БОББИ ПИРЭС: ДЕННИС БЭРГКАМП, АРСЭН ВЭНГЭР БОЛОН БУСДЫН ТУХАЙБиБиСи дээр байдаг “MOTD Top 10” подкастад Арсеналын болон Францын шигшээгийн домогт тоглогч Роберт Пирэс орж ярилцсаныг товчлон бантагнасу. Пирэс шигшээтэйгээ хамтдаа 1998 оны Дэлхийн цом, 2000 оны Европын цомд түрүүлсэн ба Арсеналд байх зургаан жилийн хугацаандаа Премьер лигийн түрүүг хоёр удаа, Холбооны цомын түрүүг бас хоёр удаа хүртсэн зүй ёсны домогт тоглогч мөн билээ. Арсеналын Инвинсиблс буюу Ялгуусан бүрэлдэхүүний салшгүй нэгэн хэсэг маань ийнхүү ярьжээ. Мэдээллийн бас зургийн эх сурвалж нь:
https://www.bbc.com/sport/football/53638722***
ХАМТ ТОГЛОЖ БАЙСАН ХАМГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ
Шигшээд тоглож байхдаа Зинедин Зиданаас маш их юм сурч байсан. Зидан жинхэнэ удирдагч, маш чанга хүн байсан. 2000 онд Арсеналд ирэхдээ би Деннис Бэргкампаас маш их юм сурсан. Багийн жинхэнэ уураг тархи байж, хамаг юмсыг маш амархан юм шиг л хийдэг байж билээ. Түүн шиг төрлийн тоглогчдод би их дуртай, одоо гэхэд Кэвин де Бруины тоглолтыг харах дуртай. Андрэс Иниэстаг харах дуртай байсан. Бэргкамп Арсэн Вэнгэрт маш чухал тоглогч байсан.
ЭСРЭГ ТОГЛОЖ БАЙСАН ХАМГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ
Премьер лигт бол Жон Терри, Рио Фэрдинанд хоёр байна. Челси, Юнайтедтай тоглоход дандаа л хэцүү, Терри, Фердинанд хоёр маш чанга, үргэлж биедэж тоглодог байсан. Францаас ирээд энд Премьер лигт тоглоход анхандаа үнэхээр хэцүү байсан. “Хөлбөмбөг энд их өөр шүү. Биеийн хүч маш их шаардлагатай, чи сурах хэрэгтэй” гэж Арсэн Вэнгэр надад хэлж байлаа. Анхны тоглолт маань Сандерландын эсрэг байсан. Сэлгээний сандал дээр сууж байхдаа эхний 20-25 минутын дараа л “Яая, ингэж тоглох юм бол ёстой бүтэхгүй ээ” гэж бодож байснаа л санадаг юм.
УДИРДАГАД НЬ ТОГЛОЖ БАЙСАН ХАМГИЙН ШИЛДЭГ МЕНЕЖЕР
Арсэн Вэнгэрийн төлөө тоглох нь миний хувьд жинхэнэ нэр төрийн хэрэг байсан. Премьер лигт ирээд амжилттай тоглох нь маш чухал байлаа. Арсэн надад талбайн гадна нь ч их тусалж байсан. Бараг л хоёр дахь аав шиг минь л хүн дээ. Бөмбөгтэй сайн харьцдаг, сайн тоглогчдод их дуртай ч байсан. Магадгүй тийм болохоороо Тиерри Анри, Нванкво Кану, Бэргкамп эднүүстэй амжилттай ажилласан байх. 2006 оны Аваргуудын лигийн шувтаргаас хоёр хоногийн дараа би уулзаад “Сонсооч, Арсэн, миний төлөө хийсэн бүх юманд чинь маш их баярлаж явдаг, гэхдээ надад Испанид, Вияариалын төлөө тоглох сайхан боломж гарлаа” гэж хэлсэн. Их цочирдсон ч гэлээ гадаад улсад тоглох сайхан боломж гарч ирсэн тохиолдолд үзээд алдах л хэрэгтэй биз дээ.
ХАМГИЙН ДУРТАЙ ГООЛ
Петер Шмейхелийг Астон Виллад байхад нь 2002 онд хийсэн гоол. Фредди Юнбергээс холын дамжуулалт аваад, Жорж Боатенгийн дээгүүр хөөргөөд цаана нь Шмейхэлийн өөдөөс өлгөөд хаалга руу. Аймаар уурласан байх аа. (
https://www.youtube.com/watch?v=cEVzSSPB4JA)
Нөгөөх нь 2003 онд Ливерпүүлийн эсрэг Анфилдэд хийсэн гоол байна. (
https://www.youtube.com/watch?v=ZCYhDGzks6E)
ХАМГИЙН ДУРТАЙ ТОГЛОЛТ
Челси, Юнайтед, Ливерпүүлийн эсрэг тоглоход гоё, гэхдээ Умард Лондонгийн дарби бол өөр асуудал шүү дээ. Энэ тоглолтоос маш олон сайхан дурсамж байна. Би хувьдаа маш олон дэрби тоглолтуудад тоглож байсан гэвч Арсенал, Тоттэнхамын тоглолт Хаибери, Ваит Харт Лэйний алинд ч болж байсан үргэлж сайхан байдаг байсан. Санаанд хамгийн тод байгаа нь Тоттэнхам 4-5 Арсенал тоглолт байна. Ёстой галзуу тоглолт. Талбай дээр ёстой л цахилгаан цахих нь холгүй байсан.
Тойм:
Бүтэн тоглолт:
ХӨЛБӨМБӨГИЙН ШҮТЭЭН
Эхнийх нь миний аав. Манай нутгийн Раймст тоглож, гоолын хур буулгадаг довтлогч байсан юм. бага байхад үргэлж л “Миний тоглохыг харах уу?” гээд л дагуулаад явдагсан. Айлын, өөрийн бүх талбай дээрх тоглолтыг нь л үздэг байлаа. Дараа нь Реал Мадридын төвийн хагас хамгаалагч байсан Мичэл байна. Маш уран тансаг тоглолттой болохоор “Би энэ Мичэл шиг болох юмсан” гэж боддог байснаа санаж байна. Ёстой өөр тоглогч байсан шүү. Маш онцгой.
ЗАМНАЛЫН ЧИНЬ ХАМГИЙН ХӨГЖИЛТЭЙ МӨЧ
Анх хувцас олих өрөөнд Мартин Кеовн дуу тавиад Майкл Жексон шиг бүжиглээд эхлэхэд л ёстой мэл гайхаж, цэл хөхөрсөн. Сарнаа явагч хөдөлгөөнийг нь хийж билээ. Францад ингэдэггүй байсан болохоор үнэхээр хачин санагдаж байсан юм. Хаиберид тоглолтын яг өмнө байхгүй юу. Хөгжим тавихаар нь би “Юу болж байна?” гэсэн. “Англид тавтай морил. Тоглолтын өмнө ингэдэг юм” гэж тэр хариулж билээ. “Манай Францад бол тоглолтын өмнө анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байдаг. Ингэдэггүй ээ” гэж би хариулж байлаа.
ХАМГИЙН ИХ ХАРАМСДАГ ЯВДАЛ
2006 оны Аваргуудын лигийн шувтарга. Арсенал дахь миний хамгийн новшийн мөч. Хамаг юм буруу эргэж байсан.
ХАМГИЙН ГАЛЗУУ ХАМТРАГЧ
Рэй Парлоур. Үнэн алиа гар байсан шүү. Би их хайрлаж явдаг юм. Талбай дээр ч надтай сайн хоршиж байлаа. Төсөөлөөд үз дээ, Рэй Парлоур, Мартин Кеовн хоёр хувцас солих өрөөн байна гээд. Тони ахлагч байсан болохоороо нэлээн чухал, маш ширүүн байдаг байсан.
ШИГШЭЭ ДЭХ ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ЯВДАЛ
Нутгийн дэвжээн дээрээ Дэлхийн цом хүртсэн маань ёстой л ид шидийн гэмээр. Дидье Дешам цомыг өргөхөд би дотроо “Яая, би ямар азтай вэ?” гэж бодож байсан юмдаг. Тоглогчид бүгд медалаа ерөнхийлөгч Жак Ширакаас гардаж байлаа шүү дээ.
***
Монголчлон бантагнасан: Д.Цогчулуун
2020.08.07