Энэ Таван Цагираг дээр Декүгын талаар их гоё нийтлэл гарсан байна бичсэн хүн нь кууль юм шиг байна ккккк...Нэр: Андерсон Луис Де Соуза «Деку»
Төрсөн өдөр: 1977 оны 8 сарын 27.
Төрсөн газар: Сан-Бернарду, Бразил
Өндөр: 175 см
Жин: 73 кг
Яс үндэс: Португал (Бразил)
Гэр бүл: 2 удаа гэрлэсэн. 4 хүүхэдтэй.
Байрлал: Төвийн хагас хамгаалагч
Тоглож байсан багууд: «Насьональ» (95/96), «Коринтианс» (96), «Коринтианс Алоаго» (97), «Алверка» (97/98), «Салгейруш» (98), «Порту» (99/04), «Барселона» (2004-өөс)
Нийт гоол: 81
Шигшээ багт: 51 удаа тоглож, 4 гоол оруулсан.
Гавьяа шагнал- Порту: Португалийн аварга (98, 99, 03, 04), Португалийн цом (00, 01, 03), Португалийн супер цом (99, 01, 03,), UEFA-гийн цом (03), Аваргуудын лигийн цом (04).
Барселона: Испанийн аварга (05, 06), Испанийн супер цом (05, 06), Аваргуудын лигийн цом (06).
Шигшээ баг: Европын аваргын мөнгөн медаль (04), ДАШТ-ий IV байр (06).
Хувийн шагнал: Аваргуудын лигийн шилдэг хагас хамгаалагч (04, 06), Аваргуудын лигийн хамгийн үнэтэй тоглогч (04), «Мөнгөн бөмбөг» (04), Португалийн оны шилдэг хөлбөмбөгч (04), Багуудын дэлхийн аваргын тэмцээний шилдэг тоглогч (06).
1.«Pais Porrada“Деку бараг дуугардаггүй, гэхдээ нэг яриад эхэлбэл бүгд түүний үгийг сонсдог” гэж Лионель Месси ярьсан байдаг. Бразилийг дэлхийн хамгийн сайхан орон гэж хэлж болох ч нөгөө талаар хамгийн аюултай орон ч гэж хэлж болно. Жунглийн ой модны үзэсгэлэнд та уяран явж болох ч хэдхэн алхаад таныг хорт могой довтолж болно. Энэ оронд үзэсгэлэнт сайхан болон аймшигт аюулын хооронд хэдхэн алхам бий. Тиймээс ч тэр үү Бразил бол авьяаслаг тоглогчид, аймшгийн муу хаалгачидтай орон.
1977 оны наймдугаар сарын 27-нд Осис Маргарита Де Соуза хоёр хүүтэй болоод юу бодож байсныг бид мэдэхгүй. Ямар ч гэсэн Андерсон хэмээн нэр хайрлаж. Тэд хүүгээ аав шигээ машин засварын мэргэжилтэн болно гэж мөрөөдөж байсан байж болох, эс бөгөөс зураач хөгжимчин ч болгох гэж байсан юм билүү. Харин хөлбөмбөгч, тэр тусмаа од болно гэж төсөөлж байсан болов уу яасан бол. Яагаад гэвэл Андерсон хүүгийн ах нар хөлбөмбөг тоглож ч байсангүй, гэр нь ч харьцангуй баян тул хүүгээ хөлбөмбөгч болгож мөнгө олох гэсэн олон айлаас ялгаатай байлаа. Андерсон бөмбөг өшиглөх сонирхолтой байгаагүй. Тэр бараг л бөмбөгөө тэврээд унтдаг Рональдиньо биш байлаа.
Роналдиньогийн авьяас чадвар нь хар багаасаа л тодроод ирсэн бол манай хүн чөлөөт цагаараа хааяа бөмбөг өшиглөх төдий байв. Гэвч өсч томроод ирсэн Андерсон хөлбөмбөгөөр олон юм олж чадах нь, тэр дотроо аав ээжийхээ хүсэн хүлээж байгаа ирээдүйг ч олж болох нь гэдгээ ухаарч эхэлж. Гэрийнхэн нь болиулах гэж үзсэн ч зөрөхөөр үнэхээр хөлбөмбөгт дуртай болж эхэлсэн байв. Ингэхэд яагаад тэр Деку болсон юм бол? Багадаа Андерсон хүү хэл ам бага зэрэг муутай байсан тул хэлээ хазаж ярьдаг байж гэнэ. Тэдний гэрийнхний найз Де Соуза гэгч хүн нэг удаа түүнийг «Cunzinho» буюу хэлгий гэж тоглоомоор нэрлэсэн нь хүүгийн найзуудад ихээхэн таалагджээ.
Тэд хочин дээр нь Андерсон гэдэг нэрнээс нь Де хэмээх тодотгол нэмж өгөөд Декунзиньо хэмээн дуудах болсон нь товчлогдсоор Деку болон хувирсан түүхтэй. 1996 онд 18 настайдаа Деку Сан Паулу хотын «Насьональ» хөлбөмбөгийн академийг төгсөв. Сургууль дотроо Деку тодрох нь тодорч байсан ч Бразилд түүн шиг тоглогч хэдэн арав байтугай хэдэн зуу байсан тул түүнийг том багууд битгий хэл Европын дунд зэргийн багууд ч сонирхсонгүй. Энэ үед залуу тоглогчдыг хямдхан авч ашиглаад, үнэтэй зарах талаар мэргэшсэн «Коринтианс» түүнийг авсан бөгөөд гол зорилго нь зарах л байлаа. Хагас улиралд хоёрхон тоглоод Деку биеийн хөгжил муутай гэсэн шалтгаар багаас халагдсан юм.
Дээд хэмжээнд тоглоход жин нь ч, өндөр нь ч хүрэхгүй байсан хэрэг. Ямар ч гэсэн “Коринтианс”-ын дасгалжуулагч нар тэгж бодож. Багаасаа халсан ч хүүг бүр орхичихсонгүй, «Коринтианс Алагоано» гэдэг багт зарж орхив. Шинэ баг нь хэдийгээр Бразилийн шилдэг багийн тоонд ордоггүй ч залуучуудыг сурган хүмүүжүүлэхэд сайнаараа алдаршсан баг байв. Энэ багаас одоо «Вольфсбург»-д тоглож байгаа Марселиньо, Болгарт тоглож байгаа Лусио, Мадридийн төвийн хамгаалагч Пепе нарыг дурдаж болох юм. Тэнд бас л хагас улирал тоглоод Деку үндсэн багт орж чадсангүй.
Энэ үед Декугийн хөлбөмбөгийн замнал дуусч болох байсан ч аз дайрч 1997 онд «Коринтианс Алагоано» Португалийн «Бенфика»-тай тоглогч солилцох гэрээ байгуулсан байна. Португалчууд хэрэггүй тоглогчоо Бразил руу яаж ийгээд гайгүй тоглочих юм биш байгаа гэсэн найдлагатайгаар илгээж байсан бол бразилууд өөрсдийн шилдгүүдээ мөн л тийм найдлага тавин Португал явуулж байв. «Коринтианс Алагоано»-гийхан өөрийн шилдэг довтлогч Кажуг Португал явуулсан бөгөөд Декуд цалин төлөөд байхыг хүсээгүй тул Кажугийн дайвар болгоод «Бенфика»-д өгсөн байна. Ингээд манай хүний намтрын шинэ хуудас эхэлжээ.
2.Шийдвэрлэх үеДеку өөрөө энэ талаар “Жирийн л нэг солилцоо шүү дээ. Тэгээд ч Португалд намайг хэн ч уриагүй, сайн тоглоно гэж ч найдаагүй” гэж ярьж байна. Тэр үеийн «Бенфика» хямралд орсон байлаа. Нэгэн цагт Европыг доргиож байсан энэ баг өрөнд ороод, дасгалжуулагч нар байнга солигдон буруу бараа буюу тоглогч авч шатсан баг болчихоод байв. Ээлжит шинэ дасгалжуулагч ирэн багаа бүрдүүлж байсан бөгөөд ямар ч гэсэн Деку браклагдсангүй. Улирлын өмнөх бэлтгэл дээр гайгүй тоглож, үндсэн багт орчих болов уу гэж байсан ч тэр жил шинээр Грэм Сунесс дасгалжуулагч ирлээ. Тэрбээр том биетэй, хүчирхэг тоглогчдод дуртай хүн байсан ба Декуг жин нэмээд ирвэл яахав тоглуулж болох юм гээд Португалын II лигийн «Альверка»-д зээлээр өгсөн байна.
«Альверка» «Бенфика»-гийн нөөц баг байсан ба тэнд Деку үндсэн багт тодрон, 32 тоглолтод 13 бөмбөг хийжээ. Довтлогчдын хойно тоглодог байсан гэхэд чамлахааргүй үзүүлэлт. Одоо л «Бенфика»-д буцаж ирэх нь гэж байтал дахиад л Сунесс зөрүүдлэсэн байна. Ийм намхан тоглогчийг би багтаа авахгүй гэж хэлсэн тул бас арга байсангүй. Ингээд түүнийг «Салгейруш»-д зарж орхив. «Салгейруш» «Алверка» шиг л II лигийн баг, гэхдээ энэ удаад «Бенфика»-гийн заналт дайсан «Порту»-гийн нөөц баг байлаа. Ингэж Деку Портуд орсон түүхтэй.
3.«Цагаан-хөх агуу луу»«Тэр бол дэлхийн хэмжээний тоглогч». Жозе Моуриньо Декугийн талаар ингэж хэлж байна. Шинэ гараа, шинэ боломж, юу ч гэж нэрлэж болно. Ямар ч гэсэн анх удаагаа Деку Европын шилдэг багуудын нэгэнд орлоо. Хэдийгээр түүнийг шууд үндсэн багт аваагүй ч удалгүй Декуд итгэж эхэлсэн юм. 1998 оны өвөл Портуд ирсэн Декуг хараад дасгалжуулагч нар хоёр юманд анхаарал хандуулжээ. Нэгдүгээрт энэ залуу авьяастай, хөдөлмөрч юм. Нөгөө нь дээд хэмжээнд тоглоход биеийн хөгжил дутуу байна. Багийн туслах дасгалжуулагч Брайан Ванг Декуд зориулан тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлж эхлэв. Энэ нь ч үр дүнгээ өгч эхэлсэн юм. Яарах хэрэг ч байсангүй. Тэр үед «Порту» 1998, 1999 онд улсын аварга болсон ч Аваргуудын лигт эхний шатанд л өнхрөөд өгч байлаа. 1999-2000 оны улиралд Деку үндсэн багийн тоглогч болсон байв. 23 тоглолтод гарч, багийн түлхүүр тоглогчдын нэг болж эхэлсэн байлаа. Улсын аваргаа «Спортинг»-д алдсан ч Аваргуудын лигээр шилдэг 16-д орж, Деку туршлага хуримтлуулсаар. Ирэх жил «Порту» Португалийн цомоос өөр тэмцээнд түрүүлээгүй амжилтгүй улирал болсон ч Декугийн хувьд улам олон тоглолтод оролцож, улам олон бөмбөг оруулсан сайхан жил болсон юм. Багийн удирдлага дасгалжуулагчаа сольж, энэ удаад Октавио Мачадо ирлээ. Хагас улирал болоод Мачадог халж, оронд нь Жозе Моуриньо ирэв. Жозе ирснээс эхлэн Декугийн тоглолтод эрчимтэй ахиц гарлаа. Торгуулиар өнжихөөс бусад тоглолтод бүгдэд нь гарч, 13 гоол хийв. Дараагийн улиралд нь бүх 30 тоглолтод оролцож, 10 бөмбөг. Манише, Коштинья, Деку гэсэн «Порту»-гийн хагас хамгаалалтын гурвал Европт яригдаж эхэлсэн байв. Улсын аварга, цомын тэмцээнд зовох юмгүй түрүүлсэн «Порту» UEFA-гийн Цомын шигшээ тоглолтод шалгаран үлдлээ.
Декугийн чадварлаг тоглолтын ачаар «Порту» UEFA-гийн цомд түрүүлж чадсан. Энэ жил Деку Португалийн иргэн болохоор шийдэж, Португалийн шигшээ багт тоглов. Хэдийгээр Фигу, Руй Кошта нарын одууд эсэргүүцэж байсан ч Деку Португалын шигшээгийн гол тоглогчдын нэг болж чадсан билээ. Деку хувь заяаны ерөөлөөр гэх үү өөрийн эх орон Бразилийн шигшээтэй хийх тоглолтод анх удаагаа Португалийн шигшээгийн цамц өмссөн. Тэрбээр сэлгээгээр гараад хаалттай цохилтоос гоол оруулан 1966 оноос хойш анх удаагаа Бразилийн багийг хожиход нь шинэ эх орондоо тусалсан. «Деку сайн тоглогч.
Түүн шиг тоглогчоор би хэдэн шигшээг ч байгуулж чадна. Тийм болохоор би Декуг Бразилийн шигшээд биш, Португалд тоглож байгаад нь харамсдаггүй» гэж Бразилийн дасгалжуулагч Карлос Альберто Паррейра тоглолтын дараа хэлсэн. Хэдэн жилийн дараа тэрбээр энэ үгэндээ харамсах болно. 2003 оны зун «Порту» шилдэг тоглогчдоо Европын том багуудаас арай ядан хамгаалж үлдэж чадсан юм. Мэдээж хэрэг Декуг авах гэсэн баг хамгийн олон нь байсан бөгөөд «Ювентус», Францын «ПСЖ», Мадридын «Атлетико» өрсөлдөж байлаа. «Барселона» ч Декугийн араас хөөцөлдсөн боловч тэр үед Рональдиньог аваад байсан тул Декуг авах мөнгө үлдээгүй аж. Деку өөр багт очихыг хүсч байсан ч багийн удирдлага дахиад ганц жил тоглооч гэж хүссэн тул үлдсэн байна.
Ирэх жил нь “Порту”-гийн тэр үеийн бүрэлдэхүүний хувьд үнэхээр аз хийморь нь гийсэн жил болсон юм. Оны эхээр Португалийн супер цомын эзэн болоод дараа нь улсыхаа аварга болж, Португалийн цомын шигшээд ялагдсаныхаа дараа «Порту» Аваргуудын лигийн шөвөгт шалгаран үлдлээ. Хэсгээсээ арай ядан шалгарч, 16-д «Манчестер Юнайтед»-ыг арай гэж нэг юм барж байж үлдсэн хэрэг. Шигшээ тоглолтод Францын «Монако»-г ялснаар түүхэн ялалт байгуулсан. Энэ тоглолтод Деку нэг гоол хийж, нэг дамжуулалт өгсөн байна. Аваргын цомоо хараад удаан сууж чадсангүй, тэрбээр Европын аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэж эхлэв. Мэдээж хэрэг бас өөр багт орох бэлтгэлээ ч эхэлсэн.
4.Devil’s Playground«Деку манай багийн хэмжүүр л гэсэн үг. Хэрэв тэр сайн тоглож байвал баг сайн тоглодог, хэрэв формгүй байвал бид муу тоглодог» гэж Франк Райкаард хэлсэн байдаг. 2004 оны зун түүний хувьд үнэхээр завгүй зун байв. Юуны өмнө тэрбээр шинэ баг хайж байлаа. “EURO-04” эхлэхээс өмнө «Атлетико», «Депортиво» болон «Реал»-д татгалзаад байсан Деку ирэх улирал Лондонгийн «Челси»-д бараг тоглох байх гэж өөрөө урьдчилан хэлж байв. «Челси»-д «Порту»-гийн Рикардо Карвальо, Паулу Феррейрагаас гадна дасгалжуулагч Жозе Моуриньо нар очоод байлаа. “EURO-04” дууссаны дараа эмнэлгийн үзлэгээр ороод л «Челси»-тэй гэрээ байгуулна хэмээн Деку өөрөө ярьж байсан ч байдал өөрөөр эргэсэн юм.
Мюнхены «Бавари» өөрийн лидер Баллакаа «Барса»-д зарах гэж байсан бөгөөд Баллакийн байранд тоглуулахаар Декуг сонирхож байлаа. “EURO-04”-д Деку маш сайн тоглож, дэлхийн шилдэг хагас хамгаалагч нарын нэг гэдгээ баталсны дараа Декугийн төлөөх дайнд «Барса» нэмэгдэн орж ирсэн юм. «Барса» «Бавари»-тай Баллакийн үнэ хөлсөн дээр тохиролцож чадаагүй гэх бөгөөд Декуг аваx азаа үзэхээр шийдсэн гэдэг. Азаа үзэх гэдгийн учир нь «Барса»-д Дэвидсийн оронд тоглолт зохион байгуулдаг ч, эвдлэн сүйтгэдэг ч хагас хамгаалагч хэрэгтэй болоод байв. Харин Деку хэдий хатуу ширүүн тоглодог ч эвдлэн сүйтгэхээсээ илүү довтолж тоглодог тоглогч гэсэн имиж өндөртэй байв. Ингээд л азаа үзэхээр шийдсэн «Барса» Декуг авсан бөгөөд хожоотой наймаа болсон юм.
Деку ч ямар ч эргэлзээгүй «Барса»-г «Челси»-гээс илүүд үзсэн гэдэг. «Барса» «Порту»-д 15 сая евро, дээр нь Каталонд идээшиж чадаагүй Рикардо Куарежмаг өгсөн. Европын АШТ дуусангуут Деку Барселонд ирж гэрээ байгуулсан бөгөөд цалингийн хувьд «Челси»-гийн амлаж байснаас бага байсан. Сэтгүүлчид Декуг «Барса»-д сайн тоглож чадахгүй гэж зөгнөж байсан ч эхний улиралдаа л Деку тэднийг алдаж байсныг харуулж чадсан юм. Тэрбээр шилдэг төвийн тоглогч гэдгээ харуулж, өрсөлдөгчийн довтолгоог зогсоохдоо ч гаргуун байлаа. Заримдаа бүр хэт ширүүн гэж хэлж болохоор тоглон, хүртсэн торгуулиараа «Барса» дотор толгой цохиж байв.
Гэсэн ч амжилттай дамжуулалтын тоогоороо бас нэгд бичигдэж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. «Барса» Испанийн аварга болж, Деку найман бөмбөг оруулсан бөгөөд ихэнхийг нь холын цохилтоор хийсэн байлаа. Аваргуудын лигт «Челси»-д ялагдсан боловч Деку энэ улирлыг үнэхээр амжилттай өндөрлөсөн билээ. Шинэ улиралд «Барса» Испанийнн аваргаа батлах, Аваргуудын лигт түрүүлэх гэсэн зорилготой орж ирлээ. Том зорилго байсан ба тэр үеийн «Барса»-гийн бүрэлдэхүүн 100 хувь гэж хэлж болохгүй байснаас биелэшгүй гэж хэлүүлж байв. «Барса» Цомын тэмцээнд ялагдсан ч тайван гэгч нь улсыхаа аварга болоод, тайван гэгч нь Аваргуудын лигийн цомыг авав. Энэ ялалтад Декугийн оруулсан хувь нэмэр үнэлэхийн аргагүй. Улирал эхлээд л Хави гэмтсэн бөгөөд Деку талбайн төвд хоёр хүний ажил хийж байлаа.
Андреас Иньеста тэр үед Хавиг бүрэн төгс орлох хэмжээнд хүрээгүй байсан бөгөөд Марк Ван Боммель зохион байгуулахаасаа илүү будилах тул Хавиг орлож чадахгүй нь ойлгомжтой байв. Аваргуудын лигийн эхний тоглолтод гоол оруулсан Деку «Удинезе»-д хаалттай цохилтоос бөмбөг хийгээд дахин гоол хийгээгүй ч үндсэн ажлаа сайн хийж байв. «Челси», «Бенфика», «Милан», «Арсенал»-ыг ялан Европын шилдэг баг гэдэг алдрыг гавьяатай хүртсэн. Энэ үед Декугүйгээр «Барса»-г төсөөлөхөд бэрх болоод байв. 2006 оны ДАШТ-д мордсон Португалийн шигшээ багт ч Деку гол хүн болоод байлаа. 2006 оны ДАШТ-д Деку Ираны багт гоол хийн, Голландтай тоглохдоо улаан карт авснаар дууссан бөгөөд тэр өнгөрсөн улиралд их ядарсан нь мэдэгдэж байлаа. Декуг сайн амраах хэрэгтэй байсан ч ДАШТ-ээс буцаж ирээд л тэр цомын тоглолтуудад орж эхэлсэн. Деку ч, «Барса»-гийнхан ч тэр чигээрээ ядаргаанд орсоор 06-07 улиралд Испанийн супер цом л авч, үлдсэн бүх тэмцээнд ялагдсан гээд бод доо.
Сэтгүүлч нар энэ ялагдлын гол бурууг Декуд оноож байсан ч үнэндээ түүний буруу тийм их биш. Тэр урьдах шигээ л 100% зүтгэж тэмцэж байсан ч багийнхан нь түүнийг олигтой дэмжиж өгөөгүй юм. Тэр улирлын Аваргуудын лигт Деку хоёр гоол хийсэн бөгөөд хоёуланд нь Английн багт оруулсан. Эхний гоолоо «Челси»-д хийсэн бөгөөд тэр тоглолт 2:2-оор дууссан. Тэр тоглолтод Деку 92 дахь минутад гоол зохион байгуулсан Эссьенийг зогсоох гэж оролдсон цорын ганц хүн байсан бөгөөд түүний үсрэлт амжилттай болсон бол улаан картаар төдийгүй нилээд хэдэн тоглолт өнжих торгуулиар мялаалгаж, харин Эссьен хөлөө хугалуулах нь ойлгомжтой байсан. Харамсалтай нь гэх үү Декугийн үсрэлт байнаасаа зөрж, «Челси» тэнцэж чадсан билээ.
Хоёр дахь гоолоо «Ливерпуль»-д мөргөж хийсэн ч баг нь хожигдсон. Амжилтгүй өнгөрсөн энэ улирлын гол буруутны нэгд Декуг багийн удирдлага ч, балиашгууд ч тооцож байв. Декуг «Ньюкасл», «Интер» гээд л олон багт зарж байна гэсэн цуурхал гарч байсан ч «Барса» зараагүй, Деку ч өөр багт очих хүсэл байгаагүй гэхэд болно. Деку «Барса»-д хэрэгтэй байгаа цагтаа би энд тоглоно гэж хэлснээр элдэв цуурхал зогссон юм. Тэр ямар ч гэсэн одоо «Барса»-гийн нэгэн гишүүн. Энэ зун өөр багт очиж магад ч одоо «Барса»-д зүтгэж байна гэдэг «Барса»-гийн хувьд ихээхэн том зүйл юм. Ингэхэд Деку гэж ямар хөлбөмбөгчин юм бэ гэдэг талаар хэдэн үг хэлье. Деку бол довтолгооны чиглэлийн хагас хамгаалагч. Бразил, Португалд энэ байрлалд л тоглож байсан. Тэрбээр техниктэй, талбайг сайн хардаг, тоглолтын хэмнэл, явцыг удирдаж чаддаг. «Барса»-д ороод түүний холын дамжуулалт болон цохилт хийдэг авьяас улам тодрон гарсан бөгөөд сөрөг довтолгоонд чухал үүрэгтэй нь мэдэгдсэн.
Харамсалтай нь «Барса»-д түүний хаалттай цохилт хийх чадварыг хэрэглэдэггүй бөгөөд Райкаард хаалттай цохилтыг Роналдиньогоор хийлгэдэг. Хууралт сайн бөгөөд бие жижиг ч хэр барагтай унадаггүй, тэнцвэр сайтай. Унаж татах болон толгойгоор тоглохдоо ч сайн тоглогч билээ. Муу тал гэвэл Месси, Это’О шиг хурд байхгүй. Зарим үед дамжуулалт өгөхгүй аминчлан өөрөө хаалга руу цохидог үе бий. Гэхдээ энэ бол «Барса»-гийн хагас хамгаалагчид бүгд өвчилсөн өвчин тул ганц Декуг онцлоод яах вэ. Хамгийн сул тал нь Декугийн зан ааш болон дайснаас бөмбөг булаан авах чадвар. Хэрэв баг хожигдож байвал, тэр тусмаа Декуг хэн нэг нь өдөөд байвал Деку улаан карт битгий аваасай гэж бурханд залбирахаас өөр арга байхгүй. Өдөөн хатгалгад тэвчдэггүй нь түүний онцлог. «Атлетик»-тэй тоглоход хамгаалагч түүнд нэг юм хэлэхэд л шууд нүүр лүү нь нулимаад улаан карт. Дээр нь хоёр тоглолтын эрхээ хасуулсан. Хараад байхад Декугийн сайн тал нь сул талаас нь илүү. Гэхдээ «Барса»-гийн фэнүүд түүнийг ийм сул талтай болохоор нь л хайрлаж шүтэж байж болох. Деку ямар ч байсан «Барса»-гийн түүхэнд нэрээ үлдээсэн бөгөөд цаашдаа ч олон гавьяа байгуулна гэдэгт итгэлтэй байна.