Сонирхолтой л ярилцлага байна. Бүтнээрээ
http://www.tuv.mn/index.php/p/148788Харин Наранбаатарын тухайд ингэжээ.
-Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйл асуумаар санагдлаа. Б.Баттулгын шавь нар багшаасаа зугатаадаг гэж нэг хэвлэлээс уншиж байсан юм байна?
-Намайг 2000 онд Биеийн тамирын дээд сургуулийн багшаар очиход Наранбаатар манай хоёрдугаар курсийн оюутан байсан. Миний дааж авсан анги гэсэн үг л дээ. Бид хоёр анх ингэж л учирсан. Тэр үед би Наранбаатарт “Чи тогтвортой сайн хичээллэвэл дэлхийгээс медаль авах хүүхэд байна” гэж хэлж байсан юм. Тэгэхэд өөртөө ямар ч итгэлгүйгээр “багшаа тийм боломжтой юу” гэж асууж байсан. Тэгэхээр нь чи миний удирдлага дор бэлтгэлээ хийвэл бүрэн бололцоотой гэж хэлж билээ. Наранбаатарын тухайн үед надад өгч байсан анкет, хүсэл мөрөөдлөө бичсэн бичвэр нь одоо ч надад бий. 2000 оноос эхэлж хоёр жил Наранбаатарыг бэлдэж Дан коловын нэрэмжит олон улсын тэмцээний аварга болгож байлаа. Харин 2003 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн. 2005 онд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. 2007 онд нь мөнгөн медаль авсан байдаг юм. Тэгээд 2007 оноос хойш шигшээ багт хүлээлгэж өгөөд бэлтгэл сургуулилтад нь оролцоогүй. Гэхдээ Наранбаатар надтай хамт бэлтгэл хийдэг байхдаа насанд хүрэгчдийн улсын аваргад жиндээ түрүүлж үзээгүй. Гадагшаа тэмцээнд явсан үзүүлэлтээрээ дэлхийн аваргад 2003 оноос хойш 2009 он хүртэл тасралтгүй оролцсон байдаг юм. Тэгэхээр хүн өмнө нь ямар байснаа сайн боддог байх хэрэгтэй. Үүнийг би өмнө нь ярьж байгаагүй учраас хүмүүс тэр бүр мэддэггүй.
-Б.Наранбаатар гавьяатын амжилтын зам мөр таны уйгагүй хөдөлмөрийн нэг үр дүн гэж ойлголоо. Гэхдээ өөрийн тань гарын шавь байж яагаад танд дургүй байдаг юм бол?
-2004 оны Афины олимпоос хойш надад олимпоос чөлөөтийн тамирчдаа медаль авахуулчих юмсан гэсэн бодол илүү төрж эхэлсэн юм. Тэгээд 2007 онд болсон дэлхийн аваргын тэмцээний дараа Наранбаатарт “Монголд очоод миний жин бол Монгол Улсынх. Хэн сайн байгаа нь олимпод явна” гэдэг хэвлэлийн хурал хийчих гэж зөвлөсөн юм. Тэгтэл үүнийг Наранбаатар их эмзэг хүлээж авсан. Би эрхийг нь авсан, намайг дийлэх хүн байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи толгойгоо амраах хэрэгтэй, Монголын жин гээд хэлчих юм бол залуучууд бэлтгэл хийж эхэлнэ. Тэр хэрээр чиний ур чадвар өснө гэсэн юм. Энэ цагаас хойш намайг олимпод явуулахгүй байж мэдэх юм байна гэсэн бодол түүнд төрсөн байх. Үүнээс үүдэлтэйгээр буруу ойлголттой явдаг байж магадгүй. Тэгээд л зай барьж эхэлсэн болов уу. Дараа нь 2012 онд 55 кг-ын жинд хамгийн сүүлд Б.Наранбаатар олимпын эрх авсан. Тэр үед Наранбаатар 32 настай байсан юм. Тэгэхээр нь хүн орох, гарах хаалгаа мэддэг байх ёстой. Б.Номин, Э.Бэхбаяр гэж хоёр сайхан залуу гарч ирж байна. Аль нэгийг нь олимпод явуулчих гэж зөвлөсөн. Ер нь манай өндөр зэрэглэлийн тамирчид аль цагт амжилтаа гаргах вэ, хэдийд зодог тайлах вэ, хэзээ нь залуучуудаа дэмжих вэ гэдгээ сайн бодох ёстой. Энэ бодлуудаа би өөрийн тамирчдад шууд л хэлдэг. Үүнээс минь болж зарим шавь нар маань буруугаар ойлгодог байж магадгүй л юм. Ямар ч л байсан шавь нарыгаа миний эсрэг зогсоод намайг муулж байна гэж бодохгүй байгаа. Гэхдээ сүүлд 2012 онд Наранбаатарыг дарга болсных нь дараа очиж уулзсан. Тэгээд багшийнх нь хийж чадах ажил бол дасгалжуулагч. Дарга нь байна даа, чи юу гэж бодож байна вэ гэж асуусан чинь “Та бөхөөс хол байсан нь дээр” гэж хэлж байсан юм. Тиймээс би 2012-2016 оны шигшээ багийн дасгалжуулагч нарын сонгон шалгаруулалтад оролцоогүй. Энэ хугацаанд өөрийн үүсгэн байгуулсан “Арслан” клубээ бэлтгэлийн заалтай болгох ажил амжуулсан даа. Хэрвээ би зөвхөн өөрийгөө бодсон бол Наранбаатарыг чи ёстой мундаг шүү гэж хэлээд л олимп дагаад явах байсан. Миний эцэг, эхээс авсан хүмүүжил бол хэлсэн ярьсандаа байхыг хичээдэг.
-Тэгвэл та яагаад Бямбаренчингийн Баяраа /Балкан Баяраа/ багшид шавь нараа өгсөн байдаг юм бэ?
-Миний хувьд тамирчдаа насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлүүлээд л шигшээ багийн багш нарт итгэж хүлээлгэж өгсөн. Гэхдээ шигшээ багийн багш нар тамирчдыг хувьчилж авч, гэрээ байгуулах ёс байдаггүй юм. Ямар ч л гэсэн би гавьяаг нь байгуулсан ч гавьяат биш багш. Баяраа багшийн хувьд Наранбаатарыг дэлхийн аварга болгоно гэж 2009 онд хэлж байсан. Тухайн үед бид гурав уулзаад эцэст нь би тэр хоёртоо амжилт хүсээд явж байсныг тэд мартаагүй байх. Харамсалтай нь, 2007 оноос хойш Б.Наранбаатар ДАШТ-ээс дахин медаль аваагүй. Ийм л зүйл болсон байдаг юм.