А.Сүхбат аварга барилдаж магадгүйМонголын хувийн хэвшлийн анхны их, дээд сургуулиудын нэг "Шонхор" БТДС-ийн 20 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хугацаанд тус сургууль тив, дэлхийн медальт, улс, аймгийн цолтой олон алдартныг төрүүлэн гаргасан. Тэмдэглэлт ой нь тохиосон сургуулийн үндэсний бөхийн багшаар улсын харцага Г.Намсрайжав ажиллаж байгаа. Түүний хувьд бөхийн "Шонхор" клуб байгуулагдсан тэр жил улсын цол авсан бөгөөд сургуулийн ойтой начин болсны 20 жил нь мөн давхцаж буй юм. Түүний аав Ж.Гилэг, ах Г.Даваасамбуу нар мөн улсын начин бөхчүд гэдгийн уншигч та сайн мэдэх байх. Хоёр ой нь давхацсан удамт хүчтэнтэй "Шонхор" дээд сургуулийн бөхийн зааланд хичээл зааж байхад нь уулзаж ярилцлаа.
-Тун удахгүй "Шонхор" БТДС-ийн 20 жилийн ой болно, мөн энэ сургууль байгуулагдсан тэр жил та улсын цол авч байсан. Тэгэхээр юуны өмнө танд тэмдэглэлт хоёр ойн мэндийг хүргэх нь зүйтэй болов уу?
-Нээрээ би улсын цол аваад 20 жил болж байгаа юм байна. Өөрийг чинь хэлэхээр л саналаа. Монголын хувийн хэвшлийн анхны дээд сургуулийн нэг "Шонхор"-т би гурван жилийн өмнөөс ажиллаж байна.
-Том ойн өмнө танай сургуулиас хийж хэрэгжүүлж буй ажил юу байна?
-Сургуулийн дотор, гадна орчны тохижилтыг сайжруулах, багш оюутнуудыг жигд хувцастай болгох гээд ажил өрнөж л байна. Сургуулиас сар бүр оюутнуудын дунд барилдаан зохион байгуулдаг. Үүнд 200 орчим бөх тогтмол оролцоно. Харин ойд зориулж зөвхөн "Шонхор" БТДС-аас төрөн гарсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдааныг арванхоёрдугаар сарын 12-нд хийх гэж байгаа. Сургуулийн ойн арга хэмжээ болохоор А.Сүхбат аварга ч барилдаж магадгүй юм. Харамсалтай нь тэр өдөр Бөхийн өргөө энэ арга хэмжээг хүлээн авах боломжгүй гэсэн. СТО-д болох байх.
-20 жилийн хугацаанд "Шонхор"-ынхны үзүүлсэн амжилт их биз?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ би тэр их амжилтад дорвитой нөлөө үзүүлсэн биш, өөрт нааж худлаа яриад яах вэ. Энэ тухай Баянаа аваргаас асуусан нь дээр байх.
-Тэгвэл энэ жил "Шонхор"-ынхон хэр наадав?
-Сар бүр болдог барилдаан оюутнуудад их үр өгөөжтэй. Нэг сар хийлгүй өнжихөд л "Багш аа, яагаад барилдаан болохгүй байна?" гээд нэхнэ. Энэ барилдааны үр дүнд оюутнуудын ур чадвар эрс нэмэгддэг. Энэ жил Ө.Даваабаатар улсын харцага болж, Б.Батжаргал Сүхбаатарт, Батням Хөвсгөлд түрүүлэн, өөр олон бөх аймаг, сумын цол авсан. Ер нь энд 1-2 жил хичээллээд л сумандаа очоод түрүүлчихэж байгаа юм.
-Сар бүрийн барилдаанд оюутнууд бүх зүйлд нь оролцдог гэдэг байх аа?
-Гарын даа, хөлийн цэц, засуул, цоллооч гээд бүгдийг нь оюутнууд өөрсдөө хийдэг. Бас нэг онцлог нь тоог тэнцүүлэх гэж бөх хасалгүй, хэдэн оюутан бүртгүүлнэ тэр тоогоор нь барилдуулдаг.
-Та "Шонхор"-той хэрхэн холбогдож байв?
-Би 96, 47 дугаар сургуулиудад багшилдаг байсан. Гурван жилийн өмнө Х.Баянмөнх аваргатай таарч уулзахад надад санал тавьсан юм. Тэгээд энд багшилж байна.
-Ажлын ачаалал хэр байна?
-Дуртай ажлаа хийж байгаа болохоор ядарч түүртэх юм алга. Эдэнтэйгээ бужигнаж байхад хоёр цаг дорхноо л өнгөрнө. Хааяа хорхой хүрээд өмсгөлтэй дунд нь орчихоор маргааш нь бие булраад хэцүү (инээв).
-Та ер нь хэр хатуу багш вэ?
-Бусад хүмүүс л дүгнэж хэлэх байх. Нэг их ширүүлхээд байдаггүй гэж боддог. Ахархаад, томроод байвал хүүхдүүд халгаад юм асуухгүй шүү дээ. Гэхдээ жаахан дэг журам байлгүй яах вэ.
-2007 оны сар шинийн барилдаанаар таныг хүүтэйгээ таарах дөхсөнийг санаж байна. Хүү тань одоо хэр барилдаж байна вэ?
-Тэр барилдаанд хүү Н.Батсуурь маань яг миний дараагийн бөх Н.Алтансүх харцагатай таарч давсан. Харин би нэг шавиа бараагүй. Хүү хоёрын даваанд Д.Азжаргалд унаж байлаа. "Соёл-Эрдэм" ДС-д сурч байгаад Япон яваад жил зургаан сар болж байна. Гуравдугаар сард төгсөнө. Барилдах хорхойтой, сурах хугацаа нь дуусч өгөлгүй тэнд "зовж" байгаа юм шиг байна лээ.
-Саяхныг болтол та заалны барилдаанд тогтмол гарч байсан…
-Хүү л "аав одоо боль" гэсээр барилдахаа больсон. Тэгээд ч хурд муудаад дийлэх хүнгүй болж. Одоо улсын наадмаараа л нэг гарч байдаг юм бил үү дээ.
-Одоо бөхийн үе солигдож байна. Гарч ирж буй залуучуудаас нүдэнд туссан, үеийнхнийгээ манлайлах болов уу гэмээр бөх хэн байна?
-Биеэ зөв авч явбал сайн залуу олон. Ер нь л жигд юм. Нийтдээ жин ихэсч. Барьц сонгодгоос л болсон байх. Урьдынх шиг уран гоё барилдаан ховор болжээ. П.Сүхбат гарьд, Ч.Бямбадорж заан нар шиг үзүүштэй, сайхан барилддаг хүн алга.
-Таны бөх болох нь багаасаа л тодорхой байсан байх. Аавыгаа дагаж наадам, барилдаан үздэг байв уу?
-Би аавынхаа 37-ны жил дээр гарсан. Намайг том болоход аав барилдахаа больчихсон байсан. Би хотод ирээд 9-10-р ангидаа Д.Баатаржав багшийн секцэнд хичээллэж байлаа. Нэлээн хожуу барилдаж эхэлсэн гэж болно. 10-р анги төгссөн жилээ улсад хоёр даваад С.Цэрэн аваргад унаж байлаа.
-Улсад хэдэн жил барилдаж байж цолд хүрсэн бэ? Өмнө нь аймаг, цэргийн цолтой байсан уу?
-1976 оноос хойш цэргийн жилүүдэд л барилдаагүй байх. Цэрэгт байхдаа армийн АШТ-ээр л нэг үзнэ. Ангийн барилдаанд халагдах цэрэг хаялаа гээд зодуулж явсан үе бий. Увсын АШТ-ээр аймгийн заан болж, Ховдод болсон бүсийн тэмцээнээс аймгийн арслан цол авч байлаа. Тэгээд 1988 онд Ө.Тулгаа заанаар тав, Б.Ганбаатар арслангаар зургаа давж, Б.Бат-Эрдэнэ аваргатай долоод тунаж унасан.
-Цолны даваанд яг тэр үеийн шилдэг залуу хүчтэнүүдтэй таарч цолд хүрчээ. Урьд нь цолд ойрхон очиж байв уу?
-1986 онд С.Хүрэлбаатарт тавын даваанд унасан. 1989 онд цол батлах даваанд З.Дүвчин заанд мөн өвдөг шороодсон.
-Улсын цол авсны дараа түүнийгээ батлах, ахиулах зорилго байсан байх. Заан цол танд хэр ойрхон санагдаж байсан бэ?
-Би ерөнхийдөө улсын цол ч үгүй үлдэх шахаж байж 29 настайдаа начин болсон. Гэхдээ тэр жилийн УАШТ-д би Б.Бат-Эрдэнэ аваргыг хаяж байлаа. Тэр тэмцээнд Ба аварга Ө.Тулгаа, Ж.Чулуун ах, бид гуравт унасан. Аварга их дайрч барилддаг хүн. Тэр л маягаараа дайраад ирэхэд нь тохой алгадаж татаад цочиход нь зөрүүлээд алгадчихсан. Ө.Тулгаа миний дараа аваргатай барилдсан. Гарахдаа "Бат-Эрдэнийн толгой манан дунд байна даа. Гараад л хөлд нь орчихъё" гээд яг хэлснээрээ давж билээ. Наадмаар надтай барилдахдаа хөдлөхгүй байсан, би яарч түрүүлж хөдөлж байж хариу мэхэнд орчихсон юм.
Б.Бат-Эрдэнэ тэр жил улсад анх түрүүлж, арслан болсон. 1990 оны МНТ-ны 750 жилийн ойгоор Хэнтийн "дэгээ" Г.Баярааг давж шөвгөрөхөд өндөр Д.Эрдэнэбат заанд унасан. Урьд нь ганц ч унаж үзээгүй мөртлөө тэгэхэд анх өвдөг шороодчихож билээ. 768 бөх барилддаг жил сумын ойдоо зодоглоод улсын наадмыг өнжсөн. Тэр наадам миний дахиж шөвгөрөх боломж байсан гэж боддог. Нэг жил П.Сүхбатыг амлаад унасан. Нэг оны начингаа дахиж дээр нь гарч барилдах боломж олдохгүйг мэдрээд сүүлчийн удаа амлаж барилдсан нь тэр. Ер нь бөх хүн бууж өгнө гэдэг заяанд муу юм билээ. Д.Жавзанжамъянг начин болдог жил дөрвийн даваанд түүнд өгсөн. Түүнээс хойш гавихаа больсон шүү.
-Тэр үед одоогийнх шиг өгч авдаг нь байгаагүй биз?
-Тийм юм байхгүй ээ. Харин 1993 онд Жавзааг өгвөл нь аваад өгөхгүй бол хүчээ үзье гэж бодож амлаад 2.40 цаг ноцолдож байж давсан.
-Та УАШТ-д Б.Бат-Эрдэнэ аваргыг орхисон гэсэн. Одоо зохиогдохоо больсон энэ тэмцээн их чанартай болдог байж?
-Ёстой л бэлтгэл шалгадаг сайхан тэмцээн байлаа. Хот, хөдөөгөөс шалгарсан 32 бөх үзнэ. Гурван өдөрт 31 барилдана гэдэг хэцүү. Хоёр, гурав дахь өдрөөс гар тасрахаа шахаж, даагдахгүй болтлоо хүндэрдэг байж билээ.
-Та бэлтгэл, сургуулилт хэр хийдэг байв?
-Бараг хийхгүй дээ. Наадмын өмнө Ө.Тулгаатай долоо хоног барилдаан хийгээд 9, 10-ны орчимд хотод орж ирдэг. Тэр үед Ө.Тулгаа улсын начин болчихсон том, архаг бөх. Бидний хэдэн залуу хиймэл дагуул шиг л зүүгдчихээд салдаггүй байлаа.
-Ө.Тулгаа зааны бяр хүчний талаар домог шиг л юм яригддаг. Та үүнийг өөрөө нүдээр үзэж байв уу?
-Ө.Тулгаагийн биеийн хөгжил мундаг. Одоогийн энэ бодибилдингээр хичээллэгчдээс дутахгүй. Цэрэгт савлуурт сайн байсан гэдэг.
-Таны гар зөрүүлж, хүч сорьж байсан бөхчүүдээс бяраар хамгийн их нь хэн байв?
-Хадаа аваргын бяр аюултай шүү. Тэгээд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ аваргууд байна. Бас Ч.Гочоосүрэн, Д.Амгаа, З.Дүвчин заанууд элдэвтэй дээ. Тэр үеийнхэн цолныхоо хэмжээнд барилддаг байлаа.