by Цогоо » Fri Mar 31, 2017 9:04 am
Өзилийн Билдэд өгсөн ярилцлагын хэсгээс:
А – Ноён Өзил, та Арсеналын төлөө 31 тоглолтод есөн гоол, есөн гоолын дамжуулалт өгсөн байна. Яагаад ингэж их шүүмжлүүлсэн хэвээр байна вэ?
Х – Яахав мэдээж аль аль нь л байгаа. Намайг гадуур явахад маш олон фэнүүд намайг дуудаж, зураг авахуулдаг. Үндэсний шигшээгийн фэнүүд намайг оны шилдэг тоглогчоор шалгарууллаа, миний хувийн сайтууд, хуудсуудаар хэдэн сая удаагийн хандалт хийгдэж байна. Хуурамч тоо гэж байхгүй л дээ.
Харин нөгөө талд шүүмж маш их байгаа, надаас асар их хариуцлага хүлээж байна. Миний юу хийж чаддаг, юунд хүрснийг хүмүүс мэднэ. Дэлхийн аварга, Реал Мадридад тоглож байсан, улиралд 20 удаа гоолын дамжуулалт өгсөн гэх мэт. Тиймээс багийн тоглолт тааруу байгаа үед хэн нэгнийг буруутгах нь зүйн хэрэг, харин ихэнх тохиолдолд тэр нь би байдаг.
А – Энэ талаарх таны хандлага?
Х – Яваандаа тоохгүй байж сурдаг юм билээ. Эхэндээ ч эвгүйцдэг л байлаа. Байнга бодогдоод, тэр хэвээрээ удаан үргэлжилбэл чамд нөлөөлнө шүү дээ. Би тэр талаар хатуужсан, хүн болгонд ч таалагдах албатай биш. Гэхдээ миний сэтгэлийг юу тайтгаруулдаг гээч. Тайтгаруулахаар барахгүй бардамнамаар болгодог зүйл гэвэл Арсеналын фэнүүд Өзилийн дуу зохиож дуулдаг.
А – Тэр дуун дээр таныг Зиданаас ч илүү гэж дуулдаг! Та энэ талаар өөрийн “Тоглолтын илбэчин” ном дээрээ дурдсан байдаг.
Х – Би өмнө нь яг тийм мэдрэмжийг клубын зүгээс авч байгаагүй. Фэнүүд тэр дууг дуулах бүрийд л арьс маань биржийгээд ирдэг юм.
А – Өөрийнхөө улирлыг хэрхэн дүгнэх вэ?
Х – Багийнхантайгаа адил их сайн эхэлсэн ч тэр эрчээ хадгалж чадаагүй ээ. Юм олигтой явахаа болиод эхлэхээр над шиг бүтээлч тоглогч нарт бүр хоёр дахин хэцүү болдог. Баернтай хийсэн тоглолт гэхэд л бэлэн жишээ байна.
А – Арсенал хоёр удаа 5-1ээр хожигдсон! Таныг унжийчихсан гээд л шүүмжилсэн.
Х – Харин тийм. Бөмбөг бүрийн хойноос үхэн хатан зүтгэдэг тоглогч биш шүү дээ би, хүн бүр л мэднэ. Миний чадвар довтолгооны чиглэлд, тэр урд л илүү сайн тохирсон. Тэндээ байж байж л би боломж үүсгэж, аюул тарьж, гоол хийх боломжтой. Бөмбөг байхгүй үед тэгэх хэцүү.
А – Таны гэрээ 2018 онд дуусна. Арсеналынхан танд өгсөн гэрээнийхээ саналыг буцаагаад авчихсан гэж үнэн үү?
Х – Уншсан бүртээ итгэх хэрэггүй л дээ. Миний хувьд гэрээнд маань нэг жилийн хугацаа үлдсэн, би клубын төлөө талбай дээр гарахдаа дуртай гэдгийг л хэлмээр байна. Одоогийн байдлаар бол бүх зүйл нээлттэй. Зүгээр л хүлээгээд юу болохыг харзнаж байна.
А – Фэнүүд Арсэн Вэнгэрийг хөөхийг хүсэж байна! Саяхан Карло Анчилотти руу фэнүүд нулимсны дараа (Хэрта Бэрлиний фэнүүд нулимсан) Матс Хүммэлс “фэнүүдийн хүндлэл улам багассаар байна” гэж хэлсэн байсан. Таны бас ижил бодолтой байна уу?
Х – Би фэнүүдийн сэтгэл хөдлөл, хүсэл эрмэлзлэлийг ойлгож байгаа. Гэхдээ хэмжээ хязгаар байх ёстой. Матстай санал нийлж байна. Бид чинь хүмүүс шүү дээ, хүнтэй адил алдаа мадаг гаргах нь зүйн хэрэг. Хөлбөмбөгт байдаг, олны нүдэнд ил байдаг хүмүүс бүгд л энэ их дарамттай тулгардаг, угаасаа ч байх ёстой зүйл. Гэхдээ хүн бүр бусдыг хүндэлж тодорхой хэм хэмжээ барих ёстой шүү дээ.
А – Таныг хэзээ нэгэн цагт Бундеслигт эргэж ирнэ гэж найдаж болох уу?
Х – Би шууд үгүйсгэмээргүй байна. Төрөл садангууд маань, ялангуяа ээж маань намайг ойр байвал илүү баяртай байх болов уу. Хөлбөмбөгт иймэрхүү зүйлсийг шууд үгүйсгэдэггүй биз дээ.