Редондо: Хөлбөмбөгийн уран тансгийн дээдДэлхийн хамгийн шилдэг клуб Реал Мадридын төлөө олон шилдэг тоглогч өөрийн авьяас чадвараа зориулж ирсэн түүхтэй. Эдгээр тоглогчдоос хамгийн үзүүштэй, уран тансаг буюу яруу найргийн хэлээр илэрхийлбэл гуа сайхан тоглодог тоглогч хэн бэ? Магадгүй энэ тухай цухуйлмагц олон хүний толгойд Зинедан Зидан харвах биз. Тэр мэдээж энэ тодорхойлолтод бүрэн тохирох тоглогч мөн, гэвч миний хувьд испаниар El Príncipe de Madrid буюу Мадридын ханхүү хочит Редондо бол түүнээс ч илүү.
Фернандо Карлос Редондо НериЭнэхүү нэрийг сонсмогц хүн бүрийн толгойд Олд Траффорд дахь түүний гайхамшигт дриблийг, өөртэй нь зууралдан гүйж байсан Бергийг өсгийгөөрөө бөмбөгөө хажуу тийш даран өнгөрсөн, яг л уран гулгалтын нэг техник мэт харагдсан тэрхүү скиллээр хамгаалагчаа мадлаад Раулд өгсөн тэр дамжуулалт харвадаг биз. Гэвч Фернандо Редондо үүнээс илүүгээр дурсагдах ёстой хүн. Түүнийг тодорхойлоход маш хүнд. Учир нь хамгийн уран яруу үгсийг хэрэглэлээ ч түүнийг, түүний Реал мадрид клубт үлдээсэн өв уламжлалын ач холбогдлыг дүрсэлж, илэрхийлж чадахгүй.
Түүнийг явуулсан наймаа клубийн хамгийн буруу шийдвэрүүдийн нэг байсан агаад үлдээсэн орон зай нь түүнийг багт, клубт, фэнүүдэд хэчнээн чухал байсныг харуулсан төдийгүй, хэн ч хэзээ ч бөглөж чадаагүй юм.
Фернандо Редондогийн дамжуулалт, хөдөлгөөн бүр урлагийн үнэт бүтээлийн нэг хэсэг мэт харагддаг сан. Тэрбээр хөлбөмбөгийн талбай дээр төдийгүй талбайн гадна ч Мадридын ханхүү байж чаддаг байв. Тэрээр гайхамшигтай тоглогч байсан, гэвч түүнээсээ ч илүү гайхамшигтай хүн. Хэрэв чи түүнийг тоглож байгааг нь харсан хүнтэй ярилцвал тэд чамд түүнийг ямархуу тоглогч байсан тухай илэрхийлж өгч чадахгүй л болов уу, гэвч чамд носталжиа мэдрэгдэх болно. Учир нь тэр бол хамгийн агуу тоглогчдын нэг.
Аргентин дахь эхлэлТэрээр 1969 оны 6 сарын 6 нд Аргентины Адрогиэд төржээ. Өмнөд америкийн хүнд хэцүү орчинд өсөж, бодит амьдралаас тасрах гэж хөлбөмбөг хөөж өссөн тоглогчидтой адилгүй нь тэрбээр нэлээд чинээлэг айлд өсөж, сайн боловсрол олж авсан нэгэн юм.
Редондо өөрийн хөлбөмбөг тоглох онцгой арга барилаа Аргентинос Хуниорс клубээс анх олж авчээ. Энэ бол Диего Марадоно гэх мэт аргентины олон тоглогчдын хөлбөмбөг тоглож сурсан газар. Марадоногийн хувьд Редондог ирэхээс 4 жилийн өмнө тус клубийг орхиж явсан байсан аж.
Диего Армандо Марадоно. Тэр бол тухайн цаг үе дэх залуу тоглогч бүрийн шүтээн, бурхан байлаа. Гэвч Редондогийн хувьд өөр. Тэрбээр өөр нэгэн тоглогчийг шүтэн биширч, түүн шиг болохыг хүсдэг байж. Марадоно ч мөн түүн шиг болохыг хүсдэг байсан гэдэг. Магадгүй та энэ нэрийг өмнө нь хэзээ ч дуулаагүй байж мэднэ: Рикардо Бокини, Ла паузагийн Мастер.
Рикардо Бокини: La Pausa-г хийх хоёр арга зам бий. Бөмбөгийг хурдтай тууж, эсвэл удаанаар тууж байхдаа гэсэн үг. Ла Паузаг энгийнээр тайлбарлавал багийн хамтрагчаа ашигтай байрлалд очихыг бөмбөгтэй хүлээнэ гэж ойлгож болно. Эхнийх тохиолдол буюу арга замд бөмбөгөө хурдтай тууж байгаад зогсоно, энэ бол жинхэнэ хувьсгал байсан юм, /тэр инээмсэглэлээ/ өмнө нь хэн ч үүнийг хийж байгаагүй хэрэг. Заримдаа чи бөмбөгөө хурдтай туусан хэвээр багийн хамгаалагчаа ашигтай байрлалд очихыг хүлээх хэрэгтэй болно
Испанид гялалзсан ньРедондо дөнгөж 15 хан настайдаа Аргентинос Хуниорс клубт дебютээ хийсэн бөгөөд 5 жилийн дараа Испани руу шилжив /Марадонагийн адилаар /. Тэрбээр Хорхе Вальданотой уулзсаныхаа дараа ийн Испанийн Тенерифе клуб рүү шилжсэн бөгөөд экс Реал Мадридын тоглогч, ирээдүйн реал мадридын тоглогч хоёр маань Реал Мадридыг хоёр улирал дараалан лигийн тайтлаас мулталсан түүхтэй. Тус хоёр улиралд хоёуланд нь Барса түрүүлсэн юм. Эхний буюу 91-92 оны улирал Реал Мадрид 37 тойргийн дараа хүснэгтийг хоёр оноогоор тэргүүлж байсан агаад сүүлийн тойрогт өөрийн клубийн домогт аргентин тоглогч Хорхе Вальданогийн дасгалжуулж асан Тенерифе клубтэй тоглов. Тоглолт эхлээд Реал Мадрид 2-0 тэргүүлж эхлэн, хүн бүр тайтлын хувь заяа шийдэгджээ гэж боджээ. Гэвч Тенерифе гайхалтай эргэн ирэлт ирж 3-2 оор хожсон бол Барселоно нөгөө талд Атлетик Билбаог 2-0 ээр буулган авч ганцхан оноогоор илүү гарч, 3 жил дараалан ла лигт түрүүлэх нь тэр.
Дэжавү... Бид бүгд энэ энэ үгийн утгыг мэднэ. Түүх үнэхээр давтагддаг ажээ. Ахиад л сүүлийн тойрог Реал Мадрид хоёр оноогоор тэргүүлж, Барса хоёрт жагсаж байв. Мөнөөх Тенерифе, Вальдано, Редондо... Энэ удаа тэд талбайдаа Реал Мадридыг өршөөлгүйгээр 2-0 ээр хожиж дахин нэг удаа тайтлаас мулталлаа. Барселоно болон Круйфф нөгөө талд Сосьедадыг талбайдаа 1-0 ээр хожин 4 жил дараалан тайтл авчээ.
Реал Мадрид клуб үүнийг тэвчээд суусангүй, Вальданог дасгалжуулагчаар, Редондог дунд шугамын жанжнаар элсүүллээ. Ингээд ирсэн даруйдаа л Аргентин хослол ла лигийн тайтлыг авчирсан юм. Хувь заяа гэдэг тааварлашгүй ажээ. Гэвч Вальданогийн дараагийн тааруу улирлын дараа түүнийг халж Капеллог авчирсан билээ.
97-2000 он бол түүний оргил он жилүүд билээ. Тэрбээр талбайн инч бүрт очиж тэмцэх гайхамшигтай физикалтай биш боловч түүний байгалиас заяасан мэдрэмж, ухаанаараа талбайн хаана юу болохыг яг таг мэдэж, уншдаг ховорхон чадвартай байв. Эхлээд Дон Фабио түүнийг хамгаалалтын хагас буюу цэвэрлэгчийн байрлалд тохирохгүй, тэр байрлалд тоглоход дэндүү уран тансаг тоглодог нэгэн гэж бодож байжээ. Гэвч удалгүй тэр өөрийн эндүүрснийг ойлгож “Би түүнийг биширч байна, тэр бол тактикийн төгс тоглогч” гэж уулга алджээ.
Редондо бол мадридиста нарын хүсэн хүлээсэн Сэптима /долоо дахь/ буюу аваргуудын лигийн 7 түрүүг 30 жилийн дараа авчралцсан гол хүний нэг. Финалд Ювентусын Ариун гурвал хэмээгдэж байсан Зидан, Дэвидс, Дешам нарын эсрэг тэрбээр гайхамшигтай тоглолт үзүүлж дунд шугамыг бүрэн эзэгнэсэн нь л түүнийг ямархуу хэмжээний тоглогч болохыг харуулна.
Английн медиа түүний тухай: Реал Мадридын амжилтын түлхүүр бол Иерро болон Редондо. Тэр дундаа хамгийн болгоомжилбол зохих хүн бол Редондо, тэр тохойгоороо маш сайн тоглодог нэгэн. Рой Кийн тэр хоёрын дуэл тун чиг сонирхолтой байх болно хэмээн бичиж байв.Ханхүү титмээ зүүсэн үдэш Олд Траффорд. Мөрөөдлийн театр
Энэ бол жинхэнэ алдар хүнд олох тохиромжтой цаг байлаа. Реал Мадрид Олд Траффордод тун ч муу формтой зочилсон бөгөөд лигтээ маш муу тоглож, аваргуудын лигээс хасагдаж магадгүй байдалд орсон байсан агаад цорын ганц найдвар нь Аваргуудын лиг болчихоод байв.
Тэр улирал буюу Круйфф 2000 оны 3 сард “Реал мадрид бүтэн жил маш муу тоглож байна. Гэхдээ би хүмүүс тэднийг дунд шугам тааруу байгаа учраас маш муу тоглож байна гэж шүүмжилж байгаатай санал нийлэхгүй. Учир нь чи хэзээ ч Редондог бөмбөгөө алдаж байхыг харж чадахгүй” хэмээж байв.
Харин Манчестер Юнайтедын хувьд шал өөр нөхцөл байдалд байлаа. Тэд талбайдаа 16 сарын турш ямар ч тэмцээнд ялагдаагүй байсан агаад тэдний дунд шугам ямар ч эргэлзээнгүй европт номер нэгт тооцогдоно.
Харин Дел Боске энэ дунд шугамын эсрэг тун сонирхолтой гараа гаргах нь тэр. Тэртээх 50-60 аад онд түгээмэл ашиглагдаж байсан 3-3-2-2 оор гарлаа. Тоглолтын өмнө үүнийг харсан хүн бол Дель Боске галзуурчээ гэж бодох нь гарцаагүй. Дунд шугамд ганцхан төвийн хагас хамгаалагч байсан Редондо.
Мкманаман бол жигүүрийн хагас бол Савио цэвэр вингер. Харин эсрэг талд Бекхэм, Скоулз, Рой Кийне, Райан Гиггз нар гарчээ. Тэд бүгд физикалын болон хөлбөмбөгийн хувьд оргил үедээ байсан цаг. Ер нь тухайн үед төдийгүй бүх цаг үед үүн шиг сайн хагас хамгаалалт байсан болов уу?
Тэгэхээр Реал Мадридын энэ формэйшн яаж ажилласан байж таарах вэ? Ганцхан үгээр хэлбэл: Редондо.
Тэрбээр бүх багийг холбож байсан чагт, цавуу нь байлаа. Мэдээж түүнд Мкманаманаас тусламж ирсэн нь үнэнтэй. Гэвч Редондо л энэ хүч тэнцвэргүй тулааныг сөрж чадсан юм. Уг тоглолт маш үзүүштэй болсон бөгөөд харилцан довтолсон, сөрөг довтолгоо цаг үргэлж болж байлаа. Тоглолт таамаглаж байсанчлан Юнайтедын давамгайллаар эхэлсэн боловч яваандаа Реал Мадрид хяналтыг гартаа авсан юм. Би сая Реал Мадрид гээд биччих шиг боллоо. Үнэндээ Редондо гэх гэсэн юм.
Би нийтлэлийнхээ эхэнд түүнийг талбайн инч бүрт гүйж чадахаар физикал биш гэж хэлсэн. Гэвч тэрбээр урагш хойш гүйж байрлалаа эзлэхдээ супер гэмээр мэдрэмжээрээ л үүнийг гүйцэтгэж байсан учраас яг л талбай дээр 3 Редондо байгаа мэт талбайн хаа сайгүй гүйж байсан агаад довтолгоон дээр бүх аюулыг тарьж, хамгаалалтад бүх ачааг үүрч байв.
Фергусон энэ тухай: Редондогийн шипинд лав соронз байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэр үнэхээр гайхамшигтай, итгэмээргүй байлаа. Энэ тоглолт бол түүнийх. Бид довтлох болгонд бөмбөг цаг үргэлж түүн дээр очоод зогсчих юм. Бүр цаг үргэлж! Фергусон ийн шогширсон нь зүгээр хоосон магтаал байсангүй. Хамгаалалтан дээр Редондо бөмбөгийг булаан авч нэхэлтээс хөнгөхөн мултарч, төгс дамжуулалт хаяж байв. Рой Кийн, Пол Скоулз хоёрын хослол хэзээ ч ингэж давамгайлуулж байсан түүхгүй.
Довтолгооны тухайд түүний байрлал буюу цэвэрлэгчид гүний найруулагчаар л оролцох хязгаарлагдмал боломжтой. Гэвч бид Редондогийн тухайд ярьж байна. Редондо бол дасгалжуулагч хүний мөрөөдөж л чадах тоглогч. Тэр менежерийн хүссэн байрлалд тоглож чадах авьяаслаг нэгэн байв.
Рой Кийнийн авто гоолын дараа түүний алдарт танго болсон юм. Яагаав тоглолтын эхэнд ярьсан сөрөг довтолгоо. Түүний чихэр шиг дамжуулалтыг Раул төгсгөж Реал 2-0 болголоо. Түүний энэхүү скилл Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн шилдгийн нэг гэдэг нь маргаангүй бөгөөд энэхүү ганцхан хөдөлгөөн Редондогийн легасиг түүхэнд үүрд мөнхлөн үлдээсэн юм.
Гурван жилд 2 аваргуудын лигийн түрүүг хүртсэн үе буюу клуб Редондо /31 / хоёр оргил үе дээрээ байлаа.
2000 оны зун маш том өөрчлөлт Реал Мадрид клубт болсон юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар Лорензо Санз болон Пэрэз өрсөлдсөн агаад Редондо клубийг тун амжилттай удирдаж асан Санзыг илэрхий дэмжиж байв. Харин Пэрэз сонгуульд клубийн эдийн засаг болон Фигу нарыг амласнаар ялж гарч ирлээ.
Ингээд албан ёсоор Галактикос төсөл эхлэв. Пэрэз сонгогдсон эхний цонхоороо л Фигу, Макелеле, Солари нарын тэргүүтэй тоглогчдыг 151 саяар авчирчээ. /Клубийн орлого жилд 118 сая байсан гэдэг/
Ингээд хөгшин тоглогчдыг багаас явуулж эхлэв. Эхлээд Анелькаг ПСЖ, Карембуг Миддлсборо луу явуулсныхаа дараа Редондог явуулахаар санаархаж эхлэв. Түүнийг зарахыг Дэль Боске болон фэнүүд, тоглогчид хатуу эсэргүүцэж байсан ч нэмэр болсонгүй ээ. Пэрэз ч түүнийг явахыг хүссэн мэтээр наймааг зохион байгуулав. Ингээд Милантай тохиролцож түүнийг ердөө 18 хан саяар заржээ. Фэнүүд, ультра нар асар ихээр эгдүүцэж байлаа. Гэвч наймаа нэгэнт хийгджээ. Багийн ахлагч, фэнүүдийн хайртай тоглогч ийнхүү явлаа.
Харамсалтай нь тэр Миланд нэгдээд хэдхэн бэлтгэлд оролцож байгаад өвдөгний шөрмөсөө тасалж орхисноор кареер нь өндөрлөх тийшээгээ ханджээ. Хамгийн гайхалтай нь тэрбээр уг бэлтгэлээ дуустал хийснийхээ дараа эмнэлгийн тусламж авчээ. Ингээд тэрбээр 6 сар хөлбөмбөгийн талбайгаас холдох шаардлагатай болсон агаад хэзээ ч бүрэн гүйцэд сэргээгүй түүхтэй. 2001 онд тэрбээр дахин хагалгаанд орсон агаад үүнийхээ дараа Галлианитай уулзаж ахин бүрэн сэргэтлээ цалингаасаа /Жилийн 2.15 сая евро/ төдийгүй машин, байр зэрэг Миланаас өгсөн хангамжуудаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн гэдэг.
Ингээд тэрбээр 4 жилийн турш Миланд харьяалагдахдаа ердөө 2049 минут л талбайд өнгөрүүлээд зодог тайлсан юм. Тэрбээр 2003 онд Милантай хамт өөрийн хайртай цэнгэлдэхдээ өрсөлдөгчийн хувиар зочилж Мадридын фэнүүдээс хүртэх ёстой хүндэтгэлээ хүртсэн агаад цэнгэлдэх даяараа зөвхөн түүний нэрийг олон минутын турш уухайлан дуудаж байжээ.