Ком-оо ухаж байгаад өөрөө судалж бичиж байгаад дутуу орхисон нэг нийтлэлээ оллоо... 1980-1981 онд Английн лигийн аварга болсон тэр улирлын тухай юм... Тухайн үедээ бол саяхны Лестер Ситигийнх шиг л юм болсон гэдэг... эхний хэсгийг нь оруулаад амралтын өдрүүдээр төгсгөлийг нь бичиж оруулъя даа...
1980-1981 оны улирал: Гайхамшигийг бүтээсэн нь...
Даруухан эхлэл...
Өмнөх улиралдаа эцсийн мөчид Чононуудыг өмнүүрээ алдан 7-р байранд орж Европын эрхээс мултарч байсан Астон Вилла клубыг тийм өндөр амжилт үзүүлнэ гэж хэн ч санаагүй юм. Тэр үе бол домогт Боб Пейслигээр удирдуулсан Ливерпүүл клубын жинхэнэ цалгиж явсан үе. 2 жил дараалан лигийн түрүү байрыг гуядаж авсан Ливерпүүлийг бүдрүүлэх магалалтай багуудын тоонд Манчестер Юнайтед, Арснеал, Тоттнехамын нэр зүй ёсоор бичигдэж байв.
Хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг татаж байсан өөр нэгэн баг бол домогт Сэр Бобби Робсоны удирдлаган дор тоглож байсан билэг танхай тоглолттой Ипсвич клубын залуус байсан юм. Тэд 2 жилийн өмнө Уэмблид Арсеналыг сөхрүүлэн ФА цомыг өргөсөн бол өнгөрсөн улиралд улирлын тоглолтонд Манчестер Юнайтедыг 6:0-ээр буулган авч шуугиан тариад тэр эрчээрээ Голландын Алкмаарыг буулган авч Европын цомын аварга болоод байсан юм.
Харин нөгөө талд Астон Виллагийн ирээдүй тун бүрхэг харагдаж байлаа. 113 тоглолтонд 54 гоол хийгээд байсан галзуу ганц мэргэн бууч Энди Грэйг гол өрсөлдөгч Чононуудад зарж орхисон нь багийн удирдлагуудын амбиц ямар хэмжээнд байсныг гэрчилнэ. Нөгөөтэйгүүр намуухан яриатай, үг дуу цөөнтэй менежер Рон Саундерсийн дор клуб одоогийн гаргаж байгаагаас илүү амжилт гаргана гэдэгт итгэх хүн бараг байсангүй. Хэдий тийм ч тэд гайхамшигтай амжилтыг үзүүлж, клубын түүхэн дэх нэгэн цоо шинэ хуудсыг нээж чадсан юм.
Багийн бүрэлдэхүүн болон философи...
Астон Вилла клубыг 3-р дивизион хүртэл унаад арайхийн мацсаар 1-р дивизион руу гарч ирээд байсан тэр үед Рон Саундерс багийг даан авч 1-р дивизионд хөлөө олсон тогтмол амжилттай баг болгохоор хичээнгүйлэн ажиллаж эхэлсэн юм.
Тэр жил багийнхаа түлхүүр тоглогч Эндийг яах ч аргагүй /багийн удирдлага ч зарахыг хүссэн, тоглогч өөрөө ч явахыг хүссэн/ өрсөлдөгчдөө алдсан Роны хувьд “гарын доорх материалаар” юмханаар юм хийхээс өөр хувилбар үлдсэнгүй. Учир нь Энди Грэйтэй хамтран довтолгооны гайхалтай хослолыг бүрдүүлж байсан Браиан Литтл улирлын өмнөх бэлтгэл дээр өвдөгний гэмтэл авснаар бүтэн улирал тоглох боломжгүй болоод байв. Тэрээр Виллагийн академиас гарч ирсэн хурц од байсан бөгөөд тэр жилдээ буюу 26-хан насандаа гэмтлийн улмаас зодог тайлсан юм. Тэрээр Виллагийн төлөө 10 жил тоглохдоо 247 тоглолтонд оролцож 60 гоол оруулсан ирээдүйтэй од байв.
Ингээд аргагүйн эрхэнд багийн удирдлага Энди Грэйн оронд Эндиг зарсан мөнгөний 3-ны 1 ч хүрэхгүй мөнгөөр баг баг дамжин аялж явдаг Петер Витег авч өгчээ. Үнэндээ Роны багийн ганц од гэж хэлж болох тоглогч нь Петер Вите байсан юм. Багийнх нь тамирчдад бусад багийн тамирчид шиг ур чадвар, авъяас бэлэг байхгүйг сайн мэдэж байсан Рон хувцас солих өрөөн дотор “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн хамтач уур амьсгалыг бий болгохыг зорьж байлаа. Ингэснээр тэдгээр тоглогчидын өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ хэмээн найдаж байв. Виллагийн “юм үзээгүй” тоглогчдын дунд Ноттингамтай хамт аваргын цом өргөөд үзчихсэн Вите ганц од нь байлаа. Тэр л залууст том зорилгод хүрч чадна гэсэн итгэл найдварыг төрүүлэн өдөөж байсан юм.
Рон Саундерс олны анхааралд байх дургүй бүрэг хүн байсан бөгөөд улирал эхэлснээс хойш нэг ч удаа сонингийн ярилцлага өгөөгүй гэдэг. Харин фенүүдтэй уулзах бүртээ “Та бүхний бүрэн дэмжлэг болон тоглогч нэг бүрийн 110 хувийн хичээл зүтгэлээр бид хүссэн зорилгодоо хүрч чадна” хэмээн зурагдсан пянз шиг давтдаг байж.
Багийн тоглолтын хувьд Рон анхнаасаа л 4:4:2 форматаар уламжлалт англи маягийн тоглолтоор тоглох төлөвлөгөөтэй байлаа. Энэ философи маш энгийн. Хоёр жигүүрээр хурдтай довтолж өндөр довтлогч руу хөндлөн дамжуулалт хийнэ. Эсвэл вингер өөрөө зүсч ороод довтлох буюу жижиг довтлогч руу дамжуулна. Талбайн голд хүчирхэг хоёр хагас хамгаалагч бөмбөг таслаад авсан даруйдаа аль нэг жигүүр лүүгээ гаргаж өгнө. Хамгаалагч нар ч мөн адил бөмбөг таслаад урагш уралдуулан цөлөх буюу баруун зүүн жигүүр лүүгээ гаргаж өгнө.
Роны хувьд том биетэй Петерийн дэргэд тоглох учиртай байсан жижиг биетэй Браиан Литтлийн оронд өөр нэгэн шавилхан залууг академиас гаргаж ирсэн нь манай ирээдүйн домог 19-хөн настай Гари Шоу байсан юм. Тэрээр тэр улиралдаа 18 гоол хийж багийн мэргэн бууч 20 гоолтой Витегийн ард бичигдсэн юм. Харин баруун жигүүрт Виллад ирснээсээ хойш олигтой тоглож өөрийгөө нотолж чадалгүй 2 жил болсон Тони Морлиг зоожээ. Харин зүүн жигүүрийг 28 настай онцын гайхшруулаад байх зүйлгүй ч олон байрлалд тоглох чадвартай Дес Бремнер хэмээх Шотланд залууд хариуцуулсан байв. Харин талбайн голд 22-хон настай цэл залуухан Гордон Кованс /хожим нь багийн домог болсон/ болон хожим нь Английн шигшээд дуудагдаж байгаагүй тоглогчдоос хамгийн шилдэг нь гэгдэх болсон ажлын морь, багийн ахлагч Денис Мортимер нар тоглож байлаа. Харин хаалгыг ид үеээ Арсеналд өнгөрөөсөн ахимаг насны хаалгач Жимми Риммер манаж байв. Сонирхолтой нь Рон Челсид довтлогч явсан Кенни Свэйнийг баруун ард зоосон байлаа. Харин зүүн ард цэл залуухан 20 настай Гари Уиллиамс тоглож байв. Төвийн хамгаалагчидаар Шотланд хослол болох 26 настай Кен МкНаут болон 24 настай Алан Эванс нар тоглож байсан юм. Хожим нь тэд Астон Виллагийн амжилтын жилүүдэд хамгаалалтын амин зүрх нь болсон билээ. Сэлгээний 3 тоглогч нь 21-хэн настай хамгаалагч Колин Гибсон, довтолгч Дэвид Гэддис болон хамгаалагч Имонд Дийси нар байсан юм.
Гайхалтай нь Рон бүтэн улиралын туршид улирлын 42 тоглолтонд болон цомын тоглолтуудад зөвхөн энд нэр нь гарсан 14 тоглогчийг л ашигласан юм. Энэ нь хамгийн цөөхөн тоглогчийг ашиглан Английн лигийн аварга болсон онцгой тохиолдол байсан билээ. Багийн ротаци гэдэг зүйлийг Рон ор тас мартаж зөвхөн 14 тоглогчоор нүдсээр багийг аварга болгож чадсан юм. Нэг талаас бэртэл гэмтэлд дайрагдаагүйн аз нөлөөлсөн байж болох ч нөгөө талаас тоглогчдын фитнес болон сэтгэлзүй дээд зэргийн байж чадсаны үндсэн дээр гарааны 11 тоглогчдоос 7 нь бүтэн 42 тоглолтонд бүрэн орж чадсан билээ...
...үргэлжлэл бий...