by Nomer 10 » Mon Jul 16, 2018 9:43 pm
Франц – Хорват
Эдүгээгээс 20 жилийн өмнөх Францын дэлхийн аваргаар 2 баг мандан бадарч байлаа. Нэг нь Зиданы тэргүүлсэн Франц байсан бол нөгөө нь Шукерийн манлайлсан Хорват байлаа. Замдаа таарсан болгоныг нидэрсээр тэд хагас шигшээд тулсан юм.
Энэ тоглолтод талбайн эзэд нь хожиж улмаар Бразилыг финалд дийлээд аваргалж билээ. Хожигдсон Хорват хүрлийн төлөө Холландыг ялж байв. Тэгвэл 20 жилийн дараа тэд дахин учраа таарчээ. Таарах таарахдаа бүр финалд.
Залуу насны ааг омог нь багтаж ядсан Гурван өнгөтнүүд дийлэх үү, эсвэл олон удаа дарийн утаа үнэртсэн туршлага ихтэй Ватрени хожих уу?
Финал хүртэл явж ирсэн замыг нь харвал Франц хэсгээсээ итгэл төгс биш ч хожиж явсаар нэгээр гарсан. Цаашаа дандаа хөлбөмбөгийн томчуулын зодгийг нь ханз татсаар энэ хүртэл явж иржээ. Тэд хэзээ ч 120 минут тоглосонгүй. 90 минутдаа багтаагаад бүхнийг дуусгаж байлаа. Тэднийг зогсоох баг ганц ч байсангүй, бүр сандаргасан ч үгүй гэвэл таарна. Аргентин дээр жаахан барьц алдсан ч мотивац сайтай гэдгээ харуулж төдөлгүй илүүрхсэн. Тэд эсрэг багаа тактикийнхаа дагуу тоглуулж байлаа. Тэр хэрээр жаахан уйтгартай, заваандуу тоглолтуудыг харуулсан. Хөлбөмбөгт ингэж заваарсан баг цом авдаг тал их бий шүү.
Хорват харин хэсэгтээ ааг бяр гээчийг утгаар нь харуулж илт тасархай тэргүүлсэн. Хэсгээсээ гараад харин тэд маш их зовсон. 3 тоглохдоо тус бүрт нь 120 минут тоглож, 2-т нь пэналти цохьсон. Нөгөө талаас ингэж зовсон баг бас их хол явдаг. Гэхдээ хасах шатны тоглолтуудыг ажих юм бол Франц энэ тоглолтын фаворит.
2 багийн гараа яг л гарах ёстой шилдэг 11 нь байлаа. Нэг сонирхолтой түүх байдаг нь 1982 оноос хойш Италийн Интер болон Германы Байернаас финалд заавал тоглогчид нь байдаг болчихоод байгаа. Энэ жилийн хувьд Интерийн Брозович Хорватын эгнээнд гараанд гарсан бол Байерны Толиссо Францын сэлгээнд сууж байлаа.
Тоглолтын шүүгчээр Аргентины Питана ажиллах болжээ. Тэр аль аль багийг нь шүүчихээд байгаа. Франц Уругвайг хождог тоглолтыг мөн Хорват Данийг тэр шүүсэн юм.
Хорватын шигшээг дэлхийн аваргын урьдчилсан шат дуусаад плэй-офф эхэлсэн хойно гар дээрээ өргөж авсан дасгалжуулагч Далич энэ удаад Францыг хожиж чадах болов уу? Хорват тэдэнтэй 5 тулахдаа нэг ч хожиж чадаагүй байгаа юм.
Би хувьдаа аль аль нь тактикийн тоглолт хийнэ, тэгсхийж байгаад 2-р үе дуусах хэрд жаахан дайралцах болов уу гэж бодож байлаа. Угаасаа ч Франц учиргүй нээх довтлоод унадаг баг биш гэдэг нь харагдсан. Хорватын хувьд 360 минут тоглосон, бас Францаас нэг өдөр дутуу амарсан тул тэгтлээ урагшлах нь юу л бол. Бензинээ тэд гамнах байх.
Гэтэл би буруу боджээ. Хорватад ядарсан шинж огт алга. Аль Орос дээр л хамаг тоглогчид нь доголоод хачин болж байсан даа. Тэд аймшигтай ширүүн аттаклаж байхийм. Күй мөн хачин аа.
4 сая элэг нэгтнээ баярлуулах гэж сүүлчийн тамираа цусандаа шингээгээд тэд энэ тоглолт руу яваад оржээ. Ер нь л сандаргаж бн шүү. Гэхдээ яг тийм гээд хэлчихээр том боломжийг бас үүсгэсэнгүй ээ. Францын нэг хөл эсвэл нэг толгой аюулыг зайлуулчаад байлаа.
18 дахь минутад Кантэ төвд бөмбөгийг аваад баруун талд явсан Гризманнд дамжуулав. Энэ үед Брозович түүн дээр алдаа гаргаж Франц чөлөөт цохилт хийх эрх олж авав.
Гэхдээ удаашруулалтаас харахад Брозовичийг такл хийх үед Гризманн дээш үсэрчихсэн жүжиг гусч бнаа. Энэ бол шүүгчийн маш буруу шийдвэр байлаа. Бараг Гризманн дээр шар карт өгчмөөр.
Шийдвэр бол шийдвэр. Гризманны хаалганы урдах бужигнасан түмэн лүү хаясан пассыг Манцукич талбайгаас гаргах гээд хаалга руугаа чихчихэв. Ингээд францчууд санамсаргүй байдлаар тэргүүлээд эхэллээ.
Хорватын хувьд барьц алддаггүй баг оо. Тэд өмнөх 3 тоглолтдоо бүгдэд нь эхэлж гоол алдчаад нөхөж барьж хожсон. Үүнийгээ тэд дахиад л харуулав.
Зүүн талаас Модричын урт буландаа өгсөн стандартыг Манцукич өөдөөс хараад 16-ийн шугаман дээр зогсож байсан Перишичэд өгөв. Тэр шууд нэг дарж зай гарангуут солгой хөлөөрөө буудлаа. Коридороор урамтай ниссээр ГООЛ.
Ингээд бүх юм шинээр эхлэх болов. Хорват нээрээ гайхалтай юм аа.
Гэвч тэдний баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Перишичийн гар өөрийнхөө 11 дотор бөмбөгөнд хүрчихсэн. Видео бичлэгээр пэналтиг заалаа. Зөв шийдвэр байлаа.
Гризманн зүүн талдаа цохиод 2-1 болгосон. Тэр энэ дэлхийн аваргаар пэналтиг 3 цохиод 3 дахь гоолоо хийж байгаа нь энэ. Нөхөр гоолныхоо дараа талбайн захад очоод нөгөө сэлэбрэйшнээ хийв. Ноднингоос хойш нөхөр ингэдэг болчоод бгаа. Сая мэдэхнээ нөхөр Фортнайт гэдэг видео тоглоомын улаан фэн аж. Тэрэн дээр нь ингэж бүжиглэдэг юм гэнэ. Дэлхий даяар 100 сая хүн тоглодог нүсэр тоглоом юм бхаа. Дэлхийн аваргаар чөлөөт цагаараа энийгээ нүддэг бсан гэнэ лээ.
Ингээд эхний үе өндөрлөв. Францын тэргүүлэл зүй ёсных гэж хэн ч хэлэхгүй. Тэд довтолгоо хийж гоолдож чадсангүй. Шүүгчийн буруу шийдвэрээс болж чөлөөт цохилт олж авсан. Пассыг нь өөрсдөө гоолдож чадаагүй. Дараа нь пэналти. Хорватын хувьд тун харамсалтай. 65 хувьтай бөмбөг эзэмшээд хаалга руу 7 удаа цохьсон байхад Франц цор ганц цохьсон байх жишээтэй.
2-р үе эхлээд нөгөө л эхний үеийн дүр зураг харагдав. Ракитичийн нэг холын цохилтыг Лорис сайн хаасан. Дэшам удалгүй Хорватын төвийг тогтоож огт чадахгүй байгаа Кантэг солив. Нөхөр 2 дахь шараа авчих гээд бсан юм.
Дараахан нь тоглолт тун сонирхолтой үргэлжилж байтал талбайгаар дүүрэн цагаан хувцастнууд харайлгаж бнаа. 3 эмэгтэй, 1 эрэгтэй. Эрэгтэйг нь Ловрэн аймаар ууртай заамдаал хөөж бн. Эмэгтэйчүүдийг нь зохицуулагчид чирч гулдраал талбайгаас гаргав. Сүүлд сонсоход Путиныг эсэргүүцэж шоронд орсон Pussy Riot хамтлагийн дэмжигчид ажээ. Яаж тэд талбай руу нэвтэрч чадсан нь гайхмаар. Уг нь хамгаалалт их л чангатай дэлхийн аварга болж бгаа гэсэн дээ.
Энэ явдлаас хойш удалгүй тоглолтын хувь заяаг шийдсэн нэгэн гоол оров. Хорватчууд төвдөө бөмбөг алдахад Погба шүүрч аваад баруун тал руу Мбаппэд хаялаа. Нэгийн зэрэг тоглогчийг тэр өлхөн аргалах нь тодорхой. Хийдгээ хийгээд цааш хэсэг туугаад гол руу Гризманнд дамжуулахад нөгөөх нь цагаан шугам руу гүйгээд ирж байсан Погбад өгөв. Нэгэн цагт дэлхийн хамгийн үнэтэй тоглогч болж байсан хар залуу бодсон ч гүй шууд буудав. Хаалтанд ороод ойход 2 дахь оролдлогоороо тэр гоолдож чадсан юм. 2 хөлөөрөө тоглож чаддаг хүний хэрэг ч гарсан даа.
Франц урам оржээ. Хорватыг дахиад нэг сандаргасны дараа 65 дахь минутад Хэрнандэз зүүн талаар Манцукич Врьшалко 2-ыг аргалаад төв рүү пасслав. Мбаппэ пассыг хүлээж аваад Видаг хүүхэд шиг л дөнгөөд хориод метрээс маш хүчтэй буудав. Зүүн доод буланд гоол орох үед Субашич юу ч хийж чадсангүй.
4-хөн минутын дараа энэ тоглолтын 6 дахь гоол орлоо. Яаж гэж үү. Үмтити хаалгачдаа буцаагаад өгсөн пассыг цөлөхөд Лорист Москвагаас Парис орчихоод буцаад ирэх дайны хангалттай цаг байлаа. Гэвч тэр Манцукичийг хүлээсээр. Тулаад ирэх үед нь харин дарж хуурдаг баатар болох гээд зүүн тийш бөмбөгөө гаргатал өнөөх нь урт хөлөө тавиад гоолдчихдог байгаа. Германы болон Арсеналын Лэманн л нэг иймэрхүү алдааг гаргаж байдаг сан. Энэ хавраас хойш Кариусаас эхтэй мөн ч олон хаалгачдын бүтэлгүйтлийг харж бна даа.
Дахиад 20 минут, 3 гоол орсон тул нэмэлт цагтайгаа багадаа 25 минут байна. 2 гоол ороход хангалттай их хугацаа. Бельги Японд 25 минутад 3 гоол хийж байсан даа.
Гэвч Франц Япон биш ээ. Адаглаад л агаарын тулаанд ялагдахгүй. Нөгөө талаас Хорват ч сүүлчийн тэнхээгээ шавхжээ. Ингээд сүүлийн 60 жилийн хамгийн их гоолтой финал өндөрлөв. Тэртээ 1958 онд Бразил Шведийг 5-2-оор хожиж байсан юм.
Шүгэл дуугарахад 1 гоол хийж, 1 пасс өгсөн Гризманн уйлаад унав, арга ч гүй биз. Тэр энэ тоглолтын шилдгээр нэрлэгдсэн.
Дэшамын хувьд тоглогч болон дасгалжуулагчийн хувиар дэлхийн аварга болсон 3 дахь хүн боллоо. Бразилын Загалло, Германы Бэкэнбауэр нар өмнө нь энэ амжилтыг үзүүлж байлаа.
Хорватыг дэмжсэн миний хувьд Францын эхний 2 гоол орох ёсгүй байсан юм гэж дотроо бодсоор. Дэшам ч гэсэн тоглолтын дараа хэдий 4 гоол орсон ч баг нь төгс тоглолт гаргаагүйг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ эцсийн дүндээ ялах ёстой баг нь хожлоо. Хувь тоглогчдын ялгаа гарчихсан. Мбаппэг Хорватын хамгаалагчид хурдаар барсангүй дээ. Погба мангас байлаа.
Бельгичүүд Францад хожигдчихоод тэднийг анти хөлбөмбөг тоглож байна гэж ундууцсан. Үнэхээр ч эсрэг багаа яг таг хайрцаглачихаад хөлбөмбөгийн гоё сайхныг өөрөө ч гаргахгүй, өрөөлийг ч гаргуулахгүй байсан нь таатай бус байсаан. Гэхдээ анти гэвэл буруу. Яаж тоглох нь чухал биш, цом авах нь чухал. Франц харин ч цөөхөн боломжоо маш сайн ашиглаж гоолдож байсан. Хөлбөмбөгт энэ л чухал. Чи хийхгүй бол би хийнэ шүү дээ. Тэдэн шиг хасах шатанд 11 гоол хийснийг давж 12 гоолдсон улс хаана ч хэзээ ч байхгүй ээ. 10 оны нөгөө аймаар тики така гэхэд л бүх тоглолтоо ганцхан гоолоор л хожоод яваад бсан даа.
Мбаппэ тэмцээний шилдэг залуу тоглогч болжээ. Финалд гоолдсон тэр түүхэн дэх хамгийн залуу гоолдогчийн жагсаалтад 2-оор бичигдлээ. Түүний өмнө бичигддэг агуу Пэлэ Мбаппэ энэ хэвээр байвал би буцаад хөлбөмбөгийнхөө пүүзийг өмснөө гэж хошигносон бн лээ.
Дэлхийн аваргын шилдэг тоглогч нь Модрич болов. Зөв хүндээ очсоон. Түүнийг тэврээд явуулахдаа Колинда ерөнхийлөгч нүдэндээ доголон нулимстай хоцров. Түүнийг харахад хэцүүхэн байсан шүү.
Сая жаахан мэдээ харж суулаа. Парист гарууд дэлгүүр дээрэмдэж, цагдаа руу шил шидэж. Лион болон өөр хотуудад бас ийм үйлдэл гарч. Хаа газар гажиг гарууд их бх юм даа. Спортоос зөв таашаал авч болдгүй л юм бх даа.
Ингээд хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ эрин үе эхэллээ. Мбаппэ, Погба, Дэмбэлэ. Урдаа дан залуус. Варанэ, Павар, Хэрнандэз, Үмтити. Ардаа бас баахан залуус. Арваад жилийн өмнөх Испани л ийм бсан даа. 4 жилийн дотор 2 Евро, 1 дэлхий авч бсан. Франц 2 жилийн дотор 1 түрүү, 1 финал. Ирэх 4 жилд 2 түрүү авах өндөр магадлалтай болчлоо шүү.
Тогтвортой хамгаалалт, түргэн сөрөг довтолгоо, олдсон боломжоо гоол болгох чадвар. Дээрээс нь нэмээд дасгалжуулагчийн ур ухаан. Францыг аваргад хөтөлсөн хүчин зүйлсүүд нь энэ. Хэн ч тэдэн шиг байж чадсангүй. Аргентин, Португалыг хожсон Уругвай, Бразилыг хожсон Бельги эцэст нь өөртэй нь адилхан учраа бөхөө баглаж байгаад бавдаг Бат-Эрдэнэ аварга шиг барилдаантай Хорват. Энэ замаар явсан багийг хүлээн зөвшөөрөхгүй гээд яах юм бэ.
Хорватын хувьд алтан үе нь 1998 ондоо үлдэв. Мөнгөн медал авч мөнгөн үе болсон энэ баг 4 жилийн дараа эрс өөрчлөгдөх болно. Модрич, Манцукич, Субашич нар бараг ирэхгүй байх. Перишич, Ракитич 2 ч эргэлзээтэй. Гэхдээ тэд хүлээлтнээсээ илүү, бүр хол илүү давхисан. Хэн тэднийг финал хүртэл явна гэж санахав.
4-хөн сая хүнтэй ч дэлхийн аваргын төлөө тоглоно гэдэг зүгээр л гайхамшиг. Тэрбум хүнтэй улсуудыг хөлбөмбөг тоглож чаддгүйм, яршиг гээд орхиё гэхэд 80 сая хүнтэй Герман яав, 50 сая хүнтэй Испани яав. Тэд одоо нутагтаа хөлбөмбөгийн бурхад болсоон.
200 жилийн өмнө Оросыг дайлаар мордоод Наполеон бараагүй. Хойч үе нь харин Москваг эзэлж чадав. Тоглолтын өмнө Погбагийн багийн нөхөддөө хэлсэн үг үүнд чухал нөлөөлсөн гэх. Тэрхүү үгээр тоймоо өндөрлөе.
“Бидэнд мөрөөдөлдөө хүрэхэд 90 минут байна. Бидэнд түүхийн номонд бичигдэн орох 90 минут байна. Бидэнд Францыг бүжиглүүлэх 90 минут байна. Хүүхдүүд болон тэдний хүүхдүүд биднийг дурсан ярих болно”.
Hup Holland Hup