Сүүлчийн найраглал - өөрөө өөртэйгөө ярилцсан нь!
MBA vs MNBA-гийн талаар бичихээс өмнө уншиж буй бүх хүмүүст дараахи зүйлийг сануулъя! Хүний бөгс ухах гэж, атаа жөтөөг санаж, атаархаж хорссондоо биш, харин гомдож, харамссандаа би энэ нийтлэлийг бичиж байна. Мэтгэлцээний бичлэгийг үзээд зарим нь "бүр толгой эргэчихлээ" гэнэ, залхсан хэд нь "эд нарын хэрүүл бидэнд хамаагүй" гэнэ, энийг уншсан нөгөө нь "энэ Идэрээ яасан хүүхэн шиг юм бэ, хүний бөгс ухаад" эсвэл "нэг талыг битгий барь, сэтгүүлчийн ёс зүйгүй амьтан бэ", харин ойлгосон олонхи нь "энэ арай дэнднээ" гэж хэлэх байх.
Ямартай ч өөрөө өөртэйгөө ийнхүү ярилцав:
Идэрээ, энэ Холбоо маань их муу ажиллаж байжээ ер нь?
Харин тиймээ, нуршвал олон л асуудал байна. Муу ажилласныг нь Тулга ч чихэнд хоногшитол ярьсан даа. Гэхдээ л тавин жилийн түүхтэй Холбоог Улсын Бүртгэлийн Газраас "дүрэм чинь тодорхойгүй" гээд статусыг нь хүчингүй болгочихоор чинь ямар вэ дээ? Гэхдээ өмнөхөө хараад байвал бид чинь урагш алхахгүй, би л лав MBA-гийн шинэ удирдлагад нэг боломж өгье л гэж бодох юм.
Үндэсний гэдэг энэ Холбоо чинь яаж яваад гэнэт гараад ирэв ээ?
Тэртээ 2007 онд Тулга бид хэд Гоё Лиг гээд л эхлүүлж байлаа. Би дүрмийг нь бичиж өгөөд л, цаадах чинь зохион байгуулаад л, Ийгл ТВ-ийн NBA Talk-оороо сурталчилж өгөөд л явж байлаа даа. Score Студийг анх байгуулсан 10-аад хүний нэг нь Тулга байсан шүү дээ бүр. Спрайт Лигийн хамрах хүрээ маш өргөжиж, сүүлдээ ч том бизнесс болсон шүү. Багуудаас авдаг хураамж жилээс жилд ихсэж, оролцох багийн тоо ч өндөр хураамжтай байна гэлгүй нэмэгдлээ. Тулга өөрийн бүх амьдрал, цаг, заваа Спрайт Лигт л зориулдаг байсан нь үр дүнгээ өгч, дотороо бүр Хөгжлийн Лигтэй болж, тэр ч бүү хэл Дээд Лигийн тамирчид машин, байр, зээлээ даалгаж Спрайтын багуудад тоглож эхэлсэн ш дээ. Гэхдээ би л лав одоог хүртэл нэг ч удаа "Спрайт гэдэг энэ лигээ Тулгаад алдчихлаа" гэж нэг ч харамсаж үзээгүй. Харин ч эсрэгээрээ Тулгааг дэмжиж, өөрөө жил алгасалгүй тоглосоор ирсэн ш дээ ууг нь.
Тэгвэл ч их юм хийсэн залуу байна ш дээ? Ёстой л Холбоог аваад явж чадах л залуу байна даа...
Тэр ч тийм шүү, Холбоог хэзээ нэгэн цагт авна гэж ярьж л явдаг байсан. Би ч яахав эфирээр сагсаа тайлбарлаад л байж байвал барав гэж бодоод, тэгээд ч бас бид нарын хооронд хэрүүл маргаан гарч эхэлсэн. Тулга ч сагсаа хөөсөн, бид ч телевизээ хөөсөн дөө. Гэхдээ л тэр үеийг хараад байхад Тулга Холбоонд орох гэж их хичээсэн байх, гэвч тухайн үеийн удирдлагууд нь цаадахыг чинь үздэггүй байсан байхаа. TLG 13 багаа Дээд Лигт тоглуулж эхэлсэн цагаас л Холбоотой үзэлцэж эхэлсэн дээ.
Чи өөрөө Холбоонд орж болоогүй юмуу ингэхэд?
Би орж үзсэн ш дээ. Ийглд байхдаа хэвлэл мэдээллийг нь хариуцаж явлаа, дараа нь Ялалт, Оргил бид гурав чинь 2 жилийн өмнөх Дээд Лигийн нээлт болон Бүх Оддын Тоглолтыг зохион байгуулахад оролцож явсан л юм. Гэхдээ л үргэлжлүүлээд Холбоондоо ажиллах нөхцөл бүрдээгүй, тэгээд больсондоо. Сарын 300,000 төгрөгний цалинг би 2 ч удаа авч байсым байна шүү бас. Гэхдээ л санхүүжилт муутай, дэд бүтэц, оронтоо, боловсон хүчин муутай болохоор их юм хийе гээд ч боломж нь байдаггүйг тэр үедээ ойлгож л байлаа. Холбоог ч их муулдаг байж билээ, гэхдээ л Дээд Лиг нь битүү хүнтэй, гоё болдог байсныг санахаар гоё шүү.
Одоо тэгээд юу болчихвоо ер нь?
Үндэсний Холбоо гэж Тулгаа байгуулаад, тэрэндээ өөрийн талын бүх хүмүүсийг татаж оролцуулаад, MBA-гийн эсрэг босох боломж нь бүрдсэн дээ. Тэгээд лигийн багуудыг маш эрчимтэй найрч явсаар Үндэсний Лигийн тэмцээнээ Спортын Ордонд эхлүүлсэн байх.
MBA-гийнхан энэ үед юу бодож байсын болоо?
MBA чинь шинэ удирдлагатай болох ёстойгоо ухаарч, улмаар Ч.Ганхуяг, А.Амундра гэсэн Ерөнхийлөгчтэй, 15 шинэ УЗ-гийн гишүүдтэй, Б.Оргил гэсэн ЕНБД-тай бүтэц бүрэлдэхүүнийг чуулганаараа сонгосон л доо. Хуралд нь суугаагүй болохоор хаалттай, нээлттэй болсныг нь сайн мэдэхгүй ч Тулга өөрөө очсон ч түүнийг оруулахгүй л байсан байх. Нөгөөтэйгүүр Тулга ороод үзье гэж оролдоо ч үгүй байх. Хэн нэгнийг сонгох асуудал угаасаа өмнө нь лоббигоор шийдэгдэж, хурлаар зөвхөн батлах л үлддэг. Намын ч бай, Холбооных ч бай... Лобби шүү дээ! Тэгээд ч юу гэж MBA-гийн удирдлагууд өөрсдийг нь далд ортол нь муулж явдаг Тулгаад өгөх вэ дээ? Тэр мэдээжийн асуудал, тэр хуралд Тулгаа ороод суусан ч ЕНБД-аар сонгогдохгүй байсан байхөө...
Лигийн багуудын асуудал тэгээд яав?
Яах юу байхав, чадалтай хэд нь багаа бүрдүүлж, заалтай лигтээ тоглохоор шийдэж, Супер Лигт нь нэг нэгээрээ багтлаа. Энэ дундуур мэдээж Тулга маш сайн лобби хийж, дээгүүр ярьж, MBA-гийн гэрчилгээг хүчингүй болгуулж. Тэр бичигээ таарсан хүн болгонд үзүүлж, эхлээд Спортын Ордныг Наранбаатарыг найран байж авч, дараа нь тоглогчдыг лоббидож, MBA-г бараг л баггүй, тоглогчгүй болгосоон. Спортын сайд нь хүртэл хоёр холбоо одоохондоо байж байг гээд бүүр холион бантан болгосон.
Хасын Хүлэгүүд яагаад Тулгатай нэгдсэнгүй вэ?
Битгий **н** юм асуу Идэрээ, Хасын Хүлэгүүд багийн эзэн чинь MBA-гийн шинэ Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, мөн дасгалжуулагч Цогоо ах чинь Тулгаатай бас таардаггүй юмшдээ. Цогоо ахыг Тулгаа сагсан бөмбөгөөс арчиж хаяна гэсэн юм байхаа, янз бүрийн л хэрүүл байдаг сурагтай.
Өөр юу болов?
Тулга хэвлэлийн бага хурал хийж, MBA-гийн хурлыг хийнэ гэв. Ууг нь Тулгын нэгдэх хүсэлтийг MBA анх хүлээн авч, ажлын хэсгийг томилж явсан чинь гэнэт MBA-гийн нэрийг төлөөлж Тулга 30 гаруй хүнтэй хурлыг Кемпинскид хийлээ. Бага хүн ирсэн болохоор удалгүй дахиад хурал зарлаж, тэрэнд нь арай их хүн оролцсон гэсэн. MBA-г урьсан гэнээ. Тулгаад дахиад муриулсан нөгөө хэд нь яг тэр хуралд нь очиж харагдаач.
За тэгээд?
MBA-гийн шинэ удирдлагууд ажилдаа шууд л орж, Дээд Лигийн тэмцээнийг эхлүүлэх ажлаа эхэлсэн гэнэ. Нөгөө л заалны асуудлаа судаллаа. Багуудын удирдлагуудтай мөн уулзаж, Танан багаас бусад нь Дээд Лигтээ эргэж тоглохоо мэдэгдлээ. Гэвч хэрэг бишдэхийг мэдэрсэн MNBA гялс миний анх санаачилж байсан Тоглогчдын Холбоог олж аваад, хамтран ажиллахаар болж, тун удалгүй дахин хэвлэлийн бага хурлыг зарлан ХОЁР ХОЛБОО НИЙЛЛЭЭ гэж зарлав. Би чинь бас Холбооны эсрэг тэмцэж, шүүмжилж явахдаа Тоглогчдын Холбоог нээ гэсээр байгаад Мэргэний нэр дээр авахуулж байсан юм. Гэтэл тэрийг одоо өөрөө хийсэн болоод л Тулгаа яваад байгаа юм. За тэр ч яахав, тоглогчдод л хэрэгтэй байх гэж анх санаачилж байсан юм. Хэрэгээ гаргах байлгүй дээ...
Өө тэгээд хоёр Холбоо ууг нь нийлсэн юмуу?
Үгүй ээ. Ганхуяг, Амундра хоёроос би өөрөө асуутал "юу яриад байгаан бэ" гэлээ. Бүр гайхаад Тулгын хэвлэлийн бага хурлыг сайтар үзлээ. Нийлсэнээ зарлахдаа Амундра, Ганхуяг хоёр ерөнхийлөгч нэгдэе гэхэд зөвшөөрлөө, гэхдээ УЗ-д нь байгаа хэдэн ЛУЙВАРЧИД нь татгалзлаа гэж хуучны лигийн ах нарыгаа удаа дараалан телевизээр доромжилж өгөв. Шараваа, Аба, Оогий, Батпүрэв гээд л алтан үеийн тамирчид Тулгын хэлэхийг сонсоод итгээгүй гэсэн.
Тэд нарт хэцүү байсан байхдаа?
Мэдээж хэцүү байлгүй яахав. Амьдралынх нь гараа нь болсон Холбоогоо сэтгэл зүрхээрээ дэмжээд, УЗ-д нь ажиллах боломж олдоод юм хийх гэтэл өөрсдийг нь "багшаа, ахаа" гэж дуудаж явсан хүүхэд "муусайн луйварчид" гэхээр хэнд амар байхав. Оогий ах бүр Тулгыг олон удаа дэмжиж байсан гэнэ лээ. Шараваа ахын жишээг бүгд мэддэг л байхөө.
Тулгаа та хоёр чинь энэ бүх асуудал хурцдахаас өмнө уулзаж байсан гэлүү?
Тийм л дээ. Энэ оны эхээр бид хоёр уулзаад, цаадах чинь өнгөрснийг мартаад надтай хамтраад сагсан бөмбөгийн суваг нээе гэхээр нь би "эхлээд Холбооны асуудлаа ярья" гэсэн юм. Тэгээд өнгөрснийг мартаад Холбоотой нийл, аль аль нь бууж өгөхгүй бөөн хэрүүл, маргаан болно. Битгий улс төртэй сагсаа холь, тэр Эрдэнээгээ хаяад хамтдаа Холбоог хөгжүүлье гэсэн саналыг тавихад харамсалтай нь хүлээж аваагүй юм л даа. Луйварчдын дээр нь гарна гээд л байсан. Одоо бодоод байхнээ, хуучны өс их л санасан юм байлгүйдээ. Тэгээд ч өөрийнхөө хөдөлмөрлөж босгосон ажлаа хэн нэгэнтэй нийлээд хуваахыг хүсээгүй л байх...
За за бага зэрэг ойлголт авлаа, гэхдээ одоо тэгээд хоёр Холбоо ер нь нэгдэх шинж байна уу?
Байхгүй ээ. Улс төр орж ирээд, лиг, баг, тоглогч, үзэгчид нь бүгд хоёр хуваагдчихсан байхад яагаад ч нийлэхгүй байх. MBA лав удахгүй Дээд Лигийг 4 багийн хооронд Үйлдвэрчний Эвлэлийн зааланд эхлүүлэх юм гэсэн. Бас шигшээ баг бэлтгэлдээ гарчихсан, 5-р сард Зүүн Азийн АШТ-д явна. Сониноос Аба ах шигшээ багийн менежер болоод тамирчдыг тогтмол цалинтай болгосон гэнэ лээ. Бас ирэх 10 жилд хийх хөтөлбөрөө гаргуулж, тэрийг нь FIBA маш ихээр ойшоож сайлаад, дэмжиж ажиллана гэдэгээ мэдэгдсэн ш дээ. Ууг нь шинэ удирдлагынхан их л зүйлийг маш богино хугацаанд хийгээд байгаа юм билээ. Оргил, Ганхуяг хоёрыг FIBA бүртгэхгүй гээд юм Тулгаа яриад байсан, FIBA-д албан ёсны бүртгэл нь байна лээ, би харсан.
Гэхдээ энэ Үндэсний Лиг нь дажгүй болоод байгаан бишүү?
Үзээгүй би юугаа хэлэх вэ дээ. Олон юм ярьж байж Спрайт Лигээсээ дахиад хасагдуул яана, чшшшш. Манай багийнхан уурлана!
За за, шөнө болчиж, хамгийн сүүлд нь гэж асуухад, одоо тэгээд манай сагс яанаа?
Энэ их өрсөлдөөнөөс чинь сайн ч юм гарна, саар ч юм гарна. Ямартай ч нэгдэхгүйгээс хойш сайхан шударга өрсөлдөх л хэрэгтэй байхдөө. Хэн нь илүү ажиллана, тэр нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, шалгарлаараа үлдэх байх.
Чи аль нэг Холбоонд нь ороод ажиллаж болдоггүй юмуу?
Харин сүүлийн үед бодоод л байсан юм. Тэгээд өнөөдрөөс эхлээд MBA-гийн Гадаад Харилцааг хариуцахаар болсон ш дээ. NBA, FIBA-тай нийлүүлээд алаад өгнөө
Энэ хүүхдүүдийн тоглож байгаа зураг ямар учиртайн?
Манай сагсны хөгжил ийм дээрээ зогсчихвоо л гэж айж байна даа... Энэ хэрүүл маргаанаас болж Шигшээ баг маань бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглахгүй байна, Сэдээ жишээ нь ирэхгүй байгаа сурагтай, найз нөхөд, баг хамт олны дунд маш их хагарал гарч байна, FIBA-д бас нэр хүндээ алдаж мэдэх л юм, бас легонэр тоглогчид муугаар ярьж эхэлж байна, зарим багууд нь цалингаа тавих чадваргүй болж хөгжилд сөрөг нөлөө их байна даа...
За за ганц илжигдчихээд унтах уу?