by Orgil-TT » Mon May 01, 2017 12:30 pm
Өнгөрөгч хагас сайнаас бүтэн сайнд шилжих шөнө Энтони Жошуа Уэймблийн цэнгэлдэх хүрээлэнд нутгийн 90 мянган үзэгчдээр дэмжүүлсээр өөрөөсөө 14 ах мэргэжлийн боксын хүнд жингийн экс аварга, рингэн дээр үхэхээс бусдыг үзсэн Владимер Кличкотой тулахаар гарч ирэв.
Хоёр тамирчны биеийн өгөгдлийг харахуй дор сэтгэлд ромын колоссэйумд тулалдаж байсан гладиаторууд л ийм байсан болов уу гэмээр сүржин бөгөөд гэнэн дүрслэл бууж байлаа.
Тулаан эхэлж хоёр Давид өөд өөдөөсөө өрж, үзэгчид уухайлан Уэймблийг доргиох нь цаанаа л сэтгэл хөдөлгөм. Кличко тайван, сул, цээжний хөдөлгөөн урд гарын хатгалтыг хослуулсаар хоёр хөл дээрээ хойш урагш дэгдэнэ. Жошуа харин хоёр гараа дээр авч хөлийн улаар бат гишгэн хойш болон баруун зүүн талруугаа алхах маягтай ажиллана. Ганц нэг цохилтууд хийх ч ихэвчлэн зүүн гарын ганц, хоёрхон цохилтоор хязгаарлагдаж байв. Кличко ч мөн адил баруун гартаа их л харам ажиллаж байлаа. Түүний урд гарын ажиллагаа сайн байсан ч Жошуа өөртэй нь эн тэнцүү өндөртэй, урт чацтай болохоор эрүү түүшинд хүрэх хатгалт ховор байсаар. Кличкогийн тархи завсаргүй ажиллаж байгаа нь бокс мэдэрдэг хүн бүхэнд илт.
Кличкогийн хувьд урд гарын олон давтамж, хойш урагш орж гарсан хөлийн ажиллагаа болон цээжин биеийн хөдөлгөөнөөр Жошуагийн хамгаалалтыг саринуулах, задлах тактиктай байсан бол түүний өрсөлдөгч Энтони Жошуагийн хувьд битүү хамгаалалтаас контор довтлох, цохилтын олон хувилбартай комбинац, сери цохилтуудаар өрсөлдөгчөө өөрийн биеэс хол байлгах, Кличкогийн баруун гараас зайлсхийх хувилбараар эхний хэдэн раундыг өнгөрөөсөн юм. Дөрөвдүгээр раундад Кличко урд гараараа Жошуагийн урд гарыг доош дарах маягтай цохиод шууд хойд гараа шулуун чулуудсан нь Кличкогийн баруун гар Жошуагийн яг нүүрэнд хүрэх замыг чөлөөлж чадлаа. Гэвч Жошуад тэр цохилт нэг их хохирол авч ирсэнгүй.
Тавдугаар раунд эхлэв үү үгүй юу Жошуа шууд угсраа олон цохилтоор довтлоод Кличког тун их сандаргав. Кличко арагш зугтаж, Жошуа түүнийг рингэн дотор тасралтгүй хөөнө. Энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Мэдээж Кличкод довтолгоог зогсоох ганцхан арга байгаа нь клинч хийх. Өрсөлдөгчөө тэвэрч, зуурахаас өөр гарц түүнд үнэндээ бий гэж үү? Жошуа клинчээс салах хамгийн зөв аргыг сонгосон нь хоёр гараар Кличког түлхэж биеэсээ бага зэрэг холдуулангаа арагш нэг алхаж, тэрүүхэн олдсон зайд зүүн гарын хажуу цохилтоор Кличкогийн эрүүнд онов. Энэ цохилтын яг араас баруун гарын доороос цохилт орж ирлээ. Кличко рингийн шалан дээр сөхрөн уналаа. Нэг, хоёр, гурав......найм! Тулааны цаашдын өрнөлийг шийдвэрлэх түлхүүр явдал энэ болсон юм. Энтони Жошуа өөрийгөө Кличкогоос хамаагүй илүү бяртай гэдгийг ингэж л мэдэрсэн байх. Энэ раунд дуусах бас яагаа ч үгүй. Владимер Кличко тоолуулж дуусмагцаа өөрийн хяналтаа бүрэн олж авч чадав Энтони нэг минут тасралтгүй ажилласан болохоор түүний булчингийн эс, ширхэг бүхэн хүчилтөрөгчөөр ёстой л ангаж цангаж байсан гэж хэлж болно. Түүнд одоо л амралт хэрэгтэй, тэр сэргэх хэрэгтэй. Магадгүй түүний зүрхний цохилт энэ мөчид минутад бараг 200 хүрсэн байж болох. Мэргэжлийн тамирчин байх гэдэг ийм л зовлонтой ажил. Нөхцөл байдал Кличкод ашигтай эргэж Энтони Жошуаг сэгрэлт авах хооронд Кличкогийн боломж гарсан ба тэр ч үүнийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байсан юм. Сөрөг довтолгоо... Хэд хэдэн цохилтууд Энтони Жошуаг оносон бөгөөд сайн боксчин байх үндсэн шалгууруудын нэг чанга эрүү нь л түүнийг аварч байлаа. Кличкогийн урагш үсрээд зүүн хажуу буюу скачок удар аюултай гэдгийг бүгд мэднэ. Хөөрхий Пулевийг нэг удаа яалаа даа. Харин Жошуа түүний скачокоос доош тонгойж бултах нь нэлээд сайн судалж бэлдсэнийх гэлтэй. Энэ раунд ийнхүү хөлс цацруулж, цус үнэртүүлж, амьсгаа давчдуулж ёстой гал манаруулж дуусав.
Зургаа дугаар раунд эхлээд удаагүй байтал Жошуа шүдний хамгаалалтаа амнаасаа алдлаа. Энэ бол зүгээр л хэт ядарсны шинж тэмдэг мөн. Ядарсан хүн амаа ангайж ойр ойрхон амьсгалдаг байгалийн жамтай. Доргилт авсан л бол шууд шүдний хамгаалалт унаж байна гэсэн үг. Кличко хөгшин чоно үүнийг мэдэлгүй яах вэ. Тэрээр зайдаа орох гэж л хичээнэ. Цаад зорилго нь мэдээж хэрэг хойд гарын баруун шулуунаа буулгах явдал. Тэр зорилтоо биелүүлж чадлаа. Энтони Жошуа ахын алганы амтыг мэдэрч мэргэжлийн боксчин болсноос хойш анх удаа ногдаун авч үзэх нь тэр. Рингийн шүүгчийн нэг, хоёр, гурав.... найм гэсэн чангаар тоолох дуу түүний чихэнд хол ойр ээлжлэн сонсогдож байгаа. Жошуа хөл дээрээ арай л гэж дэнчигнэнэ. Кличко яг одоо л бүх асуудлыг нэг мөр зохицуулах гэж байгаа нь түүний хөдөлгөөн бүрээс уншигдаж байх юм. Тэрээр завсар өгөлгүй довтлох ба Энтони Жошуа гал намжаах бүхий л аргаа хэрэглэж байв. Эцэст нь Кличкогийн булчин чангарч, амьсгаа давчдаад, амралт авахаас өөр аргагүй болох яг тэр мөчид рингийн хонх завсарлага зарлаж час хийвээ. Уэймбли тэр чигээрээ гүнзгий амьсгал авч байгаа нь чихэнд сонсогдож, биед мэдрэгдэх шиг.
Тулаан цаашид хоёр тамирчны хувьд сэргэлт авах, хэт хүчлэхгүй байх, сүүлийн раундад хүчээ нөөх гэсэн тактикаар хэсэг өрнөв. Өгөө аваа байв ч оновчтой цохилт Кличкогийн талд хааяа нэг тоологдоно.
Арван нэгдүгээр раунд эхлэв үү үгүй юу Энтони довтолгоонд шилжиж Кличко хамгаалалтад шахагдлаа. Яг л тавдугаар раундын өрнөл тэр чигээрээ давтагдах шиг. Энтони эрсдэл хийж байгаа нь илт. Энэ бол 11 дүгээр раунд шүү дээ. Эрсдэл хийх бол одоо л хийх цаг. Ийнхүү түүний довтолгоо амжилттай болж клинчээс баруун гарын доороос цохилт Кличкогийн яг эрүүнд орсон нь бараг хоёр метр өндөртэй, 109 кг жинтэй зангирсан хар булчинг тэр чигт нь доргиож чадсан юм. Кличкогийн нүд фокусаа алдаж, хүүхэн хараа нь томроод, харц тэнээд ирсэн нь Энтонид шууд олзлогдсон ба тэрээр довтолгоогоо зай өгөлгүй үргэлжлүүлсээр Кличког хоёр дахиа тоолуулав. Рингийн шүүгч чанга дуугаар нэг, хоёр, гурав.....найм хэмээн хэнд ч дуулдахаар тооллоо. Кличко далайн хүчтэй түрлэгт дайвалзаж буй дарвуулт хөлөг онгоц шиг хоёр гараа доош унжуулаад, амаараа ойр ойрхон амьсгалан, хоёр нүдний зовхи нь бараг хагас аниатай ганхалзан зогсоно. Шүүгч бокс комманд дахин өглөө. Жошуа яг өмнө нь зогссон газраасаа довтолгоогоо үргэлжлүүлэв. Кличко өрсөлдөгчийнхөө угсраа хоёр цохилтод оногдоод дахин унаад өглөө. Нээээг, хооооёр, гуууураав.....наааййм. Бооокс.... Кличкогийн чихэнд ингэж сонсогдсон гэдэгтэй мөрийцөн ч бэлэн байна. Бурхан минь энэ Уэймблид юу болж байнаа? 90 мянган үзэгч хөл дээрээ босоод орилолдож байх юм. Энтони Жошуа довтолсоор л... Энэ удаа рингийн шүүгч Кличког хамгаалалтандаа авснаар энэхүү түүхэн тулаан өндөрлөсөн билээ.
“Би уная гэж унасангүй үнэнд гүйцэгдэж уналаа” гэж хэлсэн Баянаа аваргын үг санаанд яг энэ мөчид тодоос тод буутай зэрэгцэн үе солигдох гэж юу болох торгон мөчийг дахин нэг олж харлаа...