Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд улсын начин П.Ганбаяр өчигдөр 01.10 цагийн үед ухаан алдаж унажээ. Эрүүлжүүлэх байрны цагдаа нарын дуудсанаар Түргэн тусламжийнхан арван минутын дараа ирсэн ч тэдэнд хийх ажил байсангүй бололтой. Начин аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.
Баянгол дүүрэгт байх “Мөнгөн тойг” зочид буудлын бааранд Од, Батсүх, Батболд нарын хэсэг залуу сууж байсан аж. Тэдний зэргэлдээ ширээн суусан нэгэн төлбөрөөс болж барментэй маргалдсан байна. Тэднийг маргаанаа зогсоож хүмүүст тайван суух бололцоо олгохыг шаардсан залууг тэрбээр барьж аван мөргөж унагжээ. “Би улсын начин, Булганы Ганбаяр байна, та нар намайг танихгүй байна уу” хэмээн агсарч Од хэмээх залуугийн үүдэн шүдийг хуга мөргөжээ. Баарны үйлчлэгч эмэгтэй зодоон болж буй талаар цагдаагийн хөдөлгөөнт эргүүлд дуулага өгсөн байна. Дуудлага авсан Хөдөлгөөнт эргүүлийн газрын 341 тоот машинаар үүрэг гүйцэтгэж байсан багийнхан, Х хорооллын VI хорооны цагдаатай хамт очжээ.
Эргүүлийнхэн олон нийтийн газарт танхайрсан начинг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн аж. Эрүүлжүүлэх байранд тэр шөнө гурван цагдаа эмчийн хамт ажиллаж байсан гэнэ. Тэд улсын начины хувцсыг нь тайлалгүй, ганцааранг нь нэг өрөөнд оруулжээ.
Үүнийг харсан хохирогч залуу “Та нар хэзээ хүнийг хувцастай нь эрүүлжүүлж байлаа. Хувилдаад гаргах гэж байна уу” гэх зэргээр цагдаагийн ажилтнууд руу агсарчээ. Эрүүлжүүлэх байрны дотоод дүрмээр бол хүнийг хувцастай нь өрөөнд оруулж болдоггүй юм байна. Хохирогчийн тавьсан шаардлагын дагуу Эрүүлжүүлэхийн цагдаа нар начин П.Ганбаярыг хувцсаа тайл гэтэл тэрбээр эсэргүүцэж тэдэнтэй маргалджээ. Эрүүлжүүлэх байрны гурван цагдаа нийлээд түүнийг дийлээгүй тул хэлтсийнхээ жижүүрт гарч байсан нэг цагдааг дуудан дөрвүүл агсан тавьсан начныг хүлж байсан гэнэ.
Энэ үед П.Ганбаяр ухаан алдан унаад эргэж сэхээгүй аж. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас дээрх дөрвөн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв. Тэднийг өчигдөр орой Ганц худагт цагдан хорьжээ. Бидэнд олдсон мэдээллээр тэд начинд хүч хэрэглэсэн гэх ул мөр байгаа аж. Талийгаачид задлан шинжилгээ хийж байж энэ бүхнийг тодоруулах юм. Начин П.Ганбаяр нэлээд согтуу байсан гэнэ. “Мөнгөн тойг” зочид буудлын бааранд түүнтэй маргалдсан гурван залуугийн нэг нь цагдаагийн ажилтан байсан гэх мэдээлэл байгаа юм.