Ираны шигшээн сэдэв байхгүй болохоор ийшээ оруулчлаа. Хаалгач Бэйранванд үнэхээр над таалагдсаан. Нэг жижиг нийтлэлийг оруулав.
Малын бэлчээр, хувцасны үйлдвэр, машин угаалгын газраас Дэлхийн аварга, Роналдугийн 11 м-ийн торгуулийн цохилтыг хаах хүртэл...
Бразил 2014 ДАШТ-ий эхний тоглолтоо Нигерийн эсрэг тоглосон Ираны шигшээ багийн хаалгач Алиреза Хагиги тухайн үед сонин хэвлэлийн тэргүүн нүүрэнд заларч, түүний гайхалтай царайлаг төрх олон мянган хүний тэр тусмаа эмэгтэйчүүдийн хайрыг булааж байсан нь 4 жилийн өмнө.
Харин Орос 2018 ДАШТ-д түүний оронд Алиреза Бэйранванд Ираны хаалганд бат найдвартай зогсохоор болсон ба тэрээр Хагиги шиг царайлаг залуу биш ч онцгой гойд түүхтэй нэгэн юм. 25 настай тэрээр ДАШТ-ий эрхийн төлөөх 18 тоглолтоос 12 удаа гараанд гарч 11-д нь хаалгаа хуурай манасан бөгөөд сүүлийн тойрогт Тегеранд Сирийн шигшээтэй 2-2оор тэнцсэн тоглолтод л гоол алдсан юм. Дэлхийн аваргын В хэсэгт Эхний тоглолтоо Морокког 1 -0 р хожиж Испанид 1-0р хожигдсон Иранчууд хэсгийн сүүлийн учраа Португалтай 1-1р тэмцэж 3-р байраар шалгаран тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломж нь зогссон билээ.
Гэхдээ энэ тоглолтын оргил мөч яах аргагүй 53 дахь минутанд дэлхийн 5 удаагийн шилдэг Португалийн ахлагч, Реал Мадридын довтлогч Кристиану Роналду 11м-ийн торгуулийн цохилтийг хаасан нь Бэйранванд байв. Сонирхолтой ч гэлээ Роналдугийн мөнхийн өрсөлдөгч Аргентиний Лионел Месси Исландын эсрэг тоглолтод мөн 11м-ийн торгуулийн цохилтоо алдсан юм. Түүний цохилтыг хаасан Халлдорссон өмнө нь найруулагч байсан гэх.
Яах вэ Роналду тэр цохилтыг хэрвээ амжилттай гүйцэтгэсэн бол Португал хэсгийн 2-р байраар бус хэсгээ тэргүүлж улмаар хасагдах шатанд ялагдсан Уругвайн багийн оронд Оростой таарах боломжтой байсан юм.
Португалийн агуу хөлбөмбөгч Кристиану Роналдугийн 11м-ийн торгуулийн цохилтыг амжилттай хааж буй нь. Тоглолтын 52 дахь минут. (2018.06.25 ОХУ, Саранск)
Тэгвэл энэ бүх оноолтыг орвонгоор нь эргүүлэхэд ядаж л "Эрвээхэйн нөлөө" мэт нөлөөлсөн эрхэм бол Бэйранванд. Тэрээр 1992 онд Иран улсын Лорестан, Саребиас гэх тосгонд малчин айлын том хүү болон мэндэлжээ. Түүний гэр бүл бусад нүүдэлчдийн адил хонь хариулдаг буюу үргэлж үржил шимтэй газар бараадан нүүдэллэдэг байсан ба мань эр ч бага жаахан гэлтгүй уг ажилд идэвхтэй оролцдог нэг ёсондоо хоньчин хүү байсан юм. Чөлөөт цагаараа тэрээр найзуудтайгаа Дал Паранд хөлбөмбөг тоглодог байсан ба газраас чулуу авч холоо шиддэг зуршил нь хожим нь хөлбөмбөгийн хаалгач хийхэд том давуутал болно гэж тэр үедээ л санаагүй нь лавтай. (Бэйранванд бөмбөгийг гараараа тоглолтод маш хол зайд 40 м хүртэл талбай руу савж шидэж чаддаг онцгой хөлбөмбөгч бөгөөд Португалтай хийсэн тоглолтод тэрээр нэг удаа үүнийгээ нотолсон)
Бэйранвандыг 12 нас хүрэх үед түүний гэр бүл Ираны Саребиасд суурьшиж, тэрээр орон нутгийн багт бэлтгэл хийж эхлэв. Эхэндээ довтлогчийн байрлалд тоглож байсан ч нэг удаа хаалгач нь бэртэл авсан тул Бэйранванд оронд нь зогссон бөгөөд гайхалтай сайн хааж байсан нь түүний хаалгач болох сонирхолтой, урт замын эхлэл байлаа. Гэвч аав нь том хүүгээ хөлбөмбөг тоглодгийг мэдмэгцээ эрс эсэргүүцсэн байна.
Мортеза Бэйранванд бусад Иран аавуудын адил хүүгээ ширэн бөмбөг хөөхийн оронд энгийн ажилчин болгохыг хүсэв. “Өсөж томрох тусам аав минь хөлбөмбөгөө болиод ажил хий гэж байнга уурладаг байлаа” хэмээн тэрээр Английн Гуардианд өгсөн яриандаа дурдьсан юм. “Тэр бүр миний хувцас, бээлийг нэг өдөр зүгээр л урчихсан. Үүнээс болж мөн ч олон удаа нүцгэн гараараа хаалт хийдэг байсан даа” гэж дурсчээ.
Өсвөр насандаа гордьлого тээн ирсэн нийслэл Тегеран хотод
Ингээд энэ бүх эсэргүүцлийг тэвчээгүй өсвөр насны хүү хамаатнаасаа мөнгө зээлэн автобусаар нийслэл Тегеран руу хүсэл мөрөөдөл болох ширэн бөмбөгөө хөөхөөр гэрээсээ оргочихжээ. Түүний аз гийж автобусанд хөлбөмбөгийн дасгалжуулагч Хоссейн Фэйзтэй таарав. Бэйранвандыг хөлбөмбөг тоглодгийг мэдсэн даруйдаа Фэйз түүнд 200000 Томан буюу 30 еврогоор (Томан нь Иран улсын мөнгөн дэсгэрт бөгөөд Монголын эзэнт гүрний үеийн Түмэн гэх үгнээс үүссэн юм. Түмэн нь 10000 нэгж юм. 2016 оноос Ираны засгийн газар Риал болгожээ.) орон нутгийн багт бэлтгэл хийх боломжийн талаар дурьдсан ч түүнд мөнгө байтугай амьдрах оромж байсангүй.
Тегаранд ирсэн эхэн үедээ Бэйранванд орон гэргүй, цагаачидтай хамт Азади цамхагийн ойр хоног төөрүүлдэг байв.
“Би клубийн үүдэнд унтдаг байсан ба өглөө бүр миний дээрээс над руу шидэх хэн нэгний зоосны чимээнээр сэрдэг байлаа. Хүмүүс намайг гуйлгачин л гэж боддог байсан байх” гэжээ. Эцэст нь Фэйз түүнд ямар ч төлбөр авахгүйгээр боломж олгохыг зөвшөөрөв. Дасгалжуулагч Бэйранвандийг мөн 2 долоо хоногийн хугацаанд гэртээ байлгаж, энэ хооронд мань эр ч багийнхаа хамтрагчийн аавынх нь хувцасны үйлдвэрт сул цагаараа ажиллан өөрийгөө тэжээж, улмаар шөнөдөө үйлдвэрт хонодог боллоо. Түүний дараагийн ажил нь машин угаах байсан юм. Өндөр биетэй учраас ажил нь ч яг нийцэж байсан гэдэг.
Гэтэл нэгэн удаа түүнд хүнд нөхцөл таарсан нь Ираны хөлбөмбөгийн домог Али Даей тэдний угаалгын газар ирэн машинаа цэвэрлэж байв. Германы Бундеслигийн алдарт Байерн Мьюнхен багт тоглодог домогт хөлбөмбөгчинтэй хамт ажиллагсад нь Бэйранвандыг уулзаж ярилцахыг хүссэн ч тэдний зөвлөгөөг аваагүй юм. Тэр өөрийн замаар урагшлахыг хүссэн ажээ. “Хэрвээ би ноён Даейтай ярилцсан бол тэрээр эргэлзээгүй надад туслах байсан гэдгийг одоо хааяа боддог л юм. Гэвч би тухайн үеийн нөхцөл байдлаа хэлэхээс санаа зовж ичсэн” гэжээ.
Морокко улсын шигшээтэй хийж буй Ираны тойргийн эхний тоглолт. Иран улсын төрийн дууллын үеэр багийн ахлагч, хагас хамгаалагч М. Шожайн хамт (2018.06.15 ОХУ, Санкт-Петербург)
Удалгүй тэрээр Нафти Тегераны дасгалжуулагчтай уулзаж, тус багт ирсэн. Эхлээд клуб түүнийг залбирлын өрөөнд амьдрах боломж олгосон ч энэ нь удаан үргэлжлээгүй. Тиймээс тэрээр ээлжит ажил буюу пиццаны дэлгүүрт ажиллангаа тэндээ хоносоор байв. Гэвч дахиад л хүнд нөхцөл байдалтай учирлаа. Нэгэн өдөр түүний дасгалжуулагч пицца авахаар тэдний дэлгүүрт хүрэлцэн иржээ. Тэрээр Бэйранвандыг энд ажилладаг гэдгийг огтхон ч мэддэггүй байсан аж. Бэйранванд түүнд харагдахгүйг хичээж нуугдахыг оролдсон ч дэлгүүрийн эзэн түүнд үйлчлэхийг шаардсанаар бүх зүйл эргэв. Тэр дэлгүүрийн ажлаа хэд хоногоос л орхисон.
Дараагийн ажил нь гудамж цэвэрлэх байсан бөгөөд аргагүйн эрхэнд уг ажлыг хийсэн байна. Заримдаа гудамжинд бас цэцэрлэгт хоног төөрүүлдэг байсан учраас яалт ч үгүй тоглолтод нь тааруугаар нөлөөлж байсан гэдэг. Өөр багтай бэлтгэл хийснээс болж Нафтаас хасагдаж, дасгалжуулагч гэрээ байгуулах сонирхолгүйн учраас дараагийн баг Хомаг орхисон түүнд хүсэл мөрөөдөл нь дуусгавар болсон мэт санагдсан нь ойлгомжтой.
Харин аз болж түүний хуучин баг буюу Нафтийн залуучуудын багт дуудагдан үргэлжлүүлэн тоглох боломжтой болсон нь түүний хөлбөмбөгөө орхих, цааш үргэлжлүүлэн хүслээ дагах эргэлтийн цэг болсон гэлтэй. "Би одоо ч Хома багт үлдчихсэн бол яах байсан талаар хааяа дурсан эргэцүүлдэг юм. Хэрэв тэгсэн бол би хэзээ ч одооны өндөрлөгт хүрч чадахгүй байсан. Үнэн шүү. Хомагийн дасгалжуулагч л надтай гэрээ байгуулахыг хүсээгүй юм шүү дээ. Харин Нафт бол миний аврал байсан" гэсэн нь бий. Үнэхээр ч тэр Нафтад гялалзсан юм. Дал Параны уудам нутагт чулуу шиддэг хоббитой хүү 2014 онд нэгэн тоглолтод 70 метрийн хол хүчтэй шидсэн дамжуулалтыг багийн довтлогч нь гоолдсоноор олонд анх танигдсан юм.
Үүнээс жилийн дараа Португал мэргэжилтэн Карлос Кейрүш түүнийг Ираны шигшээд дуудаж шигшээ багийн замнал нь анх эхэлсэн. Тэр цагаас өдгөөг хүртэл 25 тоглолтод оролцсон 25 настай Бэйранванд одоо бол Ираны номер нэг сонголт болсон юм. "Би маш хүнд замыг туулж өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Мөрөөдлөө биелүүлэх зам минь ямар хүнд байсан гээч. Гэвч тэр бэрхшээлүүд л өнөөдрийн Бэйранвандыг бий болгосон учраас би хэн байснаа үргэлж санаж явдаг" гэжээ.
Одоо түүнд дараагийн нэгэн мөрөөдөл бий. Тэр бол Европт тоглох. Өдгөө Ираны Персеполист данстай тэрээр Дэлхийн аваргад амжилттай тоглосон учраас европын багуудаас санал ирэхэд гайхах зүйл алга. Угаасаа нүүдэлчид аялсаар л, тэнэсээр л байдаг биз дээ. Айн!
Эх сурвалж: Persianleague