ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ
ЦУВРАЛ №7
"E" ХЭСГИЙН ТОЙМ, ТААМАГ:
Хэсгээ тэргүүлэх баг Бразил. Харин удаах байраар шалгарах багийг таах тун ярвигтай. Гоол хийдэггүй Швейцарь, хийсэн ч зөрүүлж алддаг Серби, хэт хамгаалдаг Коста Рика нарын өрсөлдөөн уйдаахгүй байхаа.
Онцлох тоглолт: Швейцарь-Серби. Яг үнэндээ Бразил оролцоогүй үлдсэн 3 тоглолт бүгд онцлохоор чухал байх нь гарцаагүй. Энэ дундаа Швейцарь, Сербийн аль аль нь өөрсдийгөө илүү баг гэж бодож байгаа нь дамжиггүй. Хожсон нь шалгарах эрхээ авчихлаа гэсэн үг.
Онцлох статистик:
- Бразил урьдчилсан шатанд хамгийн их /41/ гоол оруулж, хамгийн бага /11/ гоол алджээ.
- Серби урьдчилсан шатанд хэсгээ толгойлсон багуудаас хамгийн бага хожил /6/ авчээ.
- Швейцарь хэсэгтээ Унгар, Латви, Фарое арал, Андорра зэрэг сул багуудтай таарсан ч дөнгөж 2,63 гоол дунджилсан.
- Коста Рикагийн сүүлийн 24 тоглолтын дөнгөж 7-д нь багууд харилцан гоол оруулжээ.
БРАЗИЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ
1978 оноос хойш дандаа хэсгээ тэргүүлсээр байгаа /23 хожиж, 3 тэнцэж, ердөө 1 удаа хожигдсон./ хөлбөмбөгийн агуу гүрэн уламжлалаа хадгалахад эргэлзэх зүйл огт алга. Тэдний анхаарал ч 7 дугаар сарын 15-ны өдөр "Лужники" цэнгэлдэх дээр төвлөрч байгаа. Сүүлийн тэмцээнд нутагтаа уй гашуудсан тэд одоо Европын дэвжээнд баяр хөөрт умбаж чадах уу?.
Давуу тал:
- Байрлал бүрт дэлхийн ангиллын тоглогчид. Ялангуяа довтолгоотой ярих юмгүй.
- Дасгалжуулагч Тите багийн уур амьсгалыг сайхан бүрдүүлж чадсан.
Сул тал:
- Жигүүрийн хамгаалагчид байрлалаа орхиод довтолдог нь сөрөг довтолгоо алдах аюулыг үүсгэдэг.
- Төвийн шугамд хамгаалах, бокс тү бокс чиглэлийн тоглогчидтой учраас найруулах чадвар дутаж мэднэ.
Хэрхэн шалгарав: Германд 1-7 хожигдсоны дараа хямралаас гарч чадалгүй урьдчилсан шаттай золгож, эхний 6 тоглолтоос дөнгөж 2 хожил авсан нь дасгалжуулагчаа солиход хүргэжээ. Тите ирсэн даруйд бүгдийг өөрчилж, үлдсэн тоглолтуудад төгс гэмээр тоглон 10 хожиж, 2 тэнцэн 30 гоол оруулахдаа ердөө 3 гоол алдаж хэсгээ итгэл төгс тэргүүлэн хамгийн тэргүүнд ОХУ-ыг зорих эрхээ авсан билээ.
Бүрэлдэхүүн:
Тэдний бүрэлдэхүүнийг ярихаас илүүтэй Тите буюу Аденор Баччи дасгалжуулагчийг тодотгох нь зүйтэй. Коринтианс багийг улсынхаа, тивийнхээ, цаашлаад Дэлхийн клубуудын аварга болгосон, эдүгээ 56 настай тэрээр 2016 оны зун ажлаа авсанаас хойш юуг өөрчилж ялагдашгүй амжилтыг гаргаж чадав аа?.
Юуны өмнө хамгаалалтын шугамыг урагшлуулж, 4-1-4-1 байрлалаар хамгаалж, төвдөө бөмбөгний тэмцэлд ялан дийлэх, эргээд хурдан сөрөг довтолгоонд 4-3-3 байрлалаар довтлох, Неймар, Коутиньогийн ур чадварыг тултал ашиглах гэх мэт өөрчлөлтүүд нь сайн үр дүнгээ өгсөн.
Неймарын хавар авсан хүнд бэртэл олон хөгжөөн дэмжигдийнх нь санааг зовоож, "Neymardependencia" /Неймарт хэт найдах/ гэдэг хэллэг ч үүсээд амжсан. Азаар түүний бэртэл цагаа олж эдгэсэн нь хяналтын тоглолтод хийсэн чамин гоолоор харагдлаа. Харин баруун жигүүрийн хамгаалагч Дани Алвесийн бэртэл гарзтай хэрэг шүү.
Хаалгач, хамгаалагч, довтлогчийн байрлалыг ярих нь илүүц биз. Сэлгээнд гэхэд л Тиаго Сильва, Уиллиан, Фирминьо, Дуглас Костаг суулгасан дэндүү зузаан бүрэлдэхүүнтэй дээ.
Гэхдээ төвийн довтлогчийн байрлалд "Бүдүүн" Роналдугаас хойш үгүйлэгдэж байсан орон зайг нөхөж чадаж байгаа Габриэль Хесусыг дурдах ёстой. Урьдчилсан шатанд 10 тоглолтод 7 гоол оруулсан түүнийг багаа тэргүүлнэ гэж тооцоондоо нэмээрэй.
Харин хагас хамгаалалтад "Хятадын импортууд" болох Ренато Аугусто /"Бээжин Гуоан" багт тоглодог, 30 настай/, Паулиньо /саяхныг хүртэл Гуанжоу Эвергранде багт данстай байлаа./ болон Реал Мадридын Касемиро, Манчестер Ситигийн Фернандиньо нарын тэмцэлтэй, зүтгэлтэй, гоолтой тоглогчын аль нь ч гарсан ялгаагүй дээ.
Таамаг:
Хэсгээ тэргүүлэх нь бат. Цуврал №1-д дурдсанчлан хагас шигшээ хүрэх зам дардан шахуу. Цаашаа яахыг бол таашгүй. Тэднийг түрүүлэхэд саад болох нэг хүчин зүйл бол Европын дэвжээ бусад тивийнхэнд хатуу байдаг. 1966 оноос Англи, Испани, Итали, Франц, Герман /2 удаа/-д болсон 6 удаагийн ДАШТ-д Өмнөд Америк тивээ төлөөлж Бразил, Аргентин нийлээд 3-хан удаа медалийн тавцанд зогссон түүхтэй.
Бет:
Бразилтай холбоотой бетийг Цуврал №1-ээс үзнэ үү?.
ШВЕЙЦАРЬ УЛСЫН ШИГШЭЭ БАГ:
ДАШТ-д 4 дэх удаагаа дараалан оролцох эрхээ авсан тэд шөвгийн 8-ын шатыг давалгүй их удаж. Гоц амжилт гаргаагүй удсанаас болж хүртсэн "Жижиг Швейцарь" нэрнээсээ салахыг хүсч байгаа тэдэнд боломж бий юу?.
Давуу тал:
- Жигүүрийн хамгаалагчид довтолгоонд онцгой үүрэгтэй. Лихштейнер, Родригес нар тус бүр 3 гоол хийжээ.
- Ихэнх тоглогчид ид үедээ жагсаж байна.
Сул тал:
- Төрмөл авъяаслаг гоолдогчгүй.
- Олон үндэстэн, ястны төлөөлөл ихтэй. "Цаасан дээрх Швейцарь" гэсэн шүүмжлэл дагаастай.
Хэрхэн шалгарав: Сул хэсэгт орж хожих ёстой багуудаа хожсон боловч Португалийн талбайд хожигдсоноор бөмбөгний зөрүүгээр удаалж, улмаар плейоффт Умард Ирландыг маргаантай пеналтигаар 1-0 хожсон. Гэхдээ тоглолтын агуулга илүү баг шалгарсныг хэлэх хэрэгтэй.
Бүрэлдэхүүн:
Босни гаралтай Владимир Петкович 2014 оны ДАШТ-ний шөвгийн 16-д Аргентинд хожигдоод ажлаа өгсөн Отмар Хитцфелдийн залгамжлагчаар тодорсон нь олон нийтэд тийм ч таатай байсангүй. Ялангуяа Евро-2016-д хэсэгтээ Албанийг арайхийн хожиж дэд байраар шалгарсан ч Португалд пеналтигаар мултарсаны дараа шүүмжлэгч нар бүр ихээр гарч ирэв. Гэхдээ олон үндэстэн, ястны цуглуулга гэлтэй багийг нэгтгэн зангидаж, Дэлхийн чансааны №6-д бичигдэх хэмжээнд тоглуулж байгаа нь олны бодлыг өөртөө эргүүлсэн.
4-2-3-1 байрлалаар аль болох бөмбөг эзэмшиж, довтолгоонд суурилсан тэдний тактикт тохирсон тоглогчид олон бий. Жишээ нь, жигүүрт хашир туршлагатай, багийн ахлагч Стефан Лихштейнер /34 настай/, Рикардо Родригез нарын хамгаалагчид боломж бүрт урагш гүйн дамжуулалт өгөхөөс гадна Шердан Шакири, Бреел Эмболо нарт хувийн техникт суурилсан тоглолтын орон зайг гаргаж өгдөг.
Хагас хамгаалалтад Гранит Шака /шигшээгийн шилдэг тоглогчоор дэмжигчид нь тодруулсан/, шинээр тодроод буй 21-хэн настай Денис Закариа нар хяналтаа тогтооно. Сэлгээнд нь туршлагатай Валон Бехрами, Блерим Земайли нарыг нэрлэжээ.
Төвийн хамгаалалтад Боруссия Дортмундад бүртгэлтэй 22 настай Мануэль Аканжид ихээхэн найдлага тавьж байна. Боруссия Мюнхенгладбахт тоглодог түүний "ах" Янн Соммер хаалгаа манана.
Ганц дутагдал нь төвийн довтлогч буюу хэн төгсгөл хийх вэ? гэдэгт байна. Харис Сеферович хэдийгээр шигшээдээ нийт 49 тоглосон боловч дөнгөж 11 гоол, урьдчилсан шатанд 4 гоол хийсэн нь дэмжигчдийн ундууцлыг хүргэсээр. Ямар сайндаа Умард Ирландын эсрэг нилээн олон боломж алдсаны дараа түүнийг эсэргүүцэн орилолдох вэ дээ. Хаа очиж Японы эсрэг хийсэн нөхөрсөгт 64 дүгээр минутад сэлгээгээр орж ирээд гоол хийжээ. Эсвэл Хорватын Динамо Загребын довтлогч Марио Гавринович /лигт дөнгөж 8 гоолтой/, Хамбургт зээлээр тоглосон Ёосип Дрмичт итгэх үү?.
Таамаг:
Бараг бүх тоглогчид нь Европын топ лигт тоглодог тэдний бүрэлдэхүүн тун чамбай. Бразилтай эхэлж тоглоод барцадаа гаргах нь багийн хэмнэлээ олоход нэмэртэй зүйл болж мэднэ. Цаашлаад хэсгээсээ шалгарах боломж харьцангуй өндөр. Гэхдээ шөвгийн 16-д Германд хожигдоод нутаг буцах биз ээ.
Бет: Бразил-Швейцарь хамтдаа шалгарна гэвэл 2,75 оддтой сонголт бидэнд байна. Шөвгийн 16-д мултарна гэвэл 3,00.
Гоол хийх хүн нь Шердан Шакири гэж бодож байвал bet365 5,00 одд санал болгосон байна.
КОСТА РИКА УЛСЫН ШИГШЭЭ БАГ:
Өмнөх ДАШТ-ний хамгийн муу багаар нэрлэгдэж, түрүүлэх одд нь 4 мянга /хамгийн өндөр одд/ байсан тэд шөвгийн 8-д шалгарч шуугиан дэгдээн Нидерландын багт пеналтиар хожигдсон билээ. Одоо 501 үржвэртэй оролцож байгаа тэдний гайхамшиг үргэлжлэх үү?.
Давуу тал:
- Хамгаалалт тун давгүй. Ялангуяа хаалгач Кейлор Навас итгэмээргүй хаалт хийдэг.
- Багийн ойлголцол, уур амьсгал сайн.
Сул тал:
- Бүрэлдэхүүн өндөр зэрэглэлийн тамирчдаар дутмаг.
- Хамгийн "хөгшин" баг. Дундаж нас 29,5.
Хэрхэн шалгарав: Бүсийнхээ хамгийн сүүлчийн тоглолтод Хондурасын хаалганд 95 дахь минутад Кендалл Уастон мөргөн хийж 1 оноо авсанаар улс орон даяараа дахин баяр хөөрт умбасан билээ. Мексикт ердөө 1 удаа хожигдсоноос бусдаар /АНУ-ыг 2 удаа хожсон/ сайн байлаа.
Бүрэлдэхүүн:
Өмнөх ДАШТ-д тэд үнэхээр бужигнуулсан. Хэсэгтээ Уругвай, Англи, Италитай өрсөлдөж, тэргүүлсэн гэдэгт одоо ч итгэхэд бэрх хэвээр. Шөвгийн 16-д Грекийг пеналтигаар хожсон ч аз нь дараагийн шатанд дууссан. Энийг эргэн санахын учир нь тэр үеийн бүрэлдэхүүн бараг дасгалжуулагчаа солиод л хүрээд ирсэн гэхэд хилсдэхгүй. Уг нь Хорхе Луйз Пинтог залгаж алдарт хөлбөмбөгчин Паоло Ванчопе дасгалжуулагч болонгуутаа залуучуудыг дуудан шинэчлэл хийж эхэлсэн ч Панамын цэнгэлдэхийн албаны хүнд гар хүрсэнээс болж 1 жилийн дараа өөрийн туслах Оскар Рамирезт буухиаг шилжүүлэв.
Харин Рамирез хууччуулдаа дахин итгэхээр шийдэж, тэд ч эрхээ баталгаажуулсан. Өнгөрөгч тэмцээний баатар 7 тоглогч гараанд гарах төлөвтэй байна. Гэхдээ цаг хугацааны мөчлөг бүгдийг дайрдгийн адилаар тэдгээрийн 5 нь 30 насны босго давжээ. Хамгийн залуу тоглогчдын нэг 25 настай Жоэль Кэмпбэлл бэртлээс болж энэ улирал бараг тоглоогүй нь Марко Уренад боломж олгож байна. Урьдчилсан шатанд 4 гоол оруулж багаа тэргүүлсэн түүнийг сонголтондоо /5,00 одд/ тооцож болно шүү.
5-4-1 байрлалаар тоглоход хагас хамгаалалтын ойлголцол их чухал. Ельцин Техеда /26/ "хад чулуу" нэрээ батлахаар хичээх бөгөөд түүнд Кристиан Боланос, Сельсо Боргес, Давид Гузман зэрэг дунд зэрэглэлийн тоглогчид тусална. Довтолгооны санаачлага хурд саарсан ч техник сайн, толгой сийрэг багийн ахлагч Брайн Руйзд оногдоно.
Гэхдээ эдний амин сүнс бол багийн хаалгач, Кейлор Навас билээ. Чухамдаа түүний зоригтой, гайхамшигт тоглолтын ачаар тийм "үлгэр" шиг амжилтад хүрсэн гэхэд хол зөрөхгүй. Тэрээр Реал Мадрид клубт шилжих замаа засч, 3 жил дараалан Аваргуудын лигт түрүүлснээр эдүгээ хөлбөмбөгийн ноён оргилд гарчээ. Төрөлх хотынх нь цэнгэлдэхийг "Навас" хэмээн нэрийдсэн ч зөвхөн нас барсан хүнд тийм хүндлэл ирдэг хуулийн дагуу хойшилжээ. хэхэ.
Жигүүрийн хамгаалалтад Сандэрлэндийн Брайн Овьедо, Сельтикийн Кристиан Гамбао нараас гадна хамгийн залуу, ирээдүйтэй гэгдэх /23/ Роналд Матаррита тоглох болов уу?. Тэрээр Бундеслигийн багуудаас ирсэн саналд татгалзаж, одоо АНУ-ын лигт тоглож байна.
Төвийн хамгаалалтын гурвалаар Уастон, Гонзалез, Акоста, Дуарте нар дэвшсэн байна. Дуарте хүнд гэмтлийн дараа бүрэлдэхүүнд багтаж байгаа учраас сонголт эхний 3 дээр буух байх.
Таамаг:
ДАШТ дамжин нэг тактик, ижил бүрэлдэхүүнээр амжилт олох тун ярвигтай. Нас ахих, бусад багуудад судлагдах, амжилтдаа ханах зэрэг олон хүчин зүйлийг тооцох нь зүйтэй. Түүнээс гадна Кейлор Навасыг бодвол ихэнх тоглогч форм, фитнесс сайнгүй байгаа нь тэдний боломжийг бууруулна. Хамгийн эхний Сербитэй хийх тоглолт тэдний хувь заяаг шийднэ дээ. Хэрэв хожил байгуулж чадвал тэр эрчээрээ дайрчихыг үгүйсгэхгүй. Үгүйсгэх тусам сайн тоглодог эвгүй баг.
Бет:
Бетний нэг онцлог бол сэтгэлийн хөөрөл, мухар сүсгийг аль болох хязгаарлаж, бодит баримт, статистикт тулгуурлахыг чиглүүлдэг. Тиймээс тэдний хэсгийнхээ сүүл мушгих бет 1,66 одд байгааг чухалчилж авч үзье.
Сүүлийн 20 тоглолтын дөнгөж 3-т нь 1-ээс дээш гоол оруулсан, мөн дээр дурдсан онцлох статистикийг харгалзан үзээд 2,5-аас бага гоол хийх бет 1,72 одд байгааг сонголтдоо оруулъя.
СЕРБИ УЛСЫН ШИГШЭЭ БАГ:
ФИФА-гийн эрэмбийг үзвээс Серби улс Европ тивийн хамгийн сул баг. ПОТ-4 буюу хамгийн сул багуудын нэгээр сугалаанд орсон. Гэхдээ бид үүнд хууртаж, тэдний хүчийг дутуу үнэлж болохгүй. Сербичүүд 1998 оноос хойш анх удаа хэсгээсээ шалгарахыг хүсч байгаа нь бодитой юу?.
Давуу тал:
- Туршлага, залуу насыг сайхан хослуулсан.
- Хагас хамгаалалтад ноёлох боломжтой.
Сул тал:
- Довтолгоо сул. Митровичоос дээр сонголтгүй.
- Дасгалжуулагч туршлага нимгэн.
Хэрхэн шалгарав: Уэльс, Ирланд, Австри зэрэг хүч тэнцүү өрсөлдөгчидтэй таарсан ч Австрийн талбайд 2-3 хожигдсоноос бусдаар хий гаргалгүй итгэл төгс тэргүүлж шууд шалгарсан.
Бүрэлдэхүүн:
Цаасан дээр бүх юм сайхан мэт харагдавч тэдний ОХУ-ыг зорих зам кино шиг өрнөв. Славолюб Муслины удирдсан баг тоглолт бүрт гоолдож, нийт 20 гоол оруулан хэсгээ тэргүүлж ДАШТ-д оролцох эрхээ авсан ч түүний 3-4-3 /үндсэндээ 5-2-2-1/ байрлалаар тоглох тактикийг хэтэрхий хамгаалалтыг чухалчилсан, Дэлхийн залуучуудын аварга /2015/ багийн бүрэлдэхүүнээс, ялангуяа Лациогийн Милинкович-Савичийг тоглуулахгүй байна гэдэг шүүмжлэл тасарсангүй. Муслин ирээдүйн од гэгдэх залууг өөрийнх нь тактикт нийцэхгүй гэдэг шалтгаанаар ганц ч тоглуулсангүй.
Ингээд Сербийн хөлбөмбөгийн холбоо түүнийг халж, туслах Младен Крстаяичийг дэвшүүлсэн нь хэдийгээр залуудаа алдартай хамгаалагч байсан ч дасгалжуулагчийн туршлагагүй нэгнийг томиллоо хэмээн дахин эсэргүүцэлтэй туллаа. Үнэндээ Драган Стойковичийг урьсан боловч тэр татгалзсанаас болж Младенийг сонгож.
Гэтэл Младен дасгалжуулагч болонгуутаа багийн ахлагчийн туузыг Бранислав Ивановичаас Александр Коларовт шилжүүлж асуудлыг дэвэргэв. Дотоодын хөлбөмбөгийн лигт болсон үймээн зодоон, танхайрал, арьс өнгөний үзэл гаргасан явдал гээд Сербийн хөлбөмбөгийн ертөнц адал явдлаар дүүрэн байна. Нэг талаас хөгжөөн дэмжигчдийн багтаа итгэх итгэл буурсан ч нөгөө талаас хүлээлт багатай, элдэв дарамтгүй тоглох нь залуус ихтэй багийн хувьд сайн тал болж мэднэ шүү.
Младен Крстаич 4-2-3-1 байрлалаар илүүтэй довтолж тоглохыг чухалчилж байгаа бөгөөд Милинкович-Савичыг төвийн шугамд Неманъя Матичтай хослуулж байгаа нь нүдээ олсон гэлтэй. Лука Миловоевич, Марко Груич нарын боломжийн тоглогчид сэлгээнд байна гэхлээр Младены гарт "сайн хөзөр иржээ".
Урд талд нь Адем Ляаич /Турин/, Дусан Тадич /Саутхэмптон/, Филип Костич /Хамбург/ нар Александр Митровичийг дэмжин довтолгооны санаачлагыг гартаа авахаар байна. Митровичийн хувьд Ньюкаслаас Фүлэм багт зээлээр тоглохдоо энэ жил Премьер лигт дэвшихэд нь 12 гоолоор тусалсан бол шигшээ багтаа 9 тоглолтод 6 гоолоор багаа тэргүүлэв. Түүний орлогчоор ПАОК-ын Приёович, Айнтрахтын Ёович нарын дундаж довтлогчид сэлгээнд сууна.
Хаалгачийн байрлалд хэдийгээр ахмад тоглогч Владимир Стойкович тоглох магадлалтай ч Эйбарын Марко Димитрович, Маккабигийн Предраг Райкович нарт ижил боломжийг олгож сэлгэж тоглуулж байна. Хамгаалалтын шугамд ахлагч, экс ахлагчаас гадна Бешикташийн Дуска Тосич, Фиорентинагийн Никола Миленкович нарт илүү итгэж байна. Харин Шалькегийн Матияа Настасичийн бэртэл дэндүү хүнд байснаас амжиж эдгэсэнгүй.
Таамаг:
ПОТ-4 багтсан 8 багаас тэдэнтэй таарахыг хэн ч хүсээгүй байх. Гэхдээ энэ багт итгэж найдах хүчин зүйлээс эргэлзэж тунгаах нь илүү мэт. Туршлагагүй дасгалжуулагч, багийн уур амьсгал, довтолгооны сонголт дутмагаас гадна сүүлийн нөхөрсгүүдэд Морокко, Чилид хожигдож, БНСУ-тай тэнцсэн. Өнөөдөр харин Боливийг 5-1 хожлоо.
Бет:
Хэсгээс шалгарах бет 2,20 одд, шалгарахгүй бет 1,66 одд. Ёстой барьцгүй, итгэлгүй. Яг ийм үед алгасах гэж сайхан сонголт бий шүү.
Александр Митрович багаа гоолоор тэргүүлэх бет 2,75 одд.
ЗӨВЛӨМЖ: ХЭСГИЙН БҮХ ТОГЛОЛТЫН ЕРӨНХИЙ ДҮР ЗУРГИЙГ ГАРГАСНЫ ДАРАА АЛЬ БАГ ХЭДЭН ОНОО, ХЭДЭН БӨМБӨГНИЙ ЗӨРҮҮТЭЙ ШАЛГАРАХ ТАЛ ДЭЭР ДҮГНЭЛТ БАЙДЛААР БЕТЭЭ ГАРГАХ НЬ ОНОВЧТОЙ БОЛОХЫГ ЗӨВЛӨЕ.
ХЭСГИЙН ЕРӨНХИЙ ТОЙМ /ЖИШЭЭ/
КОСТА РИКА 1-1 СЕРБИ
БРАЗИЛ 1-0 ШВЕЙЦАРЬ
БРАЗИЛ 2-0 КОСТА РИКА
СЕРБИ 1-1 ШВЕЙЦАРЬ
СЕРБИ 1-2 БРАЗИЛ
ШВЕЙЦАРЬ 1-0 КОСТА РИКА
№1 БРАЗИЛ 9 ОНОО
№2 ШВЕЙЦАРЬ 4 ОНОО
№3 СЕРБИ 2 ОНОО
№4 КОСТА РИКА 1 ОНОО