...БҮЛЭГ 2 "ШИЙДВЭР"
(ҮРГЭЛЖЛЭЛ)
КАМП НОУ. ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ«Барселона Б багийг дасгалжуулах болсондоо хязгааргүй баяртай байна. Клубын итгэлийг хүлээж энэ албыг авч байгаа минь нэр төрийн хэрэг. Үнэнийг хэлэхэд өөр ажлын санал надад огт ирээгүй. Гагц Барса л найдвараа тавьсан. Үүнийх нь төлөө би талархаж бас мэрийх өртэй» хэмээн Пеп өмнөө овоорсон сэтгүүлчдэд хандан 2007 оны зуны тэр нэгэн өдөр Камп Ноугийн хэвлэлийн бага хурлын өрөөнд хэлж байв.
Ирэх хүлээлт, дарамт шахалт түүнд бага байсан. Ийм хэвээр нь байлгахыг ч эрмэлзэн Пеп даруухан загнаж байв. Гэхдээ л зодог тайлснаасаа хойшх ганцхан жилдээ өөрийн гэсэн өвөрмөц арга барил, философи, зарчим бүхий шаггүй хэрсүү мэргэжилтэн болон боловсорч чадсаныг нь энэ улирал илчлэн харуулсан юм.
Хоан Лапорта дээрх хэвлэлийн хурлын үеэр Гуардиолагийн хажууд сууж байсан. Клубын домог, экс ахлагч, каталон үндэстний бахархлын бэлгэ тэмдгийг буцаан авчирсан гавьяагаа тунхаглаж, олны хандлагыг өөр лүүгээ эргүүлэх нь түүнд онц ач холбогдолтой байв. Цомгүй 2006-07 оны улирал, Сандро Розель тэргүүтэй хуучин хамтрагчдынх нь удаа дараагийн дайралтууд (хувийн амбицаа клубээс дээрд тавьж олж ашиг хөөсөн хэмээн буруутгасан) түүний нэр хүнд, итгэгчдийн тоог богино хугацаанд огцом унагасан. Хоёр дараалсан лигийн түрүү, 14 жилийн дараах аваргуудын лигийн цом нь ч тус болж чадаагүй. Клубын дотоод зөрчил, хувийн амьдралынх нь асуудлууд архагшсан тул айсуй аюулаас өрсөн байр сууриа батжуулах нь түүнд нэн чухал байв. Яг энэ үед нь Пеп буцаж ирсэн. Түүний үүсгэсэн эерэг нөлөө, өөдрөг уур амьсгалыг яаж өөртөө ашиглахаа Хоан андсангүй. Ерээд оны эхнээс шинэ зуун хүртэлх Барсагийн дэмжигчдийн бүтэн нэг үе Пепийг бахдаж, биширч, хүндэлж, үлгэр дуурайл аван өсөж өндийсөн.
«Бүхий л насаараа би Гуардиола шиг болохыг мөрөөсөж ирсэн» гэж хэлэхдээ Лапорта одоо олонхийг бүрдүүлэх болсон тэдгээр фэнүүдэд хандсан хэрэг. Харин Йохан Кройф тэнд байсангүй. Пептэй эвлэрч, эргэж ирэхийг нь зөвшөөрсөн ч гэсэн тэрээр тайзны ард хөшигний цаана байхыг илүүд үзсэн юм. Өөрийнх нь хамгийн нөлөөтэй, найдвартай ар тал учир Лапорта Кройфтой зөвлөж, зөвлөгөөг нь авалгүй нэг ч шийдвэр гаргаж байгаагүй. Тэр тусмаа хариуцлагатай албан тушаалын халаа сэлгээн дээр. Энэ удаа ч тэгсэн.
Пеп бүтэлгүйтвэл буцаад толгой дээр нь чулуу унах бусдын сануулгыг үл харгалзан Хоан Чикигийн саналыг хүлээж авсан. Кройф итгэж, «Бидний урмыг хугалах хүү биш» гэж байгаа бол итгэх л хэрэгтэй. Пеп ч бас ирж болох эрсдэл, байж болох уналтаас айгаагүй. Болох юм болдгоороо л болно. Тэр цаг ирэхэд «Тэгдэг байж» гэж амаа барин харамсаж гэмшихгүй байх л туйлын чухал. Төлөвлөж, тунгааснаа тултал нь хийх.
Ирээдүйн аян замдаа Пеп зориг шийдэмгий байлаа. Доха дахь усан санд сэлж, Дорадосын бүгчим оффист шигдэж, Бьелсагийн тансаг харшт тухалж, Пескарагийн эргээр алхаж явахдаа ч тэр Барсад буцаж ирэх энэ л мөчийг тархиндаа төсөөлөн зураглаж, залбиран тэмүүлж, зүүд нойрондоо үзэж, тэсэж ядан хүсэмжилдэг байсан. Тэгээд тэр өдөр нь ирэхэд баярлаж бахархсан сэтгэлээ барьж чадалгүй буглаж багтарч явсан бүхнээ бусадтай ний нуугүй хуваалцсан юм.
«Менежерийн хувьд би хэн ч биш. Надаас юу хүлээж, харж, хүсэхээ хүмүүс мэдэхгүй байгаа. Та нар тоглогч Гуардиолаг л мэднэ. Дасгалжуулагч Пеп хараахан бий болоогүй байна. Энэ л миний давуу тал. Өнөөдрөөс эхлээд би өдөр бүр өөрийгөө батлах, чадвараа нотлох, амласнаа биелүүлэхийн төлөөх тэмцэлтэй тулгарна. Тэгээд л би хүүхэд шиг хөөрч догдлоод байгаа юм. Би сорилтонд дуртай. Шалгагдахаас халирдаггүй. Харин ч болбоос талархаж хүлээж авдаг. Энэ багийг би гарынхаа арван хуруу шигээ сайн мэднэ. Энд юу дутагдаж байгааг, ямар эрэг нь суларсныг, ямар шинэчлэлт хэрэгтэйг нэвт шувт харж байна. Залууст юун түрүүнд зориг, тэвчээр, зүтгэл хэрэгтэй. Тэнд очиж чадна гэсэн гал цог шаардлагатай. Хожиж, ялж, дийлж чадна гэсэн итгэлийн түүдгийг нь өрдөж өгөх нь зүй. Энэ сэтгэлгээ, хандлага, харах өнцгийг л би бүхнээс урьтаж тоглогчдодоо суулгахыг эрхэм болгоно. Түүнээс цаашх нь зөвхөн цаг хугацааны л асуудал»
Багшилж, эрдмийн үрийг тараах хүслээ Пеп хэзээ ч нууж байгаагүй. Мэргэжлийн хөлбөмбөгт хийх зүйлээ хийчихээд «сонсож, суралцах» сэтгэлээр цалгисан хүүхэд багачуудтай ажиллана гэж тэр төсөөлдөг. Дасгалжуулагч болоод өгсөн анхны чиглэл, заавраа ч ирээдүйг цогцлоох эрмэлзлэлтэй тэдгээр залуу үеийнхэнд өгсөн. Олж хураасан мэдлэг туршлага, ойлгож ухамсарласан онол сургаалиасаа шилж шигшсэн доорх санаануудыг Пеп анхны шавь нартаа зориулсан юм.
«Бидний нэн тэргүүний, номер нэг зорилго бол мэдээж дээшээ дэвших. Хичээл зүтгэл, хөлс хүчээ дайчлан чармайхгүйгээр ингэх боломжгүй. Бид өөрсдөөсөө, бие бялдар, оюун бодлоосоо шалтгаалах бүхнээ шавхах ёстой. Тоглолт бүрт, бэлтгэл бүрт зуун хувь бүхнээ зориулна гэсэн үг. Тэгж л чадвал аз дутаж хожигдсон ч гэсэн би та нарыг буруутгаж зэмлэхгүй. Эрэлхгээр тэмцээд ялагдахад ичгүүр гутамшиг гэж үгүй. Тухайн цагт хийж байгаа зүйлдээ бүрэн төвлөрч, мэргэжлийн өнцгөөс ханд. Бөмбөг, байрлал, боломж болгоны төлөө амь нас чинь үрэгдэх гэж байгаа мэт махран тэмц. Гэхдээ бас нэр төр, ёс суртахуун, хүн чанараа уландаа гишгэж болохгүй. Хожсон ч, хожигдсон ч анх хэн байсан тэр хэвээрээ үлд. Хорвоо ертөнц биш, чи л өөрөө өөрчлөгддөг гэдгийг сана»
Довтолгоо бүрийн эхлэл хойд талаас тавигдаж, хамгаалагчид довтолгооны эхний шугам, довтлогчид хамгаалалтын тэргүүн фронт болох ёстой гэдгийг ч Пеп багийнхандаа тайлбарлаж өгсөн.
«Миний багт бөмбөгтэй харьцахаас халширч, хойш суудаг хэн нэгэн байх учиргүй»
Тоглолтын хэв маяг, хэлбэр бүтцийн тал дээр хэзээ ч хоёрдмол санаа байж болохгүйг мөн хатуу анхааруулав.
«Барселона ямар үнэт зүйлт, өв соёл, зарчимтайг хэн хүнгүй мэднэ. Би энэ бүхэнд итгэдэг. Мэдэрдэг. Та нар ч бас итгэж, мэдрэх ёстой. Бодол, сэтгэлгээндээ үүнийг бүрэн уусгаж нэвчүүл. Барсагийн нэр мөнхөд мандан бадарч, туг нь тэнгэрт намирч явахыг туйлын тэмүүллээ болго. Яг одоо бол ялж, ёроол адгаас гарах нь бидний үүрэг даалгавар. Хувийн хүсэл амбицаа, багийн бодлого зорилготой нийцүүл. Талбай руу гарах бүртээ, зүлгэн дээр гишгэх тоолондоо Барселонаг төлөөлж байгаа гэдгээ санаж, толгой гэдгэр, зовхи өөдөө зориг хийморьтой байж өрсөлдөгчдөө хэн гэдгээ харуулцгаа»
Өөрөө Ла Масиагийн тогоонд чанагдаж, элдүүрээ хануулсан учир Пеп өмнөө зогсож байгаа 18, 19, 20-той залуусын толгойд юу эргэлдэж, ертөнцийг ямар өнгөөр үзэж байгааг нь сайн мэдэж байлаа. Энэ давуу тал дээрээ түшиглэн дотоод бүтцийнхээ давс хужрыг нь тааруулж, ажиллах арга барил төлөвлөгөөгөө бий болгосон.
Гагц хожиж, хэвлэлийн эхний нүүрэнд хэвлэгдэхээс гадна клубыг гадна дотногүй мэдэхийн хувьд, энд өсөж хөрвөжин хүн болсны хувьд, клубын мөн чанар, сүнс сүлдийг сэтгэлдээ тээж явдгийн хувьд Гуардиола ирсэн нь Барселонад үлэмж ашиг тустай үйл явдал болсон. Удирдлагын түвшин дэх үймээн будлиан, зөрчил самуунаас үүдэж үнэ цэнээ алдан доройтож, өөр багуудаас ялгаж сондгойруулдаг онцлог эрхэм шинжүүдээ үгүй хийн устгаж байх эгзэгтэй үетэй Пепийн эргэн ирэлт давхцсан.
1984 онд «Фермийн байшин»-д анх танилцаж, хоёр арваныг дамнан таньж шалгагдсан анд нөхдөөрөө Пеп багаа бүрдүүлсэн. Туслах дасгалжуулагч Тито Виланова, фитнес дасгалжуулагч Аурели Алтимира, нөхөн сэргээх эмчилгээ Эмили Рикарт.
Б багийн асуудал техниктэй тоглогчид дутагдсанд бус тэдний чадвар, нөөц бололцоог зөв ашиглаж, чиглүүлж чадаагүйд оршиж байв. Пепийн мэдэлд ирсэн хөвгүүдийн дунд нэгдүгээр багт дэвшүүлчихмээр, өөр хаана ч очсон газардахааргүй нүдэнд тусах содон авьяастнууд цөөнгүй байсан. Йохан Кройфын 20 жилийн өмнө нэвтрүүлсэн биеийн хөгжил, булчин шөрмөсийг нь биш бөмбөгтэй харьцах мэдрэмж, сэтгэж санаачлах IQ-г нь гол шалгуур болгосон элсэлтийн системийн ачаар биеэ даасан, хайрцагт хоригдоогүй, дунджаас дээш давсан тусгай чадвартай төгсөгчдийг Ла Масиа тогтмол торниулан хөгжүүлж, Барселона С, Б, А багуудад хүлээлгэн өгсөөр өөрсдийн өндөр стандартыг тогтоосон байв. Тэгэхээр багийнхаа потенциал, чадамжинд эргэлзэх эрх Пепт байсангүй.
Унхиа муутай удирдлагын уршгаар хэт назгайрч, сахилга бат суларсан нь л энэ багийг зэрэглэл уруудахад хүргэсэн юм. Академи, өсвөрийн хөлбөмбөгчдөд хандуулах анхаарал халамж суларч, хүүхдүүд ч бас клубын нэг хэсэг, байшинг бат бөх байлгах тулгуур багана гэдгийг умартсанаас үүдэлтэй ужиг урхаг. Хэвлэлийн бага хурал дээрээ Пеп үүнийг хөндөж, хэд хэдэн эрс өөрчлөлт хийхээ мэдэгдэж байсан. Тэдний нэг нь гуравдугаар дивизионд тоглож байсан Барселона С багийг татан буулгаж Б багтай нэгтгэх байв. Мөн 21-ээс дээш настай тоглогчдыг хоёр жил хүртэл хугацаанд нөөц багт тоглохыг зөвшөөрсөн. Академи дүүргэж гэрчилгээ авсан л бол С эсвэл Б багийн аль нэгэнд нь автоматаар багтдаг уламжлал үүгээр эцэс болж, Пепийн хүсэж байсан өрсөлдөөн болоод өндөр босго бий болсон. Тэмцэл, идэвхжүүлэлтээр багаа чанаржуулах тактик. Энэ үйл явцын хамгийн хэцүү нь С, Б багийн 50 тоглогчдын талыг нь хасаж 23 хүний бүрэлдэхүүнтэй шинэ баг бүрдүүлэх байв. Өөрөөр хэлбэл 27 Ла Масиагийн хөвгүүддээ «Уучлаарай. Та нар Барсагийн улаан шугаманд хүрч чадсангүй. Өөр баг хайцгаа» гэж хэлэх хэрэгтэй болсон. Амаргүй болоод атаархах зүйлгүй энэ давааг Пеп хэрхэн давсныг Давид Труэба ярианаас сийрүүлье.
«Түүнд зургаан долоо хоногийн л хугацаа байсан. Тийм давчуу хугацаанд тоглогч болгонд хавтас үүсгэж, сул давуу талуудыг нь бүрэн таних боломжгүй. Гэтэл энэ чинь хүний ажлын замнал цаашлаад амьдрал, амьжиргааных нь тухай асуудал. Мэргэжлийн хөлбөмбөгч болно, хайртай багийнхаа төлөө тоглоно гэсэн мөрөөдөл зөгнөлд нь цэг тавьж байгаа зүйл. Амьдралаа зөвхөн хөлбөмбөгөөр төсөөлөөд хичээл сурлага, бусад карьерын боломжоо хойш тавин золиослосон хүүхдүүд хүртэл байгаа. Тиаго Алкантара, Жовани Дос Сантос, Педро Родригес гэсэн хүүхдүүдээс хэнийг нь явуулж, хэнийг нь авч үлдэх вэ гэдэг салаа замтай Пеп өдөр бүр тулж, тархиа гашилгаж байсан. Толгойгоо ажиллууллахаас гадна бас зөн совингоо ч гэсэн сонсох хэрэгтэй. Тэр үед бие нь тааруу байж таарах буюу бага зэрэг алдаа гаргасан л бол Педро дөчин мянган оршин суугчтай хэний ч мэдэхгүй Гава гэдэг тосгоны баг руу цөлөгдөж болох байв. Гэтэл чи эндэж түргэдээд ирээдүйн Мессиг хурууныхаа завсраар унагаад алдчихсан байвал яана. Ийм эрсдлийн хэмжээг аль болох багасгахын тулд Пеп өдөр шөнөгүй ажиллаж байсан. Зарим тоглогчдын эцэг эх асран хамгаалагчтай уулзаж, хуучин танилууд руугаа утас цохин хасагдсан хөвгүүдэд баг олж өгөх зэргээр чадах бүхнээ л хийсэн. Гараа бас зүрхээ бохирдуулж байгаагаа тэр мэдэж байсан ч гэлээ үүнээс өөр зам байгаагүй. Сэтгэлийн тэнхээ сорсон бэрх ажил. Ард нь гараад арай гэж гүнзгий амьсгаа авахдаа Пеп бүр хамаг тамираа бараад нурмайчихсан байж билээ. Ганц нэг алдаа гаргасан ч байж болно. Гэхдээ энэ бол түүний өөрийнх нь алдаа. Хэн нэгнийх биш. Бусдад найдаж орхиод хажуунаас нь харж суугаагүй. Энэ л бодол түүнийг тайтгаруулж, цааш ахих урам зориг өгсөн байх»
Соёл сэтгэлгээ ондоо, өөр өөр оронд очиж өмнөө барьдаг мэргэжилтнүүдээс нь өвлөж суралцаж авсан арга барил, дадал хэвшил, санаачилгуудаа Пеп цаг алдалгүй Барсагийн системд нутагшуулж эхэлсэн. Давид Труэбагийн яриаг үргэлжлүүлэх сонсьё.
«Гардаж биечлэн оролцохгүй юм гэж түүнд байгаагүй. Тамирчдын өдөр тутмын хоол хүнсний орц дэглэм, амарч ажиллах цагийн хуваарь, эмчилгээ нөхөн сэргээлтийн явц, өрсөлдөгч багийн судалгаа гэх мэт. Тоглох хуваарьтай багаа Пеп микроскопын дор тавьсан мэт нарийн шинжиж судлахыг хүсдэг байв. Дөрөвдүгээр дивизионы багуудын талаарх мэдээлэл ховор зэврийг үл харгалзан туслахууддаа дэлгэрэнгүй тайлан бэлдэхийг даалгаж, видео бичлэгийг нь хойш урагш гүйлгэн үзэж, бүр юу ч олдохгүй бол тоглолтыг нь цаг гарган очиж үзэхээсээ ч төвөгшөөж байгаагүй.
Өөрийгөө хэт хүчилж, хэнээрхдэг шигээ тоглогч туслахуудаа ч мөн тэгэхийг шаарддаг байв. Тэгэхдээ яагаад ямар нэгэн зүйл хийлгэж байгаа гэдгээ заавал учирлаж, тайлбарлаж өгнө. Багтай холбоотой бүх зүйл өөрийнх нь хяналтанд, ухамсрын хүрээнд, гарынх нь дор байх ёстой гэсэн хатуу зарчимтай. Анзааргагүй өнгөрөх, азанд найдна гэсэн ном байхгүй. Өглөөд хамгийн түрүүнд ирж, үдэш хамгийн сүүлд явна. Хэлснийг нь дагалгүй хязгаараас хэтэрвэл хэн энд босс нь вэ гэдгийг хааяа бас сүр бадруулалгүй харуулчихаж чадна»
2007 оны 12 сарын 6. Хөрш тосгон Масноугийн цэнгэлдэхэд зочлохдоо Барса Б 2:0-ээр тэргүүлж байсан боловч цаг дуусахаас өмнө бариулан хоёр оноогоо алдав.
«Босс биднийг толгой түрүүгүй загнаж зандарсан» гэж тоглогчид тэр өдрийг дурсдаг. «Хувцас солих өрөөний хаалгыг дотроос нь түгжиж байгаад л цамнаж гарсан. Аймшигтай. Амнаас нь гарах үг болгон аянганаас өөрц байгаагүй. Та нар энэ багийн өмсгөлийг өмсөх эрхгүй, хөгжөөн дэмжигчдийн итгэлийг хөсөрдүүллээ, хандсан зүгтээ тонилцгоо гээд л»
Уг нь Пеп байнга ингэдэггүй. Сайтар бодож, дүрс бичлэг үзэж, дүн шинжилгээ хийснийхээ дараа тоглогчидтойгоо маргааш нь уулзаж алдаа оноог нь ярилцдаг. Харин тэр өдөр үнэхээр биеэ барьж чадалгүй тэсэрсэн нь тэр. Аль шальгүй юмаар шалтаглаж бусдыг өөчлөх, өөрийгөө өргөмжлүүлэх гэсэн өөдгүй занд тэр дургүй. Харин багийнхнаа үл хүндэлж, бодлогогүй алхам хийсэн тохиолдолд хамгийн хүнд шийтгэлээ ч харамлана гэж үгүй. Улирлын эхэнд ийм нэгэн үйл явдал болсон. Есөн сарын дундуур Пеп багийнхандаа ийм лекц уншсан юм.
«Operación Triunfo-д (X Factor-той төстэй испаний реалити шоу) оролцож байгаа залуустай та нар өөрсдийгөө жиших хэрэгтэй. Амьдралдаа олдсон ганц алтан боломжийн төлөө тэд яаж биеэ дайчилж, авьяас чадвараа шавхаж байгааг хар. Хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн төлөө тэд ямар их мэрийж, махарч байна. Тэдний оронд байсан бол яах байснаа бод. Тайз, хөлбөмбөгийн талбай гэдэг ялгаатай ч гэсэн та нарын эцсийн зорилго адилхан. Мөрөөдөлдөө хүрэх»
Тэгээд хэдхэн хоногийн дараа «Спорт» сонины эхний нүүрэнд өөрийнх нь уншсан лекц үг үсэггүй дурайж байхыг олж харах нь тэр. Хэн нэгэн нь ам алдсан эсвэл хамт олноо худалдсан байх нь. Энэ асуудалд Пеп хэзээ ч байгаагүйгээрээ уурлаж, өөрийнх нь багт ийм «урвагч» байх ёсгүйг, ахиад ийм зүйл давтагдвал эзнийг нь заавал эрж олоод клубээс хөөнө гэдгээ хатуу сануулсан.
Өөр нэгэн удаа Пеп багийн ахлагч Марк Вальентег гарааны бүрэлдэхүүнээс хасаж, үзэгчдийн суудлаас тоглолт үзүүлсэн. Фитнес заалыг тогтсон цагаас таван минутын өмнө орхиж явсных нь төлөө. «Сахилга бат үгүй бол тоглолт ч үгүй» гэж үүнийгээ «El País»-н сэтгүүлч Луис Мартинд тайлбарласан байдаг. Үл анзаарагдам өчүүхэн үйлдэл, дадлаас нь хүний хүмүүжил, мөн чанарыг таньж болно гэж Пеп итгэдэг.
Фрэнк Райкардын туслахууд үе үе ирж үндсэн багийн бэлтгэлд тоглогчдоос нь оролцуулна. Томчуудад тоогдон зиндаа ахиж эхэлсэн энэ үедээ л залуус их зан сууж тэнгэрт гардаг. Харин тэднийг одоохондоо хэн ч биш, хаана ч хүрээгүй байгааг нь сануулахаасаа Пеп гэдрэг сууна гэж үгүй.
Гуравдугаар тойргийн Алондрастай хийсэн тоглолтонд тэрээр гарааны хагас Марк Кросасыг хоёрдугаар үе дөнгөж эхлээд сэлгээнд суулгасан. 19 настай залууг тэр үед Райкард ивээлдээ аван Андрес Иньестагийн оронд 80 дахь минутаас хойш копа дель Рей, каталоны цом, ла лигийн зарим тоглолтонд оролцуулж байв.
«Яагаад хөдөлж ядаад гүйхгүй байгааг нь босс түүнээс ууртай асууж нэлээн загнасан. Тэгээд хоёрдугаар үе эхлээд бөмбөгөө алдангуут нь л шууд суулгачихсан. Дараагийн тойрогт ч оролцуулаагүй. Түүнийг ингэж байгаа юм чинь биднийг яах бол гэсэн түгшүүр надад өөрийн эрхгүй төрсөн»
Ах нар нь бусдадаа зөв дуурайл үзүүлж, эерэгээр өдөөх ёстой гэсэн зарчмынхаа хүрээнд Пеп ахмад туршлагатай тоглогчдынхоо алдаанд илүү хатуу ханддаг байсан. Үгийг нь сонсож үлгэр авдаг, харж хүндэлж биширдэг ах нарынх нь нөлөө өсвөр үеийнхэнд хэчнээн чухал болохыг тэр өөрийнхөө туулсан замаар мэднэ. Яг л эдэнтэй адил юу ч мэдэхгүй хүүхэд байхдаа Пеп Гильермо Аморыг дагаж, тоглолтыг нь үзэж, бэлтгэлийг нь ажиж, заавар зөвлөгөө авдаг байсан цаг саяхан.
Сэдэлжүүлж, очлуур өгөх олон уран аргуудыг Пеп сүвэгчилж тоглогчдоо урамшуулдаг байсан. Дивизион дэвших плей-оффын шатанд гарчихаад «Бид хамтдаа өдий хүртэл өгсөж чадлаа. Баг дэвшвэл та нарын түвшин ч бас дээшилнэ. Тэгэхээр өөрсдийнхөө төлөө өнөөдрийн ялалтыг авцгаа» хэмээн хувцас солих өрөөнд уухайлж байв. Ам алдвал барьж болдоггүйн үлгэрээр багаа идэвхжүүлэх нэг арга нь Пепт чамгүй үнэтэй туссан.
«Гурван тоглолт дараалж ялах болгонд чинь би та нарыг хүссэн газарт чинь аваачиж хоолонд даана гэж босс бидэнд амласан юм. Тэгээд нийт гурван удаа бид нар үнэтэй ресторанд оройн зоог барьсан. Дор хаяж хэдэн зуун евро боссын халааснаас гарсан нь мадаггүй»
Хорин хэдэн залуусыг хоолонд даахаас гадна улаан, шар хуудасны торгуульд Пепийн түрийвч нэлээн нимгэрдэг байв. Улирлын явцад Гуардиола гурван удаа сэтгэл хөдлөлдөө хэт автан тоглолтоос хөөгдөж холбооноос банга хүртсэн. Үүнээс хойш тэрээр уур нь шатаж, удирдлагаа алдаад ирэхээрээ италиар хараадаг уламжлалтай болсон. Өөрсөд лүү нь чиглэсэн таван үсэгтэй итали үгний утгыг ойлгодог байсан бол шүүгчид Пепийг тэр дор нь шүүхэд өгч, насаар нь хөлбөмбөгөөс бандуулахаар заргалдах байсан биз. Пепийн аз болоход итали хэлтэй шүүгч нар терсерад тийм олон биш ажээ.
Хор шарыг нь хөдөлгөж, сорих замаар тоглогчдоо мотивацжуулахдаа Пеп мөн дуртай байв. 17 насныхаа төрсөн өдрөөс 14 хоногийн өмнө шигшээ багтаа дуудагдан дебютээ хийсэн Гай Ассулинд тэрээр дээрх аргаа ашиглаж «Би чамаас одоо илүү ихийг хүлээнэ. Ирэх тоглолтонд чи гоол оруулах ёстой» хэмээж байв. 1992 онд испаний шигшээгийн өмсгөлтэй анхны тоглолтоо хийчихээд эргэж ирэхдээ Пеп Йохан Кройфоос яг ийм үгийг сонсож байв. Дотроо үнэлж, хол явна гэж итгэдэг Израиль залуудаа адилхан сорилт өгснөөрөө Пеп алдаагүй. Ассулин хоёр гоолын дамжуулалт өгч, гурав дахийг нь өөрөө оруулсан юм. Хэрэв дараалан олон бэртэл саад болоогүй байсан бол түүнийг Пепийн Барсад дуудагдах байсан гэдэгт хэн ч эргэлздэггүй.
«Дөрөвдүгээр дивизионд биш Барселонагийн нөөц багт тоглож байгаа гэдгээ үргэлж сана. Хүссэн аавын хүү нь блауграна өмсгөлтэй талбайд гардаггүй юм. Ховор олдох хувь заяа, нэр төр гэж бод. Ийм боломжийг үрэн таран хийвэл үлдсэн насаараа та нар харамсана» хэмээн Пеп тоглогчдоо шахаж талбай болоод талбайн гадна тодорхой дүрэм журам баримтлахыг шавдуулна.
Ямар ямар зүйлсийг хориглож, хорио цээрийн дэглэм тогтоосныг нь Луис Мартин «El País»-таа ийн өгүүлжээ.
«Бэлтгэлийн талбай, хувцас солих өрөөнд гар утас ашиглаж огт болохгүй. Бэлтгэлээс хоцорвол 120 еврогийн торгуультай. Аялан тоглолтоор явахад 23 цагаас хойш хөл хорих учир заавал зочид буудалдаа ирсэн байх ёстой. Зөрчвөл 1500 евро. Хоёр дахь удаад 3000 евро. Гурав дахь удаад өршөөл үгүй шууд баяртай болно. Тоглолттой өдөр өглөөнөөс орой хүртэл мөрдөх ёстой дараалал дэгийг хүртэл Пеп боловсруулсан. Тухайлбал айлын цэнгэлдэхэд зочлохын өмнө багаараа Ла Масиад хамт хооллоно. Өөрийн талбай буюу Миниэстадид тоглох бол тус тусынхаа гэрт хооллоно гэх мэт»
Хаалгачдын дасгалжуулагч Карлес Бускетс (Серхио Бускетсийн аав) Пепийн удирдлагад ажиллах ямар байдгийг «Аймшигтай» гэх ганцхан үгээр тодорхойлсон байдаг. Хувцас солих өрөө, бэлтгэлийн талбайн ойролцоо тамхи татахыг тас хорьсон тул хөөрхий Карлес бүр хашааны гадна гарч автомашины зогсоол дээр ажил хэргээ амжуулдаг байсан гэдэг.
Пепийн доод лигт очиж даруухан ажил сонгох болсны бас нэг шалтгаан нь хувийнхаа онолыг батлах байв. Супер ододтой аваргуудын лигийн аварга, хагас цагийн ажилчидтай сонирхогчдын лигийн багийн хооронд онц ялгаа байхгүй гэсэн онол. Адилхан л хүмүүсээс бүрдсэн байгууллага. Аль алинд нь хамтрагчдаа атаархдаг, хүний үг сонсдоггүй, алиа хошин, үргэлж хоцордог, хөдөлмөрч хичээнгүй, дуулгавартай даруу, дундажийг баримтлагч зантай тоглогчид байдаг. Өрсөлдөгч бүр өөр өөрийн онцлогтой, сул давуу талдаа суурилсан тактикийн бодлоготой байдагтай ижил. Зарим нь нягт хамгаалалт сөрөг довтолгоог хослуулж байхад зарим нь нээлттэй, харилцан довтлолцсон хөлбөмбөгийг илүүд үзнэ. Хэвлэл мэдээлэл, хэл ам, олны анхаарлаас хол дасгалжуулагчийн амьдралд дадаж, хийх зүйлээ мэдэж, хөлөө олох боломжийг Б баг Пепт олгосон.
Өөр дивизионд ч хожим зайлшгүй учирч, нүүр тулах жамтай хувцас солих өрөө, харилцааны асуудлуудын учир начрыг яаж олж, аргалах арга ухаанаа тэр эндээс олж авсан. Хувь хүн болоод хамт олны дундах сэтгэл зүй, уур амьсгал, хандлага, хэвшлийн учир зүйг тайлаад ойлгочихвол хаана ч очсон газардахгүй гэдэг нь Пепийн онолын гол гаргалгаа байв. Хуанма Лильо, Марсело Бьелсатай ч энэ тухай Өмнөд Америкт байхдаа зөвлөлдсөн. Цагийн зөрүүг үл харгалзан эдгээр эрхмүүдтэй Пеп тоглолт болгоныхоо дараа утсаар ярилцан зөвлөгөө тусламж авч байв. Ихэнхдээ өөрийн мэдлэг дэх ахиллесийн шөрмөс гэж тооцдог хамгаалалтын талаар. Булан чөлөөт цохилтоос хамгаалах, отон тоглолтын ов, байрлал эзлэх, бөмбөггүй гүйлт зэрэгт заримдаа Пеп арга мухардах тул өсвөрийн багийн дасгалжуулагч Родольфо Боррелийн бэлтгэлийг очиж ажна. Ливэрпүүлийн академийг хариуцаж байгаад одоо Манчестер Ситид туслах дасгалжуулагчаар ажиллаж буй энэ мэргэжилтний тоглогч таних нүд, хамгаалалтын мэдлэгийг Пеп онцгойд үздэг байв.
Нэгдүгээр багт бага багаар алга болж буй эмх цэгц, сахилга бат, мэргэжлийн орчинг бүрдүүлж, Б багийг шинэ түвшинд аваачна гэж тэр анх ирэхдээ амлалт өгсөн. Үүний цаана хэн гэдгээ батлах хувийн амбицаас гадна хайртай клубээ хөл дээр нь босгох гэсэн алсын эрмэлзлэл байв. Анзаарахгүй байя ч гэсэн Пепийн хонгилын өрөөнд хийж буй өөрчлөн шинэчлэлт, ахиц дэвшлийн цуурай дөрвөн давхрын дээр буй томчуудад тодоос тод дуулдаж байлаа. Тэдний гаргуунд нь гаргаж, хэрэгсэхгүй хаясан Б багийг Пеп тордож арчилж тоос шорооноос нь салгаад ганцхан улирлын дотор үндсэн багт ч үлгэр жишээ болгон үзүүлэм өндөр хэмжээнд аваачсан. Зүйрлэвээс утаа тортогт идэгдэж, аалзны торонд хэрэгдсэн хуучин хаягдмал байшингийн цонхыг онгойлгож эрүүл агаар оруулаад хундаамнаас нь эхлэн дээвэр хүртэл засвар хийж хэдэн үеэрээ суух тансаг харш болгон хувиргаж байгаатай адил.
Пепийн Барселона Б эхний нөхөрсөг тоглолтоо Баниолесийн хиймэл зүлгэн талбайд хийж 2:0-ээр хожигдсон. Хэвлэл мэдээллийнхэн ч ажилдаа шуурхайлан орж «Хийхээсээ хээнцэрлэх нь их Пепийн тар нь танигдав», «Их санасан газар есөн хоосон хонох вий» гэх зэргээр хэл амаа билүүдэцгээж байв.
«Мэдисон дүүргийн гүүр»-ийг уншиж, «Мөрөөдлийн баг»-ийнхаа хамтрагчдад хуулбарыг нь тараадаг байсныг нь хаанаас ч юм олж мэдчихээд «Ийм нялцгай гурилд нөөц багаа найдаж өгчихөөд доод дивизионы овон товон талбайд амжилт гаргахыг нь хүлээнэ гэдэг зангууны үлгэр» хэмээн нэг хэсэг гоочилж байлаа.
Дээрх эхний ялагдлын дараа Пеп Йохан Кройфтой очиж уулзсан. Тэдний харилцаа хуучин хэвэндээ орж багш шавийн барилдлагаа ахин сэргээгээд байв.
«Надад нэг төвөгтэй асуудал гараад байна. Багийн маань хоёр түлхүүр тоглогч том толгой гаргаад үгийг минь огт тоож сонсохгүй юм. Бусдадаа ч гэсэн сөрөг нөлөө үзүүлээд байна. Гэтэл би тэдэнгүйгээр хожиж чадахгүй. Багийн амжилт тэднээс шууд хамааралтай болохоор хасчихна гэхээр нэг л зориг хүрэхгүй юм»
«Тэднээс сал. Эргэлзэх хэрэггүй. Эхлээд эрх дархаа баталгаажуулж, энд хэн нь босс вэ гэдгийг харуулах хэрэгтэй. Нэг хоёр тоглолтонд хожигдоно л биз. Золиос үгүй амжилт байхгүй. Тэгсний дараа л чамд зорьж төлөвлөснөө хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Хэвцэглэсэн өөр хэнийг ч хоёр нохойн гөлгийн араас явуул»
Пеп багшийнхаа зөвлөгөөг дагаж бүдүүн хүзүүтэй хоёр тоглогчийг хөөж явуулаад бусдад нь тов тодорхой мессеж өгсөн.
«Би энд босс нь»
Гоол хийж, дамжуулалтыг нь өгдөг хоёр гол тоглогчгүйгээр баг эхэндээ бажгадсан боловч Пеп орлох авьяастнуудыг нь авчирснаар асуудал шийдэгдсэн. Мөн арын шугамаа ч бөхөлж Тито Вилановагийн олж нээсэн нуруулаг төвийн хамгаалагч Чиког Кадисаас авчирсан юм. Андалус залуу дөрвөн жилийн дараа Михаэль Лаудрупын Суонси Ситид ирснийг та бүгд санах байх. Педро, Ассулин, Алкантара, Васкес нар улирлын эхний хагаст Пепийн тэргүүн сонголтууд байсан бол өвлийн амралтын дараа Бускетс дундын шугаманд хүч түрэн орж ирээд өөрийн байр сууриа бэхжүүлсэн. Гэрлийн хурдаар сайжирсан экс хамтрагчийнхаа хүүг Пеп ирэх жил нь үндсэн багийн менежер болсон даруйдаа таван жилийн гэрээгээр аргамжиж авснаа өөрийнхөө хийсэн хамгийн ухаалаг нүүдлүүдийн нэгэнд тооцдог. Мөн Педро, Виктор Санчесыг доод лигээс дагуулан дэлхийн тавцан луу хөтлөн гаргасан юм.
Хөлбөмбөг эрхэлсэн захирлаар ажилласан өмнөх дөрвөн жилдээ нөөц багийн тоглолтыг алдаг оног үздэг байсан Чики Бегиристайн тэр улиралд Миниэстадигийн байнгын зочин болсон нь цаанаа шалтгаантай байв. Улам бүр уруудаж унхиагаа алдаж буй нэгдүгээр багт нэмэр болох тактик, бүтцийн шинэ санаа, оновчтой санаачилга Гуардиолагаас олдоно гэж тэр найдаж байлаа. Испанид өнгөн дэлгэрсэн 4-3-3 схемийн оронд Пеп «Мөрөөдлийн баг»-аас хойш мартагдах шахаад байсан илүү зоримог 3-4-3 хувилбарыг сэргээн ашиглаж байснаас гадна заримдаа хуурамч ес гаргаж, төвийн хагас хамгаалагч Бускетсийг довтлогчоор тавих зэрэг санаанд багтамгүй шийдлүүдээр өрсөлдөгчдийнхөө толгойг эргүүлж байв. Райкард мэдээж энэ бүгдэд тоомжиргүй хандсан. Нөөц багийн амжилтын жинхэнэ нууц нь тактик, хувилбар бус Пепийн «Хийх эсвэл үх» гэсэн хандлага болохыг ч Чики удалгүй ойлгосон. Тоглолт бүрт финал адил хандаж, орилж хашгиран тоглогчдынхоо алдааг залруулж, хором амсхийлгүй хажуугийн шугамнаас нүхлэх шахам ширтдэг дасгалжуулагчтай багт өөр ямар зам байгаа гэж. Талбайн гадна, тоглолтгүй үед ч сахилга журам тогтоож идэж уух, амарч ажиллах цагийг нь нарийн тогтоож цагдсанаар тоглогчдын төвлөрөл дээд зэрэгт хүрч, туйлын чухал зүйл хийж байгаа гэдэг сэтгэл зүйг төлөвшүүлэн тогтоосон. Пепийн онолоор бол ямар ч түвшний, ямар ч багт ийм орчинг үүсгэж болно. Гагцхүү боломжийг нь өгвөл.
Улирлын төгсгөл гэхэд Чики Миниэстадигийн хувьсгалыг Камп Ноуд хуулбарлаж болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Барса Б ойрын өрсөлдөгчөөсөө арван онооны зөрүүтэй аваргалж плей-оффыг давснаар Сегунда Б дивизионд тоглох эрхтэй болсон. Үл тоогч, үгүйсгэгч, дорд үзэгчдийнхөө хамар дээр ийнхүү нясалснаараа Пеп тэр дороо л испаний хөлбөмбөгийн ирээдүйтэй залуу дасгалжуулагчдын дунд толгой цохих болсон юм. Харин үүнийг болох ёстой юм болох жамаараа болж байна хэмээн хүлээн авсан хэд хэдэн хүмүүс байв. Нэг нь Хуанма Лильо.
«Хүмүүс түүнийг туршлага, ажилласан жилээр нь гоочилж байсан үеийг эргэн санах тоолонд миний хөх инээд хүрдэг юм. Дараа нь өнөө цэцэрхэгч, их мэдэхүүд чинь Пеп мандтугай болчихсон л тууж явдаг нь бүр ч хөгжилтэй. Би хувьдаа Пепийн нэгдүгээр багаас илүү нөөц багт хийсэн зүйлсийг нь илүү гайхалтай гэж боддог. Хөлбөмбөгөө хаяж, амьдралаа бодох нь холгүй байсан Б багийн залуус улирлын төгсгөл гэхэд яаж сайжирч, нэг биш хэд хэдэн шат ахисныг нь хараад би нүдэндээ итгэж чадаагүй. Баг бүхлээрээ өндөр түвшинд гарснаас гадна, тоглогчид хувь хүн талаасаа хэчнээн өөрчлөгдөж, хөгжиж хөрөвжсөнийг хэн ч ярьдаггүй. Энд л Пеп Гуардиолагийн онцгой ид шид байгаа юм»
Б багийг худгийн ёроолд бужигнуулж байх хооронд А багийн нөхцөл байдал өөдөлсөнгүй. Хоёр дахь улирлаа дараалан гялтайх цомгүй улирлын хөшгийг хаасан нь Фрэнк Райкардын сэнтийг хэн нэгэн хувьсгалч аавын хүүд шилжүүлэх цаг болсны дохио байв.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ)