by meesh » Tue Feb 27, 2007 5:11 pm
З.Зидан: Үнэнийг хэлэхэд би мөрөөдсөнөөсөө ч илүү амжилтад хүрчээ
Агуу Зинедин Зидан арваад жилийн турш хөлбөмбөгийн ногоон талбайг эзэгнэхдээ ер бусын өндөр амжилт үзүүлсэн нэгэн билээ.
ДАШТ, Европын АШТ, Тив хоорондын цомын тэмцээнд түрүүлж дэлхийн болоод Европын шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч байсан франц шидтэн маань хөлбөмбөгийн түүхэнд өөрийн байр сууриа баттай эзэлж, энэ спортод арилшгүй мөрөө үлдээсэн юм.
Берлиний тэрхүү үдшээс хойш амьдралдаа шинэ хуудас нээсэн Зизу ийн ярьж байна.
-2006 он таны хувьд асар завгүй үе байсан. Тэдэн дундаас хамгийн дурсгалтайг нь нэрлэнэ үү?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ямар ч эргэлзээгүй. Биднийг аваргын төлөө тоглоно гэж хэн ч төсөөлөөгүй, энэ нь ч бидэнд улам урам зориг нэмж байлаа. Манай баг ийм амжилтад хүрсэн гэж бодохоор…
Энэ бол миний оролцох сүүлчийн тэмцээн гэдгийг ойлгож байсан болохоор үүнийгээ баяр хөөртэй дуусгахыг чармайсан ч бүтэлтэй болсонгүй. Гэвч бид бүгд тийм их зүтгэл, хатуужил, зориг гарган тоглосон нь үнэхээр гайхалтай.
-Харин хувийн амьдралд…?
-Зодог тайлснаасаа хойш их олон арга хэмжээ, үйл явдалд оролцлоо. Хөлбөмбөгтэй огт холбоогүй хүмүүстэй уулзаж ярилцсан нь тун ч сонирхолтой, сургамжтай байсан. Нобелийн энхтайвны шагналтнуудтай уулзаж, тэр ч байтугай Алжирт очиж үндэс угсаа нэгтнүүдтэйгээ хамт байж үзлээ.
-Шигшээ тоглолтыг өнөөх улаан хуудас “харлуулсан” байж болох ч таны торгуулийн цохилт гэх мэт олон чухал зүйлс болж өнгөрсөн. Тэр талаар яриач?
-Намайг торгуулийн цохилтоо хааш нь цохидогийг спорт сонирхогчид мэдэх байх. Гэвч би дэлхийн шилдэг хаалгачдын нэгний эсрэг зогсож байсан болохоор арай өөр цохилт хийх хэрэгтэйг мэдэрч байсан. Бөмбөгийг газарт тавьж байхдаа хаалганы гол руу дээш нь хөөргөн цохьё гэж шийдсэн байлаа.
-Тоглолтын хоёрдугаар үед таны мөргөсөн бөмбөгийг Буффон хаасан нь бас нэг чухал мөч байлаа?
-Яг үнэн. Хэрэв тэр бөмбөг хаалганд орсон бол бид баараггүй дэлхийн аварга болох байсан учраас түүнийг бөмбөг хаахад би орилохгүй байж чадаагүй. Цаг ч дуусч байсан, бид бүгд л ядарч байлаа. Энэ мөргөлт, Риберигийн баруун захаар орсон довтолгоо тоглолтыг бидэнд ашигтайгаар эргүүлж болох л байсан. Буффоныг сайн мэдэх тул би гутралаа түүнд илэн далангүй илэрхийлсэн л дээ. Намайг талбайгаас хөөгдөхөд л түүний сэтгэл амарсан байх, яагаад гэвэл би үлдсэн бол тоглолт, торгуулийн цохилт яаж ч дуусч болох байлаа.
-Тоглолтын төгсгөлийг та хаана үзэв?
-Хувцас солих өрөөнд ганцаараа үзсэн. Их л хэцүү байсан даа. Торгуулийн цохилт эхлэхийн өмнө би их тэвдүү сууж байлаа.
-Ихэнх үзэгчид таныг Бразилийн эсрэг маш сайн тоглосон гэж үздэг. Та энэ тоглолтод хэр бэлтгэв?
-Бразилийн эсрэг тоглох ч өөр шүү. Бид тэдний эсрэг тусгайлан бэлтгээгүй ч онцгой өрсөлдөгчид гэдгийг нь мэдэлгүй яахав. Зөвхөн надаас шалтгаалж баг маань ялаагүй, бид бүгдээрээ мундаг тоглосон. Мартагдахааргүй тоглолт. Би жирийн бус ганц хоёр зүйл хийж амжсан нь сайхан л санагддаг.
-Та нар тэмцээнийг их л адармаатай эхэлсэн?
-Тэмцээн үргэлжлэх тусам бид улам сайжирсан. Бид өөрсдөдөө итгэлгүй байснаас хэсгийн тоглолтууд их хүнд болсон юм. 2002 оны бүтэлгүйтлээс хойш хуримтлагдсан түгшүүр, дарамтыг Тогог ялсан тоглолт л тайлж өгсөн дөө. Хэсгийн тоглолтдоо сайн тоглосон хүчирхэг Испанийн багийг ялснаар бидний итгэл улам нэмэгдсэн. Бразилийн эсрэг тоглох болоход бидэнд алдах юм юу ч байхгүй болсон байлаа.
-Шигшээд шалгарна гэж та үнэхээр итгэж байв уу?
-Агуу багт байх ёстой бүхэн бидэнд бий гэдгийг мэдэж байсан. Хэрэв бие махбодийн бэлтгэл маань оргил үедээ байгаад, зөв бодол санаатай тогловол их хол явна гэж бид тэмцээний өмнө ярьж байлаа. Үнэхээр ч таамаг зөрөөгүй. Бид улам хүчирхэгжсээр, Португалийн эсрэг тоглоход яльгүй уруудсанаа эс тооцвол цаашид улам сайн тоглосон.
-Та одоо хөлбөмбөгөөс гадна амьдрах боллоо. Шилжилтийн үе ямар байна вэ?
-Өөрөө бие даан шийдвэрлээд зодог тайлсандаа баяртай байгаа. Хэрэв хэн нэгэн миний өмнөөс шийдвэр гаргаад, чи одоо явах болжээ гэсэн бол хэцүү л дээ. Цаг нь ирсэн учраас, хүссэн амжилтаа үзүүлсэн учраас би зодог тайлсан. Үнэнээ хэлэхэд мөрөөдсөнөөсөө ч илүү амжилтад хүрчээ. Одоо хааяа тоглолт үзэхэд тоглогч байсан үе минь бодогддог л юм.
-Таны хувьд өнгөрснөө дурсан бахархах сайхан цаг иржээ. Таны оргил тоглолт юу вэ?
-“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд “Ювентус”-ийн бүрэлдэхүүнд “Аякс”-ийн эсрэг хийсэн тоглолтоо үргэлж дурсдаг. Бид 4:1-ээр хожиход би хоёр гоолын дамжуулалт өгч, өөрөө нэгийг оруулсан. Тоглолтын дараа статистик харахад би их цөөн удаа бөмбөгөө алдсан байж билээ. Миний дамжуулалт болгон эзэндээ очиж байсан гэсэн үг. Тэр үдэш би үнэхээр сайн тоглосон.
-Хамгийн оргил амжилт тань?
-ДАШТ-д түрүүлсэн нь. Ямар ч тоглогч байсан ингэж л хэлнэ. Хүн болгон ийм амжилтад хүрэхгүй ч би ингэж чадсан, бүр эх орондоо аваргын титэм авсан азтай хүн.
-Хамт тоглож байсан хамгийн агуу тоглогч?
-Формондоо орсон үедээ Роналдо үнэхээр онцгой тоглогч. Түүний хийсэн зарим зүйлс намайг үнэхээр гайхашруулдаг байлаа. Олонтаа гэмтэл авч байсан болохоор түүнийг дахиж урьдынх шигээ тоглоно гэж хэлэхэд хэцүү ч ингэж чадна гэдэгт нь итгэж байна. Түүнд ер нь олон давуу тал бий. Ер нь Роналдо шиг тоглогч одоо ховор шүү.
-Таны амжилтад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн?
-Надад анх итгэсэн хүн буюу “Канн”-ы дасгалжуулагч асан эрхэм Варро. Харамсалтай нь одоо тэр хүн бидэнтэй алга. Тэрбээр намайг маш их дэмжиж, амжилтын маань зүг чигийг зааж өгсөн юм. Түүнээс хойш их олон хүн намайг түшиж, дэмжиж ирлээ.
(2007.02.05) Таван Цагираг
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....