by avarga » Mon Mar 31, 2008 10:52 pm
Женнаро Гаттузо: Би бол хар ажилчин
Р.МАНЛАЙ (2008-03-31)
Италийн шигшээ болон “Милан”-ы хагас хамгаалагч Женнаро Гаттузогийн ярилцлагыг толилуулъя.
-Хоёр жилийн өмнө “Скуадра Аззура” дэлхийн цомд түрүүлсэн болохоор анхаарлын төвд байгаа. Энэ зун дэлхийн аварга цол дээрээ Европын аварга гэсэн гуншинг нэмж чадах уу?
-Европын АШТ-д түрүүлэх гэдэг магадгүй дэлхийн аварга болохоос ч хэцүү байж болох юм. Яагаад гэвэл бүх багууд жигдхэн, нэг нэгнийгээ дэндүү сайн судалсан учраас техник, тактикийн өөрчлөлт хийх боломжгүй. Харин ДАШТ өөр хэрэг. Тив тивээс янз бүрийн онцлог тоглолттой багууд ирдэг. Ер нь бол плей-оффын сэтгэлгээтэй, хүчний нөөц сайтай баг тивийн аваргад түрүүлнэ.
-Та нар хэсэгтээ Франц, Голланд, Румынтай оноолт таарсан. “Үхлийн хэсэг” гэж нэрлэсэнтэй санал нийлэх үү?
-Тэгэлгүй яахав. Франц, Голланд бол Европын төдийгүй дэлхийн шилдэг багууд. Румынийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. “Фиорентина”-гийн Адриан Муту өнөөдөр Италийн лигийн шилдэг довтлогчдын нэг болтлоо өссөн. Бас “Интер”-ийн үндсэн бүрэлдэхүүнд байр сууриа баттай эзэлсэн Кристиан Кивуг нэрлэх байна. Энэ бол чанарын баталгаа. Тэд эхний хоёр тоглолтоо гайгүйхэн хийчихвэл дараагийн шатанд шалгарч мэднэ.
-Гэтэл Кивутай “Интер”, Гаттузотой “Милан” Аваргуудын лигээс хасагдаж, Италиас ганцхан “Рома” л шөвгийн наймд үлдлээ...
-Үнэнийг хэлэхэд энэ ялагдал бидэнд гэнэт хүйтэн усаар шүршүүлэх мэт мэдрэмж төрүүлсэн шүү. Евроцомын тэмцээнүүдэд ялагдал гээчийг амсахгүй удаад байсан. Үүний зэрэгцээ Английн багууд хүчээ авч байгааг дурдах нь зүйтэй байх. “Рома” иймэрхүү том тэмцээний туршлага дутмаг тул “Манчестер”-тай хийх тулаан тэдний хувьд хүндхэн байх болно.
-Та талбай дээр хувийн амжилтыг үл хайхран багийнхаа төлөө амиа өгөхөөс ч буцахгүй мэт харагддаг...
-Хөлбөмбөг бол жинхэнэ багийн спорт. Сагсан бөмбөгт заримдаа авьяаслаг хувь хүмүүс тоглолтын хувь заяаг шийдчихдэг. Гэтэл орчин үеийн хөлбөмбөгт энэ бол бараг бүтэшгүй зүйл. Бүгд нэг хүн шиг тоглож байж л амжилтад хүрнэ. Чин сэтгэлээсээ тоглож байж найз нөхөдтэй, эвсэг багтай болно гэдгийг аав маань надад зааж сургасан юм. Эцгийн маань сургаал намайг өнөөдрийн түвшинд хүргэсэн гэж боддог.
-Та хөлбөмбөгөөр авч болох бүхнийг хүртжээ. Ганцхан Европын аварга цол дутуу гэхэд болно. Гэсэн хэрнээ анх гарч ирсэн шигээ даруухан юм...
-Оддын өвчнөөр одод л өвчилдөг. Харин би бол хар ажилчин. Бүгд л намайг “цэвэрлэгч” гэдэг биз дээ (инээв).
Таван цагариг