юм. Гэхдээ Жак бол их зантай хүн биш. Маш эелдэг, даруухан хүү байсан.
Грилишийг сайн мэддэг хүмүүс муу муухай явдлуудыг нь хаацайлах гээд байгаа ч юм биш. Бас доош буулгасан оймс, дэгжин засалттай үс, эрдүү авирыг нь ашиглаж олон нийтэд түүний төрхийг харлуулж харуулах гээд байгааг нь ч олж харахгүйдээ байгаа юм биш. Зүгээр л энэ байгаа байдал нь түүний хэн бэ гэдгийн өчүүхэн хэсэг нь гэдгийг ойлгодог болохоороо л тэр юм. Зүгээр л Грилишийн бусад талуудыг нь ч бас адилхан ил харуулдаг байгаасай гэж боддог болохоороо тэр.
Зураг 2. Тэнэрифэгийн гудамжинд тасраад хэвтэж байгааг нь харуулсан зураг. 2015 он.
Виллагийн Бодимүүр Хийт дэх бэлтгэлийн талбай дээр, Шэй Гивэн бөмбөгөө дээшээ агаар луу тээр дээр хөөргөн өшиглөлөө. Эргээд доошоо бууж эхлэх үед нь энэ бөмбөг шалгуур байж гэдэг нь ойлгомжтой болов. Бөмбөгийн харалдаа зогсох арван тав настай нутгийн хүүгийн хувьд зургаан настайгаасаа эхлэн академид нэгдсэнээсээ хойш авъяасаараа онцгойрсон болохоор бусдын сонжсон харц хэдийн дасал болжээ. Яг тухайн мөчид түүнийг сонжин харж буй харц дунд хамаг байдгаа үзүүлж, сэтгэгдэл төрүүлж байх учиртай менежер, дасгалжуулагч нарын, бас хүндэтгэлийг нь олж авах ёстой хашир тоглогч нарын харц байгаа нь түүнд ер хамаагүй гэлтэй. Грилиш бөмбөгийг шууд л газарт нам буулгав. Ричард Данн, Жэймс Коллинс нарын архагууд таашаан толгой дохино. Бас нэгэн хашир бурхи Стилиан Петровт бол маш таалагджээ.
Виллагийн академийн бусад сурагчдын хувьд Грилиш хар багаасаа л дэмжсээр ирсэн клубынхээ од болох нь дэндүү тодорхой байсан юм. Одоогийн Уефагийн Өсвөрийн Лигийн өмнөтгөл болох NextGen Series тэмцээний 2012-13 улирлаар харуулсан тасархай амжилтаас эхлээд бэлтгэлийн талбай дээрх дасгал сургуулилтууд, 50 футын зайнаас сагсан бөмбөгийн цагирагт бөмбөг хөөргөж гоолддог хүртэл бүх юманд л түүний авъяас илт ялгарч байлаа. Гэхдээ клубын ирээдүйг тодорхойлох энэ тоглогчийн статус нь дан ганц авъяастайгаас нь болоогүй гэдгийг багийнхан нь маш сайн ойлгодог.
Өсвөрийн багт хамт тоглодог байсан Льюис Кинселла ийн дурсаж байна:
-
Бэлтгэл дээр сугарч бүтэлгүйтэж байсан тохиолдол ерөөсөө байхгүй байх аа. Ерөөсөө маш өрсөлдөөнч, үргэлж л хожих гэж зүтгэж байдаг. Тиймдээ ч одоо хүрээд байгаа газраа хүрсэн байх.Ваттс:
-
Жакийн хувьд асуудал огт байдаггүй байлаа. Хийх ёстой юмаа хийх ёстой гэдгийг сайн ойлгодог байсан.Дөнгөж 26 настай гэхэд Саймон Хэслопын хувьд архаг тамирчдын хэрийн тоглолт гүйцээгээд байлаа. Элдэв зээллэгийг оруулаад Стивэнэж түүний 10 дахь клуб байв. Хоёрдугаар лигээс тавдугаарх лиг хүртэл бүх төрлийн багуудаар замнал нь өрнөжээ. Өөрийнх нь байгаа Нэгдүгээр лигийг тодрон гэрэлтэх тайзаа болгоно гэж биедээ эрдсэн, бөмбөг залах донтой өсвөр насны хүүхдүүдийн учрыг олохдоо тэр их дадамгай гэж жигтэйхэн. Тийм ч болохоороо Грилишийг зүүн жигүүрээр бөмбөгөө туугаад нэг нэг их яарамгүй алгуурхнаар Стивэнэжийн нэг тоглогчийг хуураад дараа нь ахиад нэгийг гэхчлэн төв рүү ороод ирэх үед нь Хэслоп шийдэмгий арга хэмжээ авчээ. Даварсан арван наймтын зүүн талаас нь баруун хөл, ташаагаараа хамаг хүчээ гарган хар гүйхээрээ нялга дайрч явчихав. Хэслопын санаанд нь ч ороогүй бөмбөг харин харагдах бараагүй.
Сэлгээний бүрэлдэхүүнд 2012 оны гуравдугаар сард Челсигийн эсрэг нэрлэгдэхдээ дөнгөж 16 настай байсан бөгөөд энэ нь ч тухайн үедээ үнийг нь өсгөж бусад клубуудээс ирэх анхаарлыг сарниулах зориулалттай арга хэмжээ байсан юм. Жинхэнэ ёсоороо үндсэн багийн гарааны амтыг авсан нь үүний хойд улиралд Ноттс Коунтид зээлээр тоглож байхад тохиожээ. Ноттингэмд ирэхэд нь шинэ багийнх нь нөхөд түүнийг багийн довтолгоог сайжруулах чадвартайг нь шууд ойлгосон юм. Бөмбөгөө хөнгөхөн залаад хуураад явчихдаг, дамжуулалтад нүдтэй, бас хөөрхөн цохьчихдог гээд. Гэхдээ үүнээс илүүтээгээр хүчний тоглолт зонхилсон гуравдугаар лигийн онцлогт бүрэн зохицсон чийрэг биетэй байсанд нь тэд их гайхсан байдаг.
Тухайн үед баг ахалж байсан Шихан:
-
Тэгэхэд жаахан хүү байсан мөртөө биеийн хөгжил их сайтай байсан юмдаг. Яг л дээд зэргийн бэлтгэлтэй тамирчин шиг. Анх харахад нэлээн чухал царайтай харагдахаар нь “Юун хүүхэд вэ?” гэж бодогдож билээ. Премьер лигийн өнгөрсөн улирлаар Грилиш дээр хамгийн олон алдаа хийсэн гэх баримт бий. Яг тиймэрхүү хандлага Коунтид байхад нь бас л ажиглагдсан ба бүр илүү хүчний тоглолтуудын дунд, видео туслах ч үгүй газар болж өнгөрсөн юм.
Зураг 3. Өнгөрсөн 2019/20 улиралд Астон Виллагийн бөмбөг эзэмшилт хамгийн бага байсан боловч Жак Грилиш дээр хамгийн олон алдаа хийгдсэн байдаг.
Шаазгайнуудын довтлогч асан Энох Шовунми:
-
Хашир туршлагатай мэргэжлийн хөлбөмбөгч мөртөө 18 настай нөхрийн өөдөөс тулаад, бөмбөгийг нь булааж чадахгүй болохоор бүр эгдүү төрнө. Эгдүүцсэндээ болж нөхөр дээр алдаа хийгээд байвал өшиглүүлсэн ч гэсэн бөмбөг нэхсэн хэвээрээ байх нь уу үгүй юу гэдгийг нь, хэр чанга байхыг нь шалгамаар санагддаг. Мань эрийн сэтгэлзүй чанга байсан нь тэгэхэд ч тод харагддаг байсан.Грилишийн энэ биеийн хүчний тоглолтод ажрахгүй зүтгэх чанар нь Бодимүүр Хийт дэх бэлтгэлийн талбай дээр гэхээс илүүтээгээр Солихуллын кельт спортын төв болсон Pairc na hEireann төвөөс улбаатай гэж үзэж болно. Найман настайдаа авга ахыгаа дагаж Жон Митчэлс клубын бэлтгэлд очдог болсноор кельт хөлбөмбөгтэй анх танилцжээ. Өвөө эмээ нар нь Ирландаас гаралтай, одоо ч элэгтэй байдаг бөгөөд Грилиш 2015 онд Английн шигшээг сонгохоосоо өмнө Ирландын өсвөрийн шигшээг төлөөлөн тоглож байсан билээ. Үеэлүүдийнх нь дунд одоо ч хэр нь Бирмингэмд кельт хөлбөмбөг тоглодог нөхөд бий. Чухам энэхүү кельт хөлбөмбөгийн ачаар л Грилиш үзэгч олны өмнө тоглож сурсан юм. Ирландын хамгийн том спортын арга хэмжээнүүдийн нэг болох Лейнстэрийн шувтаргын тоглолтоор Дублины Кроук парк цэнгэлдэхэд 70 мянган үзэгчдийн өмнө Варвикшайрын 12 хүртэлх насны багийн бүрэлдэхүүнд тоглоод ч зогсохгүй гоолдож байжээ. Тоглолт найруулах, бөмбөг залах авьяас нь кельт хөлбөмбөгт маш сайхан зохьцож байлаа. Түүний тоглож байсан Жон Митчелсийн баг бүрэлдэхүүн нь Бирмингэмийн Фейле тэмцээний хагас шигшээ хүртэл явсан ирландаас гадуурх анхны баг болсон ба уг тэмцээний гол фаворитуудын нэг байсан Кастлблэйниг замдаа хожсон байдаг. Өөр нэг тэмцээний хагас шигшээгийн тоглолтод манай хүн гарамгай гоцлон тоглолт үзүүлж зургаа долоон тоглогч хуурч гоолдсоноор 13 онооны зөрүүг нэхэн барьж хожсон байдаг.
Жон Митчелсийн дасгалжуулагч байсан Кэвин МакГиннити:
-
Тийм залуу хүүхэд гэхэд талбай дээр өөрийгөө бүрэн мэдэрчихсэн. Ерөөсөө л төрөлхийн авьяастай.
Кельт хөлбөмбөгийг маш харгис ч гэж хэлж болно, бөмбөг таслахдаа хөлбөмбөг шиг гэхээс илүү рагбитай төстэй. Өсвөрийн тоглолтууд уг нь биед хүрэхгүй явагдах ёстой гэх боловч Грилишийн хувьд тийм биш байлаа.
МакГиннити:
-
Жак дээр их контакт ирдэг байлаа. Гэхдээ мань эр ажрахгүй шүү. Ер тоохгүй. Үеийнхнээсээ намхан хэдий ч бахим байсан. Тийм ч учраас 2014 оны 1 дүгээр сард Стивэнэжийг Броодхолл Вэй цэнгэлдэхэд нь 1-0 харьцаагаар хожсон тоглолтын эхний үед Хэслопыг тэгж дайрч орж ирэхэд Жак Грилиш аль хэдийн өөртэй нь тиймэрхүү ширүүн тоглодогт дасчихсан байжээ. Талбайгаас түлхэн гаргаж чадсан боловч, айлгаж чадсангүй. Дараагийн тоглолт гэхэд л эргээд ирснээр барахгүй жигүүрийн хамгаалагч нар луу дайрсан хэвээрээ, бүр Питерборогийн эсрэг гоолдоод ч амжсан юм.
Тэр оныхоо 5 дугаар сард Вилла руугаа харихдаа Коунтигийн лигээсээ унах аюулыг амжилттай зайлуулаад явжээ. Үндсэн багийн анхны улирлаа 38 удаа тоглож, таван гоол, тоолшгүй олон гүвдрүүтэй дуусгасан байдаг.
Виллагийн академийн менежер асан Брайан Жонс:
-
Залуу хөвгүүн яваад том эр хүн болоод ирсэн. Зан авир нь ч, тоглолтыг харах хандлага нь ч өөрчлөгдсөн. “БиЖэй, би тэр доод түвшинд тогломооргүй байна. Одоо хүндийг үүрэх цаг нь болсон. Эндээ тогломоор байна” гэж надад хэлж билээ. Эргэж ирсэн Грилиш Вилла дахь анхны тоглолтоо Премьер лигийн улирлын сүүлээсээ хоёр дахь тоглолтоор Ман Ситид 4-0 харьцаагаар хожигдоход хийсэн юм.
Грилиштэй Виллад 2016 он хүртэл хамт тоглосон хаалгач Брад Гузан:
-
Үндсэн багт тоглоно гэдэг бол эр хүний тоглоом юм байна гэдгийг тэр шууд ойлгосон. Олон ч өшиглүүлнэ, олон ч гүвдрүүтнэ. Тэглээ гээд тоглох хүсэл нь улам их оргилоод байсан нь хүмүүст маш тод харагдаж байсан байх аа. Зураг 4. Премьер лигт анх тоглосноос хойш зургаан жил өнгөрчээ.
Хаалганы араас харахад булангийн цохилт хүлээгээд зогсож байгаа хар цагаан өмсгөлтэй Ноттс Коунти багийн тоглогчид дундаас нэг хүн торойн харагдана. Футболкоо шортныхоо гадуур унжуулж, оймсоо шагай хүртлээ эргүүлчихсэн. Бөмбөг хоёр ч удаа Гиллингэмийн 16 метрийн талбай руу орж ирэхэд талбайн өнцөг хэсэгт дээр зогсож харагдана. Айлынхан бөмбөгийг мөргөж гаргахад тэр цээжин дээрээ буулгаж авахдаа хаалганаас 25 метрт зогсож байлаа. Гүйлээ. Гурван удаа хий өшиглөх дүр үзүүлэн хуурахад гурван хамгаалагч хий үмхэн хууртав. Эцэст нь жинхэнээсээ өшиглөхөд бөмбөг хаалганы торыг дотроос нь цоолох шахам хүчтэй орсон юм. Гэвч тэр зогсолгүй үргэлжлүүлэн гүйсээр Мэйдов Лэйний Дэрэк Пависын булан хүрэв. Тэнд Кэвин Грилиш хүүгээ угтан суудлаасаа огло харайн доош гүйж байлаа. Тэр хоёр Жакийн мэргэжлийн хөлбөмбөгчний хувиар хийсэн анхных нь гоолыг, тэр хүртэл даван туулсан бүх зүйлийг нь хамтдаа тэмдэглэн тэврэлдсэн юм.
Виллагийн ахлагчийг дөрөвхөн настай байхад дүү Кийлан нь нярайн эндэгдлээр өөд болжээ. Хэдий эрт өнгөрсөн ч гэлээ өөд болсон дүүгээ тэд үргэлж дурсан явдаг байна. Найман настай байхдаа Грилиш түрүү багийн цомоо өөрийнхөө сургуульд, дүүгийнхээ дурсгал болгон хандивлаж байсан удаатай. Солихулл дахь “Энэрэлт ахайтан” католик бага сургуулийнхны хувьд Кийлан Даниэл Грилишийн дурсгалын цомын тэмцээн өнөөг хүртэл үнэ бүхий спортын арга хэмжээ хэмээн тооцогдсон хэвээр. Арван жилийн дараа Гиллингэмийн эсрэг хийсэн энэхүү гоцлол гоолоо дүү Кийландаа зориулжээ.
Ийм гунигт явдлаас эерүүг олж харъя гэвэл хайртай хүмүүсээ улам хайрлаж, хамт өнгөрүүлсэн мөч бүрээ нандигнах ёстойг ухаарах явдал билээ. Ээж Карен нь академийнх нь бэлтгэлээс авахаар ирэх болгонд тэрбээр хар хурдаараа гүйн ирж тархины саажилттай дүү охин Холлигоо тэвэрнэ. 2015 оны Холбооны цомын хагас шигшээгээр Вэмбли цэнгэлдэхэд Ливерпүүлийн эсрэг шилдэг тоглогчоор нэрлэгдсэн тоглолтын дараагаар аанай л Холли руугаа гүйн очиж тэвэрч байсан юм.
Ваттс:
-
Тамирчин бүрт өөрийн зорилго бий. Жак хэзээ ч мөнгөний төлөө яваагүй гэж би боддог. Хөлбөмбөгт хайртайдаа, гэрийнхэндээ хайртайдаа л ингэж яваа байх. Шаргуу зүтгэлийг бий болгох олон зүйлс байдаг, зовлон бэрхшээл голдуу. Хувийн амьдралын зовлон, спортын бэрхшээл ч юм уу. Эдгээртэй тулах үед хаа нэгтээ үүнийг даван туулах сэтгэлийн хат, шаргуу зүтгэл бий болдог. Түүнд энэ чанар яахын аргагүй бий. Амжилтын төлөөх шаргуу зүтгэл. Олонд зартай бүтэлгүй явдлууд ихтэй хүн гэхэд Грилиштэй тулж ажиллаж байсан хүн бүр бараг дуу нэгтэйгээ түүнийг төлөв томоотой хэмээн мэтгэх нь энгийн нэгэн хөлбөмбөг сонирхогчид жигтэй санагдах байх. Гэхдээ төлөвшил олон янз байдаг. Грилиш мундаг төлөвшсөн гэдгээ олон удаа харуулж байсан, жишээ гэхэд өнгөрсөн жилийн дербигээр Бирмингэм Ситигийн дэмжигч талбай дээр гүйж гарч ирээд цохиод авахад биеэ гайхалтай хянаснаар барахгүй тоглолтоо тайван үргэлжлүүлж, хожлын гоол хийсэн.
Удирдан залах чанарыг нь аль 15 настай байхад нь анзаарсан Кинселла ийн хэлэв.
-
Тэр үргэлж л талбай дээр үлгэрлэн дагуулдаг байсан. Ямар нэг юмыг зөвшөөрөхгүй байвал чимээгүй байна гэж байхгүй, ямар нэг юм заавал хэлдэг.Доош унахгүйн төлөөх дарамттай тэмцлийн үеэр Ноттс Коунтид хамт тоглож байсан багийн нөхөд нь бэлтгэлийн үеэр Грилишийг бөмбгөө хурдан дамжуулж, арагшаа татаж тоглохыг шаардан олон ч удаа зандарч байв. Мань эр ерөөсөө хариу хэрэлдэхгүй. Дуугүй суралцсаар, сайжирсаар ирсэн бөгөөд хэзээ ч өөрийнхөө тоглолтын хэв маягаас няцаж байсангүй. Замналынхаа эхэнд, арван есхөн настайдаа Холбооны цомын хагас шигшээгээр Ливерпүүлийг урж тасдсан тоглолтынхоо дараа ч гэсэн, тэрээр өөрийгөө улам сайжруулахаар шаргуу хөдөлмөрлөж байсан юм. Тэр тоглолтоос хойш хэдхэн өдрийн дараа дасгалжуулагч нартайгаа тухайн тоглолтод яаж тоглосон бол илүү сайн байх байсан талаар ярилцаж байсан гэдэг.
Грилиш өөрийгөө талбай дээр болон талбайн гадна төгс биш гэдгээ мэднэ. Хийх ажил хангалттай их бий, гэхдээ тэрээр хэцүү ажлаас хэзээ ч шантарч яваагүй билээ.
Вилла_Баяраад зориулан орчуулсан: Д.Цогчулуун
2020.11.03