- sonin.mn -
http://www.sonin.mn -
Ама Д.Бямбадорж: Аавынхаа шилийн богд дээр бичиж өгсөн тангарагийн шүлгийг дандаа уншдаг
Хэвлэгдсэн: 2007 оны 12 сарын 3
Мэргэжлийн сүмогийн залуу хүчтэн комосуби Ама Д.Бямбадорж эх орондоо гурав хоногийн хугацаатай ирээд өнөөдөр Япон руугаа буцаж байгаа. Тэрбээр энэ сарын Кюүшюү башёд арав давж, ирэх оны эхний башёд сэкивакэ цолтой зодоглох нь тодорхой болоод байгаа. Түүнд озэки цол тун ойрхон байгаа билээ. Ингээд Амаг эх орондоо ирээд байхад нь уулзаж цөөн хором ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.
-Юуны өмнө эх орондоо хүрэлцэн ирсэнд баяр хүргэе.Уншигч олонтой маань сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Эх орондоо хөл тавьж, Монголынхоо агаар салхиар амьсгалаад сэтгэгдэл өндөр байна. Нутагт маань өнөтэй сайхан өвөл болж байна шүү.
-Энэ сарын Кюүшюү башёд 10 давсан. Мөн уран барилдааны шагнал хүртэж, ирэх сард сэкивакэ цолонд хүрэх нь тодорхой болоод байгаа?
-Энэ сарын барилдаан сайхан болсон. Бүх л оюун ухаан, “хүч чадлаа шавхаж барилдсан. Сэтгэлдээ хүртэл сайхан барилдсан барилдуунууд бий. Мөн хариуцлаггүй барилдаанууд ч байгаа.
-Тухайлбал?
-Магаэшира Миябияма. Тоёоношимад уначихсан. Уул нь эдгээр бөхчүүдийг би ялах бүрэн боломжтой л доо. Гэвч жаахан хайнгадуухан барилдаан гаргаад ялагдчихсан. Тиймээс энэ башё надад улам туршлага суух цааш цаашдын амжилтад маань том хичээл сургууль боллоо.
-Өөрийн барилдааны тухайд ийм байдаг байж. Ер нь Кюүшюү башёгийн талаар ямар сэтгэгдэлтэй байна. Их аварга зодоглолгуй өнжсөн. Сүмогийн ордон эхний өдрүүдэд тэгтлээ дүүрээгүй. Харин та башёгийн эхнээс л шуугиан дэгдээсэн?
-Дагваа аваргын талаар ийм тийм гэж яримааргүй байна. Миний хувьд эхний өдөр хүчтэй озэки Котомицүкиг ялсан. Бэлтгэл ч сайн байв.
-Оны сүүлийнх гэдэг уттаараа Кюүшюү башёд сүмочид өмнөх саруудаасаа илүүтэйгээр бэлтгэл хийж сайн барилдаж байна уу даа гэж харагддаг?
-Тийм ээ. Дараа жилдээ амжилттай сайхан барилдах эрч хүч, урам зоригтой байхын тулд оны сүүлийн башёд сайн барилддаг.
-Хакүхо аваргыг болон озэки нарыг өвдөглүүлсэн. Харин Чиётайкайд ялагдчихлаа. Барилдаан нэг л таарахгүй байна уу?
-Би өмнөх сарын башёд Чиётайкай арсланг давсан. Харин энэ сард яалт ч үгүй уначихлаа. Түүнтэй барилдаан таарахгүй гэсэн юм байхгүй. Мэдээж ялна л гэж барилдаж байгаа. Өрсөлдөгч маань ч намайг ялна л гэсэн бодолтой доёхо дээр гарна.
-Башёгийн сүүлийн өдөр арав дахь даваагаа авахад сүмогийн мэргэжилтнүүд “Энэ ялалт цаашдаа өндөр цолд хүрэхэд маш дөхөм боллоо” гэгдэж байсан. Ер нь өөрт т.ань озэки цол хэр ойрхон байна вэ. Сүмо сонирхогч олонд нэг их холгүй харагдаад байгаа?
-Комосүби, сэкивакэ гээд ендөр цолд хүрсэний дараа гурван башё дараалан 33 даваа авбал озэки цолд хүрдэг. Би хоёр башё дараалан 10, 10 буюу 20 давчихаад байгаа. Шинэ оны нэгдүгээр сарын башёд 13 ба түүнээс дээш давбал озэки болох магадлал өндөртэй. Сүмо сонирхогч олон озэки ойрхон байна гэдэг. Нүдээр хараад дүгнэх нэг өөр. Барилдаж байгаа надад мэдээж хэцүү, бэрх. Гэхдээ өөрт байгаа бүхий л боломж бололцоогоо дайчлан чармайж зүтгэхэд амжилт ирнэ.
-Таны нэг онцлог бусад бөхчүүдээсээ илүүтэйгээр бэлтгэлээ хийдэг гэдэг?
-Маш сайхан бэлтэл хийж байж л амжилт, ялалт ирнэ. Өрсөлдөгчөөсөө илүү бэлдэж байж л давна. Өрсөлдөгчид маань бэлтгэл хийлгүй амарч өнжихөд нь би их баярладаг. Учир нь илүү бэлтгэл хийсэн болохоор давна гэдэгтээ итгэлтэй байдаг.
-Дээд зиндаанд барилдахад хамгийн эвгүй бөхчүүд гэвэл. Тэдний онцлогийн тухай юу хэлэх вэ?
-Бүгд барилдааны өөр өөр арга барил. мэх техниктэй. Хамгийн өвөрмөц онцлогтой бөх гэвэл Такамисакари л байна даа /инээв/
-Улаанбаатарт ирэх болгондоо ямар нэгэн өөрчлөлтийг мэдэрдэг үү?
-Улаанбаатартаа дөрвөн сарын дараа дахин ирж байна. Энэ хугацаанд их зүйл өөрчлөгдөж. Нийслэл хот маань улам л өнгө жавхаа орж байна. Хамгийн гол нь ард олны маань хүнтэй харилцах харилцаа маш дотно, найрсаг сайхан болжээ. Энэ бол маш том дэвшил. Анх Японд байж байгаад ирэхэд “Баярлалаа” гэж хэлэн өөдөөс минь толгой дохин зөөлнөөр инээмсэглэх хүн цөөхөн байдаг байлаа.
-Монголынхоо ямар улиралыг илүү их санадаг вэ?
-Улирал бүрийг нь санана. Яагаад гэвэл улирал бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой. Өвөл цас намуухнаар будрах нь үнэхээр гоё байдаг. Мөн хавар анхны яргуй ургах, хаа холоос шувууд ирэх, гол цөнгөө түрэх, хэдэн өдрийн турш бороо зүсрэн орох нь сайхан. Зуны цагт айраг, цагаагаа их санана.
-Аавынхаа өсч төрсөн нутаг Алтайдаа хамгийн сүүлд хэзээ очив?
-Энэ жил очсон. “АБААЗАН” гэж сан байгуулаад аавынхаа төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Чандмань сумын дунд сургуулийн бүх ширээ сандлыг нь сольж орчин үеийн техник хэрэгслээр хангасан.
-Өө тийм үү?
-Зөвхөн Чандмань сум ч бус аймгийн төвийн болон Хөхморьт, Баян-Уул, Халиун, Дэлгэр, Бигэр Тонхил зэрэг сумын сургуулийн ширээ сандлыгнь шинэчилсэн. Мөн энэ цаг үед мэдээлэл техник асар хурдацтайгаар хөгжиж байна. Тиймээс хөдөөгийн сумдын хүүхдүүдийг мэдээллээс хоцроох-гүйн тулд иж бүрэн хэрэгсэл бүхий 70 гаруй компьютер оруулж ирэн Говь-Алтай аймгийн ихэнх сумын сургуулиудад өглөө.
-Цаашдаа сангийнхаа чиглэлээр өөр ямар ямар үйл ажиллагаа явуулах бодолтой байгаа вэ. Монголчууддаа оюуны хөрөнгө оруулалт хийх үү?
-Энэ санг анх аав маань санаачилсан. Гол нь хөдөө орон нутгийн хүүхэд багачуудын авьяас билгийг дэмжих. Соёл урлаг, спорт зэрэг бүх л чиглэлийн эрдэм авьяастай хүүхдүүдийг тодруулах.
-Бэлтгэлийн хажуугаар барилдаангүй саруудад чөлөөт цаг гардаг байх. Юу хийх үү?
-Найз нартайгаа сууж бөх ярих дуртай. Мөн кино үзнэ. Гэхдээ кино үзээд явах завгүй үедээ гаднаас худалдаж аваад гэртээ үзнэ. Харин сүүлийн үед номонд их хообийтой болоод байгаа.
-Тийм үү, хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Э.Мулдашевын “Хүн мичнээс үүсээгүй” гэдэг номыг уншсан. Уран зохиолын гэхээсээ илүү-шинжлэх ухааны томоохон бүтээлүүдийг уншиж оюунаа цэнэглэж байна.
-Найз нөхөд гэснээс сүмочдоосоо хэнтэй нь илүү дотно үерхдэг бол?
-Төрсөн ах шигээ хүндэтгэж, үргэлж бахархаж явдаг бөх гэвэл их аварга Д.Дагвадорж ах маань. Ийм нэг үг байдаг даа. Хотод ирэхээр аймгаараа’, аймагтаа очихоороо сумаараа нийлдэг гэдэг шиг гадаадад байгаа монголчууд бүгд нэгэн амьтай байна.
-Өнгөрсөн жил А.Сүхбат аварга тэргүүтэй бөхчүүд Японд очиход Та “Зулай цагаан Алтай”-гаа дуулж байсан. Нутаг усаа их санаж дээ гэж бодож байв?
-”Зулай цагаан Алтай” дуу маань өөрөө маш сайхан үг аялгуутай. Энэ дууг дуулахаар Алтайнхаа уул усанд очсон юм шиг болно.
-Алтайнхаа их уулсыг сэтгэлдээ сүсэлж явдаг уу?
-Тэгэлгүй яахав. Аавын минь нутгийн уул ус намайг харж, үргэлж хишиг буянаа хайрладаг гэдэгт итгэдэг. Ер нь Алтайн ч гэлгүй Монголынхоо бүхий л уул усыг сэтгэлдээ сүслэн дээдэлж залбирч явдаг юм. Багадаа аав ээж ах нартайгаа хамт Шилийн Богдод очиж. Аав бид бүхэнд тангараг бичиж өгөөд Тэгээд Шилийн Богдын орой дээр уншуулж байв. Аавын яг тухайн зохиож өгеөн тангарагын шүлгийг нь би барилдахаар дэвжээнд гарахынхаа өмнө дандаа уншдаг даа.
-Одоо очоод шууд бэлтгэлдээ орох уу. Төлөвлөсөн ажил юу байгаа бол?
-Арванхоёрдугаар сарын хоёрноос тойргийн барилдаан эхлэнэ. Тэгээд л дараа сарын башёгийнхоо бэлтгэлийг хийж эхлэнэ. Миний хувьд бэлтгэлээ сайн хийж, сайн барилдаж улам бүр өндөр амжилт үзүүлэх хэрэгтэй. Намайг дэмждэг үзэгч олныхоо итгэлийг алдаж болохгүй. Хамгийн гол юм олныг итгэлийг алдахгүй байх. Тиймээс бэлтгэлээ сайн базаасан байх ёстой.
-Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын бэлтгэл сургуулилтад йх амжилт хүсье. Ирэх оны эхний башёд 13 ба түүнээс дээш давж монгол түмнээ баярлуулаарай гэж ерөөе?
-Баярлалаа. Намайг зүрх сэтгэлээсээ дэмждэг үзэгч олондоо болон танай сонины нийт уншигч олондоо “Та бүхний итгэлийг алдахгүй ээ” гэж хэлье.
Н.Гантулга
--------------------------------------------------------------------------------
Интернетийн эх сурвалж: sonin.mn:
http://www.sonin.mn
Интернетэд унших хаяг:
http://www.sonin.mn/?p=16587
Энд дарж хэвлэ.